Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 155

 

 

2019 оны 04 сарын 10 өдөр

 

Дугаар 153/ШШ2019/00155

 

Жаргалант сум

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багт оршин суух, Шар түрүүт овогт Цагаачийн Э /ПЮ68021364/-ийн нэхэмжлэлтэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 153/2019/00095/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Ц.Э, гэрч Ц.Сэр-Од нар оролцлоо.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1968 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга бригадад Цагаачийн 3 дахь охин болон төрсөн. 1976 онд 1 дүгээр ангид элсэн орж 1984 онд 8-р анги төгсөөд эцэг эхийн хамт мал маллсан. 1991 онд гэр бүл болсон. Би 8-р ангиа төгсөөд 10-р ангид хувиралагдсан боловч суралгүй эцэг эхийн хамт мал малласан. Миний хөдөлмөрийн дэвтэр 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нээгдсэн байсан. Малчнаар ажиллаж байгаа хүмүүсийн ажилласан жил наашилсантай холбогдуулан тэтгэврээ тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Намайг Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Дариймаа миний эх, Цагаач миний эцэг....Надад 1986,1987 онд 100 төгрөгтэй илгээлтийн эзэн гэсэн цагаан хуудсыг авчирч өгч байсан....гэв.

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Э  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Э нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодуурллаа.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.Э нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 820 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга бригадын 1987-1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлээс олгосон нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр, гэрч Ц.Сэр-Одын шүүх хуралдаанд өгсөн ....Ц.Э сургууль төгсөөд эцэг эхийн хамт маллаж байсан. Ам бүл 5-лаа. Ц.Э 10 дугаар анги төгсөөд малчин болсон. Оныг нь санахгүй байна. Эцэг Цагаач, эх Дариймаагийн хамт мал маллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-6, 11, 15-17, дугаар тал/

 

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Х.Цэрэндоржийн мэдүүлэг нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зөрсөн буюу гэрчийн мэдүүлгийг үнэлэхэд эргэлзээтэй, гэрч Ц.Сэр-Од нь шүүх хуралдаанд ....Ц.Э нь 10 дугаар анги төгсөөд эцэг, эхийн хамт малласан.... гэж мэдүүлэг, нэхэмжлэгч Ц.Э нь 10 дугаар анги төгсөөгүй эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчид 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлээс хөдөлмөрийн дэвтэрт олгосон зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Ц.Э нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд нэхэмжлэгч Ц.Э нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Хавтаст хэргийн 7-10 дугаар хуудсанд авагдсан иргэн Г.Дагвадорж, Ц.Сэр-Од нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, иргэн Г.Дагвадорж, Ц.Сэр-Од нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудсанд авагдсан Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадын 1984, 1985, 1986 онуудын 70 дугаар дансны хуулбаруудад Цагаач, Дариймаа гэх хоёр хүний нэр бичигдсэн, цалин хөлсний нийлбэр нь тухайн хоёр хүний цалин хөлстэй тохирсон бөгөөд уг баримтууд нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдалтай хамааралгүй, нэхэмжлэгч Ц.Эийн шүүх хуралдаанд гаргасан ....Надад 1986,1987 онд 100 төгрөгтэй илгээлтийн эзэн гэсэн цагаан хуудсыг авчирч өгч байсан.... гэх тайлбараар хавтаст хэргийн 27-28 дугаар хуудсанд авагдсан гэрч Х.Цэрэндоржийн ...1984 оны хавар илгээлтээр гарсан хүүхдүүдэд 100 төгрөгтэй илгээлтийн эзний үнэмлэх өгдөг байсан. Ц.Э нь авч байсан.... гэх мэдүүлэг нь үгүйсэгдэж, гэрч Х.Цэрэндоржийн мэдүүлгийг үнэлэхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шар түрүүт овогт Цагаачийн Эийн Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Нэхэмжлэгч Ц.Э нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       С.ОЮУНЖАРГАЛ