Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/13

 

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Э.Чанцалням,

шүүгдэгч О.Д............аа, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2108 0255 90247 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* овогт О.................рын Д............аа, Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Ханх суманд 1987 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эмэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ...................................................................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч О.Д............аа нь 2021 оны 7 дугаар сараас 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд ..................... тоотод хашаанд байрлах амины орон сууцны гараашинд Монгол Улсын улаан номд “Ховор” статусаар бүртгэгдсэн “Дэрвэгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаар өөр зорилгоор худалдан авч хадгалсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч О.Д............аа нь Монгол Улсын улаан номд “Ховор” статусаар бүртгэгдсэн “Дэрвэгэр жиргэрүү” ургамлын 27 кг үндсийг 2021 оны 7 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаар өөр зорилгоор худалдан авсан,

Улмаар Сонгинохайрхан дүүргийн ..................... тоотод байрлах амины орон сууцны гараашинд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хадгалсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “...Сонгинохайрхан дүүргийн ..................... тоотод хориглосон ургамал үндэс хадгалж болзошгүй гэх... мэдээллийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 57 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв. ...Дуудлага өгсөн иргэн өөрийгөө нууцлахыг хүссэн гэх 102-оос орж ирсэн...” гэх баримт (хавтаст хэргийн 03 дахь тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэлд: “...хашааны баруун урд хэсэгт ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харсан доороо гарааш бүхий цагаан өнгийн байшин ...байна. ...Байшингийн эзэн гэх О.Д.....................айг ******* утсаар дуудуулав. ...Цоожтой байсан байшингийн түлхүүрийг ...О.Д............аа 14 цаг 30 минутад авч ирснээр хашааны баруун урд хэсгийн байшингийн доод хэсгийн гараашны хаалгыг онгойлгоход уг гараашны ...баруун урд хэсэгт 3 тавцан бүхий торон тавцантай тавиур байх ба уг хэсэгт бор шаргал өнгийн үндэс ургамал мэт зүйлсийг дэлгэж хатаасан байдалтай байв. ...Уг өвс ургамлын үндэс мэт зүйл нь чийглэг шинж чанартай дэлгэж хатаасан байдалтай байх бөгөөд 2 цагаан өнгийн шуудай, 1 ногоон өнгийн шуудайгаар тал хэмжээтэй болсон ба уг шуудайтай үндэс мэт зүйлсийг уг гарааш дотор байх марк загвар тодорхойгүй цахилгаан хэмжүүр дээр тавьж жинг үзэхэд цагаан өнгийн том шуудай 6.9кг, цагаан өнгийн дээрээ О гэсэн бичиглэлтэй шуудай 11.45кг, ногоон өнгийн шуудай 8.75кг болов. Уг гурван шуудайтай ургамал мэт зүйлсийг хамтатгаж шинг үзэхэд 27кг жинтэй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 05-07, 08-12),

- Гэрч Д.Б.....................аагийн мөрдөн шалгах ажиллагаанд:

“...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...Би О.Д.....................ай гэх залуутай 2017 онд танилцаж байсан. ...Сонгинохайрхан дүүргийн ..................... тоотод байх байшингийн доор байдаг гараашинд 2021 оны 7 дугаар сард ...О.Д.....................ай өөрийнхөө Bongo маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ...шуудайтай эрхий хуруу шиг өргөнтэй ургамлын үндэс шиг зүйл...ачсанаа хийж байсан. Ямар хэмжээтэй байсныг нь хараагүй. Өөрөө тухайн ургамал мэт зүйл нь “Дэрвэгэр”-ийн үндэс гэж хэлээд байсан. Би 2021 оны 7 сараас хойш дахиж гарааш руу ороогүй. ...Би тухайн үндэс ургамал мэт зүйлсийг хаанаас хэрхэн авч ирснийг нь хараагүй, О.Д.....................айн ярианаас сонссоноор бол Дорнод, Булган аймгаас авч ирсэн гэж ойлгосон. ...Анх авч ирэхдээ эсгийнд боосон байсан болохоор тоо ширхэг хэмжээг нь мэдэхгүй байна. ...Миний дуудлага өгсөн болон одоо өгсөн мэдүүлгийг нууцлах, мэдэгдүүлэхгүй байх хүсэлтэй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 2-3-ны үед О.Д.....................айтай ...Bongo маркийн машинтай гараашны дотор ороход гараашны мухарт 2-3 шуудайтай бас бэлдсэн тавцан дээр дэлгэсэн ургамлын үндэс байсан... О.Д.....................ай... цагдаад мэдээлэл өгсөн хүнийг тахир дутуу болгоно, хөл гаргүй болгоно гэх мэтээр удаа дараа ярьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

- Хохирогч Б.Т...................сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нийслэлийн байгаль орчны газрын биологийн олон янзын байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн амьтан ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн хийдэг юм. Би экологич мэргэжилтэй,...би Сонгинохайрхан дүүргийн ................................... ховор ургамлын жагсаалтад багтсан дэрвэгэр жиргэрүү ургамлын 27 кг үндсийн зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэх хэрэгт хэрэв гэм буруутай шүүхээр тогтоогдвол хууль журмын дагуу хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 67-68 дахь тал)

- Гэрч О.Д.....................айн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би мэдэхгүй минийх биш. Тухайн үед би хөдөө явж байгаад болсон явдлаас хойш 10 гаран хоногийн өмнө мэдсэн юм. Надаас нуусан юм шиг байна. Тэр зүйл миний төрсөн дүү О.Д............аа л мэдэж байгаа юм шиг байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 74-75 дахь тал)

“...Миний хувьд цагдаа нар ирснээс хойш 10 хоногийн дараа ирээд дүү Д............аагаас асуухад Дэрвэгэр жиргэрүү гэдэг ургамлын үндэс байгаа юм. Хялганатаас 7 сард ирэхдээ хүнээс авсан гэж байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 243 дахь тал)

- Гэрч О.С.........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сард миний охин О.Д............аа нь намайг булган аймгийн Хангал сум Хялганат тосгод гэртээ байхад ирж амарсан юм....манай охины найзууд Хялганатын хуучин хүүхдүүд ирсэн гэж байсан миний нүд юм харахгүй учир хэн хэн ямар хүүхдүүд байсныг нь мэдэхгүй байна. Тэгээд Хялганатаас явсны дараа 2-3 хоногийн дараа манай охин над руу залгаад Дэрвэгэр Жиргэрүү ургамлын үндэс хүн хямдхан зарах гээд байна авчих уу гэж асууж байсан тэр үед нь чи өөрөө л мэд гэж хэлсэн юм. Тэгээд маргааш нь тэр Дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг худалдан авсан тухай манай охин надад хэлж байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 246 дахь тал)

 

- Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтэд:

Шинжээчид ирүүлсэн дээж нь Дэрвэгэр жиргэрүү (Saposhnikovia divaricate Schischkin) ургамлын үндэс мөн

Дэрвэгэр жиргэрүү нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар ховор ургамлын жагсаалтад, мөн Монгол Улсын улаан номд “Ховор” статусаар бүртгэгдсэн ургамал юм.

БОАЖЯ-ын сайдын тушаал (2018 оны А/43 –р тушаалаар) 2023 оны 01-р сарын 01-нийг хүртэл хориглосон болно. (http://www.legalinfo.mn/law/details/13266?lawid=13266) Энэ ургамлын үндсийг түүж бэлтгэх, хатаах, савлах, хадгалах, тээвэрлэхдээ MNS 6746:2019 стандартыг баримтална...” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 43 дахь тал),

 

- Шинжээч Ж.А...........ягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн шинжээч томилсон тогтоолтой хамт ирүүлсэн дээж нь нойтон байсан. Гадуураа хөгц мөөгөнцөр үүссэн байсан. Үүнийг нойтонд хамааруулж ойлгоно...Дээж ирүүлсэн цаг хугацаанаас ойролцоогоор 1 сарын өмнө түүж бэлтгэсэн байх боломжтой юм. Энэ нь ойролцоогоор гэж ойлгох нь зөв. Яг нарийн тогтоох боломжгүй...манай Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Булган зэрэг аймгуудад ургадаг тархацтай яг хаанаас түүж бэлтгэсэн нь шинжилгээгээр тогтоох боломжгүй юм...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 142-143 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

- Мөрдөгчийн магадалгаад: “....Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын А/677 дугаар тушаалын хавсралтаар баталсан Экологи эдийн засгийн үнэлгээний 381 дугаарт нойтон жинтэй Дэрвэгэр жиргэрүү ургамлын 1 килограммыг 112.900 төгрөгөөр тооцсон...” гэх баримт (1 дэх хавтаст хэргийн 181 дэх тал),   

 

- Шүүгдэгч О.Д............аагийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 7 дугаар сард Булган аймгийн Хялганат тосгонд 10 жилийн хамт төгссөн найзуудтайгаа амарсан юм. Тэнд амарч байгаад Улаанбаатар хот руу ганцаараа буцаж ирсэн ба тухайн үед Булганаас хот руу явах унаа хайж байхад 2 залуу нэг хүн авч явна гэхээр нь суугаад явсан. Тухайн үед замдаа тэр хоёр залуу “25кг орчим дэрвэгэр жиргэрүү ургамлын үндэс зармаар байна. Уг нь нэлээн үнэтэй бид хоёрт буцах бензиний мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь би “ямар үнэтэй зарах гэж байгаа юм. Хэдээр зардаг юм.” гэх мэтээр ярилцахад тэр хоёр залуу “1кг нь дор хаяж 40.000-50.000 төгрөгөөр зарж болдог” гэхээр нь ...тэр хоёр залуугаас 25кг-ийг 1кг-ийг нь 5000 төгрөгөөр бодоод 125.000 төгрөг бэлэн мөнгөөр өгөөд 61-ийн гарамд байдаг төрсөн ах О.Д.....................айн байшингийн гараашинд оруулаад тэнд байсан 3 давхар тавиур дээр дэлгэж орхиод үлдээсэн байсан. ...2021 оны 9 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс хүмүүс ирээд уг ургамлын үндсийг хураан авч надаас мэдүүлэг авсан... Би Монголд ирээд ажил төрөл хийгээгүй...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 137-138 дахь тал)

“...Улаанбаатар хот руу явах унаанд сууж явахдаа жолооч нь ургамал хямдхан зана гээд байхаар нь бэлэн мөнгөөр авсан. Би ургамал худалдан авсан нь үнэн...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 08 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч О.Д............аа нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2/-т заасан ховор ургамал буюу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ховор ургамлын жагсаалтын дэс дугаар 350-д эрэмбэлэгдсэн Дэрвэгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata) ургамлын үндэс буюу эрхтнийг худалдан авсан, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ...ховор ургамлыг ...худалдан авсан, хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Өөрөөр хэлбэл хуульд зааснаар ховор ургамлын төрөлд багтах Дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг худалдан авсан, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар гаргасан хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй байх тул дээрх зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцов.

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас ургамлын аймагт хохирол учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна.

Тодруулбал шүүгдэгч нь зохих байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх ургамлыг бусад этгээдээс хууль бусаар аргаар худалдан авсан, хадгалсан гэм буруутай үйлдлээс ургамлын аймагт хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамал экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 “ байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас ургамлын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ ”, 21.3 “ ургамлын нөхөн төлбөрийн хэмжээг Төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон ургамал экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтооно ” гэж тус тус заасны дагуу хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах нь зүйтэй болно.

Гэсэн хэдий ч хэрэгт хураагдсан 27кг “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг О.Д............аад худалдсан гэх этгээдийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй байна.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”  тогтоож, нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлнэ.

Гэвч “Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай” хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, хадгалсан үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймагт шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх, улмаар тухайн ургамлыг худалдан авсан, хадгалсан хүнээс уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй болно.

Шүүгдэгч О.Д............аагийн хувьд 27кг “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг өөрөө түүж бэлтгээгүй, харин бусдын түүж бэлтгэсэн ургамлын үндсийг худалдан авсан, хадгалсан байхад түүний үйлдлийн улмаас ургамлын аймагт шууд хохирол учирсан гэж үзэн түүнээс 15.241.500 төгрөг гаргах үндэслэлгүй тул 27кг “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үнэ 3. 048.300 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны завсарлагын үе шатанд дээрх хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас: Шүүгдэгч О.Д..............г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс: Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хоёр хүүхэдтэй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч О.Д............аа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 92 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (1-р хавтаст хэргийн 98 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 95-96 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 122 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 103-104 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.           

Шүүх О.Д............ааг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг дүгнэлтийг хөнгөрүүлж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2108025590247 дугаар хэрэгт 27 кг жинтэй байгалийн ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хурааж авсан байна.

Тиймээс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 27 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Төрийн зохих байгууллагад хэрэгцээний дагуу шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт О.................рын Д............ааг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д............ааг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д............аад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад газар явахыг хориглохоор тогтоосугай.

 

4. Шүүгдэгч О.Д............аа нь Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ял оногдуулж болохыг түүнд анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 27 кг жинтэй “3” шуудай Дэрэвгэр Жиргэрүү (Saposhnikovia divaricata Schischkin) ургамлын үндсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих Төрийн байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ