Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 156

 

2019 оны 04 сарын 10 өдөр

 

Дугаар 153/ШШ2019/00156

 

Жаргалант сум

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Гэрэлт хотхоны 3 давхрын 8 тоотод оршин суух, Газарч овогт Жаргалын Г /ПЗ64022913/-ын нэхэмжлэлтэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 153/2019/00103/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Ж.Г нар оролцлоо.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1964 оны 02 дугаар сарын 29-ний өдөр төрсөн. Бага насаа өвөө эмээгийн гар дээр өнгөрүүлсэн. Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд 1972 онд 1-р ангид элсэн ороод 1980 онд 8-р анги төгсөж илгээлтээр малчин болсон. Ар гэрийн гачигдлаар цэргийн алба хаагаагүй. Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд 1990-2000 он хүртэл хамрагдсан. Малчнаар эрэгтэй 55 настай тэтгэвэртээ гаргах болсонтой холбогдуулан тэтгэврээ тогтоолгох гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.... Миний өвөөг Чойвсон, эмээг Долгорсүрэн гэдэг....Намайг нэгдэлд мал маллаж байхад өвөө маань тэтгэвэрт гарчихсан байсан....гэв.

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ж.Г  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Г нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодуурллаа.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ж.Г нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь 1981 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 300 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадын 1981, 1982, 1984, 1985 онуудын мал тооллогын лавлагаа, гэрч Д.Янсанжавын ....Би 1971-1990 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар, 1991-1993 онуудад Ховд аймгийн Мянгад сумын Давшилт компанид малчнаар тус тус ажиллаж байсан....Ж.Г нь 1980 оны 6 дугаар сард Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ирж байсан. Би тухайн үед малчин байсан. Ж.Г Давшилт нэгдэл тартал малчнаар ажиллаж байсан. Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл 1990 оны эхээр тарж, Давшилт компани болсон юм. Гантулгын ээжийнх нь нэрийг Жаргал гэдэг. Гантулгын ээж нь хүүхдүүдээ сургуульд орохоор сумын төв дээр сургуулийн цэвэрлэгч, цэцэрлэгийн асрагч зэрэг ажлыг хийж байгаад сүүлд ахуй үйлчилгээнд ажилд орсон юм. Гантулгын өвөө Чойвсон гэж хүн байсан. Г нь өвөө, эмээ дээрээ байдаг байсан. Өвөө эмээгийнхээ хамт мал малладаг байсан. Ж.Г нь айлын том хүүхэд байгаа юм. Ж.Г 6 дүүтэй. Ж.Гантулгын доод талынх нь дүү нь Ганхуяг эмч юм. Ганхуяг сургуульд сураад явчихсан учир нэгдэлд ажиллаж байгаагүй. Бусад дүү нар нь нэгдэл байхад хөдөлмөрийн насанд хүрээгүй байсан учраас дүү нараас нь нэгдэлд ажиллаж байгаагүй. Ж.Г нь 1985 байна уу эсвэл 1986 оны үед гэрлэж байсан. Эхнэрийнх нь нэрийг Намжилсүрэн гэдэг юм. 1981-1990 онуудад Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн даргаар 1980 оны үед Загджав гэж хүн байсан. 1985 оны үед Отгон, Давшилт нэгдлийн 2 дугаар бригадын дарга нь Гонгоржав гэж хүн байсан. Тоо бүртгэгч нь Баттулга гэж хүн байсан. Баттулга гээд тоо бүртгэгч одоо амьд байгаа.... гэх мэдүүлэг, гэрч Ш.Чулуунбаатарын ....Би Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1977-1988 онуудад малын эмч, 1989-1992 онуудад Чацаргант буюу 1 дүгээр бригадын даргаар тус тус ажиллаж байсан....Ж.Г нь 1980 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригад буюу Буянбулаг бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Ж.Г нь Давшилт нэгдэлд 1991 онд мал хувьчлагдахад лав ажиллаж байсан. Нэгдлийн гишүүд нэг, нэгнийхээ ажиллаж байсан байдлын талаар мэдэлгүй яахав. Тухайн үед нэгдлийн зөвлөл гэж байсан. Энэ зөвлөлд бригадын дарга нар ордог байсан. Аль бригадад ямар малчин томилох вэ гэдгээ шийдвэрлэдэг байсан юм. Тиймээс аль бригадад ямар хүн ажиллаж байсан талаар мэднээ. Би Ж.Гантулгын удам судрын талаар сайн мэднэ. Ж.Гантулгын ээжийнх нь нэрийг Жаргал гэдэг. Ж.Г нь олон охин дүү нартай. Ж.Гантулгын дүү нараас нэгдэлд ажиллаж байгаагүй. 1980 оны эхээр 2 дугаар бригадын даргаар Цогтоо гэж хүн байсан. Сүүлд Гонгоржав гэж хүн болсон. Тоо бүртгэгч нь Баттулга, Дамдинсүрэн гэж хүмүүс байсан. Олон тоо бүртгэгч солигдож байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6-7, 20, 21-22, 23-24 дүгээр тал/

 

Харин нэхэмжлэгч Ж.Г нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.

 

Ж.Г нь цэргийн алба хаагаагүй талаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Ганхуягийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаартай албан бичиг хавтаст хэрэгт авагдсан байгаа болно.

 

Хавтаст хэргийн 9-12 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Янсанжав, Ш.Чулуунбаатар нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, иргэн Д.Янсанжав, Ш.Чулуунбаатар нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Газарч овогт Жаргалын Гантулгын Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Нэхэмжлэгч Ж.Г нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       С.ОЮУНЖАРГАЛ