| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2023/0025/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/33 |
| Огноо | 2022-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч Р.Б..............р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0236 41883 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
******* овогт *******гийн Б..............р, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянцогт суманд 1974 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “.........................................................................”.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Б..............р нь 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ...................................... тоотод иргэн Т.П......................................нг зодож эрүүл мэндэд нь зүүн чамархай хуйх, баруун өвдгөнд шарх, хүзүү, нуруу, баруун шуу, бугуй, сарвуу, зүүн бугалга, тохой, шуу, сарвуу, зүүн гуя, өвдөг, шилбэ, тавхайнд зулгаралт, зүүн тавхай цус хуралт зүүн сарвууны чигчийн хуруу хумсанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Р.Б..............р нь 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ...................................... тоот гэртээ эхнэр Х...............л, найз П......................................н, Уу....................................г нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Энэ үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн Т.П......................................н нь гэрээс хөл нүцгэн бие засахаар гарах үед Р.Б..............р нь түүний араас гарч гэрийн углааш өгөхөд тэрээр Р.Б..............рын биед халдсаны улмаас маргаан үүсэж улмаар Р.Б..............р нь Т.П......................................нгийн эрүүл мэндэд халдаж биед нь зүүн чамархай хуйх, баруун өвдгөнд шарх, хүзүү, нуруу, баруун шуу, бугуй, сарвуу, зүүн бугалга, тохой, шуу, сарвуу, зүүн гуя, өвдөг, шилбэ, тавхайнд зулгаралт, зүүн тавхай цус хуралт зүүн сарвууны чигчийн хуруу хумсанд шарх гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- СХДЦГ ЦХ-3 Шуурхай удирдлагын тасгийн PCNF12318661 дугаартай дуудлагын хуудсанд: “...Дуудлага өгсөн....******* Дуудлага хүлээн авсан...2022.06.26, 15:58:06 минут...Дуудлагын утга...нийлж архи уусан юм шиг байна манай ахыг зодсон хүнийг олсон байна гэх...” дуудлагын хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал)
- Хохирогч Д.П......................................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр...Бид нар архи ууж байгаад би 00 орох шаардлага гараад хөл нүцгэн тэдний байшингаас гаргах гэж байхад Б..............р надад хандаж миний найз таавчиг өмсөөд цаашаа 00 руу ороод бие зас гэж хэлээд надад таавчиг өгсөн. Тэгээд би таавчиг өмсөөд байшингаас гарч байхад Б..............р намайг гэрийн гадаа бие засах гэж байна гэж бодоод миний араас хөлөөрөө өшиглөөд газар шороон дээр унагаасан тэр үед миний хамаг бие хөндүүр болсон байсан юм. Тэр үед нь би Б..............рт хандаж одоо яах гээд байгаа юм гэж хэлээд 00 руу орсон чинь Б..............р ардаас ирээд толгой руу нэг юмаар цохиод байхаар нь одоо болио гээд болиулсан чинь Б..............р гэр рүүгээ явсан. Тэгээд би 00с гараад явж байсан чинь Б..............р дахин уурлаад ална гэж хэлээд жижиг төмөр турба бариад миний нуруу толгой хөл гар өвдөг рүү нэлээн хэдэн удаа цохисон. Удалгүй Уу....................................г гэрээсээ гарч ирээд болиоч ээ чи хүн аллаа гэж хэлэн чинь Б..............р болиод гэр рүүгээ орсон...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
- Гэрч А.Х...............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг унтаж байхад манай найз Уу....................................г дуудаж сэрээгээд надад хандаж Д.П......................................н Р.Б..............р хоёр хоорондоо зодолдоод байна гэж эхлэхээр нь би босоод байшингаас гарсан. Тэгтэл манай нөхөр Д.П......................................н амбаарын хажууд зогсож байсан харин Б..............р нэг юм барьчихсан наад талд нь зогсож байсан...юу болсон талаар асуусан. Тэр үед Б..............р Уу....................................г бид хоёрт хандаж Д.П......................................н бие засах гээд байшингийн довжоон дээр зогсож байхаар нь таавчиг өмс гэж хэлээд таавчиг өгөхөд эргэж хараад миний нүд рүү цохихоор нь би Д.П......................................нг зодсон гэж хэлсэн. Тухай үед Б..............р нүд рүүгээ заасан чинь зүүн талын нүд нь хөхөрч хавдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
- Гэрч Э.Уу....................................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Р.Б..............р хугарсан шүүрийн гол жижиг төмөр ишээр Д.П......................................нг цохиод байсан ба Д.П......................................н амбаарын ардуур орж нуугдсан байсан. Би тэр үед нь болиоч гэж хэлээд салгаад А.Х...............лыг дуудаад Р.Б..............р, П......................................н хоёр гэр рүү оруулсан. Тэр үед манай нөхөр Р.Б..............рын нэг нүд нь хавдаад хөхрөөд харахгүй тагларсан байсан. Харин Д.П......................................нгийн бие нь урагдсан зулгарсан байсан ба маргааш өглөө нь буюу 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явж Д.П......................................нг үзүүлсэн. Д.П......................................нгийн эмчилгээний зардалд 420.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9187 угаартай дүгнэлтэд: “...Хэсэг газрын үзлэгт:...Зүүн чамархайн хуйханд 3.0см, 7.11-н цагийн түвшинд байрласан, баруун өвдөгний гадна буланд 3.0см 3.9-н цагийн түвшинд байрласан мэс заслын оёдол тавигдсан шархтай, хүзүүний зүүн хажуу хэсэгт 1.0х0.5см нурууны баруун дээд хэсэгт 3.0х2.0см, 6.0х1.0см, зүүн дээд хэсэгт 6.0х3.0см, дунд доод хэсэгт 1.0х0.6см, 3.0х2.0см, 6.0х3.0см, зүүн доод хажуу хэсэгт 8.0х6.0см, баруун шууны гадна дээд хэсэгт 1х0.2см, 0.6х0.5см, 0.3х0.7см, зүүн бугалгын гадна доод хэсэгт 1.0х0.2см, зүүн тохойнд 3.0х3.0см, зүүн шууны гадна дээд хэсэгт 6.0х3.0см дунд хэсэгт 4.0х2.0см, 2.5х2.0см, сарвууны ар хэсэгт 0.3х0.4см, 0.5х0.2см, зүүн гуяны гадна дунд хэсэгт 1.0х2см, зүүн өвдгөнд 6.0х0.3см, 8.0х0.1см, зүүн шилбэний гадна дунд хэсэгт 11.0х0.2см, 2.0х1.0см, 6.0х0.5см 1.0х1.0см, баруун тавхайн хэсэгт 2.0х0.2см хүрэн өнгийн зулгаралттай, зүүн тавхайн хэсэгт 6.0х8.0см хажуу хэсгээр 11.0х3.0см хөхөлбөр өнгийн цус хуралттай, баруун зүүн тавхай хавдаж овойсон, зүүн сарвууны чигчий хурууны хумс хугарсан шархалсан.
2022.06.26-ны Лазер мед эмнэлгийн Толгойн КТГ-н шижилгээнд: ...баруун нүдний ухархайн дотор хана, хамар яс хуучин хугаралттай, хамрын таславч зүүн тийш мурийсан. Зүүн хоншоорын хөндийн урд хананд 1.0х1.2см, гадна хананд 0.4х0.6см хэмжээтэй полиптой, баруун хоншоорын хөндийн дотор ханад 1.0х0.5см хэмжээтэй полиптой...баруун хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан, склеротик өөрчлөлттэй. Тархины эдэд голомтот өөрчлөлтгүй,...зүүн зулайн хэсэгт зөөлөн эдэд хаван хавдартай...ДҮГНЭЛТ
1. Д.П......................................нгийн биед зүүн чамархайн хуйх, баруун өвдгөнд шарх, хүзүү, нуруу, баруун шуу, бугй, сарвуу, зүүн бугалга, тохой, шуу, сарвуу, зүүн гуя, өвдөг, шилбэ, тавхайнд зулгаралт, зүүн тавхайн цус хуралт, зүүн сарвууны чигчийн хуруу хумсанд шарх гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
3. 6. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь 2022.06.05-нд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
- Шүүгдэгч Р.Б..............рын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...П......................................н бид хоёр бага зэрэг архи ууж байхад П......................................н манай гэрээс бие заслаа шээлээ гээд гарсан. Тэр үед П......................................н манай гэрээс хөл нүцгэн гараад явчихаар нь би түүний ардаас таавчиг бариад гараад энийг өмс гэж хэлсэн. Тэгтэл П......................................н уурлаад эргэж хараад миний баруун талын нүд нэг удаа гараараа цохисон. Тухайн үед би уурлаад шатан дээр П......................................нг байхад нь жийж газар унагаасан чинь П......................................н зугтаагаад амбаарын ардуур орохоор нь би жижиг шүүрний ишээр П......................................нгийн бие рүү хэд хэдэн удаа цохисон...” гэж (хавтаст хэргийн 49-50 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Р.Б..............р нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9187 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хөнгөн хохиролд тооцогдоно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Р.Б..............р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Д.П......................................нгийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Р.Б..............р нь хохирогч Д.П......................................нгийн биед зүүн чамархайн хуйх, баруун өвдгөнд шарх, хүзүү, нуруу, баруун шуу, бугй, сарвуу, зүүн бугалга, тохой, шуу, сарвуу, зүүн гуя, өвдөг, шилбэ, тавхайнд зулгаралт, зүүн тавхайн цус хуралт, зүүн сарвууны чигчийн хуруу хумсанд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч Д.П......................................нгийн буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Р.Б..............рыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Д.П......................................н энэ гэмт хэргийн улмаас баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Р.Б..............р нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 420.000 төгрөгийг өгсөн (хавтаст хэргийн 25 дахь тал), хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Р.Б..............рыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Р.Б..............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч Р.Б..............р нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Р.Б..............р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч болон хохирогч нарын хэргийн хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 54, 55 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 60 дахь тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 61 дэх тал),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 36, 37 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 39, 40 дахь тал) Тансаг Хийц ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Р.Б..............р, хохирогч Д.П......................................н нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б..............рыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь түүний мэдүүлэг “ХААН” банкны депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Р.Б..............рт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0236 41883 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Б..............рыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б..............рыг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б..............рт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б..............р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ