Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 1023

 

 

 

 

 

 

 

2019          10            15                                           2019/ДШМ/1023

 

Л.Г холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч                       С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

хохирогч Ц.Мөнгөнзул,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 2019/ШЗ/1466 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Сарантуяагийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр бичсэн 19 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Л.Гд холбогдох 1903005120298 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн Лын Г, 1998 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймагт төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүгийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Л.Г нь 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ариг банк”-ны урд автобусны буудлын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл тохиолдвол түүнийг засах хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-т заасан “...гэрэл нь асахгүй... болсон”, 6.2-т заасан “Дуут дохио ажиллахгүй болсон” эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй “Тоёота Витц” загварын 62-74 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Мөнгөнзулыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Л.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Л.Ггийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл техникийн хувьд бүрэн бус эвдрэл, гэмтэлтэй байсан нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэхийг тусгай мэдлэг эзэмшсэн этгээдээр “Мөрдөгчийн магадалгаа” болон “Шинжээчийн дүгнэлт” гаргуулах зэрэг хуульд заасан нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг хийгээгүй нь хэргийн талаар нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй гэж үзэх ба нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх”, “Баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т заасан “шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлттэй танилцах”, мөн хуулийн 7.7 дугаар зүйлийн 3-т заасан “...прокурор, мөрдөгчийн ажиллагаа шийдвэрт гомдол гаргах” зэрэг яллагдагчийн хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг хязгаарласан байна. Яллагдагч гэм буруугийн талаар маргаагүй нь хэргийн талаар нотолбол зохих байдлыг шалгахгүй орхигдуулах үндэслэл болохгүй бөгөөд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Д.Сарантуяа прокурорын эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэжээ. 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гээд 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэсэн байна. Гэтэл дээрх төрлийн хэргүүдэд гаргаж байгаа мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлт нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын заалтыг зөрчсөн эсэх талаар гарч байгаа ба үүнийг үндэслэн хэргийг шийдвэрлэдэг буруу жишиг тогтсон байна. Шинжилгээ хийхэд шинжилгээний объектын тухай асуудал яригддаг ба тухайн объектод үүссэн физик, химийн ул мөрийг үндэслэн шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргадаг бөгөөд Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргүүдийн хувьд мөрдөгч магадалгаа, шинжээч дүгнэлт гаргахдаа дүрмийн ийм заалтыг зөрчсөн гэж байгаа нь нотлох баримтыг үнэлж, Замын хөдөлгөөний дүрэм хэрэглэж байгаа явдал болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг үнэлэн хууль хэрэглэж, зөрчсөн эсэхийг тогтоох нь өмгөөлөгч, прокурор, шүүгчийн үүрэг бөгөөд үүнээс давсан эрх хэмжээг мөрдөгч, шинжээч нар эдэлж захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, зөрчөөгүй гэж магадалгаа, дүгнэлт гаргаж, тухайн этгээдийн гэм бурууг урьдчилан тогтоож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11, 27.1 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчсөн байна. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар яллагдагч Л.Ггийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэлд ял халдааж шийдвэрлэх боломжтой байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад зааснаар тээврийн хэрэгслийн баруун гар талын толь сууриараа хагархай, дуут дохио ажиллахгүй, ухрах арааны баруун гар талын гэрлийн чийдэн асахгүй гэх эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгсэл байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3, 6.2-т бүрэн бус эвдрэл, гэмтэлтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Оношилгооны дүгнэлтээр дээрх эвдрэл гэмтэл нь осолд нөлөөлөхгүй гэж дүгнэсэн. Шүүгдэгч Л.Г нь эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсоноор гарцаар явж байсан явган зорчигч Ц.Мөнгөнзулыг дайрч гэмтэл учруулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг юм. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т гарцаар гарч байгаа болон гарцаар гарахыг завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэх заалтыг зөрчиж явган зорчигч Ц.Мөнгөнзулыг дайрч хүндэвтэр гэмтэл учруулсан. Анхан шатны шүүхээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-ийг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч дүгнэлт гаргах ёстой гэж үзсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд тусгай мэдлэг шаардлагатай бол шинжээч томилохоор заасан. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно гэж заасан байдаг. Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргадаггүй. Тухайн үед бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон талаараа үнэн зөв мэдүүлдэг. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар яллагдагч Л.Ггийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг буцаасан. Уг хэрэгт тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч томилох ямар ч үндэслэлгүй. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 2019/ШЗ/1466 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ц.Мөнгөнзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт, эсхүл мөрдөгчийн магадалгаа гаргуулах шаардлагатай” гэсэн үндэслэл зааж хэргийг прокурорт буцаасан нь зөв гэж үзлээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх” зорилтын хүрээнд мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой талаар тодорхой тусгасан байдаг.

Мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотлох ажиллагааны хүрээнд “шинжээчийн дүгнэлт”, эсхүл “мөрдөгчийн магадалгаа”-г зам тээврийн ослын хэрэгт зайлшгүй гаргуулж байвал зохино. Өөрөөр хэлбэл, зам тээврийн ослын шалтгаан нөхцөл, холбогдсон этгээдүүдийн хэн аль нь Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон ямар заалтыг зөрчсөн, уг зөрчил нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиар хамгаалагдсан нийтийн ямар ашиг сонирхолд харшилсан гэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэгийн хүрээнд зайлшгүй дүгнэлт хийх шаардлага бий болж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйл болон 27.11 дүгээр зүйлд заасан зохицуулалтаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шинжилгээ хийлгэнэ, харин уг нөхцөл байдлыг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжтой, эсхүл өөрөө тогтоох боломжтой гэж үзвэл мөрдөгч “магадалгаа” гаргахаар тусгагджээ.

Иймд энэ хэрэгт тусгай мэдлэгийн хүрээнд “шинжээчийн дүгнэлт”, эсхүл “мөрдөгчийн магадалгаа” гаргуулахаар хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байх тул дээд шатны прокурор Д.Сарантуяагийн бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЗ/1466 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЗ/1466 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Сарантуяагийн бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

         ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ