| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 124/2024/0010/3 |
| Дугаар | 221/МА2024/0658 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2024/0658
Ц.Згийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 018 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.З
Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөл
Гуравдагч этгээд Г.У
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: ******************
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 018 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлий 66.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Згийн “Албан тушаалын тодорхойлолтод заагдсан тусгай шаардлага хангаагүй хүнийг бүртгэж сонгон шалгаруулалтад оруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч Ц.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... А/1** дугаар тушаалын хувьд гарсан цаг хугацаанаас хойш буюу 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтээс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байхад Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөл 2022-2023 оны элсэлтээс хойш дагаж мөрдөх тухай журмыг дээрх хугацаанаас өмнөх ажил мэргэжилд тооцсон нь журмыг буруу тайлбарлан хэрэглэж, 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад гуравдагч этгээдийг бүртгэн авч оролцуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн хувьд 2012 онд буюу Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн D 2012********** дугаар “Эрүүл мэндийн нийгмийн ажилтан” бакалаврын боловсрол эзэмшсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 00** дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.
1. Нэхэмжлэгч Ц.Згаас Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн “албан тушаалын тодорхойлолтод заагдсан тусгай шаардлага хангаагүй Г.Уг бүртгэж сонгон шалгаруулалтад оруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Уг салбар зөвлөл аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахаар зарлаж, оролцогчдыг бүртгэн шалгалтыг явуулахад нэхэмжлэгч Ц.З 61.6, гуравдагч этгээд Г.У 70.2 оноог тус тус авч Увс аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны сул орон тоонд Г.Уг томилуулахаар нэр дэвшүүлсэн байна.
3. Анхан шатны шүүх “... “эрүүл мэндийн нийгмийн ажилтан” гэх мэргэжлийг “нийгмийн ажил, эрүүл мэндийн” гэх хөтөлбөртэй адилтгаж үзэхээр байх тул Г.Уг шалгалтад бүртгэсэн бүртгэлийг буруутгах боломжгүй. Мөн түүнчлэн нийгмийн эрүүл мэндийн ухааны магистр зэргийг эзэмшсэн байгааг нийгмийн эрүүл мэнд судлалын бакалавраас дээш боловсролын зэрэгтэй байх шаардлагад нийцсэн гэж үзэхээр байна” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
4. Г.У нь Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийг 2012 онд “эрүүл мэндийн нийгмийн ажилтан” мэргэжлээр бакалаврын зэрэгтэй /хэргийн 38 дахь хуудас / 2015 онд “нийгмийн эрүүл мэндийн ухааны магистр” зэрэгтэйгээр төгссөн болох нь хэрэгт авагдсан дипломуудын хуулбараар тогтоогдсон.
5. Үүнээс үзвэл Нийгмийн эрүүл мэндийн төвийн даргын “Ажлын байрны тодорхойлолт”-д албан тушаалд тавигдах тусгай шаардлагын “Боловсрол” хэсэгт “Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх”, харин “Мэргэжил” хэсэгт “Хүний их эмч, нийгмийн эрүүл мэнд судлал” гэж тодорхойлсон шаардлагыг Г.У хангаагүй гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчийн сонгон шалгаруулалт бүртгэж, нэр дэвшүүлсэн үйл ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Боловсролын сайдын А/1** дугаар тушаалын 2, 3-т зааснаар ... гарсан цагаасаа хойш буюу 2022-2023 оны элсэлтээс дагаж мөрдөх журмыг өмнөх ажил мэргэжилд тооцсон нь уг журмыг буруу тайлбарлан хэрэглэж, эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад гуравдагч этгээдийг бүртгэн авч оролцуулсан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
7. Г.У нь 2012 онд төгссөн “эрүүл мэндийн нийгмийн ажилтан” гэх нэрээр мэргэжил эзэмшсэн, харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/1** дугаар тушаалын 2, 3 дахь заалт энэхүү маргаанд хамааралгүй.
8. Уг тушаалын 5-д шинэчилсэн мэргэжлийн чиглэл, индексийг өмнө мөрдөж байсан эрх зүйн баримт бичигтэй ... дүйцүүлэн ойлгох, жагсаал, аргачлал боловсруулж ажиллахыг Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газарт даалгасан, үүний дагуу мөн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 2/144 дүгээр албан бичгээр “Мэргэжлийн чиглэл, индексийг дүйцүүлсэн жагсаалт”-ыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байна.
9. Хариуцагч нь жагсаалтад /хэргийн 85 дахь хуудас/ “нийгмийн ажил, эрүүл мэндийн” гэсэн өмнөх хөтөлбөрийг “нийгмийн эрүүл мэнд” гэсэн хөтөлбөртэй дүйцүүлсэн /098801 индекс/ байгааг үндэслэн, гуравдагч этгээд Г.Уг ажлын байрны тодорхойлолтод заасан “нийгмийн эрүүл мэнд судлал” гэсэн мэргэжлийн шаардлагыг хангасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, журмыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ