Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 92

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, 

                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

                Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

                Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

           Шүүгдэгч: Т.Дамдинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

                Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд овогт Төмөрийн Дамдинсүрэнд холбогдох эрүүгийн 201620000266 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 30 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, Малчин, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт, Увс аймгийн Тэс сумын 5-р багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй РД:ОО86082712, Борлууд овогт Төмөрийн Дамдинсүрэн.  

           Хэргийн товч утга: Шүүгдэгч Т.Дамдинсүрэн нь машин механизм ашиглан 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Нарийны голын хөвөө гэх газарт газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “БЖП ГЕОФИЗИК МОНГОЛИА” ХХК-ний хайгуулын ажилд ашиглаж байсан 120 амперийн 2 ширхэг аккумляторыг хулгайлж бусдад 320.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                1. Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явуулах тогтоол /хх-ийн 1-р тал/,

              2. Увс аймгийн Цагдаагийн газрын эд зүйл хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 7-8 р тал/,  

         3. Увс аймгийн Цагдаагийн газрын эд зүйл битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 9-11, 12-13-р тал/,

             4. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнххишигийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай “Би Жи Пи” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 03-наас Увс аймгийн Тэс суманд газрын тосны хайгуулын ажлыг эхлүүлсэн бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 06-наас 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрүүдэд манай төслийн талбайгаас нийт 19 ширхэг аккумлятор хулгайд алдагдсан. Энэ нь 12 вольтын 12 амперын аккумлятор байх бөгөөд нэг бүрийн үнэ нь 830 юань буюу монгол мөнгөөр 290.500 төгрөгний үнэлгээтэй юм. Мөн тэжээлийн залгуур 3 ширхэг, тус бүрийн үнэ 24000 юань буюу 8.400.000 төгрөг, тэжээлийн залгуурын утас 3 ширхэг тус бүрийн үнэ 65 юань буюу 22.750 төгрөгний үнэтэй, мэдээлэл цуглуулах шугамны утас 3 боодол, 1 боодол нь 16000 юань буюу 5.600.000 төгрөгний үнэлгээтэй, мөн георон буюу мэдээлэл хүлээн авагч 12 ширхэг нэг бүрийн үнэ 1000 юань буюу 350.000 төгрөгний эд зүйл алдагдсан бөгөөд нийт 5 төрлийн эд зүйл хулгайлагдсан ба монгол төгрөгөөр 51.787.750 төгрөгний хохирол учирсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

            5. Гэрч У.Дэнсмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 9 дүгээр сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Т.Дамдинсүрэн нэг удаа гэртээ ирээд байж байгаад орой буцаж явсан. Тэр үед 2 ширхэг хар өнгийн томхон хэмжээний аккумлятор авч ирсэн бөгөөд өөрийнхөө хар өнгийн Мустанг 5 маркийн мотоцикльд ганзагалаж авч ирсэн. Тэгээд нэгийг нь гэрт оруулж гэрэл холбож асаагаад явсан. Тэр үед манай гэрлийн аккумлятор муудаж гэрэл асааж дийлэхгүй болсон байсан юм. Бид нялх хүүхэдтэй шөнө хуурайлахад хэцүү байсан юм. Т.Дамдинсүрэн 2 ширхэг аккумлятороос өөр ямар нэгэн зүйл авч ирээгүй. Хүнээс авсан гэж хэлсэн. Би тодорхой асууж сураглаагүй. Т.Дамдинсүрэн тэр оройгоо мал руугаа явсан бөгөөд түүнээс хэд хонгийн дараа манай ах У.Бямбахүү ирээд нөгөө аккумлятор нь гэрийн гадан хаяанд байсныг адилхан нялх хүүхэдтэй гэрэлгүй байна түр хэрэглэж байя гэж хэлээд аваад явсан юм. Т.Дамдинсүрэн тэдгээрийг хүнээс авч ирлээ гэж хэлсэн бид тухайн үед гэрэлгүй зутруу байсан тул худалдаж авсан байх гэж бодсон. Хэнээс авсан аа хэлээгүй. Би ч асуугаагүй, хулгайн эд зүйл гэж би мэдээгүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,      

       6. Гэрч У.Бямбахүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Би хадлангаас буцаж ирэхэд манай аккумлятор муудаад гэрэл асааж хүч хүрэхгүй байсан тул Т.Дамдинсүрэнгийн гэрийн гадна байсан аккумляторыг түүний эхнэрээс гуйж авч гэртээ ашигласан юм. Гэтэл сүүлд цагдаа нар ирж уг аккумляторыг хулгайн эд зүйл гэдгийг хэлсэн. Би аккумлятор авах үед Т.Дамдинсүрэн гэртээ байгаагүй, Т.Дамдинсүрэн хэд хоногийн өмнө 2 ширхэг аккумлятор авч ирээд гэрийн гадна орхиод явсан гэсэн. Хэнээс хэзээ авсаныг би мэдээгүй. Хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/

            7. Гэрч У.Батболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Т.Дамдинсүрэнг аккумлятор хулгайлсан хэрэгт холбогдсоныг анх Кемп дээр ирэхэд өөрөөс нь сонссон. Би уг компанид туслах ажилтнаар ажилладаг байсан бөгөөд машинтай явж туг хатгаж тэмдэглэсэн цэгт хуйлаастай кабель утас буулгадаг, буцааж хуйлж авах ажил хийдэг байсан. 25м тутамд нэг туг зоодог 1 км зайтай аккумлятор газарт булчихсан байдаг байсан. Тэс суманд болон Зүүнговь сумын нутаг Зүүнговийн Баяннуур гэх газраас Тэс сумын Нарийний гол гэх газар хүртэл нийт 53 км шугам тавих байсан боловч дуусгаж амжаагүй байхад ард иргэд жагсаал цуглаан хийж эсэргүүцсэн тул ажилаа зогсоогоод компаний хүмүүс яваад өгсөн юм. Би Зүүнговь чиглэлд шугам тавьсан бөгөөд 1 хонуулаад хурааж авахад хэд хэдэн газарт кабель утсыг тасалж орхисон 1 аккумлятор алдагдсан байсан. Тэс сумын чиглэлд явсан хүмүүс 3 аккумлятор алдагдсан гэж ярьж байсан дахин эд зүйл алдагдсан талаар сонсоогүй дахиж шугам татаагүй компаний хүмүүс хаяад эд зүйлээ ачаад явчихсан юм. Наранбулагт 8 сард 97 км шугам тавихад их зүйл алдагдсан гэж сонссон”гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/

             8. Гэрч Д.Батзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2016 оны 9 дүгээр сард одоо яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна өөрийн баз Т.Дамдинсүрэнгийн хамт мал хайгаад мотоцикльтой явж байтал замд газрын тосны хайгуулын компаний ачааны машин зогсож байсан бөгөөд  тэр машин шаварт суучихсан байсан. Бид 2 тэдэнд туслалцаж байх хооронд би машины кабин дотор сул аккумлятор байхыг хараад тэднийг машины нөгөө талд байхад нь харагдахгүйгээр авч яваад дэрсний ёроолд нууж орхисон юм. Тэгээд Т.Дамдинсүрэнгийн хамт мотоциклдоо бензин аваад явсан. Тэгээд Т.Дамдинсүрэнгээс салаад нөгөө газраа мориор буцаж ирэхэд машин явчихсан байсан бөгөөд дэрсний ёроолд нуусан байсан аккумлятороо аваад харьсан юм. Т.Дамдинсүрэн тухайн үед аккумлятор авахыг хараагүй. Машины хаалга онгорхой кабин дотор сул аккумлятор байхыг хараад авчихсан юм. Харин тэр үед Т.Дамдинсүрэн болон машины жолооч 2 залуу машины нөгөө талд шавар ухаж байсан юм. Би тэдэнд харагдаагүй. Т.Дамдинсүрэнд аккумлятор авсан талаараа хэлээгүйгэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,  

              9. Гэрч  Т.Цэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Бид эцэг эхээс арвуулаа бөгөөд миний төрсөн дүү Т.Дамдинсүрэн нь айлын бага хүүхэд байгаа юм. Багаасаа мал дээр өсөж Тэс сумын дунд сургуулийн 1 дүгээр ангид суралцуулахаар оруулсан боловч удалгүй гаргаж авсан. Түүнээс хойш сургуульд сураагүй бичиг үсэг муу мэддэг хүн байгаа юм. Багаасаа мал маллаж өссөн тул эцэг эхийн дэргэд мал маллаж байгаад нас бие гүйцээд цэргийн албанд явах гэсэн боловч хөлдөө бэртэлтэй учир цэргийн албанд яваагүй. 10 гаруй жилийн өмнө эхнэр авч тусдаа гарсан. Одоо эхнэр болон 4 хүүхдийн хамт хөдөө мал маллаж амьдардаг бөгөөд бага нь 2 сартай нярай хүүхэд байгаа юм. Ар гэрийн амьдралын хувьд цөөн тооны бог малтай малын ашиг шимээр аж ахуй амьдарлаа залгуулдаг. Хувьд ноогдох хөрөнгө гэхээр зүйл байхгүй. Эхнэр Дэнсмаа нь ажилгүй 2 сартай нялх хүүхдийн хамт гэртээ байдаг юм. Т.Дамдинсүрэн нь хувийн зан араншингын хувьд илүү дутуу муу зуршилгүй, урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, согтууруулах ундааны зүйл хаяа хэрэглэдэг боловч тохируулаад хэрэглэчихдэг. Үг дуу цөөнтэй, даруу төлөв зантай, найз нөхөд цөөхөн, хүнтэй харьцах харьцаа боломжын өөрийгөө илэрхийлэх чадвартай хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,  

         10. Гэрч Д.Сэржимын мөрдөн байцаалтад өгсөн: “Т.Дамдинсүрэн нь багаасаа хөдөө мал дээр өссөн. Төлөв томоотой, элдэв муу зуршилгүй энгийн нэгэн залуу байгаа юм. Ам бүл 6-уулаа эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Саяхан эхнэр нь амаржсан 2 сартай нялх хүүхэдтэй айл. Хувьдаа 300 орчим бог малтай малын ашиг шимээрээ амьдардаг бөгөөд ...хувьд ногдох хөрөнгө хувьдаа нэг мотоциклтой. Урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Малд нүдтэй, нутаг орны хүмүүсийн дунд нэр хүнд сайтай, элдэв зүйлд холбогдож яваагүй төлөв даруу зантай хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,

             11. Увс аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйлд шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 29-р тал/,

            12. "Увс Финанс-Аудит" ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан 518 тоот Эд зүйлс үнэлсэн тайланд: Аккумлятор 1ш 160.000 төгрөг, кабель утас 1 м 2000 төгрөг, холбогч утас 5000 төгрөг болохыг тодорхойлсон байна. /хх-ийн 31-32-р тал/,

              13. Увс аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн эд зүйлд шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 35-р тал/,

           14. "Увс Финанс-Аудит" ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан 578 тоот “Морь болон мотоцикл үнэлсэн тухай тайлан”-д 5 настай морь 460,000 төгрөгөөр, мотоцикль 146.000 төгрөгөөр тус тус үнэлжээ. /хх-ийн 36-37 тал/,

              15. Шүүгдэгч Т.Дамдинсүрэнгийн хувийн байдал тогтоосон баримтууд. /хх-ийн 49-65 тал/,

           16. Увс аймгийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 533 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” прокурорын тогтоол.  /хх-ийн 67-68-р тал/, 

       17.  Хохирогчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 85/16 тоот хулгайлагдсан 3 ш аккумляторыг хүлээн авсан тухай албан бичиг. /хх-ийн 82-р тал/,

            18. Увс аймгийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай” прокурорын тогтоол. /хх-ийн 83-84-р тал/,

           19. Шүүгдэгч Т.Дамдинсүрэнгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Тэс сумын Бөөрөг гэх газарт байсан адуугаа эргэчихээд буцаж явтал Нарийний голын хөвөөнд ил задгай газарт 1 ширхэг хар өнгийн аккумлятор байхыг харсан. Очиж үзэхэд хажууд нь газар ухаж доош суурилуулсан дээд хэсэг нь ил харагдах бас нэг аккумлятор байсан юм. Эхний аккумлятор нь газар дээр ил ямар нэгэн кабель утасгүй байсан. Хоёр дахь нь газарт булж дээд хэсэгт нь ил харагдсан байдалтай аккумляторын 2 шонд кабель утсыг бахь мэт зориулалтын бэхэлгээгээр бэхэлсэн байсан юм. Би кабель утсыг салгаж тэнд нь орхиод тэр 2 аккумляторыг өөрийн эзэмшлийн Мустанг маркийн хар өнгөтэй, улсын дугааргүй мотоцикльдоо цагаан өнгийн дээс авч явсанаараа ганзагалж ачаад шууд гэртээ очиж оруулж тавьсан юм. Би тухайн үед отрын гэрээр Нарийний голын хөвөөнд буусан байсан. Тэндээс манай үндсэн гэр хүртэл 20 км зайтай байсан юм. Уг явдлаас хойш арваад хоногийн дараа саахалт айлын Батзориг гэх залуутай хамт өөрийнхөө мотоциклиор Нарийний голын зүүн эрэгт зогсож байсан ачааны машин дээр очиж өөрийн тракторт шатахуун гуйж авсан юм. Би шатахуун аваад мөнгийг нь төлөөд Батзоригтой хамт явсан. Тэгээд гэртээ очиод байж байтал цагдаагийн машин ирсэн бөгөөд Батзориг та хоёр ачааны машины кабинд байсан аккумляторыг авсан байна гэж хэлсэн. Би Батзоригоос асуухад чамайг шатахуун авч байхад машины кабинд байсан аккумляторыг аваад ойролцоо газар нуусан. Тэгээд намайг түүнийг гэрт нь хүргэж өгсөний дараа машин явчихаар нь мориор буцаж очиж авсан гэж хэлсэн. ...Би зөвхөн 2 ширхэг аккумлятор авсан, өөр эд зүйл аваагүй. Батзориг сүүлд машины кабинаас 1 ширхэг аккумлятор авсан байсан үүнийг нь би мэдээгүй. Цагдаа нар ирэхээр нь уг 3ш аккумляторыг Батзоригтой хамт хайгуулын компанид аваачиж хүлээлгэж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг зөрчил гаргахгүй байж чадна.” /хх-ийн 43-47-р тал/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч Т.Дамдинсүрэн нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 12 дугаар багийн 8 дугаар багийн нутаг дэвсгэр Нарийний голын хөвөө гэх газраас “БЖП Геофизик Монголиа” ХХК-ийн эзэмшлийн 2 ширхэг аккумляторыг хулгайлж, 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнххишиг, гэрч У.Дэнсмаа, У.Бямбахүү, У.Батболд, Д.Батзориг нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, “Увс Финанс-Аудит” ХХК-ийн шинжээчийн “Эд зүйлс үнэлсэн тухай” 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 518 дугаартай тайлан болон шүүгдэгч Т.Дамдинсүрэнгийн үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

              Шүүгдэгч Т.Дамдинсүрэнгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч “БЖП Геофизик Монголиа” ХХК-д 320.000 /1 ширхэг аккумлятор 160.000 төгрөгийн үнэтэй/ төгрөгийн хохирол учирсан нь “Увс Финанс-Аудит”ХХК-ийн  шинжээчийн “Эд зүйл үнэлсэн тухай” 2016 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 518 дугаартай дүгнэлтээр нотлогдсон тул бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан, мөн гэрч У.Дэнсмаагийн “...Тэр үед 2 ширхэг хар өнгийн томхон хэмжээний аккумлятор авч ирсэн бөгөөд өөрийнхөө хар өнгийн Мустанг 5 маркийн мотоцикльд ганзагалж авч ирсэн...”, шүүгдэгч Т.Дамдинсүрэнгийн “...тэр 2 аккумляторыг өөрийн эзэмшлийн Мустанг маркийн хар өнгөтэй, улсын дугааргүй мотоцикльдоо цагаан өнгийн дээс авч явсанаараа ганзагалж ачаад шууд гэртээ очиж оруулж тавьсан юм...” гэх мэдүүлгүүдээр уг гэмт хэргийн машин механизм ашигласан гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүн хангагджээ.   

           Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Т.Дамдинсүрэнг машин механизм ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

          Хавтаст хэрэгт авагдсан эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, хохирогч “БЖП Геофизик Монголиа” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнххишигийн гаргасан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 85/16 тоот албан тодорхойлолт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Т.Дамдинсүрэн хулгайлсан эд зүйл болох 2 ширхэг аккумляторыг хохирогчид буцаан хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.  

         Шүүгдэгч Т.Дамдинсүрэн нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн Мустанг маркийн хар өнгийн мотоцикл /улсын дугааргүй/ ашигласан байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заааснаар уг мотоциклийг хураан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

           Шүүгдэгч Т.Дамдинсүрэнд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

              Харин түүний анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлаж, гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдлыг /эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, 0-3 насны 2 хүүхэдтэй/ харгалзан үзэж, шүүгдэгч Т.Дамдинсүрэнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ. 

        Шүүгдэгч Т.Дамдинсүрэнгээс гаргуулах хохирол, төлбөргүй, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй тул шүүгдэгчийн эзэмшлийн 5 настай халтар зүсний морийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав. 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

    1. Шүүгдэгч Борлууд овогт Төмөрын Дамдинсүрэнг машин механизм ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дамдинсүрэнг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ял  шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.Дамдинсүрэнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

    4. Шүүгдэгч Т.Дамдинсүрэн энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл Мустанг 5 маркийн мотоциклийг хурааж, улсын орлого болгосугай.

    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дамдинсүрэнд шүүхээс оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоон, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн Газарт даалгасугай.

         7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Т.Дамдинсүрэнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зїйлийн 303.1, 304 дїгээр зїйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч нар эс зєвшєєрвєл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шїїхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА