| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2023/0023/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/31 |
| Огноо | 2023-01-25 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/31
2023 01 25 2023/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Б,
Улсын яллагч Г.А,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б,
Хохирогчийн өмгөөлөгч Н.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Г,
Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан О аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Мд холбогдох эрүүгийн 2225006610493 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ш овогт Лгийн М, Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр О аймгийн Б сумын Б багийн нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар цэцэрлэгийн урд талын авто зам дээр Тоёота приус 20 /Тоуоtа Рrius 20/ маркийн *** УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Цг мөргөж амь насыг нь хохироосон, мөн тухайн гэмт хэрэг үйлдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
О аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Мийг авто тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, гэмт хэрэг үйлдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М мэдүүлэхдээ “Хохирогчийн гэр бүлээс уучлалт гуйж байна, би хэргийн газрын санаатай орхиж зүгтаагаагүй, айсандаа зогсолгүй явчихаад эгчтэйгээ буцаад иртэл хохирогчийг эмнэлэг рүү аваад явсан, зам дээр цагдаа нар хэмжилт хийж байсан. Хохирогчийн ар гэрийнхэнд 28.030.000 төгрөг өгсөн, удахгүй 5.000.000 төгрөг өгөхөөр тохирсон байгаа” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б мэдүүлэхдээ “Энэ хүн миний ээжид 20 минутын өмнө ч болов эмнэлгийн тусламж үзүүлсэн бол ээж минь амьд байх ч байсан юм билүү, гомдолтой байна. Манай 5 настай хүүхэд маань эмээгээ байнга асуудаг. Хохиролд 28.030.000 төгрөг авсан, удахгүй 5.000.000 төгрөг өгөхөөр тохирсон, одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 06-р тал/
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бгийн: “... 2022 оны 10 дугаар сарын 05-ны орой 16 цагийн үед над руу ээжийн маань утаснаас над руу эрэгтэй хүн залгаад ээж чинь машинд дайруулчихлаа та хаана байгаа юм бэ? Б багийн 18 дугаар цэцэрлэгийн гадаах төв зам дээр яаралтай хүрээд ир би эмнэлэг болон цагдаад мэдэгдсэн байгаа гэж над руу залгасан. Би уг хүнээс та хэн бэ мөргөсөн машины жолооч юм уу? гэхэд надтай утсаар ярьсан хүн үгүй би хажууд нь зогсож байсан машины жолооч байна гэж байсан. Тухайн үед би Дэнж багт эгч Бгийн гэрт байсан юм гэрээс нь гараад 18 дугаар цэцэрлэг рүү очтол ээжийг маань эмнэлгийн машин аваад явчихсан байсан. Би араас нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах тасаг дээр очтол ээж маань ухаан санаа нь орж гараад хэлж байгаа үг нь би хаана байна, сая юу болсон бэ? гэж хэлэхээс өөр үг хэлэхгүй байсан. Тэгээд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нас барсан. Манай ээж архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй миний мэдэхийн 10 жил архи согтууруулах ундаа хэрэглээгүй баяр наадмын өдрөөр л ганц нэг амсаад л өгдөг юм. Манай ээжийн сэтгэл санаа нь хэвийн байсан надад сэтгэлээр унасан янз бүрийн зүйл ажиглагдаагүй зүгээр байсан. Надад ямар учраас яаж байгаад машинд мөргүүлсэн талаараа яриагүй эм нээх болгондоо сая юу болсон бэ? би хаана байна гэхээс өөр зүйл ярихгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 10-р тал/, “... Буяны ажлын зардалд дансаар нийт 8,030,000 төгрөг шилжүүлсэн. М гэх залуу нь энэ асуудлыг болсноос хойш манай гэрт болон ах дүү нараас маань нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Манай ээж амьд сэрүүн байхдаа О аймаг Бсум Зэст багт байрлах “С” хотхонд үйлчлэгчээр ажилладаг сарын цалин 750,000 төгрөгөөр цалин авдаг байсан. Мөн ажлынхаа хажуугаар дуудлагаар бариа засал хийж орлого олдог байсан. Ээж маань манай гэр бүлээсээ ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг байсан. ...Цаашид гарах хохирлын баримтыг тухай бүрт нь гаргаж сэтгэл санааны хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 12-р тал/
- Гэрч Ц.Отгондаваагийн: “...Тухайн өдөр би Зээлийн 1-1 тоотод гэртээ байж байгаад 18 цагийн үед дэлгүүр орох гээд гэрээсээ гараад явж байтал манай найз Ц.Б над руу залгаад чи хаана байгаа юм бэ? манай ээж 18 дугаар цэцэрлэгийн зам дээр машинд мөргүүлчихсэн байна гэж байна чи очиж байгаад би одоо Дэнжийн эцсээс Б эгчийн гэрээс гарч байна гэж хэлсэн. Би шууд 18 дугаар цэцэрлэгийн тийшээ яваад очтол баруун гар талын эгнээнд хэвтэж байсан хажууд нь эмнэлэг болон цагдаагийн ажилчид ирчихсэн байсан. Тэгээд би эмнэлгийн машинд суугаад хамт хүлээн авах орсон. Тухайн үед амь хохирогч эмнэлэг орох замдаа хөл өвдөөд байна гээд орилоод байсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд ходоод, нуруу, өвдөөд байна гээд орилоод байсан өөр ямар нэгэн зүйл ярихгүй байсан. Амь хохирогч эрүүл, архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуу явж байгааг нь хараагүй ер нь архи уудаггүй. Тухайн газар миний харснаар ямар нэгэн явган хүний гарц байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 15-р тал/
-Гэрч А.Аийн “...Тухайн өдөр би Б багийн нутаг дэвсгэрт байрлах Халамжийн урд тал төв зам 18 дугаар цэцэрлэгийн урд тал би хорооллоос Город тал руу явж байтал урдаас саарал өнгийн Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нэлээн хурдтай өөдөөс ирэхээр нь би гэрлээрээ дохисон тэгээд юм мөргөх шиг дуу гарахаар нь толиндоо хартал зам дээр нэг эмэгтэй хэвтэж байсан нөгөө мөргөсөн тээврийн хэрэгсэл нь шууд зугтаад явчихсан. Би машинаасаа буугаад очтол мөргүүлсэн эмэгтэй газар хэвтэж байснаа өндийх гээд байхаар нь би та хэвтэж бай гэж хэлээд эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Намайг явж байхад мөргүүлсэн эмэгтэй зам гарах гээд зогсож байсан би уг эмэгтэйг өнгөрөөд явж байтал доороос өгсөж явсан Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөчихсөн. Тухайн үед нэлээн хүчтэй мөргөсөн. Тухайн эмэгтэй ганцаараа явж байсан. Би тээврийн хэрэгслийн жолооч болон, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг харж амжаагүй ямар ч байсан саарал өнгийн Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тухайн үед нар жаргах гээд эсрэг урсгал буюу городоос хороолол чиглэл рүү явах зам дээр нар тусаад зам харагдахгүй гялбаатай байсан, хурдан явах нөхцөл боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 19-р тал/,
- Сэжигтэн Л.Мийн “...Тухайн өдөр би О аймаг Бсумын Р багийн 26-09 тоотод гэрээсээ ажилдаа явахаар гарсан. Тэгээд ажил дээрээ ачаар бараагаа буулгаад орой 17 цаг 30 минутын үед ажлаасаа буучихаад барилгачны талбай орж Улаанбаатар хот руу ачаа дайвар өгч явуулчхаад гэр лүү явж байгаад Б баг 18 дугаар цэцэрлэгийн урд явж байсан тойрог эргэтэл урдаас нар гялбаад зам харагдахгүй байхаар нь машины саравчаа буулгаад явж байсан чинь зүүн талаас гэнэт нэг эмэгтэй хүн гараад ирсэн тэгэхээр нь би тоормосоо гишгэж чадалгүй шууд мөргөчихөөд сандраад зугтаагаад гэр лүүгээ очсон. Би гэртээ очоод найз охин болон эгчдээ очоод би гэрлүүгээ ирж яваад 18 дугаар цэцэрлэгийн урд зам дээр хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Эгч маань эргээд очихгүй бол болохгүй гээд хэргийн газар руу явж байтал замын цагдаагаас миний гар утас руу залгаад манай эгч цагдаатай ярьсан. Хэргийн газар яваад очтол миний мөргөсөн хүн байхгүй, тухайн зам дээр А үсэг, Б үсэг тавьчихсан байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Тухайн үед гэнэт хүн гарч ирээд урд тулчихсан байсан тоормос гишгэсэн боловч би машинаа зогсоож чадаагүй. Би тухайн үед хэдэн километр цагийн хурдтай явж байгаагаа хараагүй, дунджаар 30-40 км цагийн хурдтай явж байсан. Надад одоогоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй байгаа. Би жолооны сургалтанд суугаагүй. Өмнө нь тээврийн хэрэгсэл жолоодож байгаагүй. Би зам тээврийн осол гаргаж хүн мөргөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би тээврийн хэрэгслээ журмын хашаанаас гарган зарж хохирлыг барагдуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 25-26-р тал/
- О аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №129 дугаартай “...Учирсан гэмтлүүд нь амь хохирогчийг амьд үед тээврийн хэрэгсэлд мөргүүлэхэд үүгэгдсэн, үхэлд хүргэсэн гэмтлүүд байна. ...Амь хохирогч нь цээж ба хэвлийн битүү хавсарсан хүнд гэмтэл, дотор эрхтнүүдийн битүү доргилт гэмтлүүдийн улмаас нас баржээ. Учирсан гэмтлүүд нь амь хохирогчийг амьд үед, тээврийн хэрэгсэлд мөргүүлэхэд үүсгэгдсэн, үхэлд хүргэсэн гэмтлүүд байна. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 32-40-р тал/
- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын О аймгийн авто тээврийн төвийн шинжээчдийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 54-58-р тал/
- “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 22/222 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 71-73-р тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /1-р хх-ийн 229-237-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Л.М нь авто тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, гэмт хэрэг үйлдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан анх удаа, тохиолдлын шинжтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, дээрх ялыг хуульд зааснаар нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Г дүгнэлтдээ “Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргахгүй. Гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон. Л.М гэмшиж, харамсаж явдаг, энэ тухайгаа сая шүүх хуралдаан дээр хэллээ, хохирогчийн ар гэрийнхэнтэй байнгын харилцаатай байж тусалж дэмжинэ гэдгээ хэлдэг, хохиролд 33.030.000 төгрөг өгөхөөр болж, түүнээс 5 сая өгөөгүй байгаа, удахгүй өгөхөөр тохиролцсон. Л.Мийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан үйлдэлдээ гэм буруугүйн болгоомжгүй хэлбэрээр, 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан үйлдэлдээ санаатай хэлбэрээр үйлдсэн байдаг боловч дээрх 2 гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргүүд юм. Л.М ажил эрхэлдэг, ажлын хамт олны дундаа нэр хүндтэй. Түүний найз охин нь 4 сартай жирэмсэн байгаа. Түүний эдгээр хувийн байдлуудыг болон тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Н.М дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.М нь энэ хэрэгт гэм буруутай нь тогтоогдож байна, өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирол төлж барагдуулах талаар ар гэрийнхэн нь уулзаж, холбогдож байдаг. Хохиролд нийт 33.030.000 төгрөг өгөхөөр ярилцаж, 28.030.000 төгрөгийг өгсөн, үлдсэн мөнгийг 7 сард өгөхөөр тохиролцсон байгаа” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бгийн: “... 2022 оны 10 дугаар сарын 05-ны орой 16 цагийн үед над руу ээжийн маань утаснаас над руу эрэгтэй хүн залгаад ээж чинь машинд дайруулчихлаа та хаана байгаа юм бэ? Б багийн 18 дугаар цэцэрлэгийн гадаах төв зам дээр яаралтай хүрээд ир би эмнэлэг болон цагдаад мэдэгдсэн байгаа гэж над руу залгасан. Би уг хүнээс та хэн бэ мөргөсөн машины жолооч юм уу? гэхэд надтай утсаар ярьсан хүн үгүй би хажууд нь зогсож байсан машины жолооч байна гэж байсан. Тухайн үед би Дэнж багт эгч Бгийн гэрт байсан юм гэрээс нь гараад 18 дугаар цэцэрлэг рүү очтол ээжийг маань эмнэлгийн машин аваад явчихсан байсан. Би араас нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах тасаг дээр очтол ээж маань ухаан санаа нь орж гараад хэлж байгаа үг нь би хаана байна, сая юу болсон бэ? гэж хэлэхээс өөр үг хэлэхгүй байсан. Тэгээд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нас барсан” гэсэн мэдүүлэг,
гэрч Ц.Отгондаваагийн: “...Тухайн өдөр би Зээлийн 1-1 тоотод гэртээ байж байгаад 18 цагийн үед дэлгүүр орох гээд гэрээсээ гараад явж байтал манай найз Ц.Б над руу залгаад чи хаана байгаа юм бэ? манай ээж 18 дугаар цэцэрлэгийн зам дээр машинд мөргүүлчихсэн байна гэж байна чи очиж байгаад би одоо Дэнжийн эцсээс Б эгчийн гэрээс гарч байна гэж хэлсэн. Би шууд 18 дугаар цэцэрлэгийн тийшээ яваад очтол баруун гар талын эгнээнд хэвтэж байсан хажууд нь эмнэлэг болон цагдаагийн ажилчид ирчихсэн байсан. Тэгээд би эмнэлгийн машинд суугаад хамт хүлээн авах орсон” гэсэн мэдүүлэг,
гэрч А.Аийн “...Тухайн өдөр би Б багийн нутаг дэвсгэрт байрлах Халамжийн урд тал төв зам 18 дугаар цэцэрлэгийн урд тал би хорооллоос Город тал руу явж байтал урдаас саарал өнгийн Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нэлээн хурдтай өөдөөс ирэхээр нь би гэрлээрээ дохисон тэгээд юм мөргөх шиг дуу гарахаар нь толиндоо хартал зам дээр нэг эмэгтэй хэвтэж байсан нөгөө мөргөсөн тээврийн хэрэгсэл нь шууд зугтаад явчихсан. Би машинаасаа буугаад очтол мөргүүлсэн эмэгтэй газар хэвтэж байснаа өндийх гээд байхаар нь би та хэвтэж бай гэж хэлээд эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн” гэсэн мэдүүлэг,
сэжигтэн Л.Мийн “...Би зам тээврийн осол гаргаж хүн мөргөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би тээврийн хэрэгслээ журмын хашаанаас гарган зарж хохирлыг барагдуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг,
О аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №129 дугаартай дүгнэлт,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын О аймгийн авто тээврийн төвийн шинжээчдийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаартай дүгнэлт, “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 22/222 дугаартай дүгнэлт,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр О аймгийн Бсумын Б багийн нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар цэцэрлэгийн урд талын авто зам дээр Тоёота приус 20 /Тоуоtа Рrius 20/ маркийн *** УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Цг мөргөж амь насыг нь хохироосон, мөн тухайн гэмт хэрэг үйлдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.М нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
О аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Мийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдлыг харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Л.Мийн үйлдсэн гэмт хэргийн улмаас 1 хүний амь хохирсон ноцтой хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь амь хохирогчийн оршуулгын зардлыг сайн дураар төлж барагдуулсан, амь хохирогчийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон Ц.Б нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Лгийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориудаар орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар О аймгийн Бсумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР