Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 166

 

 

2019 оны 04 сарын 17 өдөр

 

Дугаар 153/ШШ2019/00166

 

Жаргалант сум

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч Б.Марина нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлах, Зэвсэгт хүчний 123 дугаар анги /9067809/-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 6-13 тоотод оршин суух, Мянгад овогт Мишигийн Б т холбогдох,

 

Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хүнсний няраваар ажиллаж байхдаа илүү зарлагадсан болон дутагдуулсан хүнсний материалын үнэ 8,308,690 /найман сая гурван зуун найман мянга зургаан зуун ер/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 153/2019/00014/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, иргэдийн төлөөлөгч С.Марта, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхчиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, гэрч Ц.Отгонхишиг нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхчиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.Б нь тус ангийн хүнсний няраваар ажиллаж байх хугацаандаа удаа дараа хүнсний зүйл илүү зарлагадах дутагдуулах зэргээр байгууллагын эд хөрөнгийг дутагдуулж байсан. 2017 оны баримтын шалгалтаар хүнсний бараа материалын тооллого хийхэд 1,500,000 төгрөгийг илүү зарлагадсан мөн 59,582,000 төгрөгийн хүнсний материал дутагдуулсан тооцоо гаргасан. 2017 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар дутагдуулсан хүнсний материалаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр 51,087,758 төгрөгийн хүнсний материалын үнэ хасагдаж 3,865,760 төгрөгийн төлбөр барагдуулаагүй. Мөн 4,628,500 төгрөгийн хүнсний материалын үнийг төлөөгүй. Илүү зарлагадсан хүнсний материалын үнээс 7,034,800 төгрөгийг төлж 3,680,190 төгрөгийг төлөөгүй тул нийт 8,308,650 төгрөгийг барагдуулж анги байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү....2016 оны 06 дугаар сарын баримтын шалгалтаар 3,496,850 төгрөгийн үнэ бүхий 999.1 килограмм ямааны мах, мөн тус оны 7 дугаар сард 2,847,250 төгрөгийн үнэ бүхий 813,5 килограмм тэмээний мах, 550,550 төгрөгийн 157.3 килограмм ямааны мах, 530,000 төгрөгийн 106 килограмм үхрийн мах, 636,000 төгрөгийн 212 килограмм адууны мах, 3,366,00 төгрөгийн 306 килограмм нөөшилсөн мах, нийт 1,666,100 төгрөгийн 1 тонн 666 килограмм гурил, тус оны 8 дугаар сард 1,584,000 төгрөгийн 144 килограмм нөөшилсөн мах, мөн оны 9 дүгээр сард 1,778,400 төгрөгийн 1710 килограмм гурил, 2017 оны 03 дугаар сард 2,502,000 төгрөгийн 834 килограмм адууны мах, 230,000 төгрөгийн 100 килограмм цагаан будаа, 320,000 төгрөгийн 400 килограмм өөх, 309,090 төгрөгийн хүнсний материал, нийт 19,816,240 төгрөгийн хугацаат болон цэргийн гэрээт харуул манааны хүнс, хоолны ордерд бичигдсэн мөнгөн дүнгээс илүү зарлагадсан байсан. Үүнээс шүүхийн шинжилгээгээр 9,101,200 төгрөгийн материалын үнэ хасагдаж, 7,034,850 төгрөгийн материалыг төлж барагдуулсан. 2017 оны 06 дугаар сард М.Бд нь нярав н.Оюунбилэгт ажлаа өгөхдөө 20 нэр төрлийн 11,760,160 төгрөгийн материалыг данснаас хасаж авлагын дансанд бүрдүүлсэн байсан....Дутагдуулсан 4,628,500 төгрөгийн мах байгаа.... Нийт дутагдуулсан хүнсний материалыг жагсаалтаар гаргасан. Нийт дүнгээр нь тооцоод үлдсэн 8,308,690 төгрөгийн бараа материалын үнэ төлөгдөөгүй байгаа....Нөөшилсөн мах, мах, цагаан будаа, хөц будаа, хүнсний материал байгаа. Байх ёстой барааг дутаачихаад түүнийгээ байгаагаар зарлагадаж яваад баримтын шалгалтаар гараад ирсэн зөрчил юм...Хөц будаа, шар будаа, нөөшилсөн мах байгаа... М.Б нь 2017 оны 05 дугаар сард хүнсний няравын ажлаас, 2017 оны 10 дугаар сард суурийн малчны ажлаасаа гарсан. 2006 оноос няраваар ажиллаж байгаад ангийн захирагчийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/95 дугаартай тушаалаар хүнсний няравын ажлаас, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/184 дугаартай тушаалаар суурийн малчны ажлаас чөлөөлөгдсөн....2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 04-ний хооронд илүү зарлагадсан болон дутагдуулсан бараа материалын үнийг нэхэмжилж байгаа....гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Өнөөдрийн шүүх хуралдаан хариуцагч М.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч өөрөө оролцох боломжгүй шалтгаантай байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зэвсэгт хүчний 123-р ангийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж хариу тайлбар өгсөн. Нэхэмжлэлийн үндэслэл нь ойлгомжгүй байсан. Бөөн дүн бичсэнээс биш хэдий хугацаанд ямар бараа материал авсан талаар дурдаагүй байсан. Хариуцагч М.Б Зэвсэгт хүчний 123-р ангид хүнсний няраваар ажиллаж байхдаа байгууллагын хөрөнгийг завшиж үрэгдүүлээд байгууллагадаа хохирол учруулсан уу гэдэг асуудал байгаа. Ийм асуудал огтхон ч байхгүй гэдгийг хэлье. Зэвсэгт хүчний 123-р ангид няраваар ажиллаж байх явцдаа дутагдуулсан болон илүү зарлагадсан бараа материал нь хариуцагч М.Бтай хамааралгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Шүүхийн шалгалтын хүрээ болон холбогдох этгээдээс гэрчийн мэдүүлэг авдаг, хууль сануулдаг зэрэг нотлох баримтыг бүрдүүлдэг хэргийн оролцогчийн хүсэлтээр, Зэвсэгт хүчний 123-р ангид Зэвсэгт хүчний жанжин штабаас нь орсон дотоод аудитын шалгалтаар бодит нөхцөл байдал бүрэн дүүрэн нотлогдож байгаа. Зэвсэгт хүчний 123-р ангийн нэхэмжилсэн 8,308,690 төгрөгтэй холбоотой тайлбар хэлье. 4,628,500 төгрөгийн 2758,1 килограмм махыг тус ангийн ар талын дарга С.Алтансүх, санхүүгийн албаны дарга Д.Цэдэвсүрэн, хүнсний албаны дарга Ц.Золбаяр, малын суурийн дарга Д.Авирмэд, жолооч Ч.Мягмар зэрэг таван хүнээр төлүүлэхээр Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагчийн баталсан 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн нотломжид тусгагдсан байгаа. Уг таван хүн нь 2132,4 килограмм махыг биетээр нь төлөөд Зэвсэгт хүчний 123-р ангид хий орлого авахуулсан. Үлдэгдэл 925,7 килограмм махыг дээрх нэр бүхий хүмүүс бид нар төлж барагдуулна гэж цагдаагийн байгууллага болон шүүхэд өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн байгаа. Энэ нь хариуцагчид ямар нэгэн байдлаар хамааралгүй. Мах бэлтгэлийн төлөвлөгөөнд хүрээгүй дутсан мах байгаа. Мах бэлтгэлийн төлөвлөгөөнд заасан орлого нь бүрэн биелэсэн гээд 2758,1 килограмм махыг хий орлого гэж авахуулсан байсныг дээрх нэр бүхий хүмүүс хувиасаа төлж барагдуулан гэдгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд тусгагдсан байгаа....Зэвсэгт хүчний жанжин штабын шалгалт ирэхээр нярав дээр хий орлого авахуулсан баримт байгаа учраас баримтыг нь байгаа материалтай тулгаад шалгахаар зөрүү нь М.Бын нэр дээр гарч ирсэн. Бодит байдал дээр Зэвсэгт хүчний 123-р ангийн удирдлагууд зарцуулаад байсан хүнсний материалууд мах зэрэг байгаа. Энэ байдлаас үзэхэд нярав М.Бын ажиллаж байх явцдаа хариуцаад төлөх хэмжээний мах байхгүй. М.Б хэлэхдээ би ганц ч төгрөгийн мах материал дутаагаагүй нэг ч төгрөг төлөөгүй, харин энэ хүмүүс миний нэрээр төлсөн. Жишээ нь Д.Цэдэвсүрэн гэдэг хүн дотор мах төлөхдөө миний нэрээр төлсөн гэдэг асуудал яриад байгаа. Шүүх дээр тогтоож байгаа баримт цагдаа дээр тогтоогдоогүй. Цагдаа дээр тогтоогдоогүй шалтгаан нь М.Б би хамт ажиллаж байгаа хүмүүсийнхээ ирээдүйн явах замд нь саад болохгүй гэдэг үүднээс би үүнийг өөр дээрээ гаргуулчихсан юм. Энэ нь болдоггүй юм байна дараа нь төлбөр тавигдаад шүүхээс нэхэмжлэх асуудал гаргадаг юм байна гээд энэ баримтуудыг бүгдийг нь гаргаж ирээд шүүхээс мэдүүлэг авахаар үнэн зөв нь бүгд тогтоогдож байгаа. Хэрэг бүртгэлийг хаахаас татгалзсан прокурорын тогтоол гаргасан нь тийм шалтгаантай. Энэ шүүх хуралдааны дараа дээд шатны прокурорт хэрэг бүртгэлийг хаах тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгох хэргийг сэргээн шалгах асуудал байвал тавина.Хууль хэрэглээний тухайд ярихад ажилтан ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаа үүссэн асуудал байгаа. Нярав гэдэг албан тушаал нь Төрийн албаны тухай хуулинд заасан төрийн албаны ангилал зэрэглэлээр үйлчилгээний албан тушаалд хамаардаг. Төрийн үйлчилгээний албан тушаалтнуудын хөдөлмөрийн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр явагддаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай заалт байгаа. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д ажилтны хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үндэслэл байна гэж заасан байна. М.Быг буруутайд тогтоосон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол байхгүй. Үндсэн хуулинд зааснаар хүний гэм бурууг шүүхээс тогтоодог. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-д ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэсэн заалт байгаа. Энэ хуулийн нарийвчилсан зохицуулалтын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. М.Б гэдэг няравын тухайд хүлээх хариуцлага байхгүй. Байгууллагынхаа удирдлагуудын зөвшөөрлөөр хийсэн, удирдлагууд нь дундаас нь авсан, удирдлагууд нь дээд шатны байгууллагаас ирсэн хүмүүсийг хооллож ундлах, Батлан хамгаалах яамны дэд сайддаа нэг хонь өгч явуулсан ийм байдлаар зарцуулсан зүйлүүд байгаа. Үүнийг яагаад өнөөдөр няраваар ажиллаж байсан хүн хариуцах ёстой гэж харин няравдаа цэргийн ангийн удирдлагууд үүрэг өгч хий орлого авахуулдаг нь буруу. Хий орлого авсан учраас баримт нь бодит байдал дээр материалтай тулгаж үзэхэд зөрүү гарах нь ойлгомжтой.Зөрчил материалуудыг нярав нягтлан баримтжуулаад аймгийн аудитаар орж жилийн эцэст санхүүгийн тайлангаа үнэлүүлдэг. Энэ нь зөрчилгүй болж гарч ирсэн байгаа. Дараа нь баримт материалыг нь цэгцлээд ойлгомжтой болсон явдал байна. Бодит байдал дээр М.Бын хариуцаад байх төлбөр байхгүй. Тийм учраас би нэг ч төлбөр төлөөгүй харин холбогдох хүмүүс нь миний нэрээр төлж байсан би тэд нарыг хэрэгт оруулахгүйн тулд цагдаа дээр ийм зүйл болсон юм гэж хэлдэг. Одоо шүүх дээр асуудал яригдахаар энэ үнэхээр болдоггүй юм байна гэдэг асуудал ярьж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасныг баримтлан шийдвэрлэж өгнө үү.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэм буруутайг тогтоочихсон юм шиг юм ярьж байна. Прокурорын байгууллага шүүхийн өмнөөс хүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоодог байгууллага биш. Махнаас бусад хүнсний материал огт дутагдаагүй. Шинжээчийн дүгнэлтээрээ хасагдсан.Бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан гэж ярьж байна. Өмгөөлөгч та хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан заалтыг уншина уу. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.1-д заасныг хуулаад тавьсан байгаа. Гэм буруутайг нь шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол гарсан тохиолдолд гэм буруутайд тооцно гэж заасан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулинд заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ямар нотлох баримтаар нотлогдож байгаа вэ.Хүнсний өөр материал дутагдсан нь нотлох баримттай байх ёстой.Махнаас өөр дутагдуулсан зүйл байхгүй. Нөөшилсөн махыг хурандаа А.Эрдэнэчулуун муудсан байна гээд хасуулсан байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага ойлгомжгүй байгаад тайлбар хэлэхэд төвөгтэй байна. Д.Цэдэвсүрэн, С.Түвшинбаяр нарын хувааж авсан мах жилийн эцэст санхүүгийн тайлангаар М.Бын нэрээр гарч байгаа. Санхүүгийн үйл ажиллагааг үнэн зөв баримтжуулаад түүнийгээ аудитын байгууллагаар шалгуулаад зөрчилгүй гэдэг гэрчилгээгээ авсан асуудал байгаа. М.Бын хариуцаад байх төлбөр байхгүй....Шүүхээс нотлох баримтыг үнэлж шийдэж өгөхийг хүсэж байна. М.Бын хариуцаад байх төлбөр байхгүй. Ажлаас буруу зөрүү халагдсан гэх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаад түдгэлзсэн асуудал байгаа. Асуудлаа хууль шүүхийн байгууллагаар үнэн зөвөөр шийдүүлэх гэдэг асуудлаа хариуцагчийн зүгээс ойлгосон байгаа....гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь М.Бт холбогдуулан Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хүнсний няраваар ажиллаж байхдаа илүү зарлагадсан болон дутагдуулсан хүнсний материалын үнэ 8,308,690 /найман сая гурван зуун найман мянга зургаан зуун ер/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангид тухайн үед ажиллаж байсан удирдлагуудын үйл ажиллагаатай холбоотой, М.Бт хамааралгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлээр шийдвэрлэх гэх үндэслэлээр маргасан болно.

 

Хариуцагч М.Б нь 2006 оноос 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хүнсний няраваар ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ талаар маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 2015 он, 2016 он, 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудитын шалгалт хийж, улмаар шалгалтын явцад илэрсэн зөрчлийг Ховд аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч гомдол гаргасныг Ховд аймгийн Цагдаагийн газар хэрэг бүртгэлийн 173600109 дугаартай хэрэг нээн хэрэгт бүртгэлт явуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

М.Б нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хүнсний няраваар ажиллаж байхдаа 2016 онд 67 кг ямааны мах, 212 кг адууны мах, 2017 оны 3 сард 834 кг адууны мах, нийт 3,371,100 төгрөгний мах, 309,090 төгрөгийн үнэ бүхий хүнсний материал, нийт 3,680,190 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгө завшиж үрэгдүүлсэн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалтыг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн, эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн, эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Ховд аймгийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 5/12 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хэрэг бүртгэлтийн 173600109 дугаартай хэргийг хааж, Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь байгууллагад учирсан гэх 4,628,500 төгрөгийг иргэн С.Алтансүх, Д.Цэдэвсүрэн, Ц.Золбаяр, Д.Авирмэд, Ч.Мягмар нараас, 3,680,190 төгрөгийг иргэн М.Баас тус тус гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. /хх-ийн 188-189 дүгээр тал/

 

Ховд аймгийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 5/12 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд хариуцагч М.Б нь гомдол гаргаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын шүүх хуралдаанд гаргасан ....Энэ шүүх хуралдааны дараа дээд шатны прокурорт хэрэг бүртгэлийг хаах тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгох хэргийг сэргээн шалгах асуудал байвал тавина.... гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад М.Быг Зэвсэгт хүчний 123 дугаар ангид 2016 онд 67 кг ямааны мах, 212 кг адууны мах, 2017 оны 3 сард 834 кг адууны мах, нийт 3,371,100 төгрөгийн мах, 309,090 төгрөгийн үнэ бүхий хүнсний материал, нийт 3,680,190 төгрөгийн хохирол учруулсан гэж тогтоож, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдан, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн буюу эрүүгийн хариуцлагад татаж болохгүй нөхцөл байдал бий болж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бий болсноор хэрэг бүртгэлийн хэргийг хаажээ.

 

Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан зохицуулалт нь энэ маргаанд хамааралгүй байна.

 

Ховд аймгийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 5/12 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор М.Быг 2016 онд 67 кг ямааны мах, 212 кг адууны мах, 2017 оны 3 сард 834 кг адууны мах, нийт 3,371,100 төгрөгийн мах, 309,090 төгрөгийн үнэ бүхий хүнсний материал, нийт 3,680,190 төгрөгийн хохирлыг Зэвсэгт хүчний 123 дугаар ангид учруулсан гэж тогтоосон байхад хариуцагч нь уг прокурорын тогтоолд гомдол гаргаагүй, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгч байгууллагын илүү зарлагадсан гэж нэхэмжилсэн 3,680,190 төгрөгтэй холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг бүртгэлтийн явцад хасагдсан, төлөгдсөн хонь, үхрийн махтай холбоотой баримтуудыг гарган өгсөн. Тодруулбал, гэрч С.Түвшинбаяр, С.Алтансүх, С.Эрдэнэсүрэн, Х.Пүрэвдорж, Ц.Золбаяр, Д.Цэдэвсүрэн, Ц.Отгонхишиг, Д.Авирмэд нарын мэдүүлгүүд, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Хүнсний агуулахаас ангийн захирагч хурандаа С.Түвшинбаярын зөвшөөрлөөр гаргасан махны тооцоо гэх С.Алтансүх гэх нэртэй баримт, Тайлбар бичих нь гэх бичвэртэй Д.Цэдэвсүрэн гэх нэртэй баримт, Тайлбар бичих нь гэх бичвэртэй 2018.01.13 гэх огноо бичилттэй Д.Авирмэд гэх нэртэй баримт, Баримт гэх бичвэртэй, 2013.01.13 гэх огноо бичилттэй Д.Авирмэд гэх нэртэй баримт, Баримт гэх бичвэртэй, 2018.04.08 гэх огноо бичилттэй Ч.Доржоо гэх нэртэй баримтуудаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангид 2015 оноос 2017 оны 10 сар хүртэлх хугацаанд ажиллаж байсан удирдлага болон удирдах албан тушаалтнууд нь цэргийн хүнснээс хонь, үхрийн махыг санхүүгийн баримт, данс бүртгэл хөтлөхгүйгээр зарцуулсан үйлдлүүд нотлогдож байна. /хх-70, 72, 74, 76, 77 дугаар тал/

 

Хариуцагч М.Б нь 925.7 кг үхрийн мах буюу 4,628,500 төгрөгийн мах дутагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд уг төлбөрийг С.Алтансүх, Д.Цэдэвсүрэн, Ц.Золбаяр, Д.Авирмэд, Ч.Мягмар нараас гаргуулахаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болох нь Ховд аймгийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 5/12 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 4,628,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан хариуцагч М.Баас 3,680,190 /гурван сая зургаан зуун наян мянга нэг зуун ер/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 123 дугаар ангид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,628,500 /дөрвөн сая зургаан зуун хорин найман мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь улсын тэмдэгтийн хураамж 147,889 /нэг зуун дөчин долоон мянга найман зуун наян ес/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.Баас 3,680,190 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 73,834 /далан гурван мянга найман зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан хавтаст хэргийн 3-7, 18-23, 24-25 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэж заасныг зөрчсөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан 71, 73, 75, 78-82 дугаар хуудсанд авагдсан баримтуудын хуулбарууд нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хавтаст хэргийн 190-192 дугаар хуудсанд авагдсан Хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь гэрээ байгуулсан он нь засвартай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн хавтаст хэргийн 195-198 дугаар хуудсанд авагдсан Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2019/00123 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь хэрэгт хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан хариуцагч М.Баас 3,680,190 /гурван сая зургаан зуун наян мянга нэг зуун ер/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 123 дугаар ангид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,628,500 /дөрвөн сая зургаан зуун хорин найман мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь улсын тэмдэгтийн хураамж 147,889 /нэг зуун дөчин долоон мянга найман зуун наян ес/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.Баас улсын тэмдэгтийн хураамж 73,834 /далан гурван мянга найман зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

 

 

 

ШҮҮГЧ  Б.МАРИНА