Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/13

 

                        

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-,

шүүгдэгч Т.Бе- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.ж овогт Т-ы Бе-д холбогдох эрүүгийн 2213000000175 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эх, 2 дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, БЕ............... регистрийн дугаартай, Ш.ж овогт Т-ы Бе-.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Бе- нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр баг, Цагааннуур тосгоны Улаанбайшинт гэх газарт байрлах хохирогч З.Л-ын гэрийн гадна талд байсан түүний эзэмшлийн “Саmrу” загварын 20-11 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч А.Д-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Бе- нь хохирогч З.Л-ын тээврийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүй авч явах буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч З.Л-ын зүгээс шүүгдэгч Т.Бе-аас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөр байхгүй” гэв.

 

2. Шүүгдэгч Т.Бе- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би энэ хүний машинд ойртоогүй. Гэрт нь хоёр хүүхэд байсан. Хэсгийн төлөөлөгч Серикболд хурууны хээ аваарай гэж хэлж байсан. Нэг сарын дараа мөрдөгч Заяабаатар дуудахаар нь мэдүүлэг өгсөн. 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дүү Т.Ж-ийн хамт портер машинаар хог ачиж, аргал түүж, гэртээ түлээ, нүүрс буулгаад явж байсан. Тухайн үед би машинд нь хүрээгүй гэдгийг хэлж байсан. Хоёр хүүхдээс нь “энэ хүн мөн үү” гэж асуухад нь цаашаа явчихсан. ...Би гэмт хэрэг үйлдээгүй”  гэв.

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Бүх зүйл эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

4. Хохирогч З.Л- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие тухайн өдөр 7 өнгөрөөгөөд 8 цаг цагийн үед ажлаас ирэхэд гэрийн хажууд машин маань байхгүй байсан. Тухайн үед гадаа хөдөлгөөн нэмэгдсэн байсан. Охин маань өвчтэй учир дүүгийнхээ хүүхдээр охиноо харуулахаар гэртээ авчирсан байсан. Дүү маань Т.Бе-ыг танихгүй. Хэн машиныг унаад явсан бэ гэж асуухад ус зөөж байсан хүн “Алага түлхүүр өг гэж байна” гэж аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би Т.Бе- руу залгахад утсаа авахгүй байсан.  Тухайн үед машиныг Цагааннуур тосгон руу явах замд хаячхаад, гэрт түлхүүрийг авчирч өгсөн  байсан. Тэгээд би дүүгээ дагуулаад тийшээ очиход  машин маань асаагүй. Тухайн үед мотор нь цохисон байсныг нь мэдээгүй. Яахаа мэдэхгүй сандраад явж байхад зам засаж байсан Хятад компанийн машин ирээд юу болсон талаар асуухаар нь тухайн машинаар чирүүлээд гэртээ хүргүүлсэн. Гэртээ ирээд хэсгийн төлөөлөгч С-ыг дуудсан. Маргааш нь Цагааннуур тосгоноос машин засдаг хүнийг дуудаж үзүүлэхэд мотор нь цохисон байна гэж хэлсэн. Хоёр өдөр Т.Бе-тай утсаар ярихад “би хонь хариулаад явж байна, ингэж байна, тэгж  байна” гээд шалтаг тоочиж ирээгүй. Тэгэхээр нь ээж рүү нь залгаж “Беку миний машиныг унаж яваад тийшээ хаясан байна. Намайг ганц бие гээд доромжлоод байгаа юм уу” гэхэд “тухайн өдөр Беку гэрт унтаж байсан, танай гэрт очоогүй” гэхээр нь цагдаад учрыг нь олж өг гэж хэлсэн. Тухайн үед Т.Бе- унтаж байсан гэж мэдүүлж байсан боловч  шүүх хуралдааны шатанд хог ачиж байсан гээд зөрүүтэй мэдүүлж байна. Дуудахад ирээд учир байдлаа хэлээгүйд нь гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Ар гэрийн байдлыг нь мэдэж байгаа. Тухайн үед машины мотор цохисон байсан тул 3 сая төгрөгөөр мотор тавиулсан. Мөн хүүхэд маань өвдөөд Улаанбаатар хот руу аваад явж байх замд дахин эвдрээд 2 сая төгрөгөөр засуулсан. Т.Бе-ы зүгээс учир байдлыг ойлгуулаад хэлсэн бол гомдохгүй байх байсан” гэв.

 

5. Насанд хүрээгүй гэрч Н.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгч Т.Бе-ыг “Көх көз” гэх хоч нэрээр нь танина. Тухайн өдөр эгчийн машины түлхүүрийг авч явсан хүн Т.Бе- мөн байсан. Түлхүүрийг авч яваад 5-6 цагийн үед буцаад авчирч өгсөн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2213000000175 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

 

6. Иргэн З.Л-аас 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 10 минутад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

7. Эд зүйлд буюу “Саmrу” загварын 20-11 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,

 

8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-19 дэх тал/,

 

9. Хохирогч    З.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23, 26 дахь тал/,

 

10. Насанд хүрээгүй гэрч Н.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30, 36-37 дахь тал/,

 

11. Гэрч З.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/ зэргийг,

 

12. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-аас: Хавтаст хэргийн 1 дүгээр хуудас гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 2 дугаар хуудас 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 296 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол, хавтаст хэргийн 3 дугаар хуудас 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавтаст хэргийн 14 дүгээр хуудас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгуулахаар буцаах тухай прокурорын тогтоол, 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавтаст хэргийн 93-95 дугаар хуудас Бержан болон түүний өмгөөлөгч миний бие хяналт тавьж байгаа прокурорт гаргасан хүсэлт, 9 дүгээр сарын 13-ны өдөр дээд шатны прокурорт гаргасан гомдол,хавтаст хэргийн 113 дугаар хуудас гомдлын хариу зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

13. Шүүгдэгч Т.Бе-, хохирогч З.Л- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

14.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

15. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Бе-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

16. Шүүгдэгч Т.Бе- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр баг, Цагааннуур тосгоны Улаанбайшинт гэх газарт байрлах хохирогч З.Л-ын гэрийн гадна талд байсан түүний эзэмшлийн “Саmry” загварын 20-11 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

17. Иргэн З.Л-аас 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 10 минутад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...гэрийн гадна байсан миний эзэмшлийн “Саmrу” загварын 20-11 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлсан байна...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

18. Эд зүйлд буюу “Саmrу” загварын 20-11 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,

 

19. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-19 дэх тал/,

 

20. Хохирогч  З.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өөрийнхөө “Саmrу” маркийн 20-11 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Цагааннуур тосгоны “Улаанбайшинт” гэх газарт байрлах гаалийн улсын байцаагч нарын албан байрныхаа гадна талд тавиад машины түлхүүрийг амралтын байранд /гэрт/ үлдээгээд явсан юм. Манай амралтын байранд /гэрт/ миний хөгжлийн бэрхшээлтэй охин М.Акхайын, миний төрсөн дүүгийн хүүхэд болох Н.А- нар үлдсэн юм. Тэгээд би тус өдрийн буюу 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн оройн 19 цаг өнгөрч байхад амралтын байранд ирэхэд миний эзэмшлийн “Саmrу” маркийн 20-11 БӨҮ улсын дугаартай машин байхгүй байсан. Би дүү болох Н.А-гээс миний машин яасан бэ? гэж асуухад Н.А- таны машиныг Т.Бе- /К.к хоч нэртэй/ танаас асуусан, Цагааннуур орчхоод ирнэ, машины түлхүүрийг өг гээд асуугаад аваад явсан...” гэж хэлсэн. Би иргэн Т.Бе-д /К.к хоч нэртэй/ миний машиныг жолоодох зөвшөөрөл өгөөгүй, надаас миний машиныг асуугаагүй, миний дүү болох Н.А-д худлаа хэлээд аваад явсан байна. Иймд миний машиныг зөвшөөрөлгүй авч явсан Т.Бе-д хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...”, “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, би машинаа бүрэн бүтэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23, 26 дахь тал/,

 

21. Насанд хүрээгүй гэрч Н.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Би 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн өглөөний 09 цагийн үед эгч болох З.Л-ын хамт Цагааннуур тосгоны “Улаанбайшинт” гэх газарт очсон юм. Эгч болох З.Л-ын охин болох Акхайын нь хөгжлийн бэрхшээлтэй, ярьж чаддаггүй, байнгын асаргаа шаарддаг ба би завтай үед Цагааннуур тосгоны “Улаанбайшинт” гэх газарт очоод Акхайыныг байнга харж, асардаг юм. Би Цагааннуур тосгоны “Улаанбайшинт” гэх газарт эгч болох З.Л-ын гэрт очих болгон К.к хоч нэртэй хүн байнга орж, гарч, ус авчраад өгч явж л байдаг байсан. Эгч З.Л- 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 12-13 цагийн цагийн хооронд үдийн цайндаа гараад ажил руу яваад өгсөн. Эгч болох З.Л- 20-11 БӨҮ улсын дугаартай, “Саmrу” маркийн машинаа гэрийн гадна талд тавиад, түлхүүрээ гэрт үлдээгээд ажил руу явсан юм. Гэрт Акхайын бид хоёр л үлдсэн юм. Бид хоёр гэрт байж байхад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн үед Т.Бе- /К.к хоч нэртэй/ гэгч манай гэрт орж машины түлхүүр хаана байна, З.Л- эгчээс асуучихлаа, машинтай Цагааннуур тосгонд орчхоод ирнэ гэж хэлэхэд би машины түлхүүрийг Т.Бе-д /К.к хоч нэртэй/ өгөөд, хараад зогсож байхад Т.Бе- /К.к хоч нэртэй/ өөрөө машинаа жолоодож яваад өгсөн юм. Тэгээд тус өдрийн буюу 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 19 цагийн үед эгч болох З.Л- ажлаас ирээд миний машин яасан бэ? гэж асуусан, би К.к унаад явсан, танаас асуусан гэж хэлсэн. З.Л- эгч К.к надаас машин асуугаагүй, машиныг яагаад өгсөн бэ? гэж хэлсэн. Болсон явдал энэ юм...”, “...манай эгчийн тээврийн хэрэгслийг хулгайлж авч явсан хүнийг /К.к, Беку/ гэх хоч нэрээр нь танина..., ...энэ удаа харин зөвшөөрөлгүй авч яваад Улаанбайшинтаас ойролцоогоор 8-10 км зайтай газар унаж яваад эвдэж орхиод хаяад явсан байсныг цагдаа нар ирж шалгаад З.Л- эгчийн гэрийн гадна авч ирж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30, 36-37 дахь тал/,

 

22. Гэрч З.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хүү А-ы эзэмшилд байгаа 20-11 БӨҮ улсын дугаартай 2006 онд үйлдвэрлэсэн “Тоуоtа Саmrу” загварын тээврийн хэрэгслийг 2021 оны 8 дугаар сарын эхээр тус аймгийн иргэн Зейнелханы З.Л-д 7,900,000 /долоон сая есөн зуун/ мянган төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

23. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-ын “...Бүх зүйл эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь, шүүгдэгч Т.Бе-ы үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон насанд хүрээгүй гэрч Н.А-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд тогтвортой өгсөн мэдүүлгээр хангалттай тогтоогдсон байна.

 

24. Шүүгдэгч Т.Бе-аас гаргаж өгсөн гэх СД бичлэг нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлээгүй, мөн уг СД бичлэгт ярьж байгаа хүн хэн болох нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Эрх зүйн дүгнэлт:

25. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

26. Шүүгдэгч Т.Бе-ы хувьд З.Л-ын гэрийн гадна талд байсан түүний эзэмшлийн “Саmrу” загварын 20-11 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явахдаа уг автомашиныг авч ашиглах, захиран зарцуулах, ашиг орлого олох санаа зорилго агуулаагүй, харин өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтгүйгээр нэг газраас нөгөө газарт хүрэх унаа олох шаардлагаар бусдын өмчлөх эрхэд нь халдсан гэж үндэслэлтэй байна.

27. Шүүгдэгч Т.Бе-ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь шунахайн сэдэлтгүйгээр үйлдэгддэг бөгөөд материаллаг хохирол учирсан байхыг шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

28. Өөрөөр хэлбэл дураараа аашилж, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдын автотээврийн хэрэгслийг жолоодох сонирхол болон нэг газраас нөгөө газарт очих шаардлагын дагуу газраа хүрээд тухайн тээврийн хэрэгслийн хэрэгцээ сонирхол, шаардлага үгүй болох, ашиглаад тухайн тээврийн хэрэгслийг биет байдлын доголдолгүй буюу эд зүйлийг нь авахгүй үлдээх, тухайн эд автотээврийн хэрэгсэл болон түүний эд ангийг худалдан борлуулах, ашиг хонжоо олох, захиран зарцуулах идэвхитэй үйлдэл хийхгүйгээр тухайн хохирогч этгээдэд бодитой хохирол, хор уршиг учруулахгүйгээр үйлдэгддэгээрээ бусдын эд хөрөнгийг хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргээс ялгагдана.

29. Шүүгдэгч Т.Бе-ы үйлдэл идэвхтэй, тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.

30. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлтгүй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

31. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг 4 гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Бе-ыг шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

32. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

33. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч З.Л-ын эзэмшлийн “Саmrу” загварын 20-11 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг олж авч, хохирогчид хүлээлгэж өгсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

34. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бе-д 2 сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял оногдуулахдүгнэлтийг гаргасан.

 

35. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-аас: “Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул эрүүгийн хариуцлагын талаар гаргах дүгнэлт байхгүй” хэмээн мэтгэлцээгүй болно.

 

36. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Бе-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

37.Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

 

38. Шүүгдэгч Т.Бе- нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна

 

39. Шүүгдэгч Т.Бе-ы хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

40. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Бе-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

 

41. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:

Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;

Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;

Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.

 

42. Шүүгдэгч Т.Бе-д оногдуулсан 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.

 

43. Тодруулбал, шүүгдэгч Т.Бе- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 2 /хоёр/ сарын хугацаанд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багийн нутгаас оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.

 

44. Хэрэв шүүгдэгч Т.Бе- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй. 

 

45. Шүүгдэгч Т.Бе-д оногдуулсан 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

46. Шүүгдэгч Т.Бе- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Бе-аас гаргаж өгсөн гэх СД бичлэгийг эрүүгийн 2213000000175 дугаартай хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

 

47. Шүүгдэгч Т.Бе-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш.ж овогт Т-ы Бе-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Т.Бе-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Бе-д оногдуулсан 2 /хоёр/ зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бе- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Т.Бе- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Бе-аас гаргаж өгсөн гэх СД бичлэгийг эрүүгийн 2213000000175 дугаартай хэргийн хамт хадгалсугай.

 

6. Шүүгдэгч Т.Бе-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК