| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00115/И |
| Дугаар | 170 |
| Огноо | 2019-04-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 170
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 153/ШШ2019/00170
Жаргалант сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багт оршин суух, Жантекей овогт Манайгийн Х ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 153/2019/00115/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч М.Х нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1959 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Манайгийн 4 дэх хүүхэд нь болж төрсөн. 1967 он хүртэл эцэг эхийн гар дээр хүмүүжсэн. 1975 онд Ховд аймгийн Ховд сумын 8-н жилийн дунд сургуулийн 8 дугаар анги төгссөн. 8 дугаар анги төгсөөд эцэг, эхийнхээ туслах малчнаар ажиллаж байгаад 1980 онд цэргийн албанд татагдаж, барилгын 0119-р ангид цэргийн алба хааж 1983 онд халагдсан. 1983 онд цэргээс халагдаж ирээд эзэмшсэн мэргэжлээрээ нэгдэлдээ ажилласан. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Услалтын системд 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өмнө нь ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгосон. Намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Би сумын нийгмийн даатгалын байцаагчаар бодуулсан чинь болно гэхээр нь тийм нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэрээ аваад очтол 2 жил дутсан. Тэгээд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
М.Х нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч М.Х нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл туслах малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодрууллаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.Х нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл туслах малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 270 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 2 дугаар бригадын 1975-1980 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч К.Баянханы ....Би 1970 онд Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн сургуулийн 7 дугаар ангийг төгсөөд хөдөө гарч малчин болсон. Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар нэгдэл тартал ажилласан....М.Х нь 1975 онд Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд эцгийнхээ хамт Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад мал маллаж эхэлсэн. Эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1980 оны 6 сард цэргийн албанд явсан юм. Миний авга дүүтэй нь хамт цэрэгт явсан болохоор би оныг нь сайн мэдэж байна. М.Хйг цэргийн албанаас халагдаж ирээд юу хийснийг нь би мэдэхгүй тухайн үед би бод малын хэсэг рүү ороод холдоод явчихсан юм. М.Хйн ааынх нь нэрийг Манай гэдэг. Ээжийнх нь нэрийг Томбая гэдэг байсан.... гэх мэдүүлэг, гэрч С.Адебиетийн ....М.Х нь манайхтай хөрш айл саахалт олон жил явсан. 1975 онд Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад мал маллаж эхэлсэн. Тус нэгдэлдээ цэрэгт явтлаа ажилласан. М.Х нь 1980 оны 6 сард цэргийн албанд явж 1983 оны 6 сард харагдаж ирсэн.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-10, 26-27, 28-29, 30 дугаар тал/
М.Х нь НАХЯ-ны сайдын 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 451 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1983 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар тушаалаар, 1985 оны 6 дугаар сарын 19-ний өдөр цэргээс халагдсан тухай Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 02/716 дугаартай албан бичгийн хуулбар хэрэгт авагдсан болно. /хх-ийн 13 дугаар тал/
Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан иргэн К.Баянхан, С.Адебиет нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Жантекей овогт Манайгийн Хгийн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ