Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/20

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,

Хохирогчийн өмгөөлөгч, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,

Шүүгдэгч А.Ш- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт А-н Ш-эд холбогдох эрүүгийн 2213000000191 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суудаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н овогт А-н Ш-, регистрийн дугаар Б3.............

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ш- нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутагт 2022 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хохирогч Д.Ж-ыг зодож, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч Я.Д-гаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчийн нэхэмжилж байгаа 691.300 төгрөгөөс 55.300 төгрөгийг гаргуулж, бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна” гэв.

 

2. Шүүгдэгч А.Ш- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч Д.Ж- 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө гэж мэдүүлсэн байна. Би тухайн өдөр байгаагүй. Харин 13-ны өдөр хамт пиво уусан маань үнэн. Тухайн өдөр унтаж амраад явахгүй юу гэхэд хүчээр яваад өгсөн. Хохирогчийн биед халдаж зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй, учирсан хохирлыг төлөхгүй. Д.Ж- ах бид хоёр хамт ууснаас 3 хоногийн дараа дүү нь болох Б- над руу залгаж “Д.Ж-ын утас нь байгаа юу” гэж асуухаар нь мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд дүүгээсээ асуутал манай хашааны гадна утас байсныг олсон гэж хэлсэн. Ямар утас олсныг нь мэдэхгүй”  гэв.

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шындаулет нь анхнаасаа хэрэг үйлдээгүй гэдгээ тогтвортой мэдүүлж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчтэй адилхан байр суурьтай байна. Энэ хэрэгт хохирогч Д.Ж- хэрэг гарсан өдрийг зөрүүтэй мэдүүлж байгаа. Тодруулбал анх 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө гэж хэлээгүй. Гэрч С.А- мөн 13-наас 14-нд шилжих шөнө гэж хэлдэг. Шүүгдэгчийн зүгээс 13-аас 14-нд шилжих шөнө хамт архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгчийн зүгээс тухайн өдөр ямар ч зодоон болоогүй. Гэрт тань хүргэж өгье гэсэн боловч хүргүүлээгүй гэж мэдүүлж байгаа. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байгаа гэж үзэж байна. Хохирлын хувьд улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна. Гэм буруугийн асуудлын хувьд шүүгдэгчтэй санал нэг байна”  гэв.

 

4. Хохирогчийн өмгөөлөгч Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Ш- нь 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө иргэн Д.Ж-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Иймд гэм буруугийн хувьд улсын яллагчтай адилхан саналтай байна. Хохирол, хор уршгийн тухайд нийт 691300 төгрөг нэхэмжилсэн. Үүний 55.300 төгрөгт нь эм авсан. Мэдүүлэг авах ажиллагаанд удаа дараа ирэхэд 30 литрийн шатахуун хийсэн. Тэр талаар Х.Б-ын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул гаргуулах боломжтой гэж үзэж байна. Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэхэмжилж байгаа үндэслэл нь аймагт эмчилгээ хийлгэх гэж ирэх үед ажил, хөдөлмөр эрхлэх боломжоо алдсан. Иймд хохирогчийн нэхэмжилж байгаа 691.300 төгрөгийн хохирлыг гаргуулан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна”  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2213000000191 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

 

5. Иргэн С.Х-ээс 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

 

6. Хохирогч Д.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 06-07, 09, 12,144 дэх тал/,

 

7. Гэрч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14, 152 дахь тал/,

 

8. Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

9. Шинжээч К.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

10. Шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 618 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/, 

 

11. 23. Гэрч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 149 дэх тал/,

 

12. Хохирогч Д.Ж-ын гээгдүүлсэн гар утсанд үнэлгээ хийлгэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 156-160 дахь тал/,

13. Гар утсыг эд мөрийн баримтаар тооцох тогтоол  /хавтаст хэргийн 171 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

14. Шүүгдэгч А.Ш-, шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-, хохирогчийн өмгөөлөгч Х.Б- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

15.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

16. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.Ш-эд холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

17. Шүүгдэгч А.Ш- нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутагт 2022 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хохирогч Д.Ж-ыг зодож, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

18. Иргэн С.Х-ээс 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...Д.Ж- нь 2022 оны 8 дугаар сарын 14-ний шөнийн 22 цагийн үед Ногооннуур сумын төвд бусдад зодуулж гэмтэл авч, аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хүргэгдэж ирсэн байна” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

 

19. Хохирогч Д.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед хадлангаас сумын төвд орж ирж байх замдаа манай сумын иргэн А-н Ш- гэх залуу хажуудаа дүү болох Б- гэх залуутай хамт замын хажуу талд зогсож байсан. Тэр үед би өөрийн мотоциклээр хажууд нь ирж зогсоод тэд нартай юм ярьж байхад А.Ш- надад “ах танд пиво байна уу, хоёулаа нэг юм хувааж уух уу” гэхээр нь би зөвшөөрч дэлгүүрт очиж 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй нэг ширхэг пиво болон нэг хайрцаг тамхи авч ирсэн. Тэгээд тухайн пивыг А.Ш- бид хоёр тэд нарын хашаанд аваачиж хувааж уусан. Түүний дараа дахин нэг юм асуухаар би дахин дэлгүүрт очиж хоёр ширхэг пиво авч ирсэн ба үлдсэн хоёр пивыг А.Ш-ын аавын байшингийн үүдний амбаарт хувааж уусан. Ингээд А.Ш- бид хоёр нийт 2.5 литрийн гурван пивыг хувааж уугаад гарч явах гэж байхад А.Ш- баруун гараараа миний зүүн талын нүдний орчим нэг удаа цохисон. Тэр үед би түүнд яаж байгаа юм бэ гэж хэлээд тэвэрч авсан үед баруун гараараа миний элэг тус газраас хоёр удаа цохиход би амьсгалж чадахгүй газарт унасан ба хоёр гараараа түүний нэг хөлийг тэвэрч авсан үед нөгөө хөлөөрөө миний нуруун тус газраас хэд хэдэн удаа өшиглөсөн. ...А.Ш- бид хоёроос өөр хүн байгаагүй. ...А.Ш- нь намайг зодоогүй мэтээр хэргээ хүлээхгүй, худлаа хэлж байна.

...А.Ш- нь миний гар утсыг дээрэмдэж аваагүй. Хэрэг учрал болох үед гар утас маань унасан юм шиг байна лээ. Би А.Ш-эд зодуулсны дараа түүнээс гар утсаа асуухад мэдэхгүй, хараагүй, үзээгүй гэж хэлсэн. Тэрээр би аймагт ирж эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа гар утсаа дахиж асуухад таны гар утсыг хашаан дотроос олж авсан, дүү болох Берикболат барьж байгаа гэж хэлсэн.

... Би 55.300 төгрөгт эм авч хэрэглэсэн. А.Ш-эд зодуулж гэмтэл авснаас болж эмнэлэгт үзүүлэхээр, мөн цагдаад хандахаар сумын төвөөс аймаг руу 4 удаа өөрийн мотоциклээр ирж явсан. Нийт 4 удаа ирж, буцахад нийт 40 литр шатахуун зарцуулсан бөгөөд 1 литр бензин 2700 төгрөгөөр тооцоход 108.000 төгрөг гарсан.Мөн шүүх хуралдаанд оролцохоор ирэхэд хөдөөнөөс өөрийн мотоциклээр ирж буцсан. Тухайн үед 10 литр буюу 27.000 төгрөгийн бензин зарцуулсан. Мэдүүлэг өгөхөөр цагдаагийн газарт ирэхэд Х.Б-ын “Тоёото приүс 20” маркийн тээврийн хэрэгслээр 30 литр буюу 81.000 төгрөгийн бензин хийж хөлсөлж ирсэн. Ингэхэд би нийт 271.300 төгрөгийг нэхэмжилж байна. Би байнга, өвс хадгалж түүнийг борлуулан ашиг олдог байсан. А.Ш-эд зодуулснаас болж нэг сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй. Иймд би хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байна. Ингэхэд би А.Ш-ээс 691.300 төгрөгийг нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06-07, 09, 12, 144 дэх тал/,

 

20. Гэрч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Ногооннуур сумын 7 дугаар багийн төвд байрлах аав болох Салдатын гэрт ганцаараа унтаж байхад хаалга тогшсон ба би хаалга онгойлгоход Д.Ж- үхлээ, үхлээ гэж хэлсэн. Би юу болсон юм бэ гэж асуухад Д.Ж- намайг А.Ш- зодлоо гэж хэлсэн. Д.Ж-ын зүүн талын нүд нь хавдсан байдалтай байсан. Мөн нуруу маань өвдөж байна гэж хэлсэн. ...А.Ш-тэй хамт пиво уусан, дараа нь А.Ш- намайг зодлоо гэж хэлсэн. ... үүрээр орж ирэхэд мотоциклээр ирсэн ба архи согтууруулах ундаа үнэртэж байсан. Мөн А.Ш-эд зодуулах үед миний гар утас газар унах шиг боллоо, олсонгүй гэж хэлж байсан.

... Би өмнө өгсөн мэдүүлэгт он сарын андуурч хэлсэн байна. 2022 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө үүрээр Д.Ж- манай аавынд орж ирсэн. Тухайн үед би аавынд ганцаараа байсан бөгөөд өөр хүн байгаагүй. Мөн Д.Ж- нь ганцаараа орж ирээд А.Ш- нь надтай хэрүүл үүсгэн намайг зодлоо гэж хэлсэн. Түүний нэг талын нүд нь улайсан харагдсан. Тэрээр цээж орчмоор өвдөөд байна гэж хэлж байгаад тэнд унтаж амарсан. Өглөө нь би өвс хадахаар явсан ба Д.Ж- манайд үлдсэн. Орой намайг ирэхэд манайд байж байсан ба би гэрт нь хүргэж өгсөн. Бид хэд ер нь Ногооннуур сумын нутаг дэвсгэрт өөр өөр газраас өвс хаддаг болохоор нэг нэгнийгээ сайн танина. Д.Ж- нь А.Ш-ээс өөр хүнд зодуулсан талаар хэлээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14, 152 дахь тал/,

 

21. Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн үед Ногооннуур сумын 7 дугаар багийн нутагт байрлах гэртээ ирэхэд ах А.Ш-, Д.Ж- нар үүдний өрөөнд Сэрүүн нэртэй 2.5 литрийн савтай пиво уугаад сууж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

22. Шинжээч К.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.Ж-ын биед учирсан гэмтлүүд бүгд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа учирсан ч гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжний битүү гэмтэл нь зөвхөн цээжний битүү гэмтэл болохоос дотор байгаа эрхтнүүдэд нөлөөлж, гэмтэл учраагүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн 1 хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

23. Шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “...Иргэн Д.Ж-ын биед цээжний битүү гэмтэл, баруун талын 6-р хавирганы хугаралттай, зүүн нүд хавдартай, дээд ба доод зовхинд цус хуралттай, зүүн нүдний салстад цус харвасан, хамрын нуруунд хавдартай, цус хуралттай, хэвлий хэсэгт зөөлөн эдийн бэртэлтэй гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо бүхий зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад түр нөлөөлнө. Иргэн Д.Ж-ын дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 618 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

24. Гэрч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр орой харанхуй болсон байсан ба цагийн санахгүй байна Ногооннуур сумын төвд, гудамжаар явж байхад А.Ш-тэй тааралдаж бид хоёр ярилцаад зогсож байхад Д.Ж- хүрээд ирсэн. Тэгсэн А.Ш- нь над руу хандаж тамхи болон пиво аваад ир гэхээр нь би мөнгөгүй байна гэж хэлсэн. Тэгж байтал Д.Ж- нь би та хоёрт тамхи пиво авч өгөх үү гэж дэлгүүр лүү яваад 1 хайрцаг тамхи, 2.5 литрийн миний санаж байгаагаар “Нийслэл” байсан байх аваад ирсэн. Тэгээд гурвуулаа А.Ш-ийн аав нь А-н хашаа руу орж Д.Ж- пиво задлаад надад өгөхөөр нь би уухгүй гэж хэлээд амсаж өгөөд, тэндээс удалгүй яваад егсөн. Намайг тэндээс явахад А.Ш-, Д.Ж- хоёр үлдсэн. Тэгээд маргааш нь Д.Ж-ыг А.Ш- зодож гэмтэл учруулсан байна гэж сонссон. Чухам зодоон болох үед би байгаагүй. Намайг тэндээс явахад Д.Ж-, А.Ш- нар хэвийн сууж байсан. Ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. ... Намайг явсны дараа 2022 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хэрэг учрал болсон гэж сонссон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 149 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

25. Шүүгдэгч А.Ш-ээс “хохирогч Д.Ж- 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө гэж мэдүүлсэн байна. Би тухайн өдөр байгаагүй. Харин 13-ны өдөр хамт пиво уусан маань үнэн” гэж маргах боловч хохирогч Д.Ж-ын 3 дахь удаад өгсөн: “Би 2022 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө А.Ш-эд зодуулсан. Түүнээс өмнө болон дараа нь хэн нэгэнтэй маргалдаж зодолдсон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 144 дэх тал/, гэрч С.А-ын “...намайг явсны дараа 2022 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хэрэг учрал болсон гэж сонссон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 149 дэх тал/, гэрч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би өмнө өгсөн мэдүүлэгт он сарын андуурч хэлсэн байна. 2022 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө үүрээр Д.Ж- манай аавынд орж ирсэн. ...Д.Ж- нь ганцаараа орж ирээд А.Ш- нь надтай хэрүүл маргаан үүсгэн намайг зодлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14, 152 дахь тал/ зэргээр шүүгдэгч А.Ш- нь 2022 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хохирогч Д.Ж-ыг зодсон болох нь тогтоогдож байх ба хохирогч, гэрч нар сар, өдрийг нь буруу ташаа мэдүүлсэн гэх үндэслэлээр уг хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй гэж шүүхээс дүгнэж үзлээ.

 

26. Мөн тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Nokia Land Rover” маркийн гар утсыг 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өглөө 06-07 цагийн үед шүүгдэгч А.Ш-ын дүү нь түүний хашааны гадна талаас олж авсан үйл баримт нь шүүгдэгч А.Ш-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

27. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Я.Д-гийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 156 дугаар яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн өдрийг “2022 оны 8 дугаар сарын 14-нээс 15-нд шилжих шөнө” гэж дурдсан байсан ба шүүхийн хэлэлцүүлэгт “2022 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө” гэж зөвтгөж дүгнэснийг дурдах нь зүйтэй.

 

Эрх зүйн дүгнэлт:

28. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.

 

29. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

     30. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

31. Шүүгдэгч А.Ш- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

32. Шүүгдэгч А.Ш-ийн үйлдлийн улмаас хохирогч Д.Ж-ын биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

33. Шүүгдэгч А.Ш-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

34. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хуулийн мэдлэггүй байдал шууд нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

35. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

 

36. Шүүгдэгч А.Ш-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ж-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Д.Ж- нь эм авахад 55.300 төгрөг, сумын төвөөс аймаг руу эмчид болон цагдаагийн газарт нийт 4 удаа ирж, буцахад нийт 40 литр шатахуун буюу 1 литр шатахууныг 2700 төгрөгөөр тооцож 108.000 төгрөг, шүүх хуралдаанд оролцохоор хөдөөнөөс өөрийн мотоциклээр ирэхэд 10 литр шатахуун буюу 27.000 төгрөг, мэдүүлэг өгөхөөр цагдаагийн газарт ирэхэд Х.Б-ын “Тоёото Приүс 20” маркийн тээврийн хэрэгслийг хөлслөхөд 30 литр шатахуун буюу 81.000 төгрөг, үүнээс гадна А.Ш-эд зодуулснаас болж нэг сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй үеийн хөлс 420.000 төгрөг, нийтдээ 691.300 төгрөг нэхэмжилжээ.  

 

37. Хохирогч Д.Ж- нь эм авахад 55.300 төгрөг авсан гэж “Монос Баян-Өлгий” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн НӨАТ-ын баримтыг гаргаж өгсөн ба бусад хохирлыг талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-ээс 55.300 төгрөг гаргуулан хохирогч Д.Ж-ад олгож, илүү нэхэмжилсэн 636.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

38. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч А.Ш-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах” дүгнэлтийг,

39. Хохирогчийн өмгөөлөгч Х.Б-ээс “Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт байхгүй” гэх саналыг ,

 

40. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-гаас “Шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул эрүүгийн хариуцлагын талаар гаргах санал байхгүй” гэх дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.

41. Шүүгдэгч А.Ш- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

42. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

 

43. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Ш-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

44. Шүүгдэгч А.Ш- урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

45. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Ш-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулаагүй байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.  

 

46. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Ш-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 2 /хоёр/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

 

47. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:

Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;

Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;

Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.

 

48. Шүүгдэгч А.Ш-эд оногдуулсан 2 /хоёр/ сар 20 /хорь/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.

 

49. Тодруулбал, шүүгдэгч А.Ш- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 2 /хоёр/ сар 20 /хорь/ хоногийн хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутгаас оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.

 

50. Хэрэв шүүгдэгч А.Ш- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй. 

 

51. Шүүгдэгч А.Ш-эд оногдуулсан 2 /хоёр/ сар 20 /хорь/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

52. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч шүүгдэгч А.Ш- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 

 

53. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  “Nokia Land Rover” маркийн гар утсыг хохирогч Д.Ж-ад буцаан олгохоор шийдвэрлэв.

 

54. Шүүгдэгч А.Ш-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба шүүгдэгч А.Ш-ын холбогдсон гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байлгах зорилгоор түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг нэмж шүүхийн шатанд авч, шүүхийн энэхүү шийдвэрт хяналт тавьж, биелэлтийг хангаж ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газарт даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт А-н Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-ыг 2 /хоёр/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Ш-эд оногдуулсан 2 /хоёр/ сар 20 /хорь/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч А.Ш-эд оногдуулсан 2 /хоёр/ сар 20 /хорь/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч А.Ш- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-ээс 55.300 /тавин таван мянга гурван зуу/ төгрөг гаргуулан хохирогч Д.Ж-ад олгож, илүү нэхэмжилсэн 636.000 /зургаан зуун гучин зургаан мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Д.Ж- нь нэхэмжлэх хохирол байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Nokia Land Rover” маркийн гар утсыг хохирогч Д.Ж-ад буцаан олгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, мөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг нэмж авсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК