| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00158/И |
| Дугаар | 172 |
| Огноо | 2019-04-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 172
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 153/ШШ2019/00172
Жаргалант сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа 5 гудамжны 216 тоотод бүртгэлтэй, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 18-12 тоотод оршин суух, Торгууд овогт Улаанхүүгийн Б -ий нэхэмжлэлтэй,
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Доржпаламыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 153/2019/00158/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгч У.Б нь Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасны дагуу надад итгэмжлэл олгосон. У.Б нь Л.Доржпаламтай 2013 онд гэр бүл болж, 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүү Д.Дөлгөөн төрсөн. Л.Доржпалам нь хамтран амьдрах хугацаандаа гэр бүлээсээ гадуурх харилцаа тогтоох, эхнэрээ хардах, зодох үйлдлийг удаа дараа гаргаж байсан. Л.Доржпалам нь 2015 оны 10 дугаар сард маргалдаад гэрээсээ гарч явснаасаа хойш эхнэр болон хүүхэдтэйгээ уулзаагүй. Ц.Б болон Л.Доржпалам нарын хаяг нь Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 18-12 тоотод албан ёсоор бүртгэлтэй. Л.Доржпалам нь Ховд аймагт байхгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа. 2015 оны 10 дугаар сараас хойш сураггүй эхнэр, хүүхэд дээрээ ирээгүй. Хүүхэдтэйгээ холбоо бариагүй хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 2 жил 7, 8 сар болж байна. У.Бий тухайд гэрлэлт цуцлуулах нөхцөл байдал бий болсон байгаа. Л.Доржпаламын хаана байгаа нь тогтоогдохгүй байгаа учраас эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байгаа. Л.Доржпалам нь 2015 онд гэрээсээ гарч явснаас хойш утасныхаа дугаарыг сольсон байсан учраас холбоо барих боломжгүй байсан. 2019 онд найз нөхдөөс нь сурагласаар байгаад утасныхан дугаарыг олж авсан. Утасныхан дугаарыг олж аваад ярихаар Эрдэнэт хотод болон Улаанбаатар хотод амьдарч байгаа, хөдөө ажиллаж байна гэсэн тайлбаруудыг хэлдэг. Гэрлэлт цуцлуулах хүүхдийн асрамж тогтоолгох асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага шалтгаан гарсан учраас ОЙ93122812 регистрийн дугаартай, Борголдой овогт Лхагватогтохын Доржпаламыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Үндсэн харьяалалтай хаяг нь Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 18-12 тоот байгаа. Холбогдож болох утасны дугаар нь 94510390, 95791293 байгаа. Шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү....У.Б нь Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 18-12 тоотод бүртгэлтэй амьдралын эрхээр Улаанбаатар хотод түр хугацаагаар очиж ажил хийж байсан. Улаанбаатар хотод бүртгэлтэй хэдий ч Ховд аймагт оршин сууж байгаа....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Б нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Дорждаламыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Доржпалам, нэхэмжлэгч У.Б нар нь 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлж болж, 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 8401000066 бүртгэлийн дугаартай гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо. /хх-ийн 5 дугаар тал/
Борголдой овогт Лхагватогтохын Доржпаламын байнга оршин суугаа хаяг Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 18-12 тоотод бүртгэлтэй боловч тус хаягандаа 2016 оноос хойш оршин суудаггүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант сумын засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 144 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй байна. /хх-ийн 4 дүгээр тал/
Л.Доржпаламын талаарх мэдээлэл: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 18-12 тоотод бүртгэлтэй, одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа гэх, утасны дугаар нь 94510390, 95791293 болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, Борголдой овогт Лхагватогтохын Доржпаламыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Борголдой овогт Лхагватогтохын Доржпаламыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Л.Доржпаламын оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч У.Бд нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч У.Бий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ