Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/21

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д-,

шүүгдэгч О.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт О-гийн Г-эд холбогдох эрүүгийн 2213003540024 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэн харгалзаж байсан, мөн шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэн харгалзаж байсан, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын ..... дугаар хэсгийн ......... тоотод оршин суух хаягтай, ТБ.......... регистрийн дугаартай, А овогт О-гийн Г-.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч О.Г- нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт багийн нутаг дэвсгэр “Шижигтийн хавцал” гэх газарт байрлах “Интернэйшнл рөүд” ХХК-ийн ажилчдын гэрт 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө хохирогч А.Д-тай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч А.Д-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч А.Д-ын биед хүнд хохирол учирсан, хор уршиг 6.000.000 төгрөгийг О.Г- төлж барагдуулахаа илэрхийлж байгаа тул 6.000.000 төгрөгийг О.Г-ээс гаргуулж хохирогч А.Д-т олгох саналтай байна” гэв.

 

2. Шүүгдэгч О.Г- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн нэхэмжилж буй 6,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна” гэв.

 

3. Хохирогч А.Д- мэдүүлэхдээ: “Шүүгдэгч хохирлыг төлж барагдуулахаар нотариатаар гэрчлүүлж баримт өгсөн. Тухайн баримт дээр худал дугаар бичиж өгсөн байна. Нэг нь өөрийнх нь дугаар, нөгөөх нь ээжийн дугаар гэж тайлбарласан. Гэхдээ танихгүй дугаар өгсөн байна. Залгахаар ашиглалтад байхгүй дугаар байсан. Хагалгаанд орсон. Хэрүүл маргаан гарсны дараа хүнд ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон. Надад хохирол төлж өгсөн баримтанд худал утасны дугаар бичиж өгсөн. Иймд гомдолтой байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2213003540024 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

 

4. Иргэн Б.Б-өөс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,

 

5. Гэрч Б.Ба-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 05-06 дахь тал/,

 

6. Гэрч Г.М-Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

 

7. Гэрч Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

 

8. Гэрч Э.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

 

9. Хохирогч А.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52, 55 дахь тал/,

 

10. Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,

 

11. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 893 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 60-63 дахь тал/,

 

12. Яллагдагч О.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84, 86 дахь тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

13. Шүүгдэгч О.Г-, хохирогч А.Д- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

14.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

15. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч О.Г-эд холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

16. Шүүгдэгч О.Г- нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт багийн нутаг дэвсгэр “Шижигтийн хавцал” гэх газарт байрлах “Интернэйшнл рөүд” ХХК-ийн ажилчдын гэрт 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө хохирогч А.Д-тай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

17. Иргэн Б.Б-өөс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,

 

18. Гэрч Б.Ба-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг унтаж байхад хүмүүс хэрэлдэж, маргаад хашхираад болохгүй болохоор нь би юу болсон юм бол гээд босоод ирсэн чинь О.Г- над руу хандаж, чи архи уугаагүй, эрүүл байгаа биз дээ. Энэ А.Д- миний хүндэлж явдаг ах руу салаавч гаргалаа, би энэ гөлгийг алчих уу гэж хэлэхээр нь би та юу яриад байгаа юм бэ, миний хоёр ах одоо амарчих гэж хэлсэн. Тэр үед А.Д- ах О.Г-ийн өмнөөс чи намайг алах юм уу гэж хэлээд тэр хоёр хоорондоо нэг нэгнийгээ барилцаж аваад цохилцоод эхлэхээр нь Э- ах бид хоёр салгаад хоёр тийш нь болгочихоод сууж байсан чинь О.Г-, А.Д- нар дахин хоорондоо маргалдаж байгаад хоёр талаас босож ирээд барилцаж авах үед О.Г- А.Д-ыг нэг цохиод газарт унагаасан. Тэр үед би О.Г-ийг түлхээд орон дээр дараад та болиоч ээ, хүн аллаа шүү дээ гэж хэлсэн чинь О.Г- өмнөөс нь би наадахыг чинь амь хүрэх газарт нь цохиогүй, хэрэв тэгж цохисон бол наадах чинь хэн ч биш болох байлаа гэж хэлэхээр нь та ингэж болохгүй гэж А.Д-ыг босгох гэсэн чинь ухаан алдчихсан юм шиг байхаар нь би айгаад цээжин дээр нь дараад өндийлгөөд хамар дээр нь дарж үзээд, нурууг нь илж байсан чинь А.Д- гэнэт гүнзгий амьсгаа аваад хөдөлж чадахгүй сууж байтал О.Г- хажуунаас орж ирээд би наадахыг чинь гүйцээчих байсан юм, азтай муу новш вэ гэж хэлээд өшиглөөд цохиод эхлэхээр нь би босож ирээд О.Г-ийг салгаж холдуулаад О.Г- ахаа та одоо болилдоо хүн аллаа шүү дээ гэж гуйсан чинь за одоо би дахин цохихгүй гэж хэлээд орон дээр суугаад ахдаа 1 тамхи асаагаад өг гэхээр нь би тамхи асааж өгөөд хамт гадагшаа гарсан. Тэгээд буцаж орж ирээд А.Д-ыг дахин цохиж эхлэхээр нь би араас нь татаж холдуулаад Э- ах бид хоёр О.Г-ийг орон дээр нь суулгаад ингэж болохгүй, хүн яаж уурласан ч уураа барьдаг байх хэрэгтэй гэж хэлээд тайвшруулах гээд оролдож байх үед нь би А.Д- ахыг өргөөд орон дээр гаргаад хэвтүүлсэн..., ...О.Г- хамгийн эхлээд А.Д-ын толгой хэсэгт 1 удаа цохих шиг болоход тэр ухаан алдаж унасан, дараа нь толгой нуруу хэсэгт нь гараараа цохисон, мөн цээжин хэсэгт нь өшиглөж, дэвсэж цохисон..., ...Тухайн орой би А.Д-ыг салгаад орон дээр гаргаж хэвтүүлэх үед нүүр орчим хэсэг нь цус болсон, баруун чих нь цус болсон, уруул орчим хэсэгт зулгарсан, нүүр ам нь шороо болсон байдалтай байсан. Харин маргааш нь өглөө босоод харахад нүүр ам нь цус болсон, хавдаж улайсан байдалтай байсан бас эмч ирээд авч явах гэж байх үед би цамцыг нь өмсүүлэхэд хүйснээс дээшээ энэ тэнд улайсан байдалтай өөрөө босож чадахгүй, ёолоод их зовиуртай байгаад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 05-06 дахь тал/,

 

19. Гэрч Г.М-Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...О.Г-, А.Д- бид гурав хоорондоо юм яриад уугаад сууцгааж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь О.Г- А.Д- нар хоорондоо хэрэлдэж маргаад зодолдож эхэлсэн. Нэг харсан чинь А.Д- газарт уначихсан, Б.Ба- босоод ирчихсэн байсан. Тэгээд бид хоёр О.Г-ийг салгаад тэр хоёрыг хоёр тийш нь болгож О.Г-ийг Б.Ба- бид хоёр орон дээр түлхэж суулгаад ингэж болохгүй, одоо боль гэж хэлээд сууж байхад О.Г- босож очоод А.Д-ыг цохиод байсан..., ...О.Г- нь А.Д-ын толгой хэсгээс 3-н удаагийн давтамжтай цохиод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

 

20. Гэрч Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 07 цаг өнгөрч байхад өглөөний цай уух үед жолооч Б.Ба- манай гэрт орж ирээд О.Г- ах өнгөрсөн шөнө А.Д-ыг зодоод би олигтой ч амарч чадсангүй гэж хэлэхээр нь юу болсон юм бол гэж бодоод тэд нарын байрлаж байсан гэр лүү жолооч Б-тай хамт явж ороход А.Д- нь гэрийн зүүн дээд талын орон дээр маш их зовиуртай ёолоод хэвтэж байхаар нь юу болсон талаар асуусан чинь олигтой зүйл ярихгүй ёолоод байхаар нь Б-г сүлжээнд гарч эмнэлэг дуудаадах гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

 

21. Гэрч Э.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг очих үед А.Д- гэх залуу орон дээрээ босож чадахгүй хэвтэж байсан. Мөн нүүр ам нь хавтсан хөхөрсөн, хацар шанаа, дух шалбарсан байдалтай, нүүр ам чих нь цус болж хатсан байдалтай байсан. Мөн хүзүү болон хоёр гарын булчин, мөр орчимд хөхөрч улайсан байдалтай, гэдэс хэвлий орчимд өвдөлт ихтэй, булчин чангарсан зовиур ихтэй байхаар нь өвчин намдаах аналгин димдрол хийж сумын төв рүү хэвтээгээр тээвэрлэж сумын нэгдсэн эмнэлэгт хүргэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

 

22. Хохирогч А.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Маргааш нь Б.Ба-аас юу болсон талаар асуухад намайг О.Г- цохиж зодсон талаар хэлсэн. Маргааш нь би аймгийн эмнэлэг рүү явсан. Миний араас О.Г- аймгийн төвд ирж миний хэвтэн эмчлүүлж байсан эмнэлэгт ирээд надаас уучлалт гуйсан. Тэр өдөр намайг О.Г-ээс өөр цохиж зодсон хүн байхгүй. Намайг зодсон тухай өөрөө надад хэлж уучлалт гуйсан....”, “...О.Г- миний давсаг хэсгээс нэг удаа өшиглөснөөс болж давсгийн ар хананы урагдал үүсэж, би хагалгаа хийлгэсэн..., ...О.Г- нь өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйсан. Мөн надад учирсан хохирлыг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл барагдуулахаар болж баримт бичиж, нотариатаар баталгаажуулж өгсөн. Бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрч, тохиролцсон ба хохирлын талаар маргаангүй байгаа. Тийм учраас миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52, 55 дахь тал/,

 

23. Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хүү бусдад зодуулснаас болж маш их зовж, эмчилгээ хийлгэсэн. Нэг удаа хагалгаанд орсон. Миний хүүгийн эмчилгээнд ойролцоогоор 3,600,000 төгрөгийн зардал гарсан. Дээр нь сүүлийн хэдэн сар ажил хийгээгүй, дараа нь дахин эмчилгээ хийлгэнэ гэж тооцож үзэхэд тодорхой хэмжээний хохирол учирсан байгаа. Гэхдээ бид нар ямар нэгэн баримт цуглуулж, бүрдүүлээгүй. Учир нь миний хүүг зодсон О.Г- гэх залуу эхнээс нь эхэлж манайд ирж уучлалт гуйсан. Мөн миний хүүд учирсан хохирлыг бүрэн төлж өгөхөө илэрхийлж явж байсан. Тэгээд бид нар эхэндээ тэр залууд маш их гомдоод 10,000,000 төгрөг нэхэмжлэх болно гэж хэлж байсан. Өнөөдөр Баян-Өлгий аймагт хүү маань ирнэ гэхээр нь ганцаараа явуулахгүй гээд дагаж ирсэн юм. Тэр үед О.Г- гэх залуу бид нартаа уулзсан. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч бид нараас уучлалт гуйсан. Тэгээд хүү бид хоёр ярилцаж байгаад түүнийг уучилсан. Тэр залуу өөрөө бидэнд учирсан хохирлыг 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэг бүрэн барагдуулж өгөхөө илэрхийлж баримт бичиж өгсөн. Тийм учраас бид нараас түүнийг уучилсан ба ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Өөрөөр хэлбэл, хохирлын талаар гаргаж өгөх баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,

 

24. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 893 дугаартай “...А.Д-ын биед давсагны ар хананы урагдал, хэвлийн хөндийн цус алдалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун шанаа хэсгийн зулгаралт, баруун чихний урд хэсгийн зулгаралт, зүүн хацар хэсгийн зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсгийн зулгаралт, зүүн чихний ар хэсгийн зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн дотор хэсгийн зулгаралт, хүзүүний хэсэг болон баруун гарын шууны гадна хэсгийн зулгаралтууд, өвчүүний дунд дээд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. А.Д-ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. А.Д-ын биед учирсан давсагны ар хананы урагдал, хэвлийн хөндийн цус алдалт нь гэмтлийн зэрэгт хамаарна. Мөн дээрх цус хуралт, зулгаралтууд гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэгт хамаарна. А.Д-ын биед учирсан давсагны ар хананы урагдал, хэвлийн хендийн цус алдалт гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр, бусад дээрх гэмтлүүд нь хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. А.Д-ын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60-63 дахь тал/,

 

25. Яллагдагч О.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Миний зүгээс уг тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй би хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Миний бие 2022 оны 10 дугаар сарын эхэнд Ховд аймгийн Э-бүрэн суманд шинээр цахилгаан станцын зам засварын ажилд үйл ажиллагаа явуулах “Интернейшнл рөүд” ХХК-д гэрээгээр ирж ажилласан. Би анх ирснээсээ хойш 4-5 хоногийн дараа А.Д- гэх залуу экскаваторын жолоочоор ажиллахаар ирсэн. Тухайн үед Б.Ба-, Э-, А.Д- бид дөрөв нэг гэрт байрлаж байсан. Зодоон болох өдөр миний бие гэрт үлдсэн ба бусад нь сумын төв рүү явсан. Шөнө дунд Б.Ба-, Э-, А.Д-, Ганзориг дөрөв миний амарч байгаа гэрт орж ирсэн. Б.Ба- нь орондоо ороод амарсан ба Э-, А.Д-, Ганзориг гурав архи уусан халамцуу байсан. Тэр үед А.Д- надад хандаж чи дандаа хэвтэж байдаг пизда юм байна гэж хэлээд намайг дараад авахаар нь би өмнөөс нь босоод хоолойг нь боосон чинь уучлаарай хөгшөө, андуурсан байна гэж хэлээд надаас уучлалт гуйхаар нь би би хоолойг нь тавиад больсон. Тэр үед А.Д- нэг шил архи гаргаж ирсэн. Тухайн архийг Э-, А.Д-, Ганзориг бид дөрөв хувааж ууж байх үед А.Д- над руу салаавч гаргаж, хэл амаар дайрч доромжлоод намайг цохиод авахаар нь миний уур хүрээд өмнөөс нь цохиод унагаах үед хамт зууж байсан хүмүүс салгаж авсан. Тэгж байгаад А.Д- нь дахин хэл амаар дайрч, намайг өдөөд байхаар нь би уурандаа А.Д-ыг цохиж зодсон нь үнэн. Тухайн үед миний бие А.Д-тай маргалдсаны учир түүний эрх чөлөөнд халдаж, цохиж зодож, түүний биед гэмтэл учруулсан үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Би эхнээс нь эхлээд А.Д-аас уучлалт гуйж эмнэлэгт хамт очсон. Ховд аймгаас явах хүртэл хэд хэдэн удаа уулзаж уучлалт гуйсан. Би тухайн үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчоос сайн дураараа уучлалт гуйх болно. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгт маш их гэмшиж байна. Иймд миний үйлдсэн хэрэгт хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү..., ...Миний бие А.Д- болон түүний ээж Ж.Б- нартай уулзсан. Тэгээд бид нар хоорондоо ярилцаж сайн дураараа эвлэрсэн. А.Д-ын эмчилгээнд одоогоор 3,600,000 төгрөг гарсан байна. Дээр нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэхээр нь миний бие тэд нартай тохирч нийт 6,000,000 төгрөгийг олж өгөхөөр болсон. Тэгээд тухайн хохирлын мөнгийг 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл олж өгөхөөр болж тохиролцож нотариатаар баталгаажуулж өгсөн. Өөрөөр хэлбэл хохирогч А.Д- бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн ба хохирлын тал дээр ямар нэгэн маргаангүй болсон..., ...Тэр өдөр А.Д- зөвхөн надтай зодолдсон, өөр хүнтэй зодолдоогүй. Тийм болохоор А.Д-ын биед учруулсан гэмтлийг би учруулсан гэдгээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84, 86 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

26. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ

27. Хохирогч А.Д-ын эрүүл мэндэд учирсан “давсагны ар хананы урагдал, хэвлийн хөндийн цус алдалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун шанаа хэсгийн зулгаралт, баруун чихний урд хэсгийн зулгаралт, зүүн хацар хэсгийн зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсгийн зулгаралт, зүүн чихний ар хэсгийн зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн дотор хэсгийн зулгаралт, хүзүүний хэсэг болон баруун гарын шууны гадна хэсгийн зулгаралтууд, өвчүүний дунд дээд хэсгийн зулгаралт гэмтэл” бүхий хүнд гэмтэл нь шүүгдэгч О.Г-ийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн, шууд шалтгаант холбоотой байх ба шүүгдэгч О.Г-ийн энэхүү гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

28. Шүүгдэгч О.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

29. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч О.Г-ийн архидан согтуурсан байдал, зүй бус харилцаа шууд нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

30. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

 

31. Шүүгдэгч О.Г-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Д-ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д заасан хүнд зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 893 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

32. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

33. Хохирогч А.Д- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 6000.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч О.Г- нь уг хохирлыг төлөхөө илэрхийлсэн, мөн шүүгдэгч О.Г-ийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нотариатаар батлуулсан “Миний бие Оюунтуяа овогтой О.Г- би Алтангэрэл овогтой А.Д-т 6000.000 төгрөг өгөхөөр тохирсон. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл төлж хохиролгүй болгож өгнө. Энэ хугацаанд төлж барагдуулахгүй бол шүүхэд хандахыг би өөрийн биеэр зөвшөөрч байна” гэх баримтыг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Г-ээс гэмт хэргийн хохирол, хор уршигт 6.000.000 төгрөг гаргуулан хохирогч А.Д-т олгож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

34. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,

 

35. Хохирогч А.Д-аас “эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй”,

 

36. Шүүгдэгч О.Г-ээс “хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгөх” хүсэлтийг тус тус гаргасан болно.

 

37. Шүүгдэгч О.Г- нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

38. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

 

39. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд О.Г- нь урьд нь гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн болох нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр нотлогдож байна.

 

40. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулаагүй байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан,  үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

41. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч О.Г-эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

42. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь, шүүгдэгч О.Г- нь хувийн байдлын хувьд урьд нь 2 удаа ял шийтгүүлж байсан, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй, түүний нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

 

43. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан ба шүүгдэгч О.Г- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч О.Г-эд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзлээ. 

 

44. Шүүгдэгч О.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

45. Шүүгдэгч О.Г-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг нь өнөөдрөөс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт О-гийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай  учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-эд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Г-ээс гэмт хэргийн хор уршигт 6.000.000 (зургаан сая) төгрөг гаргуулан хохирогч А.Д-т олгосугай.

 

5. Шүүгдэгч О.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК