Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/26

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е-,

Шүүгдэгч Х.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Х-н А-ад холбогдох эрүүгийн 2313000000025 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цаг 34 минутад хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, одоогоор тус аймгийн Өлгий сумын 13 дугаар багт түр оршин сууж байгаа, БЙ............. регистрийн дугаартай, Х овогт Х-н А-.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Т.Х-ын гэрт 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Х-г хэл амаар доромжилж, улмаар түүн рүү архины хундага шидэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргА- тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч А.Д-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

2. Шүүгдэгч Х.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна”  гэв.

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е- шүүхийн хэлэлцүүлэгт гаргА- дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2313000000025 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

 

4. Иргэн Т.Х-гаас 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00 цаг 36 минутанд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргА- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

 

5. Хэргийн газарт буюу Т.Х-ын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 02-04 дэх тал/,

 

6. Хохирогч Т.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 09, 13 дахь тал/,

 

7. Гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

8. Гэрч Т.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

 

9. Гэрч Р.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

10. Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

11. Гэрч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

12. Гэрч С.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

13. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 48 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

 

14. Шүүгдэгч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45, 48-49 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

15. Шүүгдэгч Х.А-, түүний өмгөөлөгч К.Е- Н-с хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

16.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарлА- зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

17. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.А-ад холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

18. Шүүгдэгч Х.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Т.Х-ын гэрт 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Х-г хэл амаар доромжилж, улмаар түүн рүү архины хундага шидэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

19. Иргэн Т.Х-гаас 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00 цаг 36 минутанд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...зүс таних залуу миний эрх чөлөөнд халдаж зодсон...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

 

20. Хэргийн газарт буюу Т.Х-ын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 02-04 дэх тал/,

 

21. Хохирогч Т.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр найз болох Г-, Н- нартай уулзаж, манай гэрт хоёр шил архи уусан. Тэрээр нэлээн орой хэдэн цаг гэдгийг мэдэхгүй байна, Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай Х- гэх ах над руу залгаж манайд хүрээд ирээрэй гэхээр нь би Г- Н- хоёрыг дагуулж аваад тэднийд очиход Х- ах болон үл таних гурван залуу архи уугаад сууж байсан. Тухайн үед Г-, Н- гурвуулаа халамцуу, гэхдээ ухаанаа мэдэж байсан. Ингээд тэд нартай хамт суугаад 0,5 хэмжээтэй нэг шил архийг хувааж уугаад, хоёр дахь архиа задлах гэж байхад тэнд сууж байсан үл таних залуу над руу агсарч, улмаар чи хэдээр явах юм бэ, цэвэрхэн үү, тэр өрөөнд ороод хэвтэх үү гэх мэтээр намайг доромжилсон. Тэгэхээр нь би түүнтэй хэрэлдэж, маргалдаад түүнийг зайл, яв гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу архи ууж байсан хундагаа над руу шидэхэд миний дух руу онож шалбараад цус гарсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн үед 00 цаг өнгөрсөн байсан ба цагдаа нар ирж намайг эмнэлэгт хүргэж, ба шалбарсан газартаа оёдол тавиулж гэртээ харьсан..., ...Намайг зодсоны дараа түүнийг нэрийг сонсож мэдсэн. Уг залууг Х.А- гэдэг юм байна..., ...Над руу архины шилэн хундага шидсэн байсан бөгөөд тухайн үед миний дух руу онож, хагараад газар унА-. Намайг цагдаа нар эмнэлэг рүү дагуулж явах үед түүнийг цэвэрлэж байх шиг харагдсан...”, “...Би хэдэн өдөр эм ууж, боолт хийлгэсэн. Х.А- гэх залуугаас эмчилгээний зардал, хохиролд 50,000 төгрөг бэлнээр авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09, 13 дахь тал/,

 

22. Гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр орой 21 цагийн үед би Х-, Г- хочтой Г- нартай тааралдаж тус сумын 4 дүгээр багт байрлах Х- гэх танил ахынд очсон. Бид гурав тэнд очиход Х- ах болон үл таних дөрвөн залуу архи уусан байдалтай сууж байсан. Х-, Г- гурвуулаа тэнд очихоос өмнө 2 шил 0,5 хэмжээтэй, нэрийг нь санахгүй байна, архи уусан халамцуу байсан. Тэрээр Х- ахынд бид хэд нийлээд нэг шил 0,5 архийг хувааж уугаад, хоёр дахь 0,5 хэмжээтэй архийг уух гэж байхад Х- эгч тэнд сууж байсан нэг залуутай маргалдаж хоорондоо хэрэлдээд байх шиг байсан. Чухам юунаас болж хэрэлдэж, маргалдсан эсэхийг сайн мэдсэнгүй. Тухайн үед би нэлээн халсан байсан. Ингээд нөгөө үл таних залуу Х-у эгч рүү архи ууж байсан шилэн хундагаа шидэхэд түүний дух руу оносон харагдсан. Тэгээд Х- эгч цагдаагийн газарт дуудлага өгнө гэж байхад би тэр айлаас ганцаараа гараад явсан..., ...Миний санаж байгаагаар Х- эгчийг зодсон залууг Х.А- гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

23. Гэрч Т.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай гэрт танил болох Б- бид хоёр нэг шил архи хувааж ууж байхад орой миний санаж байгаагаар 18 цагийн үед гаднаас танил дүү нар болох А-, Х.А-, Талгат нар орж ирсэн. Ингээд бид хэд нийлж аваад архи ууж сууж байхад Х-, Г-, Н- нар гаднаас орж ирсэн. Би тус өдөр би Х-гийн утас руу залгаж, ирж цэвэрлэгээ хийж өгөөч гэж хэлсэн байсан. Тэгээд орой Х-, Г-, Н- нарыг дагуулж ирсэн байсан. Ингээд Х.А- надаас 10,000 төгрөг зээлж аваад 5.000 төгрөгийн Хийморь нэртэй архинаас хоёрыг аваад ирсэн. Ингээд бид нар сууж байхад Х-, Х.А- нар хоорондоо хэрэлдэж маргалдан, улмаар Х.А- нь Х- руу архины хундага шидсэн байсан..., ...Х- руу шидсэн архины хундага тухайн үед хагарсан болохоор цэвэрлэж, хогийн цэгт хаясан. Шилэн архины хундага байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

 

24. Гэрч Р.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед дүү болох Х.А-тай гудамжинд тааралдаад бид хоёр хамт байж байгаад орой 18 цагийн үед манайх руу явж байгаад танил болох Х-ынд очсон. Тэнд очиход Х.А- бид хоёр эрүүл байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэрээр Х.А- бид хоёр Х- ахынд очиход Х- ах үл таних ахтай хамт архи уусан байдалтай халамцуу сууж байсан. Ингээд Х.А- бид хоёр тэд нартай хамт суугаад архи уусан бөгөөд Х-аас Х.А- 10,000 төгрөг аваад дэлгүүр орж Хийморь нэртэй архинаас хоёрыг авч ирсэн. Уг архинаас бид дөрөв хувааж ууж байхад гаднаас үл таних өөрийгөө Талгат гэх залуу орж ирсэн. Ингээд бид тавуулаа сууж байхад гаднаас үл таних 30-40 орчим насны гурван эмэгтэй халамцуу орж ирээд бид нартай хамт суугаад архи уусан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

25. Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хэд нийлж архи уугаад сууж байхад гаднаас үл таних гурван эмэгтэй орж ирсэн. Тэд нарыг Х- дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

26. Гэрч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өглөө би Н- хочтой А- гэх эмэгтэйтэй уулзаад бид хоёр Х- гэх эмэгтэйгийн гэрт очсон. Би тэнд очсоны дараа Х-тай танилцсан бөгөөд А- бид гурав хамт байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Ингээд орой харанхуй болсон байхад Өлгий сумын 4 дүгээр багт байрлах Х- ахынд А-, Х- гурвуулаа очиход тэнд Х- ах болон үл таних 3 залуу байсан. Тэгээд бид хэд нийлж архи ууж сууж байхад Х- гэх эгчтэй тэнд сууж байсан үл таних залуу хэрэлдэж, маргалдаад улмаар ширээн дээр архи ууж байсан шилэн хундагыг аваад шидэхэд түүний духны орчим оносон. Тэгэхэд Х-гийн духнаас нэлээн цус гарч, Цагдаагийн байгууллагад хандаж тэд нарыг авч явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

27. Гэрч С.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А- гэх залуу Х- гэх эмэгтэйтэй хэрэлдэж, улмаар Х.А- нь архи ууж байсан шилэн хундагыг Х- руу шидэхэд түүний духны орчим онож цус гарсан. Ингээд цагдаа дуудаж тэд нар ирэхээс өмнө Х- бид хоёр гэрийг цэвэрлэж хагарсан архины хундагыг гадагшаа гаргаж шидсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

28. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 48 дугаартай “...Т.Х-гийн биед духны зүүн дээд оёдолтой шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

 

29. Шүүгдэгч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хэргээ хүлээн зөвшөөрч байна..., ... Би 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр орой тийшээ, цагийн санахгүй байна, хамаатан ах болох А-тай гудамжинд тааралдаж бид хоёр тэднийд очихоор явж байгаад Өлгий сумын 4 дүгээр багт байрлах танил Х-ын гэрт очсон. Тэнд очиход Х- болон үл таних 2 залуу сууж байсан ба тэд нар архи ууж байсан. Тэрээр А- ах бид хоёр очиж суугаад архинаас амсаж байхад дууссан. Тэгэхэд Х- надад 10,000 төгрөг өгч дэлгүүр очоод ир гэхээр нь би гараад 0,5 хэмжээтэй Сэржим нэртэй хоёр архи аваад ирсэн. Тэгж байтал Х- утсаар ярьж гаднаас хүн дуудах шиг болсон. Удалгүй үл таних халамцуу гурван эмэгтэй орж ирээд бид нартай хамт архи ууж суусан. Тэгэхэд үл таних нэг эмэгтэй над руу агсарч, архи уугаач гэхээр би эхнэр маань сүрьеэ өвчнөөр өвчилж эмнэлэгт хэвтэж байна. Би согтож архи уухыг хүсэхгүй байна гэхэд нөгөө эмэгтэй над руу хандаж, тэгвэл чиний эхнэр чинь тэр чигтээ эмнэлэгт байгаад үхэж далд ороосой гэхээр нь би архи ууж байсан шилэн хундагыг уг эмэгтэй рүү шидсэн. Тэгсэн түүний духны орчим онож, нөгөө хундага газар унаж хагарсан. Ингээд уг эмэгтэй Цагдаагийн байгууллагад хандсан. Удалгүй цагдаа нар ирж бид нарыг авч явсан. Тэнд байсан хагарсан шилийг цагдаа нар очихоос өмнө Х- цэвэрлэсэн байна лээ. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45, 48-49 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

30. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

 

31. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заА- нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

     32. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 

33. Шүүгдэгч Х.А- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

34. Шүүгдэгч Х.А-ын үйлдлийн улмаас хохирогч Т.Х-гийн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

35. Шүүгдэгч Х.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

36. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн архи согтууруулах ундаа хэрэглэсэн болон хуулийн мэдлэггүй байдал шууд нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

37. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

 

38. Шүүгдэгч Х.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Х-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч нь Т.Х- нь ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

39. Шүүгдэгч Х.А- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

40. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

 

41. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.А-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

 

42. Шүүгдэгч Х.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. 

 

43. Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

44. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг Х.А-ад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

45. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

 

46. Шүүгдэгч Х.А-ын түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон яллагдагчийн хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

47. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 480 нэгж нь 480.000 төгрөгтэй тэнцэх юм.

 

48. Шүүгдэгч Х.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

 

49. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.А- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 

 

50. Шүүгдэгч Х.А-ад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Х-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.А-ыг 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч Х.А- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарлА- хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Х.А-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК