| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2023/0017/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/19 |
| Огноо | 2023-02-01 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,
Улсын яллагч Б.*******,
Шүүгдэгч Ш.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ш.*******ид холбогдох 2323000000014 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 08-нд Завхан аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ******* ******* овогт *******ын *******, регистрийн дугаар *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.******* нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “” гэх газраас хохирогч М.гийн 1 тооны нас гүйцсэн сарлагийн үнээг хулгайлж 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч Ш.*******ийн холбогдсон уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.******* нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “” гэх газраас хохирогч М.гийн 1 тооны нас гүйцсэн сарлагийн үнээг хулгайлж 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 03-06-р хуудас/
- Хохирогч М.гийн “...Миний бие Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “” гэх газарт оторт гарсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үхрээ бүртгэхэд манай эвэргүй, имгүй, сарлагийн сувай бор үнээ дутахаар нь ойр орчмоор хайгаад олдохгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хулгайд алдагдсан үнээгээ олоод авчихвал өөр гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
- Гэрч Д.гийн “...Би нөхөр ын хамт “ ” гэх газарт очиж адуундаа хужир тавьж өгсөн. Тухайн үед ******* “Довноос гаргаад авъя” гээд хэдэн ууттай зүйл дайсан бөгөөд “Тугалын нэмнээ, сүү, тос болон идэш байгаа” гэж хэлсэн. Би ачилцаагүй болохоор хэдэн ууттай зүйл байсан эсэхийг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/,
- Гэрч Ч.ын “...Манайх ******* багийн нутаг “ ” гэх өвөлжөөнд өвөлжиж байгаа юм. Тухайн өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр адуундаа хужир тавьж өгөхөөр эхнэр Д.гийн хамт “ ” гэх газарт очиход ******* “Манай отор удахгүй буух гэж байна. Бартаанаас хүнд ачаагаа гаргах гэсэн юм” гээд 3 ууттай мах, тугалын нэмнээ, сүү 2 ууттай зүйл дайсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,
- Гэрч Н.ын “...Би *******ийн хамт ******* багийн нутаг “ ” гэх газарт адуу, үхрийн отор хийж байгаа юм. Бид хоёр анх 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр оторт гарсан бөгөөд ойролцоогоор 5 хоноод би гэр лүүгээ харьж, гэртээ 6 хонох хугацаанд ******* ганцаараа байсан. Би 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр отортоо ирсэн. Намайг оторт байх хугацаанд бод мал гаргаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/,
- Шүүгдэгч Ш.*******ийн “...Би М.гийн сарлагийн бор зүсмийн нэг тооны үхрийг хулгайлсан асуудал байгаа. Би 2022 оны 12 дугаар сарын 20-ны үед ******* сумын ******* багийн нутаг гэх газар байх манай гэрийн гадаа хужир дээр М.гийн үхрүүд ороод ирчихсэн явж байсан. Тэгэхээр нь би үхэрнүүдийг нь тууж яваад тухайн үхрийг гэрээсээ 100 гаран метр зайд жалганд шууд гаргаад янзалчихсан. Би тухайн үед гэртээ ганцаараа байсан. Би ганцаараа тухайн үхрийг хулгайлан авч гаргаж янзалсан. Банкны зээл төлөх хугацаа нь болчихсон байсан болохоор мөнгө хэрэг болоод авчихсан юм. ...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм зүйл хийхгүй. Та бүхнээс уучлал гуйж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, оролцох эсэх талаараа бичгээр хүсэлт ирүүлээгүй байх тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, уг мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар, өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчдөг.
Шүүгдэгч Ш.******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж иргэн М.гийн нэг тооны бод малыг хулгайлж түүнд 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох, шунахай сэдэлт, шударгаар хөдөлмөрлөхөөс зайлсхийх санаа зорилго нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Мөн шүүгдэгч Ш.******* нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирлын талаар:
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.д 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18 дугаартай “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.гийн дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/-ээр тогтоогдож байна.
Хохирогч М.д учруулсан 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ш.******* төлсөн болох нь хохирогч М., шүүгдэгч Ш.******* нарын тайлбар, мэдүүлэг болон 2023 оны 01 дүгээр сарын сарын 18-ны өдрийн М.гийн ХААН банкны ... тоот дансанд Ш.*******оос 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-ийн 76-р хуудас/ зэргээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн гэж үзлээ. Иймд шүүгдэгч Ш.******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ш.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,
Мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ш.*******ид “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Ш.******* нь тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Ш.*******ийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Ш.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ш.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ