Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 184

 

 

2019 оны 04 сарын 29 өдөр

 

Дугаар 153/ШШ2019/00184

 

Жаргалант сум

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

 

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, Арвайн үндэс ХХК /2043262/-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 9-28 тоотод оршин суух, Чойрод овогт Адуучийн З -т холбогдох,

 

тээвэрлэлтийн явцад бараа бүтээгдэхүүн хөлдөөсөн төлбөр 1,992,240 /нэг сая есөн зуун ерэн хоёр мянга хоёр зуун дөч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 153/2019/00133/и индекстэй иргэний хэрэг үүсгэн  хянаад

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Арвайн үндэс ХХК-ийн захирал Д.Шагдарсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч А.З нь 1994 онд үйлдвэрлэсэн Улаан өнгийн КР71В04ВВР800015 арлын дугаартай, KIA TRADE маркийн 9099 ХОА улсын дугаартай ачааны машинаар Ховд аймаг, Улаанбаатар хотын хооронд ачаа тээвэрлэх ажил эрхэлдэг.

 

2018 оны 01 сарын 24-ний өдөр Арвайн-Үндэс ХХК-ны ажилтан З.Бат-Энэрэл нь 35889400 нийт төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээлгэн Улаанбаатар хотоос Ховд аймаг дахь Мөнх таван Эрдэнэ ХХК гэрээт борлуулагчид хүлээлгэн өгөх зорилгоор тээвэрлэгч А.Зтой тохирсон. Хариуцагч А.З нь тохирсон өдрөө Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд яваагүй маргааш өдөр нь тус чиглэлд явсан. Замдаа явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлын улмаас замдаа 2 хоног саатаж нийт 4116390 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хөлдөөсөн. Тус хохирлоос 2124150 төгрөгийг төлж, үлдэгдэл 1992240 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй байна.

 

Иймд хариуцагчаас тээвэрлэлтийи явцад хөлдөөсөн бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 1 992 240 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч А.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Арвайн үндэс ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нь 2018 оны 11 сарын үед Арвайн үндэс ХХК-ийн 10 тонн архи, пивийг Ховд аймаг руу тээвэрлэж ирсэн юм. Тээвэрлэж явах явцал пиво хөлдөөсөн гээд миний тээврийн хөлс 2,130,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 1,992,240 төгрөгийг төлөхөөр болсон юм. Миний бие нь тодорхой эрхэлсэн ажилгүй, хааяа нэг тээвэрт явдаг амьдралын боломж бололцоо муу хүн. Арвайн үндэс ХХК-ийн нэхэмжилсэн 1,992,240 төгрөгийг төлнө. Татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Арвайн үндэс ХХК нь А.Зд холбогдуулан тээвэрлэлтийн явцад бараа бүтээгдэхүүн хөлдөөсөн төлбөр 1,992,240 /нэг сая есөн зуун ерэн хоёр мянга хоёр зуун дөч/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.З нь нэхэмжлэлийн шаардлага болох тээвэрлэлтийн явцад бараа бүтээгдэхүүн хөлдөөсөн төлбөр 1,992,240 /нэг сая есөн зуун ерэн хоёр мянга хоёр зуун дөч/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч Арвайн үндэс ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,830 төгрөгийн тал хувь болох 23,415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 23,415 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Згоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,415 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Арвайн үндэс ХХК-д олгохоор тогтов.

 

Хариуцагч  А.З нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Арвайн үндэс ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Зд холбогдох, тээвэрлэлтийн явцад бараа бүтээгдэхүүн хөлдөөсөн төлбөр 1,992,240 /нэг сая есөн зуун ерэн хоёр мянга хоёр зуун дөч/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.З нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,992,240 /нэг сая есөн зуун ерэн хоёр мянга хоёр зуун дөч/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Арвайн үндэс ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,830 төгрөгийн тал хувь болох 23,415 /хорин гурван мянга дөрвөн зуун арван тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 23,415 /хорин гурван мянга дөрвөн зуун арван тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Згоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,415 /хорин гурван мянга дөрвөн зуун арван тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Арвайн үндэс ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.З нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                            С.ОЮУНЖАРГАЛ