Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож, хохирогч О.Одбилэг (цахимаар), Н.Бурмаа (цахимаар), Л.Шижиртуяа (цахимаар), Д.Мөнхсайхан (цахимаар), шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Л.Отгондорж (цахимаар) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2236000510092 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ******* ургийн овогт *******ийн *******, 1994 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, ******* боловсролтой, спортын ******* мэргэжилтэй, ам бүл дөрөв, эцэг эх, ахын хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 74 дүгээр гудамж, 1020 тоотод оршин суух хаягтай, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж байсан, регистрийн дугаар: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож Г.*******ийг “2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутагт өөрийн түрээсээр ашиглаж байсан Лексус ар экс-400 (Lexus RX-400) загварын 67-00 УАН улсын дугаартай автомашиныг хохирогч Б.Ганхуягт “миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл тул зарна” гэж хуурч 20’000’000 (хорин сая) төгрөгийг шилжүүлэн авч залилсан нь”; 

- “2021 оны 10 дугаар сарын 25, 27-ны өдрүүдэд хохирогч О.Одбилэгийг төсөлд хамруулж байранд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч түүнээс 3’500’000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг шилжүүлэн авч залилсан нь”;

 - “2021 оны 11 дүгээр сарын 30, 2021 оны 12 дугаар сарын 03, 07-ны өдрүүдэд орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Н.Бурмааг төөрөгдөлд оруулан нийт 14’200’000 (арван дөрвөн сая хоёр зуун мянга) төгрөгийг шилжүүлэн авч залилсан нь”; 

- “2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт хохирогч Д.Мөнхсайханыг “Байртай монгол” хөтөлбөрт хамруулж орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 7’000’000 (долоон сая) төгрөгийг шилжүүлэн авч залилсан нь”;

 - мөн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “байранд оруулж өгнө” хэмээн хохирогч Л.Шижиртуяаг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан 6’000’000 (зургаан сая) төгрөгийг шилжүүлэн авч залилсан нь” тус тус тогтоогдсон гэж дүгнэн, түүнийг үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн ирүүлжээ.

                                            ТОДОРХОЙЛОХ НЬ

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 67-00 УНА улсын дугаартай автомашины бүртгэлийн “уг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Гомбын Буянтогтох” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 59 дүгээр хуудас);

- Иргэний нэхэмжлэгч Г.Буянтогтохын “...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.******* гэх хүн надаас 7 хоногийн хугацаатай LEXUS RX400 маркийн 67-00 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг нийт 1’070’000 төгрөгөөр түрээсэлсэн. Надаас авч явсны дараа 7 хоног нь дуусахаар би залгаад “автомашин яах гэж байна” гэхэд би Ховд аймагт ажилтай байна 2 хоногоор мөнгийг нь шилжүүлж байя” гээд сар гаруй хугацаандаа мөнгөө тасралтгүй хийж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 20-оос хойш над руу мөнгө хийхгүй болохоор нь би утсаар холбогдоод “наад автомашинаа аваад ир” гэж хэлэхэд “би Улаанбаатар хот руу гарах гэж байна” гэж хэлээд 4 хоног айлын хашаанд байлгаад байсан. Би машинаа GPS-ээр харж байсан. Тэгэхээр нь би 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр эндээс гараад Ховд аймагт очиход миний автомашиныг Б.******* найз охиныхоо хамаатны ахдаа мөнгөний барьцаанд тавьчихсан байсан. Тэгэхээр нь би нөгөө ахтай уулзаад “энэ миний эзэмшлийн машин байгаа юм, хүмүүст түрээслүүлдэг юм” гэж хэлээд автомашинаа аваад Улаанбаатар хотод ирсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас) зэргээр Лексус ар экс-400 (Lexus RX-400) загварын 67-00 УАН улсын дугаартай автомашин нь шүүгдэгч Н.*******ийн эзэмшлийн автомашин биш бөгөөд иргэний нэхэмжлэгч Г.Буянтогтохоос түрээслэн ашиглаж байсан нь нотлогдож байна.

- Хохирогч Б.Ганхуягийн “...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16-17 цагийн үед Памбага гэх залуу над руу 99868307 дугаарын утаснаас яриад “автомашин үзүүлье” гэж манай гэрт ирсэн. Намайг дагуулж “Буурлууд” дэлгүүрийн доод талд айлын хашаанд байсан 67-00 УНА улсын дугаартай хар өнгийн Lexus RX470 автомашиныг надад зарахаар тохирч урьдчилгаа 5’500’000 төгрөгийг надаас аваад явсан. Тухайн автомашиныг Памбага манай хүргэн Ганзаагийн автомашин гэж хэлж байсан. Тэгээд 5-10 минут болонгуут буцаж над руу Памбагын гар утсаар Ганзаа залгаж уулзаад “та надад нэмээд 14’500’000 өгчих” гэж хэлээд аваад явсан юм. Тухайн үед 20’000’000 төгрөгийг *******ийн ******* гэдэг данс руу хийлгэж авсан. ...2022 оны 02 дугаар 03-ны өдөр *******ийн 86117766 дугаар руу яриад “юу болсон бэ, мөнгөө хийх үү, автомашинаа өгөхөөр болсон уу” гэж асуухад “би мөнгөө буцааж өгье, одоогоор орж ирээгүй байна, маргааш өдөр хүртэл тэсчих” гэхээр нь маргааш нь дахин утсаар залгаж асуухад “таны мөнгийг хийчихлээ” гэж хэлээд над руу Худалдаа хөгжлийн банкны баримт явуулсан. Тэгээд дахин 2, 3 хоног хүлээсэн боловч 20’000’000 төгрөг орж ирэхгүй болохоор утсаар нь залгахад утсаа авахгүй, гэрээр нь очихоор гэртээ байхгүй болохоор нь цагдаад хандсан юм. ...Надад тухайн автомашиныг зарна гэж анх үзүүлсэн боловч, мөнгө төгрөг бүтчихвэл зармааргүй байна гэж хэлж байсан, мөнгө бүтэхгүй бол 27’000’000 төгрөгөөр надад машинаа зараад явна гэж тохирсон. Би бичиг баримтыг харъя гэж хэлэхэд “би машиныхаа хойд номер захиалаад хот руу явуулсан, энэ автомашин 2012 онд үйлдвэрлэсэн, 2018 онд монголд орж ирсэн” гэж хэлж байсан. Бид 2 машины наймаа хийхгүй бол 20’000’000 төгрөгийг 10 хувийн хүү тооцож авахаар тохирсон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас);

- Шүүгдэгч Г.*******ийн Хаан банк дахь 5083091064 тоот дансны “5029502435 тоот данснаас “zeelew” гэх утгаар 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 5’500’000 төгрөгөөр, 14’500’000 төгрөгөөр тус тус орлого орж ирсэн” гэх хуулга (1 дэх хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас);

- Хохирогч Б.Ганхуягийн Хаан банк дахь 5029502435 тоот дансны “5083091064 тоот данс руу “zeelew” гэх утгаар 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 5’500’000 төгрөгийг, 14’500’000 төгрөгийг тус тус шилжүүлсэн” гэх хуулга (1 дэх хавтаст хэргийн 42 дугаар хуудас);

- Гэрч Ц.Азжаргалын “...Г.******* бид хоёр 2021 оны 05 дугаар сарын дундуур фейсбүүкээр танилцаж  байсан. 2021 оны 07 дугаар сард бид хоёр хайр сэтгэлийн холбоотой болж үерхэж эхэлсэн. Г.******* бид хоёр 2021 оны 12 сарын 03-ны өдөр Ховд аймагт хамт ирж манай гэрт 2 сар гаруй хамт амьдарсан. 2021 оны 12 сарын 03-аас 2022 оны 02 сарын эх хүртэл буюу цагаан сар хүртэл хамт амьдарсан. Г.*******той хамгийн сүүлд 2022 оны 02 дугаар сарын 10-ны үеэр уулзсан ба түүнээс хойш уулзаагүй. Би Г.*******ийн автомашинтай ирсэн. Би тухайн үедээ Г.*******оос “энэ ямар, хэний автомашин бэ” гэж асуухад “манай ажлаас гаргаж өгсөн, манай компаний автомашин байгаа юм” гэж хэлж байсан. Түрээсээр унаж байгаа гэж надад хэлээгүй. Г.******* надад хэлэхдээ барилгын гүйцэтгэх захирлын ажил хийдэг гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас);

- Гэрч Б.Октябрийн мэдүүлэг “...Г.*******ийг манайхны хүргэн болох гэж байгаа залуу юм байна гэдгээр таньдаг болсон. Ямар нэгэн харилцаа холбоо гээд байх зүйл байхгүй. Г.******* нь 2021 оны 11 дүгээр сарын сүүл, 12 сарын эхээр Ховд аймагт найз охин, хадам аав, ээжтэйгээ ирж манай хашаанд манай хадам аавынд өвөлжсөн юм. Г.******* 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр буюу 28, 29-ний үед надад “ахаа өөрийнхөө автомашиныг зарчихмаар байна, худалдаж авах хүн байхгүй биз, танд мэдэх хүн байвал сураглаж байгаарай” гэж хэлсэн. Би тухайн үед манай нутгийн автомашины наймаа хийдэг Б.Ганхуяг гэх залуу руу залгаад “манай хүргэн ******* LEXUS RX-400 маркийн автомашин зарна гэж байна, чи худалдаж авах yy?” гээд Г.*******ийн LEXUS RX-400 маркийн автомашиныг Б.Ганхуягт авч очиж үзүүлэхэд Г.*******оос автомашиныг нь худалдаж авахаар тохиролцоод урьдчилгаа 5’000’000 төгрөгийг Б.Ганхуяг Г.*******ийн данс руу шилжүүлж байсан. Тухайн өдрийн оройхон 18:00 цагийн үед Г.******* надад “ахаа хоёулаа доошлоод Б.Ганхуяг ах дээр очоод ирье, би Ганхуяг ахаас 14’500’000 төгрөгийг дахиад нэмж авахаар болчихлоо, та надад газар заагаад хамт яваад өг” гэхээр нь Г.*******той хамт доошлоод Цагдаагийн газрын ******* талын А, Б байрны гадна зогссон. Г.******* Б.Ганхуягтай утсаар яриад байр луу яваад орсон ба удалгүй болчихлоо гээд гараад ирсэн. Тэгэхдээ Б.Ганхуягаас 14’500’000 төгрөг авсан юм шиг байна лээ. Б.Ганхуяг Г.******* нар автомашины наймаа хийхдээ мөнгөө урьдчилан өгөлцөөд авалцсан ба шинийн 3, 4-ний үеэр машинаа шилжүүлж өгөлцөж авахаар тохиролцож байсан. ...2022 оны 02 дугаар сарын 07-н билүү 08-ны өдөр ямар шалтгаанаар Г.*******ийн автомашиныг авч явах гэж байгаа талаар асуухад уг машиныг Улаанбаатар хотоос түрээсээр авч ирсэн автомашин байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас) зэргээр Ховд аймгийн Жаргалант сумын нутагт 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүгдэгч Г.******* нь түрээсээр ашиглаж байсан Лексус ар экс-400 (Lexus RX-400) загварын 67-00 УАН улсын дугаартай автомашиныг өөрийн эзэмшлийн эд хөрөнгө мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Ганхуягт зарна гэж хуурч, Хаан банк дахь өөрийн 5083091064 тоот дансаар нийт 20’000’000 төгрөгийн шилжүүлэн авсан нь нотлогдож байна.

1.2. Хохирогч О.Одбилэгийн “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би эмнэлэгт хэвтэж байтал манай ажлын газрын эгч Цэндсүрэн /80421777/ над руу залгаад “эгч нь байрны урьдчилгаанд орчихсон манай дүү Г.******* нь компанийн захирал хүмүүсээс урьдчилгаа мөнгө аваад байранд оруулж байгаа эгч нь урьдчилгаагаа өгчихсөн, одоо нэг хүний боломж байна чи орох уу? эгч нь ахынхаа хүүхдийг оруулах гэж байгаад болиод чамайг илүү дотно болохоор оруулмаар байна” гэхээр нь би “ямар журмаар яаж ордог юм бэ?” гэхэд “төрийн алба хаагч багш болохоор орж болох юм байна” гэж хэлсэн. Цэндсүрэн эгч “хэрэв орно гэвэл эгч нь дугаарыг нь егье” гэж хэлэхээр нь би Г.******* гэдэг хүний дугаарыг авсан. Тухайн үед надад Цэндсүрэн эгч надад 86117766 гэсэн дугаар өгөхөөр нь би Цэндсүрэн эгчтэй ярьсны дараа залгаад Г.******* гэдэг хүнтэй холбогдож “би Цэндсүрэн эгчийн дүү нь байна, би байранд орж болох уу? ямар шаардлага биелүүлэх вэ?” гэхэд “би эргээд ярья” гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байснаа над руу залгаад “за за эгчтэй ярилаа, өөрт чинь итгэж болох юм байна, өнөөдөртөө багтаагаад бичиг баримтаа бүрдүүлээд ажлын цаг дуусахаас өмнө нь 3’000’000 төгрөг шилжүүлбэл баталгаажина шилжүүлэхгүй бол дараагийн хүнийг автоматаар татаад та орж чадахгүй” гэж хэлсэн. Манай компаниас тал мөнгийг нь даагаад Сангийн яамнаас 40’000’000 төгрөгийг даана гэж хэлсэн. Би тэр үед мөнгөгүй байсан тул 2’000’000 төгрөгийг хүүхдийнхээ хадгаламжаас аваад, 500’000 төгрөгийг хадам ааваас аваад үлдэгдэл 500’000 төгрөгийг найз Д.Мөнхсайханаас зээлээд энэ учир явдлаа Д.Мөнхсайханд хэлсэн юм. Би 3’000’000 төгрөгөө 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эмнэлгээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байрлах Сувдан төвийн үүдэнд өөрийн Хаан банкны 5031545465 дугаарын данснаас 3’000’000 төгрөгийг Т.*******ийн 5083091064 дансанд шилжүүлсэн. Тэгээд би буцаад эмнэлэг рүүгээ яваад эмнэлэгтээ хэвтээд маргааш өдөр нь буюу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би эмнэлэг дээр байж байтал Г.******* над руу залгаад “эгчээ яаралтай 500’000 төгрөг шилжүүлээч Сангийн яамны хүнийг хоолонд оруулах хэрэгтэй байна” гэхээр нь би ээж Наранчимэгээс 500’000 төгрөгийг аваад өөрийн Хаан банкны 5031545465 дугаарын данснаас Т.*******ийн 5083091064 дугаарын данс руу 500’000 төгрөгийг УУ90052748 гэж регистрээ бичээд Сувдан төвийн АТМ-ээс шилжүүлсэн. Тэгээд би байрандаа орохоо хүлээгээд байсан ба байранд орох хоног хойшлоод байсан. Хойшлох болгондоо Сангийн яамны албан тоот бичиг явуулаад байсан ба сүүлдээ итгэхээ болиод би Сангийн яаман дээр очоод албан бичгийг нь үзүүлээд энэ хөтөлбөрийн талаар асуухад “ийм хөтөлбөр манайд байхгүй албан бичиг хуурамчаар үйлдсэн байна” гэсэн. Бид нарыг Даваасүрэн гэдэг хүн хариуцсан гэсэн гэтэл тийм хүн ажилладаггүй гэж хэлсэн. Тэгээд би залилуулснаа мэ******* Г.*******ийг хайж эхэлсэн ба Г.******* нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар, Баянгол дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсүүдээс эрэн сурвалжлагдаж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 155-156 дугаар хуудас);

- Хохирогч О.Одбилэгийн Хаан банк дахь 5031545465 тоот дансны “5083091064 тоот данс руу “UU90052748” гэх утгаар 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3’000’000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 500’000 төгрөгийг тус тус шилжүүлсэн” гэх хуулга (1 дэх хавтаст хэргийн 158-159 дүгээр хуудас);

- Монгол Улсын Сангийн яам гэх бланк дээр хэвлэсэн “Сангийн сайдын 2021.12.27 өдрийн 01/08 тоот тушаалаар Байртай Монгол хөтөлбөрийг 2021.12.29 өдөр хүртэл түр хойшлуулав. Жич: Sod March LLC-ний гүйцэтгэх захирал Г.*******т үүрэг болгох нь байртай монгол хөтөлбөрт хамрагдаж буй иргэдэд мэдэгдэх мөн хамрагдсан иргэдийн ам бүлийн тоо хүүхдийн тоог биечлэн авах 2021.12.27-ний 14:00 цаг гэхэд тоог сангийн яамны мэргэжилтэн Б.Даваасүрэн-д албан ёсоор мэдэгдэхийг үүрэг болгов” гэх албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 181 дүгээр хуудас) зэргээр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутагт шүүгдэгч Г.******* нь хохирогч О.Одбилэгийг “Байртай монгол” хөтөлбөрт хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байрны урьдчилгаа гэж 3’000’000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сангийн яамны ажилтныг хоолонд оруулах хэрэгтэй гэж 500’000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 5083091064 тоот дансаар шилжүүлэн авсан үйл баримт нотлогдож байна.

1.3. Хохирогч Н.Бурмаагийн “Би 2021 оны 11 дүгээр сарын 15-аас 20-ны үед ...Г.******* гэх хүнтэй танилцахад өөрийгөө Сод мач группын гүйцэтгэх захирал гэж танилцуулаад Сангийн яамны төсөл хөтөлбөрөөр хэрэгждэг “Байртай монгол” гэх хөтөлбөрөөр 50 хувийг нь улсаас төлдөг хүүгүй, сарын төлөлт нь 500’000-600’000 төгрөг байдаг байр гэж хэлээд 1 м.кв-аас шалтгаалаад үнэ нь өөр өөр гэсэн. Манай дүү Н.Булгамаагийн 52 м.кв байрны урьдчилгаа 6’000’000 төгрөг, миний 64 м.кв байрны урьдчилгаа 8’200’000 төгрөг болно гээд захиалга хийх болоход Г.******* “эхний ээлжид урьдчилгаа өгсний дараа 2021 оны 12 сарын 16-ны өдөр гэрээ хийхээр бэлдэж байгаа учраас байрандаа нүүж орох боломжтой. Байранд улиралд 10 өрх ордог гээд хувийн хэвшил 2 өрх, хөгжлийн бэрхшээлтэй 2, бусад нь төрийн алба хаагчид хамрагддаг” гэсэн. Би “өөрийгөө хүүхэд асрах чөлөөтэй байгаа” гэж хэлэхэд “таны нийгмийн даатгал тасраагүй учир хамаагүй 12 дугаар сарын 07-ны 14 цагаас өмнө урьдчилгаа мөнгөө бэлдчих” гэж хэлсэн. Харин 6’000’000 төгрөгөө урьдчилаад хийчих гэхээр нь би өөрийн 5009095520 дугаарын данснаас *******ийн *******ийн 5083091064 дугаарын дансанд 5’500’000 төгрөг хийсэн. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 22-р хороо Зууннарангийн 13-158 гэрээсээ интернэт банк ашиглаж утга дээр нь 88944246 гэж хийсэн. Хэд хоногийн дараа буюу 12 дугаар сарын 03-ны өдөр Г.******* залгаад “6’000’000 төгрөгийн урьдчилгааны үлдэгдэл мөнгөө хийчих” гэж хэлэхээр нь би хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж зээл аваад өөрийн 5009095520 дугаарын данснаас *******ийн *******ийн 5083091064 дугаарын данс руу 500’000 төгрөг 88944246 гэх утгаар хийсэн. Ингээд тэр үед Н.Булгамаагийнх болчихлоо гэж Г.******* хэлэхээр нь надад байр гарах эсэх талаар асуухад болно гээд надаас ажил болон мөнгөний боломжийн талаар асуугаад намайг байр авахад болох юм байна гэсэн. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хорооны шуудангийн хажууд байхдаа Г.******* руу залгахад “Н.Булгамаагийн байр болчихсон” гэхээр нь өөрөө авах байрны талаар асуухад “хувийн хэвшлээс нэг хүн хасагдсан, таныхыг оруулчихъя” гэж хэлсэн. ...би 64 м.кв байр авахаар болоод урьдчилгаа нь 8’200’000 төгрөг, 14 цагаас өмнө шилжүүл гэхээр нь би хүнээс мөнгө зээлээд, өөрт байсан мөнгөө нийлүүлж өөрийн 5009095520 дугаарын данснаас *******ийн *******ийн 5083091064 дугаарын дансанд 8’200’000 төгрөг Бурмаа гэх утгаар шилжүүлсэн. Үүнээс хойш 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр болоход гэрээ хойшилсон. Он гарахаас өмнө хийнэ гэж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр болоход байр олгохоор болсон гээд Жуков дээр дуудаад хүлээгээд байж байтал “борлуулалтын албанаас ярьж байна Сангийн яам нь дээр төлөөлөл явуулаад уулзчих гээд хойшилчихлоо” гэж хэлсэн. Би Г.*******ийг өөрийн хоолойгоороо ярихаар нь “******* байна” гэж танихад утсаа тасалчихсан. Ингээд сангийн яаман дээр очиход ийм Байртай монгол гэх хөтөлбөр огт хэрэгжээгүй гэж хэлсэн. Би нийт 14’200’000 төгрөгийг өөрийн 5009095520 дугаарын данснаас *******ийн *******ийн 5083091064 дугаарын дансанд шилжүүлж залилуулсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 230 дугаар хуудас);

- Хохирогч Н.Бурмаагийн Хаан банк дахь 5009092260 тоот дансны “5083091064 тоот данс руу “88944246” гэх утгаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5’500’000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 500’000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Burmaa” гэх утгаар 8’200’000 төгрөгийг тус тус шилжүүлсэн” гэх хуулга (1 дэх хавтаст хэргийн 232-234 дүгээр хуудас);

- Гэрч Н.Булгамаагийн “Би 2021 оны 11 дүгээр сарын сүүлээс Г.******* гэх хүнийг Октябраар дамжуулан таних бөгөөд надад Г.******* “24 ширхэг хуучны байр байгаа хаана ч орж болно, хүүгүй урьдчилгаатай” гэж хэлсэн. Ингээд байж байтал Октябр ах надад Сангийн яамнаас хэрэгжүүлж байгаа “Байртай монгол” хөтөлбөр нь явагдаж байгаа гэж Г.******* хэлж байна гээд Г.*******той уулзахаар болоод манай гэрт ирээд мөн эгч Бурмаатай уулзаад бид нар 50 хувийг төрөөс төлдөг, хувийн хэвшил, төрийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй хүн улиралд нэг удаа ордог байр байгаа юм м.кв шалтгаалаад үнэ нь өөр бөгөөд манайх 52 м.кв, эгчийнх 64 м.кв болно. Манай байрны урьдчилгаа 6’000’000 төгрөг, эгчийн байрных 8’200’000 төгрөг болно гэж хэлсэн. Манай эгч Н.Бурмаа уг байрны урьдчилгааг өгөхөөр болоод миний урьдчилгаанд 5’500’000 төгрөгөөр, 500’000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн байсан. Үүнийг өөрийн байрны мөнгө болох  8’200’000 төгрөгийг мөн л өөрийн дансаар шилжүүлсэн бөгөөд дээрх 14’200’000 төгрөг нь манай эгч Н.Бурмаагийн мөнгө байсан. Би өөрийн дансаар мөнгө шилжүүлж өгсөн удаа байхгүй. Надад учирсан хохиролгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 239 дүгээр хуудас) зэргээр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутагт шүүгдэгч Г.******* нь Сод марч ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай гэж танилцуулан хохирогч Н.Бурмааг “Байртай монгол” хөтөлбөрт хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5’500’000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 500’000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 8’200’000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 5083091064 тоот дансаар шилжүүлэн авсан үйл баримт нотлогджээ.

1.4. Хохирогч Д.Мөнхсайханы “...Би 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр найз О.Одбилэгтэй утсаар ярихад “Г.******* гэх хүн “Байртай монгол” хөтөлбөрт нэг хүний орон тоо гарсан” гэхээр нь уулзахаар болсон. Ингээд О.Одбилэгтэй уулзахад өмнө хэлсэн материалыг нь бүрдүүлээд өгсөн. ... Г.******* “11 дүгээр сарын 10-ны дотор яаралтай материалаа бүрдүүлж өгвөл нэг орон тоо гарсан байгаа түүнд орох боломжтой” гэж хэлсэн гэж О.Одбилэг надад хэлсэн. Би тухайн өдөр Баянгол дүүргийн 7-р хорооны нутагт явж байхдаа нөхөр Энхбатын 5033376605 дугаарын данснаас *******ийн ******* гэх хүний 5083091064 дугаарын дансанд эхлээд 3,000,000 төгрөг, хэсэг хугацааны дараа 3’000’000 төгрөгийг ЕН90051705 гэх утгаар нийт 6’000’000 төгрөг шилжүүлсэн. ...О.Одбилэг дахин мөнгө нэмж хийх хэрэгтэй байна гэж хэлээд Баянгол дүүргийн 7-р хорооны нутагт байхдаа өөрийн 5070154917 дугаартай данснаас *******ийн *******ийн 5083091064 дугаарын дансанд 1’000’000 төгрөг ЕН90051705 гэх утгаар шилжүүлсэн. Ингээд би нийт 7,000,000 төгрөг *******ийн ******* гэх хүний дансанд шилжүүлэн өгсөн. ...би 01 дүгээр сарын 11-ний өдөр орон сууцанд ороогүй учраас шалтгааныг тодруулж “СЯБМ хөтөлбөр” гэх фейсбүүк хуудсанд гишүүнээр орж үзэхэд 2 удаагийн Г.*******ийн Sod march LLC нэр дээр албан бичиг тавьсан боловч уг баримт нь хуурамч сайн харахад он сарыг компьютероор шивсэн. Мөн гэрээ байгуулах ээлж гэх 5 жагсаалт байсан бөгөөд уг жагсаалтад байсан хүмүүсээс хэн ч байранд ороогүй бөгөөд бид нар 01 дүгээр сарын 10-ны өдөр Сангийн яаман дээр очиход уг хөтөлбөр огт хэрэгжээгүй талаар хэлсэн. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 65 дугаар хуудас);

- Хохирогч О.Одбилэгийн уг хэрэгт гэрчээр өгсөн “...11 дүгээр сарын 10-ны өдөр Г.******* над руу яриад “нэг хүний орон тоо байна, нийгмийн даатгал төлдөг хүн байвал оруулах боломжтой” гэж хэлэхээр нь би урьд нь найз Д.Мөнхсайханд хэлж байсан учраас түүнийг уг байранд орох эсэхийг асуусан. ...Д.Мөнхсайхан нийт 6’000’000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа Г.******* утсаар “1’000’000 төгрөг яамны мэргэжилтэнд өгөх хэрэгтэй” гэж хэлэхээр нь би энэ тухай Д.Мөнхсайханд хэлэхэд 1’000’000 төгрөг шилжүүлэн өгсөн. Ингээд Д.Мөнхсайханаас нийт 7’000’000 төгрөг *******ийн ******* шилжүүлэн авсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 67 дугаар хуудас);

- Хохирогч Д.Мөнхсайханы Хаан банк дахь 5070154917 тоот дансны, түүний нөхөр Д.Энхбатын Хаан банк дахь 5070154917 тоот дансны, “5083091064 тоот данс руу “EH90051705” гэх утгаар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1’000’000 төгрөгийг, 6’000’000 төгрөгийг тус тус шилжүүлсэн” гэх хуулга (2 дахь хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас) зэргээр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутагт шүүгдэгч Г.******* нь хохирогч Д.Мөнхсайханыг “Байртай монгол” хөтөлбөрт хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байрны урьдчилгаа гэж 6’000’000 төгрөгийг, яамны мэргэжилтэнд өгнө гэж 1’000’000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 5083091064 тоот дансаар шилжүүлэн авсан үйл баримт нотлогдсон байна.

1.5. Хохирогч Л.Шижиртуяагийн “...2021 оны 05 дугаар сард би өмнө зүс таньдаг Г.******* гэх хүнтэй фейсбүүкээр харьцаж Г.******* надаас автомашинаа өгөхийг гуйсан. Би “автомашинаа өөр хүнд өгөхгүй” гэхэд “чи тэгвэл өөрөө намайг автомашинаараа Нисэхэд хүргээд өг” гэсэн. Би тухайн үед зөвшөөрч автомашинаараа хүргэж өгөөд юм ярилцаж байгаад би Г.*******т байр хайж байгаа талаараа ярьсан. Гэтэл Г.******* надад “түрээсийн байр хөтөлбөрт хамруулж өгье, би чиний батлан даагч болоод ХСИСургуулийн эсрэг талд байдаг байранд оруулж өгнө” гэж хэлсэн. Ингээд бид хоёр хүүхдийн 100-гийн ойролцоо уулзаж би өөрийн холбогдох бичиг баримтуудаа өгсөн. 2021 оны 05 дугаар сарын 17-ний өдөр ******* над руу утасдаад 2611199943 гэх Дэвжих сангийн далай ХХК байгууллагын данс өгөөд “мөнгөө одоо хийчих” гэж хэлсэн. Би БГД-н 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкин дээр очиж 5’000’000 төгрөгийг шилжүүлсэн. Г.******* “банкны зээлийн эдийн засагчид 1’000’000 төгрөг өгч байж би зээл гаргуулдаг юм” гэхээр нь би 1’000’000 төгрөгийг түүний 5083091064 гэх данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш Г.******* чамаас гадна 6-7 хүн байгаа энэ бүгдийн материал бүрдэхээр бүгдтэй нь зэрэг уулзаад зээл гарна гэж хэлээд дахиж уулзаагүй сүүлдээ утсаа авахаа болиод алга болсон” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 103 дугаар хуудас);

- Хохирогч Л.Шижиртуяагийн гэрчээр өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 14-ний үед Хаан банкны 5495527843 дугаарын данснаас 1’000’000 төгрөг Г.*******ийн Хаан банкны 5083091064 дугаартай дансанд Шижиртуяа гэж шилжүүлсэн. Энэ гүйлгээг өөрөө хэлэхдээ банкнаас хүнээр зээл гаргуулахын тулд шан харамж маягаар өгнө гэж хэлсэн. 2021 оны 05 дугаар сарын 17-нд 5’000’000 төгрөгийг барьцаа болгож компанийн дансанд байршуулан гэхээр нь би өөрийн эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкны 2611194010 гэх данснаас мөн худалдаа хөгжлийн банкны Дэвжих сангийн далай ХХК-ийн 2611199943 дугаарын дансанд шилжүүлсэн бөгөөд энэ үед Г.******* “гүйлгээний утга дээрээ p57c108d45t гэх байрны код бич” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 87-90 дугаар хуудас) зэргээр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутагт шүүгдэгч Г.******* нь хохирогч Л.Шижиртуяаг түрээсийн байр хөтөлбөрт хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байрны урьдчилгаа гэж 5’000’000 төгрөгийг, мөн зээл гаргуулахын тулд банкны ажилтанд өгнө гэж 1’000’000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт нотлогджээ.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Прокуророос шүүгдэгч Г.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.*******ийн хохирогч Л.Шижиртуяагаас түрээсийн байр хөтөлбөрт хамруулж өгнө гэж 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байрны урьдчилгаа гэж 5’000’000 төгрөгийг, мөн зээл гаргуулахын тулд банкны ажилтанд өгнө гэж 1’000’000 төгрөгийг шилжүүлэн авсан; хохирогч Д.Мөнхсайханаас “Байртай монгол” хөтөлбөрт хамруулж өгнө гэж 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байрны урьдчилгаа гэж 6’000’000 төгрөгийг, яамны мэргэжилтэнд өгнө гэж 1’000’000 төгрөгийг шилжүүлэн авсан; хохирогч Н.Бурмаагаас “Байртай монгол” хөтөлбөрт хамруулж өгнө гэж 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5’500’000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 500’000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 8’200’000 төгрөгийг шилжүүлэн авсан; хохирогч О.Одбилэгээс “Байртай монгол” хөтөлбөрт хамруулж өгнө гэж 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байрны урьдчилгаа гэж 3’000’000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сангийн яамны ажилтныг хоолонд оруулах хэрэгтэй гэж 500’000 төгрөгийг шилжүүлэн авсан; Б.Ганхуягаас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр түрээсээр ашиглаж байсан Лексус ар экс-400 (Lexus RX-400) загварын 67-00 УАН улсын дугаартай автомашиныг зарна гэж 20’000’000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Шүүгдэгч нь хохирогч Б.Ганхуяг, О.Одбилэг, Н.Бурмаа, Д.Мөнхсайхан, Л.Шижиртуяа нараас арван нэгэн удаагийн үйлдлээр нийт 50’700’000 төгрөгийг авсан байх тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч “...хохирогч Н.Бурмаад учирсан хохирлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй гэж үзэж байна. Тухайлбал 650’000 төгрөгөөр рулийн аппарат авч өгсөн, хохирогч Н.Бурмаагийн ахад 70’000 төгрөгийг өгсөн байдаг. Хохирогч Н.Бурмаад миний тооцооллоор 13’200’000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна” гэх агуулгаар хохирлын хэмжээний талаар маргажээ.

Хохирогч Н.Бурмаагийн Хаан банк дахь 5009092260 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулгаар хохирогч нь шүүгдэгч Г.*******т 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5’500’000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 500’000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 8’200’000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь нотлогджээ. Шүүгдэгч Г.*******ийн дансны хуулгаар 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “vrvvliin aprad” гэх утгаар 600’000 төгрөгийн зарлага гарсан нь нотлогдож байгаа боловч нэгдүгээрт хохирогчоос 14’200’000 төгрөгийг шилжүүлэн авсны дараа зарлага хийгдсэн, хоёрдугаарт шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Бурмаа энэхүү үйл баримтыг үгүйсгэсэн, мөн энэхүү зарлагын гүйлгээг үндэслэж хохирогчийн автомашинд сэлбэг авч өгсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэл үнэмшлийг ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг. Энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлоход учирсан хохирлын хэмжээг харгалздаг ба гэмт этгээд хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, буцаан өгсөн нь хэргийн зүйлчлэлд буюу учирсан хохирлын хэмжээг тогтооход нөлөөлөхгүй.

Хохирогч нарт учирсан 50’700’000 төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар их хэмжээний хохиролд хамаарна. Мөн энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “энэ гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг хангажээ.

2.3. Шүүгдэгч Г.Ганзоригийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Г.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 111 дүгээр хуудас), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/314 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 113-126 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримт зэргээр шүүгдэгч Г.******* нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийг 11 удаагийн буюу үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байх ба тодруулбал нийгэмд аюултай үйлдлээ урт хугацаанд олон удаагийн давтамжтайгаар үргэлжлүүлсэн байна. Энэхүү үйл баримтыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хамааруулан үзнэ.

2.4. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч нарт 50’700’000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар тогтоогоогүй, мөн хохирогч нар хор уршгийн талаар нэхэмжлэл гаргаагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ...буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч О.Одбилэг “...би Г.*******ийн дугаар болон мессенжерээр холбогдож мөнгө шилжүүлэхгүй бол цагдаад өглөө гэж хэлсэн. Тэгтэл Г.******* 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 5083091064 дугаарын данснаас Ganzos гэсэн утгатай 800’000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 5083091064 дугаарын данснаас ме Ganzos гэдэг утгатай 1’500’000 төгрөгийг буцаан авсан. Нийт 2’300’000 төгрөгийг авсан” гэж мэдүүлсэн (1 дэх хавтаст хэргийн 155-156 дугаар хуудас);

- Хохирогч О.Одбилэгийн Хаан банк дахь 5031545465 тоот дансны “5083091064 тоот данс руу “ganzos” гэх утгаар 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 800’000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1’500’000 төгрөгийг тус тус шилжүүлсэн” гэх хуулга (1 дэх хавтаст хэргийн 160 дугаар хуудас);

- Гэрч Н.Булгамаагийн “...миний 5007788860 дансаар манай эгчийн хохирол болох 200’000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр, 01 дүгээр сарын 28-ны өдөр 3’000’000 төгрөг, 01 дүгээр сарын 28-ны өдөр 4’000’000 төгрөгийг Г.******* өөрийн 5083091064 дугаарын дансаар шилжүүлж, нийт 7’200’000 төгрөг шилжүүлэн өгснийг би өөрийн эгчийн дансанд шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 235 дугаар хуудас);

- Хохирогч Н.Бурмаагийн Хаан банк дахь 5009092260 тоот дансны “5083091064 тоот данс руу “ganzos” гэх утгаар 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2’000’000 төгрөгийг шилжүүлсэн” гэх хуулга (1 дэх хавтаст хэргийн 232-234 дүгээр хуудас);

- Гэрч Н.Булгамаагийн Хаан банк дахь 5007788860 тоот дансны “5083091064 тоот данснаас “ganzos” гэх утгаар 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 200’000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3’000’000 төгрөгийг, 4’000’000 төгрөгийг тус тус шилжүүлсэн” гэх хуулга (1 дэх хавтаст хэргийн 237 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч Г.******* нь хохирогч О.Одбилэгт 2’300’000 төгрөгийг төлсөн, 1’200’000 төгрөгийн хохирлыг төлөөгүй болох нь, хохирогч Н.Бурмаад 9’200’000 төгрөгийг төлсөн, 5’000’000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй болох нь тус тус нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Г.******* нь хохирогч Л.Шижиртуяа, Д.Мөнхсайхан, Б.Ганхуяг нарын хохирлыг нөхөн төлөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******оос 20’000’000 (хорин сая) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ганхуягт, 5’000’000 (таван сая) төгрөгийг гаргуулж хохирогч Н.Бурмаад, 7’000’000 (долоон сая) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мөнхсайханд, 6’000’000 (зургаан сая) төгрөгийг гаргуулж хохирогч Л.Шижиртуяад, 1’200’000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч О.Одбилэгт тус тус олгох үндэслэлтэй.

Иргэний нэхэмжлэгч Г.Буянтогтох “...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.******* гэх хүн надаас 7 хоногийн хугацаатай LEXUS RX400 маркийн 67-00 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг нийт 1’070’000 төгрөгөөр түрээсэлсэн. Надаас авч явсны дараа 7 хоног нь дуусахаар би залгаад “автомашин яах гэж байна” гэхэд би Ховд аймагт ажилтай байна 2 хоногоор мөнгийг нь шилжүүлж байя” гээд сар гаруй хугацаандаа мөнгөө тасралтгүй хийж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 20-оос хойш над руу мөнгө хийхгүй болохоор би утсаар холбогдоод наад автомашинаа аваад ир гэж хэлэхэд “би Улаанбаатар хот руу гарах гэж байна” гэж хэлээд 4 хоног айлын хашаанд байгаад байсан. Би машинаа GPS-ээр хараад байсан. Тэгэхээр нь би эндээс 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр эндээс гараад Ховд аймагт очиход миний автомашиныг Б.******* найз охиныхоо хамаатны ахдаа мөнгөний барьцаанд тавьчихсан байсан тэгэхээр нь би нөгөө ахтай уулзаад “энэ миний эзэмшлийн машин байгаа юм, хүмүүст түрээслүүлдэг юм” гэж хэлээд автомашинаа аваад Улаанбаатар хотод ирсэн. Би 1’800’000 төгрөгийг нэхэмжлэх шалтгаан нь Улаанбаатар хотоос Ховд аймаг явсан зардал, түрээсийн 8 хоногийн мөнгө нийлээд 1’800’000 төгрөг болж байгаа юм” гэж (1 дэх хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас) мэдүүлжээ.

Тодруулбал иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Г.Буянтогтох нь өөрийн эзэмшлийн Лексус ар экс-400 (Lexus RX-400) загварын 67-00 УАН улсын дугаартай автомашиныг шүүгдэгч Г.*******т түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглуулсан бөгөөд уг гэрээний үүргээ түрээслэгч тал биелүүлээгүйн улмаас үүссэн үүргийг түрээслүүлэгч тал нэхэмжилсэн байна. Өөрөөр хэлбэл уг гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Г.Буянтогтоход 1’800’000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэж тодорхойлсон тул Г.Буянтогтохыг энэхүү хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоох хууль зүйн үндэслэлгүй. Иймд Г.Буянтогтох, шүүгдэгч Г.******* нарын хооронд үүссэн гэрээний маргааныг уг хэрэгт хамтатган шийдвэрлэхгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг нь дурдах нь зүйтэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...Шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Энэ үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг учраас энэ удаагийн гэмт хэрэгт 2 жилийн ял оногдуулаад нэмж нэгтгэн ...5 жил 9 сарын ял байх боломжтой” гэх санал тус тус гаргажээ.

3.1. Шүүгдэгч нь хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн нөхөн төлөөгүй, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэний улмаас хорих ял эдэлж байсан гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан ...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Г.******* нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Шүүгдэгч Г.******* уг шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдэлж байсан ба шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ЦХШЗ/46 дугаартай захирамжаар (2 дахь хавтаст хэргийн 152-154 дүгээр хуудас) энэ хэрэгт яллагдагчаар цагдан хорьж, хорих ял эдлүүлэхийг зогсоожээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын ялын тооцооны тодорхойлолт, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/314 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэргийг үндэслэн тооцвол 3 (гурав) жил 5 (тав) сар 1 (нэг) хоногийн хорих ялын үлдэгдэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдийг баримтлан энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/314 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 (гурав) жил 5 (тав) сар 1 (нэг) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 (долоо) жил 5 (тав) сар 1 (нэг) хоногоор тогтоох үндэслэлтэй.

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлдэг. Шүүгдэгчийн урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байсныг харгалзан түүнд эдлүүлэхээр тогтоосон 7 (долоо) жил 5 (тав) сар 1 (нэг) хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

4. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ЦХШЗ/46 дугаартай захирамжаар шүүгдэгч Г.*******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ЦХШЗ/53 дугаартай захирамжаар (2 дахь хавтаст хэргийн 179-181 дүгээр хуудас), 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ЦХШЗ/57 дугаартай захирамжаар (3 дахь хавтаст хэргийн 01 дүгээр хуудас), 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ЦХШЗ/53 дугаартай захирамжаар (2 дахь хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас), 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/427 дугаартай захирамжаар, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЗ/439 дугаартай захирамжаар, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЗ/33 дугаартай захирамжаар тус тус сунгасан байна.

Энэхүү хэрэгт шүүгдэгч Г.******* нь нийт 147 (нэг зуун дөчин долоо) хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцно. Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

5. Хэргийн хамт ирсэн сиди диск нь нотолгооны ач холбогдолтой тул хэрэгт хадгалах нь зүйтэй. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, мөн хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.*******ийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдийг баримтлан энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/314 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 (гурав) жил 5 (тав) сар 1 (нэг) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 (долоо) жил 5 (тав) сар 1 (нэг) хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******т эдлүүлэхээр тогтоосон 7 (долоо) жил 5 (тав) сар 1 (нэг) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 147 (нэг зуун дөчин долоо) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******оос 20’000’000 (хорин сая) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ганхуягт, 5’000’000 (таван сая) төгрөгийг гаргуулж хохирогч Н.Бурмаад, 7’000’000 (долоон сая) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мөнхсайханд, 6’000’000 (зургаан сая) төгрөгийг гаргуулж хохирогч Л.Шижиртуяад, 1’200’000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч О.Одбилэгт тус тус олгосугай.

7. Иргэний нэхэмжлэгч Г.Буянтогтохын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Хэргийн хамт ирсэн сиди дискийг хэрэгт хадгалж, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний ******* шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА