Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/142

 

 

 

 

 

 

 

 

 2023         01         26                                   2023/ШЦТ/142

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Ю.Батдэлгэр,

хохирогч .........., түүний өмгөөлөгч Т.Багахүү,

шүүгдэгч .......... нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч .......... холбогдох эрүүгийн “2203 00673 0591” хэргийг шүүх 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1.......... оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн .......... суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй гэх “..........” ӨМЭТ-д өрхийн эмч ажилтай, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хот, .......... дүүрэг, 39 дүгээр хороо, “..........” хотхон 266 дугаар байрны .......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .........., .......... овогтой ...........

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч .......... нь 2022 оны ..........  дугаар сарын 20-ны өдөр 07 цаг 36 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо .......... баруун талын замд “Тоёота” маркийн “Приус-30” загварын .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарц дээр явган зорчигч .......... мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч .......... мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч .......... мэдүүлэхдээ: “... Гэмт хэргийн улмаас сэтгэл санаа, гоо сайхан, эрүүл мэнд, цаг хугацаагаар зэрэг олон зүйлээр хохирсон. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр энэхүү хэрэг гарсан бөгөөд .......... буруутай үйл ажиллагааны улмаас эмчийн хяналтад байгаа. Мөн сургалтад хамрагдах байсан гэвч бүх зүйл цуцлагдаж гэртээ хэвтрийн дэглэм барьж байгаа ...” гэв.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс 102 тусгай дугаарын утсанд дуудлага, лавлагааны “10/20/2022 07:57:22” гэх хуудас /хх-3/, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 07 цаг 57 минутад дуудлага өгсөн гэх дуудлагын лавлагааны хуудас, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-11/, “Тоёото” маркийн “Приус-30” загварын .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч .........., явган зорчигч .......... нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-12-13/, хохирогч .......... өгсөн мэдүүлэг /хх-33/, иргэний нэхэмжлэгч .......... өгсөн мэдүүлэг /хх-ийн 37/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №14503 дугаартай дүгнэлт /хх-57-58/, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт /хх-64-67/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Ариунболдын лавлагаа /хх-68-69/, Сүхбаатар эрүүл мэндийн төвийн эмнэлгийн магадлагаа, “Sello” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, тодорхойлолт, “English academy of Mongolia” ХХК-ийн тодорхойлолт /хх-23/, “Save the children”-н тодорхойлолт /хх-22/, хохирогч .......... мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн хохирол төлбөрийн баримт /хх-16-30/, шүүгдэгч .......... эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-83/ зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч .......... нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 07 цаг 36 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо ..........  баруун талын замд “Тоёота” маркийн “Приус-30” загварын ..........  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарц дээр явган зорчигч .......... мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч .......... өгсөн: “... Би 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 07:45 цагийн үед сургалтад суухаар гэрээс гараад .......... баруун талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд зам хөндлөн гарч байх үед урдаас хойш чиглэлд замын 2 дугаар эгнээгээр явж байсан цагаан өнгийн суудлын автомашинд мөргүүлж гэмтсэн. Тухайн үед түргэний эмч ирж үзээд гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж нарийн шинжилгээ өгөхөд эрүүний яс хугаралтай гээд Цэргийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 7 хоног хэвтэн эмчлүүлээд гараад 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс “Си жи эс” нэртэй хувийн эмнэлэгт 8 хоног хэвтэн эмчлүүлээд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр эмнэлгээс гарч одоо дүүргийн эмнэлгийн хяналтад байгаа...” гэх мэдүүлэг /хх-21/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч .......... өгсөн: “...Би уг автомашиныг 2019 онд худалдаж аваад өөрийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулан авснаас хойш унаж хэрэглэж байгаа юм. Манай эхнэрийн төрсөн дүү .......... нь өглөөд манай хүүхдүүдийг хичээлд нь миний машинаар хүргэж өгөөд ажилдаа явдаг юм. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа явж байгаад осол гарсан байна лээ. Миний автомашинд эвдрэл гэмтэл учраагүй болохоор хохирлын үнэлгээ хийлгэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хх-37/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14503 дугаартай дүгнэлтэд:

1. .......... биед эрүү ясны 2 талын үений сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хацар, нүд, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, эрүүнд шарх, нүүрэнд зулгаралт, баруун, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-н 57-58/,

 

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт:

1.Тоёото приус маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна.

2.Уг тээврийн хэрэгсэл нь зүүн урд талын оврын гэрэл асахгүй, улсын дугаарын гэрэл асахгүй, салхины шил цуурсан зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна.

3.Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эвдрэл гэмтэл байхгүй болно. Дээрх эвдрэл гэмтлүүд нь ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл гэмтэл байна.

4.Уг тээврийн хэрэгсэл нь энгийн шингэн дамжуулгатай цахилгаан ABS тоормосны системтэй. Тоормосны системийн ажиллагаа хэвийн, стандартын шаардлага хангаж байна.

5.Тоормосны систем нь хийн шингэж дамжуулгатай, ABS бол дээрх тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд тоормосны мөр зам дээр байна...” гэх дүгнэлт /хх-64-67/,

 

Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1310 дугаартай дугаартай магадлагаанд:

1. Тоёото приус-30 маркийн 49-03 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч .......... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”  гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Зорчигч .......... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа /хх-68-69/,

 

102 тусгай дугаарын утсанд дуудлага, лавлагааны “10/0/2022 07:57:22” гэх хуудас /хх-3/,

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 07 цаг 57 минутад дуудлага өгсөн гэх дуудлагын лавлагааны хуудас, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-11/,

“Тоёото” маркийн “Приус-30” загварын .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч .........., явган зорчигч .......... нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-12-13/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх- 12/,

Хохирогч .......... мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-16-30/,

Шүүгдэгч .......... эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-83/ зэрэг болон зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар дүгнэвэл шүүгдэгч .......... 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 07 цаг 36 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо .......... баруун талын замд “Тоёота” маркийн “Приус-30” загварын .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарц дээр явган зорчигч .......... мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй юм.

 

          Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч .......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

           

           Дээрхи байдлаар шүүгдэгч .......... гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

           Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч .......... нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч .......... хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч .......... нь эрүүл мэнд, эмчилгээний зардалтай холбогдуулан 7.741.892 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч .......... нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.000.000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт 4.581.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн ба хохирогч .......... зүгээс англи хэлний сургалтын төлбөрт 650.000 төгрөг, 3 сарын цалин хөлс 3.600.000 төгрөг, хүүхдийг ивээх сангийн төслийн сургалтад хамрагдах байсан зардал 120.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр тогтов.

 

           Шүүгдэгч .......... 1.160.892 төгрөгийг гаргуулж хохирогч ..........,  1.963.800 төгрийг Эрүүл мэндийн даатгалын санд буцаан төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч .......... гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

            Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

           

            мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

            Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг баримтаар нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Шүүх шүүгдэгч .......... эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Шүүхээс шүүгдэгч .......... ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг  нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч .......... нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тэмдэглэж байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .......... овогт ..........  “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .......... 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар .......... нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

     5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч .......... 3.124.692 төгрөгийг гаргуулж хохирогч .......... 1.160.892 төгрөг олгож, 1.963.800  төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй

 

     6. Хохирогч .......... нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

     7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, .......... нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

      8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл .......... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС