Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 186

 

2019 оны 04 сарын 29 өдөр

 

Дугаар 153/ШШ2019/00186

 

Жаргалант сум

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                               

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

 

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлах, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 1-36 айлын орон сууцны 18 тоотод түр оршин суух, Харчин овогт Тэрбишийн Н -д холбогдох,

 

Т.Нгийн эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 153/2019/00131/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тунамал-Эрдэнэ нар оролцлоо.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залууучуудын хөгжлийн газрын дарга Ц.Номинчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тунамал-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Харчин овогт Тэрбишийн Н нь Н.Хишигжаргал, Н.Оюунхишиг нарын төрсөн эх нь бөгөөд үр хүүхдүүдээ төрсөн цагаас нь хойш өсгөн хүмүүжүүлэх үүргээсээ санаатайгаар зайлсхийн согтууруулах ундаа байнга хэрэглэн архины хамааралтай болсон. Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжпийн газраас Т.Нг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг Цагдаагийн газрын лавлагааны сангаас шалгуулан үзэхэд 2012 оноос хойш 9 удаа зөрчилд холбогдож байсан нь тогтоогдсон. Үүнээс 2 удаа эрүүлжүүлэгдсэн, 4 удаа бусдын бие махбодид гэмтэл учруулсан, хэл амаар доромжилж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, 2 удаа хүүхдээ орхиод алга болсон гэж эрэн сурвалжлагдаж байсан байна.

 

Мөн 2018 оны 09 дүгээр сард согтуу эмэгтэй хүн орилж хашгиран хүүхэд уйлж, амгалан тайван байдал алдагдуулаад байна гэсэн иргэний дуудлагын дагуу Ховд аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжпийн газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч, хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд очиж ажилласан. Тухайн үед Т.Н нь өөрийгөө удирдан жолоодох чадваргүй, 2 хүүхдээ хоол хүнсээр гачигдуулсан, айлгасан, цочоосон байдалтай байсан тул Ховд аймгийн Жаргалант сумын хамтарсан багт мэдэгдэж улмаар 2 хүүхдийг ээжийн хамт түр хамгаалах төвд 7 хоногийн хугацаанд байршуулж ажилласан тухай Ховд аймгийн Жаргалант сумын хамтарсан багийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02 тоот хурлын тэмдэглэл дээр тэмдэглэгдсэн байна.

 

2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Цамбагарав Зочид буудлаас Ховд аймгийн Цагдаагийн газарт, Иргэн Т.Н нь бага насны 2 хүүхдээ уйлуулаад хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулаад байна гэсэн дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжпийн газрын мэргэжилтнүүд газар дээр нь очиж ажиллахад бага насны 2 хүүхэд нь уйлсан, өлссөн, эмх замбараагүй байдалтай, өөрөө цагдаагийн болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжпийн газрын мэргэжилтнүүдийг дайрч давшсан, хэл амаар доромжилсон үйлдэл гаргасан.

 

Иймд Т.Нг Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэц наркалогийн тасагт хэвтүүлэн эмчлүүлж, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжпийн газрын болон Жаргалант сумын хамтарсан багийнхан нөхцөл байдлын үнэлгээ хийж, Т.Нгийн хүүхдүүд болох Н.Хишигжаргал, Н.Оюунхишиг нарыг хувцас, хоол хүнсээр хангалаа. Орон нутагт түр хамгаалах байр байхгүй тул 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хамгааллын мэргэжилтэн Н.Нарантуул нь Н.Хишигжаргал, Н.Оюунхишиг нарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжпийн газрын Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд хуулийн дагуу байршуулан хамгаалж байна. Харчин овогт Тэрбишийн Н нь хүүхдийнхээ эрхийг удаа дараа зөрчсөн, архины хамааралтай, өөрийн орон гэргүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, хүүхдүүдээ хүчирхийлэлд өртүүлдэг. Иймд Т.Нг өөрийнохид болох ПБ16221908 регистрийн дугаартай Н.Хишигжаргал, ПЮ18283041 регистрийн дугаартай Н.Оюунхишиг нарын эх байх эрхийг хасаж өгнө үү.... Хариуцагч Т.Н тайлбартай авга эгч н.Басбишид охин Н.Оюунхишигийг өгнө гэсэн тайлбарыг өгсөн. Энэ тайлбар нь Т.Нгийн өөрийнхөн бодол байгаа. Авга эгч н.Басбиш нь хүүхдийг авч чадахгүй гэдгээ утсаар мэдэгдсэн. Бага охин Н.Оюунхишиг нь Манаа хүүхэд асран хамгаалах төвд байгаа. Манаа хүүхэд асран хамгаалах төвөөс эцэг, эх, асран хамгаалагчгүй гэсэн захирамжийг явуулна уу гэсэн байгаа. Энэ захирамж очоогүй тохиолдолд Н.Оюунхишиг нь Ховд аймаг руу буцаагдах байгаа. Нэхэмжлэлээ дэмжиж байна....Т.Н нь Цамбагарав зочид буудлын эзэнтэй очиж уулзахдаа хоёр хүүхдээ нүцгэн тэвэрчихсэн манай хоёр хүүхэд даараад байна, надад амьдрах орон сууц байхгүй байна гээд тухайн зочид буудалд үнэгүй орж байсан. Буудалд байх хугацаандаа хоёр хүүхдээ хооллохгүй, хүүхдүүд нь өлсөөд орилоод, хоёр хонох хугацаандаа өөрөө орой 22 цагаас хойш гарч яваад өглөө орж ирсэн байгаа. Нөгөө талаас нь харахад хоёр хүүхдээ барьцаалаад байгаа. Хүүхдүүдээ дандаа урдаа барьдаг хэрнээ хүүхдүүддээ огт анхаардаггүй. Хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс зайлсхийж байна....Согтууруулах ундаа байнга хэрэглэдэг. Архи уугаад буудалд байж байхдаа таван удаагийн зөрчлөөр шалгагдаж байсан....Н.Хишигжаргалыг Т.Нгийн авга эгч н.Адилбиш нь авсан байгаа. Н.Оюунхишиг нь Улаанбаатар хотод Манаа хүүхэд асран хамгаалах төвд байгаа....Зөрчлөөр шалгагдаж, эрүүлжүүлэгдэж байсан. Баар цэнгээний газраар явахдаа том охиноо дагуулаад явдаг байсан гэж цагдаа нар ярьдаг....Манаа хүүхэд асран хамгаалах төв нь нярайн асрамжийн байгууллага, нярайн наснаас нь өнгөрөхөөр Өнөр бүл асрамжийн газар луу шилжүүлдэг. Өнөр бүл төв нь 2 дээш насны хүүхдийг асран хамгаалдаг байгуулага....гэв.

 

Хариуцагч Т.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тэрбиш овогтой Н миний бие 1992 онд төрсөн билээ. Ховд аймгийн Гэр бүл залуучууд төвийн нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Эх байх эрхээ хасуулах нэхэмжлэлийг дэмжиж байна. Гэхдээ 8 сарын 30-нд төрсөн 7 сартай охин Оюунхишиг охиныг аавын дүү болох эгч Басбишид эгчид үрчлүүлэхээр болсон. Харин том охин Хишигжаргалыг гэр бүл хүүхэд залуучуудын төвийн газар хүүхэд хамгаалах байранд 1 жил байлгахыг хүсэж байна. Жилийн дотор Н би ажил хийж боломжийн амьдралтай болоод охин Хишигжаргалын ээж байх эрхээ сэргээлгэх авахыг хүсч байна....гэжээ.

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

 

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Т.Нд холбогдуулан Т.Нгийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, охин Харчин овогт Нн Хишигжаргал, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, охин Харчин овогт Нн Оюунхишиг нарын эх байх эрхийг хасуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй ба дээрх нэхэмжлэлийг Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Номинчимэг нь тус шүүхэд гаргах эрхтэй.

 

Харчин овогт Тэрбишийн Н /ПБ92102802/ нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, охин Харчин овогт Нн Хишигжаргал /ПБ16221908/, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, охин Харчин овогт Нн Оюунхишиг /ПЮ18283041/ нарыг төрүүлж, өөрийн овог, нэрээр овоглосон болох нь Н.Хишигжаргал, Н.Оюунхишиг нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно. гэж хуульчилжээ.

 

Т.Н нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийж, согтууруулах ундаа байнга хэрэглэж, тэнэж амьдрах болсон нь Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1/103 дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Тэрбиш овогтой Н, 27 настай эмэгтэй. Онош: Архины хамааралтай, зан төрхийн өөрчлөлт эмгэгин улмаас тус төвийн сэтгэц, наркологийн тасагт 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 3 сарын 15-ны хооронд хэвтэн эмчлүүлсэн нь үнэн болно гэх бичилттэй албан бичиг, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 49-10/608 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2016 оны 11 сараас хойш эрүүжүүлэгдэж байсан, эрэн сурвалжлагдаж байсан талаарх мэдээлэл, 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, Ховд аймгийн Жаргалант сумын Нийгмийн бодлогын ажилтан, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нийгмийн ажилтан нарын Нөхцөл байдлын талаарх тэмдэглэл, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Т.Нгийн асуудлаар хуралдсан Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Засаг дарга К.Сапаргүлийн илтгэх хуудас, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №02 дугаартай Жаргалант сумын Рашаант багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Т.Нгийн охин Н.Хишигжаргал, Н.Оюунхишиг нарт хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд зарцуулах Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/13 дугаартай Мөнгө зарцуулах тухай тушаал, уг тушаалын хавсарлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан Эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно гэсэн үүргээ Т.Н нь биелүүлж чадаагүй байна.

 

Иймд Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Номинчимэгийн гаргасан Т.Нг охин Н.Хишигжаргал, Н.Оюунхишиг нарыг өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатай зайлсхийсэн, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг гэж үзэж эх байх эрхийг хасуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12, Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, охин Харчин овогт Нн Хишигжаргал нь Т.Нгийн авга эгч н.Адилбишийнд амьдарч байгаа, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, охин Харчин овогт Нн Оюунхишигийг хүүхэд асран хамгаалах Манаа төв асран хамгаалж байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тунамал-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т эцэг, эх хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулсан бол уг хүүхдэд асран хамгаалагч тогтоох-оор зохицуулсан ба охин Н.Хишигжаргалыг асран хамгаалах талаар Т.Нгийн авга эгч н.Адилбишийн хүсэлт, хүүхдийг эрүүл аюулгүй орчин өсгөх боломжтой талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Харчин овогт Нн Хишигжаргалын асран хамгаалагчаар хүүхэд, гэр бүл хөгжлийн Өнөр бүл төвийг, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Харчин овогт Нн Оюунхишигийн асран хамгаалагчаар хүүхэд асран хамгаалах Манаа төвийг тус тус тогтоолоо.

 

Хүүхэд, гэр бүл хөгжлийн Өнөр бүл төв нь 2 дээш насны хүүхдийг, хүүхэд асран хамгаалах Манаа төв нь нярай хүүхдийг тус тус асран хамгаалах үйл ажиллагаа явуулдаг байх тул хүүхдүүдийн насны байдлыг харгалзан хоёр өөр төвийг асран хамгаалагчаар тогтоосон болохыг дурдав.

 

Т.Н нь эх байх эрхийг хассан нөхцөл, шалтгаан арилсан тохиолдолд эрхээ сэргээлгэхээр шүүхэд хүсэлт гаргах эрхтэйг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12, Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Харчин овогт Тэрбишийн Н /ПБ92102802/-ийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Харчин овогт Н Хишигжаргал /ПБ16221908/, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Харчин овогт Нн Оюунхишиг /ПЮ18283041/ нарын эх байх эрхийг хассугай.       

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, охин Харчин овогт НХишигжаргал /ПБ16221908/-ийн асран хамгаалагчаар хүүхэд, гэр бүл хөгжлийн Өнөр бүл төвийг, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Харчин овогт Н Оюунхишиг /ПЮ18283041/-ийн асран хамгаалагчаар хүүхэд асран хамгаалах Манаа төвийг тус тус тогтоосугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Байгалмаад даалгасугай.

 

4.Т.Н нь эх байх эрхийг хассан нөхцөл, шалтгаан арилсан тохиолдолд эрхээ сэргээлгэхээр шүүхэд хүсэлт гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    С.ОЮУНЖАРГАЛ