| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00129/И |
| Дугаар | 199 |
| Огноо | 2019-05-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 199
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 153/ШШ2019/00199
Жаргалант сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 9-4 тоотод оршин суух, Шарнууд овогт Дашзэвэгийн Я -ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэмэгдүүлсэн шаардлагатай 153/2019/00129/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, гэрч Ч.Баасанжав, Д.Баярдорж нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Я шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Д.Я бид хоёр 1972 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумын А.Ард-Аюушийн нэрэмжит 8 жилийн дунд сургуулийн 1-р ангид элсэн орсон. Энэ үеэс өнөөдрийг хүртэл Д.Я бид хоёр найз нөхдийн холбоотой байгаа.8-р анги төгсөх явцад Монголын хувьсгалт залуучуудын илгээлтээр гардаг гээд нилээн том ажлууд зохиогдож байсан. Манай хоёр ангиас нийлээд 13 хүүхэд эвлэлийн илгээлтээр гарсан. Энэ эвлэлийн илгээлтээр гарсан хүүхдүүдийн нэг нь Д.Я байгаа юм. Эвлэлийн илгээлтээр гарсан хүүхдүүдийг манлайлж, уриалж гарч байсан. Д.Я нилээн сайн сурлагатай, 8Б ангийн хөдөлгөөнтэй хүүхдүүдийн нэг байсан. Бид нар Д.Яг сургуульд байхад нь Янжиндулам гэж дууддаг байсан. Бид нарыг 8 дугаар ангид байхад иргэний бат илэрхийлэл байж байгаад төгсдөг жил солигдоод иргэний паспорт болсон. Иргэний паспорт авах үед Д.Янжиндуламын нэр бүртгэлд Д.Я гэж бичигдсэн байна гээд Д.Янжиндулам Д.Я гэдэг нэрээр иргэний паспорт авсан. Манай төгсөлтөөс 13 хүүхэд эвлэлийн илгээлтээр гарч, хоёр хүүхэд хоёр жилийн дараа сургуульд явсан. Д.Я эцэг эхийнхээ хамт Баянгол буюу 2-р бригадад мал маллаж байсан. Нэг айлд хөдөлмөрийн чадвартай хэдэн хүн байна, тэр хүмүүсийн тоогоор бог мал маллуулдаг байсан. Нэг хөдөлмөрийн чадвартай хүн 350 толгой мал малладаг байсан. Бог мал маллахгүй гэсэн эмэгтэй хүнд үржлийн 15 үнээ өгдөг. Зунд нь завод дээр сааль саадаг байсан. Нэг үхрээс 270 литр сүүний норм өгдөг байсан.Г.Дашзэвэг гэдэг айл 8 хүүхэдтэй. Д.Ягийн дээд талд нь Д.Аюуш гэдэг эгч байсан. Д.Я айлын 2 дахь хүүхэд юм. Г.Дашзэвэг гуайх бог мал маллахын хажуугаар зун нь завод дээр сааль саадаг байсан. Би Д.Ягийн ажиллаж байсан байдлыг нилээн сайн мэдэж байгаа. Д.Я 1980 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр гараад хөдөө мал маллаж байгаад манай ангийн хүүхдүүдээс нилээн оройтож гэр бүл болсон. Д.Я 1989 оны сүүлээр Х.Батдоржтой гэр бүл болсон. Д.Ягийн Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 2-р бригадад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Хөдөлмөрийн дэвтэр дээр нь Д.Янжиндулам гээд бичсэн байгаа. Сургуульд байхдаа Д.Янжиндулам нэрээр явдаг байсан. Манай сургуулийн нилээн сурлагатай охин байсан. Паспорт авах үед нь чиний нэр Д.Я гэж гарч ирсэн байна гээд Д.Я нэрээр паспорт олгож байсан....1981 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлээс Дашзэвэгийн Янжиндулам гэх нэрээр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр байгаа. Энэ дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Д.Я болохыг тогтоолгох гэж байгаа....гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Я нь ажиллаж байсан байдал тогтоолгох болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Д.Ягийн Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 2 дугаар бригадад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодуурллаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлээс олгосон 1981 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт нэхэмжлэгч Дашзэвэгийн Ягийн нэрийг Дашзэвэгийн Янжиндулам гэж бичилт хийгдсэн байх боловч уг хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн эцэг /эх/-ийн нэр, төрсөн он, сар, түүний ажиллаж байх үеийн байгууллагын тамга тэмдгээр баталгаажсан байдал тохирч байх тул Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлээс Дашзэвэгийн Янжиндулам нэрээр олгосон 1981 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Дашзэвэгийн Я мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Я нь Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 2 дугаар бригадад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 234 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол бригадын 1984-1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, 1981 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нэхэмжлэгчийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Ч.Баасанжавын шүүх хуралдаанд өгсөн ....Д.Я нь Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 2-р бригадад мал маллаж байсан....1980 онд сургууль төгсөөд намын гишүүн, саальчин хийж байсан сүрхий хүүхэд байсан....Х.Батдорж гэдэг хүнтэй гэр бүл болсон.... гэх мэдүүлэг, гэрч Д.Баярдоржийн шүүх хуралдаанд өгсөн ....Д.Я 1964 онд Г.Дашзэвэгийн хоёр дахь охин болж төрсөн. 1980 онд 8-р анги төгссөн. 1989 онд Х.Батдоржтой гэр бүл болж Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багт мал маллаж байсан.... 1980-1989 он хүртэл эцэг эхийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Баянгол бригадад мал маллаж байсан. гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-13, 21-32, 57, 58 дугаар тал/
Хавтаст хэргийн 14-17 дугаар хуудсанд авагдсан иргэн Ч.Баасанжав, Д.Баярдорж нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, иргэн Ч.Баасанжав, Д.Баярдорж нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлээс Дашзэвэгийн Янжиндулам нэрээр олгосон 1981 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь регистрийн дугаартай, Шарнууд овогт Дашзэвэгийн Я мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шарнууд овогт Дашзэвэгийн Ягийн Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 2 дугаар бригадад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ