Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/63

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга: Б.Цэрэнбат,

Улсын яллагч: Х.Нарангуа, /томилолтоор/

Хохирогч Б.Т,

Шүүгдэгч: Ч.Д, /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Дд холбогдох эрүүгийн 2211 00000 2009 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, Ч.Д, 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, ............1-539 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, / /

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Ч.Д нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өрхийн эмнэлгийн урд талын замд хохирогч Б.Ттай “зам хааж зогслоо" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар үснээс нь зулгааж, биед нь халдан эрүүл мэндэд нь баруун, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, дух, цох, хоёр шанаа, зүүн хацар, хамар, эрүү, хүзүүнд зулгаралт, хүзүү, цээж, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Ч.Дгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..2022 оны 10 сарын 31-ний өдөр гэрийнхээ ойролцоо 3 хүүхдээ цэцэрлэг, сургуулиас авах гээд явахад миний хажуу талын машин дохио өгөхгүйгээр зогсох үйлдэл хийхээр нь зогслоо гэж бодоод би цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Тэгтэл цаанаас хохирогчийн талаас машин нь давж ирээд хурдан наад замаасаа зайлаад өгөөч гээд хараасан. Тэгээд би хурдан ухрах үйлдэл хийх явцад манай эгчтэй муудсан. Хурдан зайл гээд хэл амаар доромжлоод ухас ухас хийгээд байхаар нь эгч “чи тэгээд яах гээд байгаа юм, ирээд мөргөчихөөч чи” гэсэн чинь ирээд мөргөсөн. Би ухарч зогсох үед манай эгч буугаад нэг залуутай муудаад байхаар нь би очиж чи ямар тэвчээргүй юм, хэдхэн секунд тэвччихгүй гээд хэлтэл 2 хүүхэд нь уйлаад байсан. Би эгчийг явъя гэж хэлээд буцаад машинд суухад эхнэр нь наад машинаа хурдан аваад зайл гэхээр нь та 2 ямар сонин юм бэ?, нөхөртөө хэлээч, ямар тэвчээргүй юм гэж хэлэхэд эхнэр нь ирээд ямар дээрэлхүү юм гээд миний машины хаалгыг 2 удаа өшиглөсөн. Намайг машины хаалгатай хавсарч өшиглөөд буухдаа барьцалдсан. Би машин хараад ухарч байхад ирээд элдэв үгээр доромжилж мөргөсөн. Би ухрахгүй гэж огт хэлээгүй, ухрах оролдлого хийж байхад мөргөсөн нь энэ хүнээс болсон. Хохирогчид учруулсан гэмтэл дээр маргах зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг.

 Шүүгдэгч Ч.Дгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би болсон хэргийн талаар өмнө гэрчээр мэдүүлэг өгөх үедээ бүгдийг нь үнэн зөв мэдүүлсэн байгаа. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр миний бие өөрийн 8795УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ЧД-ийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өрхийн эмнэлэгийн уулзвар дээр явж байтал урд талын тээврийн хэрэгсэл маань өрхийн эмнэлэг рүү орох гээд дохиогоо өгөөд зогсохоор нь би цаад талаар нь тойрох гээд дартал цаанаас нь нэг цэнхэр өнгийн суудлын тээврийн хэрэгсэл маш эрчтэй орж ирсэн, би машинаа ухраах гэхэд тухайн тээврийн хэрэгслийн жолооч залуу цонхоороо толгойгоо гаргаж ирээд намайг үхсэнээ хийгээд урсгал сөрөөд байгаан замаас зайлаад өгөөч гээд орилоод байхаар нь би хойшоо ухрах гээд байж байтал тэр тээврийн хэрэгслийн жолооч залуу сигналаа дараад хаазлаад ухас хийгээд байсан бөгөөд тэгсэн миний хаууд сууж явсан Б эгч чи яасан сонин залуу вэ ухрах гэж байхад яагаад байгаан гэхэд тэр залуу за хурдан зайлаад өгөөч гээд хашиграал байсан ба манай эгч чи чаддаг юм бол ирээд мөргө гэж хэлсэн тэгсэн тэр залуу урагшаа ухас хийгээд манай машиныг шүргэсэн. Тэгээд манай эгч машинаас буугаад тухайн жолооч залуутай маргалдсан, тэгэхлээр нь би машинаасаа буусан бөгөөд тэр залуутай маргалдчаад машиндаа суутал тэр эхнэр нь болох Т гэх эмэгтэй миний араас чи наад машинаа аваад хурдан зайлаач гээд орилоод байхаар нь би тэр эмэгтэйд хандаж чи наад үгээ нөхөртөө хэл, арчаагүй амьтад, хүүхдүүдээ уйлуулаад инэж байхаасаа ичээч гэж хэлсэн тэгсэн Т нь миний тээврийн хэрэгслийг өшиглөөд авахаар нь буутал тэр эмэгтэй хаалгатай хавсраад намайг 3 удаа өшиглөсөн. Тэгээд би тэр эмэгтэйтэй зууралдаж, үснээсээ зулгаалцаж байгаад харилцан зодолдсон. Тэгээд зодоон эхэлсэн. Тэгсэн замын цагдаа ирээд та хоёрын тээврийн хэрэгсэлд ямар ч гэмтэл учраагүй байна гэж хэлээд явсан. Тухайн зодоон нь тэр тээврийн хэрэгсэл нь миний машиныг ирж мөргөсөнөөс болж маргаан үүсээд түүнээс болоод тухайн зодоон нь үүсэн юм. Мөн тухайн Т гэх эмэгтэй нь ирээд миний машиныг хөлөөрөө өшиглөсөн түүнээс болоод тэр зодоон үүссэн. Тухайн хэрэг болох үед манай төрсөн эгч Б байсан харин Т нь нөхрийнхөө хамт байсан бөгөөд өөр хэн нэгэн бол байгаагүй ээ. Миний тээврийн хэрэгсэлд бол ямар нэгэн гэмтэл учираагүй ээ. Миний биед бол ямар нэгэн гэмтэл шарх учираагүй ээ, Быг хэн нэгэн цохиж зодоогүй ээ. Би Т гэгчтэй харилцан зодолдож байхдаа биед гэмтэл учируулсан байхаа манай эгч Б нь тухайн зодоонд бол оролцоогүй ээ. Би тухайн Тын нөхөр М гэх залууд маш их гомдолтой байгаа учир нь би ухрах гэж байхад машинаараа ирж мөргөсөн, намайг хэл амаар доромжилсон...” гэсэн мэдүүлэг /хх-34-35/,

Хохирогч Б.Таас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Манай нөхөр тэр өдөр онгоцонд суух гээд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгээс аваад яараад явж байсан. Бид 2 эхлээд хүлээсэн. Яагаад худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Манай нөхөр уурлаад хурдлаачээ гэж хэлсэн. Өөрсдөө хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байсан. Номер, номероороо тулж зогсоод байж байтал замын цагдаа ирсэн. Цагдаа энэ хүнд чиний буруу, эрхийг чинь хасна шүү гэж хэлээд явсан. Манай нөхөр хурдан яв зайл гэж хэлэхийн хувьд хэлсэн. Энэ хүнд яараад байна гэж хэлэхэд уурлаад байсан. Машинаасаа бууж ирээд ингэвэл явлаа гээд байн байн бууж ирээд аймар үг хэлээд байсан. Машинд тулж зогссоны дараа гарч ирээд манай нөхөр рүү дайраад курткыг нь урсан байсан. Та нар ямар дээрэлхүү юм, танайх том машинтай манайх жижиг машинтай болохоор дээрэлхээд байгаа юм уу гэсэн чинь дээрэлхсэндээ биш, ийм тэвчээргүй нөхөртэй суусандаа харамс гэж хэлсэн. Манай машиныг цохиод байхаар нь уурлаад адилхан ингээд байвал яаж байна гэсэн чинь гарч ирээд үсэдсэн. Гомдолтой байна. Сорвины тос, өвчин намдаах тос авсан 14.000 төгрөг, өвчин намдаах эм 40.000 төгрөг, шархны тос 9000 төгрөг, толгой тархины томографик харуулсан, үсэндээ үс ургуулах цацлага, шампунь 88.000 төгрөг, 8000 төгрөгөөр шүүх эмнэлэгт үзүүлсэн, 2 удаа толгойгоо бариулсан 20.000 төгрөг болсон нэхэмжилж байна..” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Таас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Өрхийн эмнэлгийн урд талд ...УНЛ улсын дугаартай witz загварын тээврийн хэрэгсэлд нөхөр Мын хамт явж байтал урд талд нэг тээврийн хэрэгсэл хөндлөн зогсоод байсан тул манай нөхөр М нь яваад өгөөч яараад байна гэхэд цагаан өнгийн нэг тээврийн хэрэгсэлтэй нэг эмэгтэй жолооч хөдлөхгүй байгаад байсан бөгөөд манай нөхөр урагшаа хөдөлтөл тухайн тээврийн хэрэгсэлтэй тулаад зогссон. Тэгсэн тухайн тээврийн хэрэгсэл дотроос жолооч эмэгтэй гарч ирээд манай машиныг өшиглөөд авсан ба манай нөхөр лүү дайраад хэл амаар доромжлоод байхаар нь би бууж очоод чи яагаад манай машиныг цохиж өшиглөөд байгаа юм гэхэд ийм нөхөртэй суусандаа харамс энэ тэр гээд намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь миний уур хүрээд өнөөх тээврийн хэрэгслийн хаалга хэсэг рүү бага зэрэг хөлөөрөө 1 удаа өшиглөтөл тэр эмэгтэй тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэй нь миний үснээс зулгаагаад доош дараад газар унагааж байгаад нүүр, хүзүү хэсгийг гараараа маажсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тухайн жолооч эмэгтэйг намайг үсдээд авахаар нь зөрүүлээд үснээс нь хальт зулгаагаад больсон..” гэсэн мэдүүлэг /хх-7-11/,

Гэрч Ч.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр миний бие өөрийн төрсөн дүү Дгийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өрхийн эмнэлгийн урд талын замаар Дгийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад хажуу тийшээ эсрэг урсгал руугаа орох гэхэд цаанаас нь цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл гарч ирсэн бөгөөд ухрах гэхэд тухайн тээврийн хэрэгслийн жолооч залуу нь орилж хашхираад зайлаад өг энэ тэр гээд байсан. Тэгэхээр нь бид хоёр ухрах гэж байгаад тухайн тээврийн хэрэгсэлтэй бага зэрэг шүргэлцсэн бөгөөд би тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан залуутай маргалдаад байж байтал эхнэр нь машинаасаа бууж ирээд манай дүү Дг машины хаалгатай хавсраад 2-3 удаа цохих шиг болсон бөгөөд тэр хоёр хоорондоо маргалдаад зууралдаад авсан. Тэгсэн нөхөр нь манай эхнэрийг аллаа, зодоод байна гэж хэлээд тэр хоёрын голоор нь би боль гэж хэлээд салгасан. Тухайн үед манай дүү Д, тэр эмэгтэйн хамт газар уначихсан харагдсан. ..Тухайн зодоон нь манай дүү Д, тэр үл таних эмэгтэй хоёрын хооронд болсон...” гэсэн мэдүүлэг /хх-18/,

Гэрч О.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-19/ “..2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр миний бие Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байх Өрхийн эмнэлгийн урд талын зам дээр ...УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ явж байтал урдаас цагаан өнгийн тээврийн хэрэгсэл гараад ирсэн бөгөөд би тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байсан эмэгтэйг холдоод өгөөч би яараад байна гэхэд чадахгүй тойроод яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би жоохон урагшаа хөдөлтөл тэр эмэгтэй чи чаддаг юм бол мөргөчих гэхээр нь би тэр эмэгтэйг замаас зайл гэж хэлтэл тэр хөдлөхгүй байхаар нь би тээврийн хэрэгслээрээ шууд урагшлаад тухайн тээврийн хэрэгсэлтэй тулаад зогссон. Тэгсэн тухайн жолооч эмэгтэй нь машинаасаа хамт явсан эмэгтэйтэй хамт бууж ирснээ миний тээврийн хэрэгслийн баруун талын хаалга хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд байхаар нь би машинаасаа буугаад тухайн эмэгтэйтэй хэрэлдээд замын цагдаа дуудчихаад машиндаа суугаад утсаа хараад байж байтал манай эхнэр тухайн жолооч эмэгтэйтэй мөн хэрэлдээд байсан бөгөөд та нар яасан дээрэлхүү юм гэж хэлээд тэр жолооч эмэгтэйн талын машины хаалга хэсэг рүү өшиглөсөн. Тэгсэн өнөөх жолооч эмэгтэй нь машинаасаа гарч ирээд манай эхнэрийн үснээс нь зулгаагаад зодолдоод эхлэхээр нь би машинаасаа гараад очих гэхэд хамт явсан эмэгтэй нь намайг татсан бөгөөд би тэр эмэгтэйн гарыг нь тавиулчхаад очоод тэр хоёрыг салгасан.. Манай эхнэр Тын биед учирсан гэмтлийг тэр тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэй учруулсан..” гэсэн мэдүүлэг,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14973 дугаартай дүгнэлтэд: “..Б.Тын биед баруун, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, дух, цох, хоёр шанаа, зүүн хацар, хамар, эрүү, хүзүүнд зулгаралт, хүзүү, цээж, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-25-26/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: /хх-45-48/ “...02 минут 25 секундэд цэнхэр өнгийн тээврийн хэрэгслээс бууж ирсэн эмэгтэй тухайн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг хөлөөрөө өшиглөж байгаа байдлыг харуулав.. 02 минут 29 секундэд цагаан өнгийн тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэй тээврийн хэрэгслээсээ бууж ирж тухайн хар өнгийн куртик өмссөн эмэгтэйтэй зууралдан ноцолдож буй байдлыг харуулав.. хажууд явсан хүмүүс тухайн хоёр эмэгтэйг салгаж байгаа байдлыг харуулав..” гэсэн тэмдэглэл, шүүгдэгч Ч.Дгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Д нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болох хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас маргаан эхлэж гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, шүүгдэгч Ч.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Ч.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг сануулав.

 

Хохирогч Б.Т нь эмчилгээнд хэрэглэсэн сорвины тосны үнэ, өвчин намдаах тос авсан 14.000 төгрөг, өвчин намдаах эм 40.000 төгрөг, шархны тос 9000 төгрөг нийт 102.600 төгрөг,  толгой тархины томографик харуулсан 290.000 төгрөг, үсэндээ үс ургуулах цацлага, шампунь 88.000 төгрөг, 8000 төгрөгөөр шүүх эмнэлэгт үзүүлсэн, 2 удаа толгойгоо бариулсан 20.000 зэрэг нийт 508.600 төгрөг нэхэмжилснээс үсэндээ үс ургуулах цацлага, шампунь 88.000 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Ч.Дгаас нийт 440.600 төгрөг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ч.Д нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Ч.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг сануулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хохирогчоос нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 88,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Дгаас 440.600 төгрөгийг гаргуулан Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн ....оршин суух хохирогч Б.Тд /РД:..../ олгуулсугай.

 

5. Шүүгдэгч Ч.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР