Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2021/0601

 

 

2021 09 28 128/ШШ2021/0601

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш овгийн Д Ж /РД: /,

Хариуцагч: М*******банк,

Нэхэмжлэлийн шаардлага: М*******банк иргэн Д.Ж*******гийн худалдсан алтны үнийн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 1,173,605.88 төгрөг, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрт 1,172,803.33 төгрөгийг суутган авсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Д.Ж******* би ашиг олох зорилготойгоор иргэдийн гар дээрх алтыг хямд байх үед нь худалдан авч цуглуулж байгаад үнэд орсон үед буюу 2019.03.27-ны өдөр М*******банкнаас зарласан ханш 1 гр алт 111,182 төгрөгийн ханшаар тус банканд алтаа худалдсан боловч, М******* банк миний худалдсан алтны үнийн дүнгээс ашигт малтмал ашигласны нөөцийн төлбөр 1,173,605.88, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрт 1172803.33 төгрөг, хоёр удаагийн үйлдлээр нийт 2,346,409.21 төгрөг шууд суутган авснаар би алдагдалд орсон төдийгүй Д.Ж******* миний бие Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй мөртлөө тухайн үед мөрдөгдөж байсан Aшигт малтмалын тухай хуулиар зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч л төлөх ёстой төлбөрийг төлж хохироод байгаа юм.

Учир нь Улсын Их Хурлаас 2006.07.08-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгалийн нөөц ашигласныхаа төлөө улсын төсөвт нөөц ашигласан төлбөрөө төлөх хуулийн зохицуулалт байна. Иймд М*******банкны дээрх үйлдэл, үйл ажиллагаа нь илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж: М*******банк алт худалдан авахдаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй иргэд, аж ахуйн нэгжээс авдаг үндсэн нөөцийн төлбөр 1,173,605.88 төгрөгийг Д.Ж*******гээс суутган авсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодруулж байна. гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүн амын орлогын татварын 10 хувийг М******* банк нь хуулийн дагуу суутган авсан гэж ойлгоод нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Гэвч үндсэн нөөцийн төлбөр, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр гээд 2 татвар нь нөөц ашигласны төлбөр юм байна. Тиймээс Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс авах ёстой ашигт малтмалын нөөц ашигласны татварыг хувь иргэн хүнээс авсан нь хууль бус гэж үзэж маргаж байгаа тул анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. М*******банк иргэн Д.Ж******* миний худалдсан алтны үнийн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 1,173,605.88 төгрөг, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрт 1,172,803.33 төгрөгийг суутган авсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө гэсэн нь зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгалийн нөөц ашигласныхаа төлөө улсын төсөвт нөөц ашигласан төлбөрөө төлөх хуулийн зохицуулалт тул худалдсан алтны үнийн дүнгээс ашигт малтмал ашигласны нөөцийн төлбөр 1,173,605.88 төгрөг, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрт 1,172,803.33 төгрөг суутган авсан үйлдэл нь илт хууль бус байна гэжээ.

М*******банк нь Ашигт малтмалын тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хуулийг тус тус үндэслэн гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдээс алтыг худалдан авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3.2, 47.4, 47.5 дахь заалтыг үндэслэн алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5 хувийг нэмж нийт 5-10 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутгадаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх заалт нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон М*******банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө. гэж өөрчлөн найруулагдсан.

Өөрөөр хэлбэл ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд, аж ахуйн нэгж байгууллага, иргэд, тусгай зөвшөөрөл эзэмшдэг, эзэмшдэггүй хэн боловч М*******банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх бөгөөд М*******банк нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг алт тушаагчаас хуулийн дагуу суутгаж, улсын төсөвт шилжүүлэх үүргийг хуулиар хүлээсэн.

М*******банк нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч иргэн Д.Ж*******гээс ашигт малтмалын нөөцийн төлбөрийг дээрх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.2, 47.5-д заасны дагуу суутгасан.

Дээрх асуудалтай холбоотойгоор иргэн Д.Ж*******гийн гаргасан гомдолд 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Б-5/394 тоот албан бичиг, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Б-10/987 тоот албан бичгээр тус тус хариу тайлбар өгсөн.

Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр, үндсэн нөөцийн төлбөрийг хэрхэн тооцож авсан талаар тайлбарлавал: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна. гэсний дагуу нэмэгдсэн хувийг тооцон харуулбал:

Алтны тухайд, 1 унци нь 31,1034768 гр-тай тэнцүү байдаг бөгөөд 1 унцийн зах зээлийн үнийн түвшин ам.доллараар хүснэгтэд байгаа үнийн дүнгээр харьцуулан харгалзах хувиар нэмж тооцдог байна. 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 1 ам.долларын төгрөгтэй харьцах ханш нь 2631.28 төгрөг байсан байна. Иргэн Д.Ж******* нь 210,97 гр алтыг 111,182 төгрөгөөр, нийт 23,456,066.54 төгрөгөөр борлуулсан. Энэ нь нийт 6,78 унци алт юм. Тухайн өдрийн алтны ханшаар 1 унци алт нь 3,458,146.76 төгрөг буюу 1314,25 ам.доллар байна.

Иргэн Д.Ж*******гийн тушаасан алт нь нийт 6,78 унци, алтны зах зээлийн үнийн түвшин нийт 8910.58 ам.доллар байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн 5 хувиар нэмэн тооцож суутгасан болно. Иймд хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасан хүснэгтийн дагуу зах зээлийн үнийн түвшин 1300 ам.доллараас дээш нөхцөлд 5 хувийг нэмэн тооцох зарчмыг баримтлан 1,173,605.88 төгрөгийг суутгасан болно.

Бүтээгдэхүүний нэр төрөл

Хэмжих нэгж

Жишиж үнэлэх бүтээгдэхүүн

Зах зээлийн үнийн түвшин /ам.доллараар/

Бүтээгдэхүүний боловсруулалтын түвшингээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах хувь

Хүдэр

Баяжмал

Бүтээгдэхүүн

2

Алт

унци

Алт /химийн цэврээр/

0-900 хүртэл

 

 

0.00

900-1000 хүртэл

 

 

1.00

1000-1100 хүртэл

-

-

2.00

1100-1200 хүртэл

 

 

3.00

1200-1300 хүртэл

 

 

4.00

1300 ба түүнээс дээш

 

 

5.00

 

Иргэн Д.Ж******* нь М*******банканд 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 210,97 гр алтыг нэгжийн үнэ 111,182 төгрөгөөр, нийт 23,456,066.54 төгрөг, 13,14 гр мөнгийг нэгжийн үнэ 1221,54 төгрөгөөр, нийт 16,051.04 төгрөгөөр худалдсан. Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрт алтны үнийн дүн болох 23,456,066.54 төгрөгөөс 5 хувь буюу 1,172,803.33 төгрөгийг, үндсэн нөөцийн төлбөрт алт, мөнгөний нийт үнийн дүн болох 23,472,117.58 төгрөгөөс 5 хувь тооцож 1,173,605.88 төгрөгийг тооцон нийт 2,346,409.21 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр суутган тооцож Татварын ерөнхий газарт шилжүүлсэн болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Ж******* нь тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс авдаг татварыг иргэнээс авсан нь хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсон. Иргэн Д.Ж******* нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр М*******банканд алт тушаасан. Хуульд зааснаар өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр, үндсэн нөөцийн төлбөр гэсэн хоёр төрлийн татвар авахаар хуульчилсан. Үүнийг миний бие хариу тайлбартаа дэлгэрэнгүй бичсэн. Хэрвээ иргэн, аж ахуй нэгжээс М*******банканд алт тушаахдаа тухайн өдрийн алтны ханшийг тухайн өдрийн долларын ханшаар үржүүлж гарсан дүн нь 1300 доллараас дээш байвал 5 хувийн татвар ногдуулдаг. М******* банк нь эдгээр бүх татварыг хуулийн дагуу суутган авч, Татварын ерөнхий газарт шилжүүлдэг. Тухайн шилжүүлсэн баримтыг нь хавтаст хэрэгт хавсаргасан.

Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр орсон өөрчлөлт нь тусгай зөвшөөрөл эзэмшигч эсэхтэй хамааралгүй, энэ хэрэгт хамааралгүй заалт юм. Д.Ж*******гээс суутган авсан хоёр төрлийн татвар нь хуульд анхнаасаа байсан татварууд юм. Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр гэдэг нь алтны үнэнээс нь суутган авдаг төлбөр юм. Харин үндсэн нөөцийн төлбөр нь алт, мөнгө хоёрын нийлүүлсэн үнийн дүнгээс суутган авдаг төлбөр юм.

Д.Ж*******г ашигт малтмалын нөөц ашигласан татвар төлөгч гэж үзээгүй. Ашигт малтмалын нөөц ашиглагчийн татвар нь тусдаа юм. Өсөн нэмэгдэх нөөцийн татвар, үндсэн нөөцийн татвар нь мөн тусдаа татварууд юм. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасны дагуу үндсэн нөөцийн төлбөрийг суутган авсан. Д.Ж******* 6,78 унци алтыг тухайн өдөр тушааснаас тухайн өдрийн ханшаар үржүүлэхэд 5 хувийг нь суутгах авах ёстой. Тухайн тушаасан алтны нийт үнийн дүн нь 23,000,000 төгрөг байснаас, үүнээс 5 хувь буюу 1,173,000 төгрөгийг суутган авсан. Өсөн нэмэгдэх нөөц болон үндсэн нөөцийн төлбөр нь манай эрдэнэсийн сангаас тооцсон суутгалд байгаа.

Ашигт малтмалын тухайн 47 дугаар зүйлийн 47.4-т Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна гэж заасны дагуу алтны тухайд тухайн зах зээлийн үнээс 5 хувийг нь, алт болон мөнгийг нэмсэн дүнгээс нь өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр тооцсон болно. Алт болон мөнгөний нийт дүнгийн 5 хувиар өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийг тооцон, нийтдээ 3,300,000 төгрөгийг суутгасан.

Хүн амын орлогын албан татварыг суутгаагүй. Зөвхөн тухайн хоёр татварыг суутган авсан. Хүн амын орлогын албан татварыг манайх суутган авдаггүй. Тухайн суутгасан татвар нь 10 хувь биш 5, 5 хувиар 2 татварт суутган авсан. Алт тушаасан бүх этгээдээс суутган авдаг татвар юм. Тусгай зөвшөөрөлтэй, тусгай зөвшөөрөлгүй гэж ангилаагүй. Д.Ж*******г М******* банк болон М******* банкнаас эрх олгосон банканд алт тушаасан этгээд гэж үзсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасан хүснэгтийн 2 дахь хэсэг Алт гэсний ард 1300 дээш бол 5.00 гэж заасан. Д.Ж*******гийн тушаасан алтны үнийн дүнг долларт хөрвүүлбэл 8,914 доллар болсон учраас үүнээс 5 хувийн татвар суутган авсан. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд оруулсан өөрчлөлт нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүчин төгөлдөр болсон учраас хэрэглээгүй.

Цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон, М******* банк түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан бүх этгээдүүд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ж*******гээс М*******банкинд холбогдуулан гаргасан иргэн Д.Ж*******гийн худалдсан алтны үнийн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 1,173,605.88 төгрөг, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрт 1,172,803.33 төгрөгийг нийт 2,346,409.21 төгрөгийг суутган авсан М*******банкны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Ж******* нь М*******банкинд 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 210,97 гр алтыг /нэгжийн үнэ 111,182 төгрөг/ нийт 23,456,066.54 төгрөгөөр, 13,14 гр мөнгийг /нэгжийн үнэ 1221,54 төгрөг/ нийт 16,051.04 төгрөгөөр тус тус худалдсан байх бөгөөд М*******банк үүнээс нь үндсэн нөөцийн төлбөрт алт, мөнгөний нийт үнийн дүн болох 23,472,117.58 төгрөгөөс 5 хувь тооцож 1,173,605.88 төгрөгийг, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрт алтны үнийн дүн болох 23,456,066.54 төгрөгөөс 5 хувь буюу 1,172,803.33 төгрөгийг, нийт 2,346,409.21 төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт тус тус суутгажээ.

Талууд тушаасан алтны үнийн дүн, ногдуулсан татварын тооцооллын хувьд маргаагүй.

Нэхэмжлэгч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй этгээд төлөх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч биш этгээдээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу үндсэн нөөцийн төлбөр, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийг суутган авсан авсан нь илт хууль бус гэж маргасан нь үндэслэлтэй байна.

Д.Ж******* нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байх боломжгүйн дээр түүний хамаарал бүхий Х******* ХХК-ийн эзэмшилд 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүртгэлгүй талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс тодорхойлжээ.

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш эсэхэд маргаагүй ч М*******банкинд алт тушаасан этгээд гэх үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.2, 47.4, 47.5 дахь хэсэгт заасныг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь дээр алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 5 хувь нэмж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулан суутган авсан гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Д.Ж******* нь М*******банкинд 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр алт тушаасан, өмнөх өдөр нь буюу 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмал ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө. гэсэн заалтыг Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон М*******банк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө. гэж, мөн 47.3.2 дахь заалтыг өөрчлөн найруулсан, ийнхүү өөрчлөн найруулсан 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 13/1066 дугаарт нийтлэгдсэн, хуульд хүчин төгөлдөр болох хугацааг тусгайлан заагаагүй байх тул М******* Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3-т М******* Улсын хуулийн Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно. гэж зааснаар 2019 оны 4 дүгээр сарын 8-нд хүчин төгөлдөр болжээ.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хууль нэхэмжлэгчийг алт тушаасан 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүчин төгөлдөр болоогүй байсан тул хэрэглэхгүй.

М*******банк Д.Ж*******гийн өргөдөлд 2 удаа хариу өгсөн, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б-5/394 тоот албан бичгээр өгсөн хариунд Улсын Их Хурлын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс мөрдөж эхэлнэ гэсэн бол 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б-10/987 тоот албан бичгээр өгсөн хариунд Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх заалтын дагуу алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна, иймд тусгай зөвшөөрөл эзэмшдэгээс үл хамааран алт тушаагч нь нөөц ашигласны татварыг төлөх үүрэгтэй гэж өөрөөр тайлбарлажээ. Тодруулбал Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх заалтын дагуу алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна гэж үзэж байгаа бол уг заалтыг өөрчлөн найруулсан 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулийг хэрэглэж байна гэсэн үг, гэтэл өмнө нь уг заалтыг өөрчлөн найруулсан хуулийг хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй байсныг дурдсан байдаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж үзээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх заалтыг өөрчлөн найруулсан 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулийг хэрэглээгүй, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг үндсэн нөөцийн төлбөр хэмээн, мөн тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр хэмээн ногдуулсан хэмээн тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн талаарх зохицуулалт бөгөөд, 47.1 дэх хэсгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэн, ямар үнэлгээнээс тооцож хаана төлөхийг, 47.2 дахь хэсгээр төлбөрийг тооцох борлуулалтын үнэлгээг ямар журмаар тооцохыг, 47.3 дахь хэсгээр төлбөр нь ямар хэмжээтэй байхыг, 47.4 дэх хэсгээр үнийн өсөлтөөс нэмэлт төлбөр тооцохыг, 47.5 дахь хэсгээр уг нэмэлт төлбөрийн хувийг хэрхэн тодорхойлохыг, мөн бусад хэсгээр хувь тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг хэн батлах, төлбөрийг давхардуулахгүй ногдуулах, бүтээгдэхүүний боловсруулалтын шаардлага, төлбөрийг тайлагнах, төлөх хугацаа, жишиг үнэ тооцох арга зэргийг тус тус заасан. Тухайн зүйлийн хэсэг, заалт бүрийг салгаж ойлгохгүй, уялдуулан хэрэглэхээр байна, тодруулбал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч этгээдийг тодорхойлсон 47.1 дэх хэсэг төлбөрийн хэмжээ, үнийн өсөлтийн нэмэлт төлбөрийн хувийг тодорхойлсон 47.3, 47.5 дахь хэсгээс салангид тайлбарлагдахгүй, тусдаа хэрэглэгдэхгүй, 47.3, 47.5 дахь хэсэгт зааснаар тооцсон төлбөрийн хэмжээ, үнийн өсөлтийн нэмэлт төлбөрийн хувийг 47.1-д заасан этгээд төлөх үүрэг хүлээнэ.

Тиймээс нэхэмжлэгч М*******банкинд алт тушаасан 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлөх-өөр байхад тусгай зөвшөөрөл эзэмшигч биш нэхэмжлэгчийн худалдсан алтны үнийн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 1,173,605.88 төгрөг, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрт 1,172,803.33 төгрөгийг суутган авсан М*******банкны үйлдэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, илт хууль бус болжээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Д.Ж*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д.Ж*******гийн худалдсан алтны үнийн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 1,173,605.88 төгрөг, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрт 1,172,803.33 төгрөгийг суутган авсан М*******банкны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА