| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00214/И |
| Дугаар | 200 |
| Огноо | 2019-05-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 200
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 153/ШШ2019/00200
Жаргалант сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багт оршин суух, Хойд овогт Жамбын Т -ны нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 153/2019/00214/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие 1964 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багт Жамбын 3 дахь хүү болж төрсөн. Ховд аймгийн Дуут сумын 8-н жилийн дунд сургуульд 1973 онд 1 дүгээр ангид орж, 1978 онд 5 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Хөхбэлчир бригадад эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1982 оны 05 сарын 07-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1985 оны 6 дүгээр сарын 25-ны өдөр халагдаж ирээд Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Хөхбэлчир бригадад эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1986 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Уртнасангийн Оюунхүүтэй гэр бүл болж Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Хөхбэлчир бригадад мал маллаж амьдарсан. Тус нэгдлийг тартал мал маллаж байсан ба Таван-Эрдэнэ ХК болоход мөн малчнаар ажилласан. Би одоог хүртэл малчнаар ажиллаж амьдарч байна.1996 онд Аймгийн аварга үхэрчин, 2005 онд Аймгийн аварга малчин, 2007 онд Улсын аварга малчин зэрэг амжилт гаргасан.
Одоо малчнаар тэтгэвэрт гарах гэж байгаа учир ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Мөн Дуут сумын архивт 1995 оноос 2000 он хооронд малчны А данс байхгүй тул малчнаар ажиллаж байсныг тогтоолгох шаардлагатай болсон. Ийм учраас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас 70 дугаар дансны лавлагаа авч хэрэгт хавсаргасан.
Иймд Ж.Т намайг Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Хөхбэлчир бригадад 1980 оноос 1982 он дуустал, 1985 оноос 1991 он дуустал, 1991 оноос 1994 оныг дуустал, мөн 1995 оноос 2000 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Т нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Хөхбэлчир бригадад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг дуустал, 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 92 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын 1980-1982 он, 1985-1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа, Ж.Т, У.Оюунхүү нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрч Ж.Цэвэгжавын ....Би 1958 онд Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1960 он хүртэл ажилласан. 1960-1990 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар нэгдэл тартал ажилласан....Ж.Т нь Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн сургуулийг 4 дүгээр анги төгсөөд эцэг, эхийнхээ хамт мал малласан. Тэр үед 16 насанд хүрээд нэгдлийн гишүүн болдог байсан. Ж.Т нь энэ журмаар 16 насанд хүрээд Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад эцэг, эхийн хамт малчнаар ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргийн алба хааж ирээд мөн л Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар тасралтгүй ажилласан. Он сарыг нь санахгүй байна. Нэгдэл тараад одоог хүртэл хувийн малаа маллан амьдарч байна....Ж.Т нь бод мал тэр дундаа үхэр, сарлаг голдуу маллаж байсан....Ты аавыг Хишигийн Жамба гэж хүн байсан. Дээр үед багийн дарга байсан хүн. Ээжийнх нь нэрийг Цэмбээ гэдэг байсан.... гэх мэдүүлэг, гэрч Д.Батдолгорын ....Би Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад 1975 оноос эхлэн нэгдэл тарах хүртэл малчнар ажилласан....Ж.Т нь Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн сургуульд сурч байгаад бага ангиасаа сургуулиас гарсан. Нэгдэлд эцэг, эхийнхээ хамт Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад мал маллаж байгаад цэрэгт явсан. 1982-1985 онуудад цэргийн алба хаасан. Цэргээс ирээд Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар тасралтгүй ажилласан. Нэгдэл тараад одоог хүртэл хувийн малаа маллан амьдарч байна. Ж.Тых бод мал тэр дундаа үхэр голдуу маллаж байсан....Ты аавыг Хишигийн Жамба гэж хүн байсан. Ээжийнх нь нэрийг Жамбалын Цэмбээ гэдэг байсан. Эхнэрийнх нь нэрийг Оюунхүү гэдэг.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-18, 22-23, 37-38, 39-40 дүгээр тал/
Гэрч Ж.Цэвэгжавын ...Ж.Тыг манай нутгийнхан халзаа Төмөрөө гэж дууддаг.... гэх мэдүүлэг, гэрч Д.Батдолгорын ....Ж.Тыг манай нутгийнхан Төмөрөө гэж дууддаг.... гэх мэдүүлэг зэргийг үнэлэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 92 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир бригадын 1981 оны 70 дугаар дансанд Төмрөө гэж бичигдсэн баримтыг нэхэмжлэгчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн, түүнлчэн Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир бригадын 1980 оны 70 дугаар дансанд нэхэмжлэгч Ж.Тд 7 дугаар сараас цалин хөлс бодогдож эхэлсэн байх тул түүний ажиллаж байсан байдлыг 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тогтоосон болохыг тус тус дурдав.
Харин нэхэмжлэгч Ж.Т нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Хөхбэлчир бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багт 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оныг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд дээрх хугацаанд ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудсанд авагдсан иргэн Ж.Цэвэгжав, Д.Батдолгор нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 26-28 дугаар хуудсанд авагдсан баримтуудын хуулбар нь бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч Ж.Т нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хойд овогт Жамбын Ты Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Хөхбэлчир бригадад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг дуустал, 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч Ж.Т нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Хөхбэлчир бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багт 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оныг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Т нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ