Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/72

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,

Улсын яллагч Ц.Хулан,

Шүүгдэгч Х.Х /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Хт холбогдох эрүүгийн 2211 00000 2075 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

           Монгол Улсын иргэн, Х.Х, 2001 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “Лондон” лоунжид бармен ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар баг Ивээл ...тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Апартмент хотхон ..... тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: .../

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Х нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лондон” гэх лоунжийн гадна иргэн Б.Мтой “найзыгаа өмөөрсөн” шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр рүү гараараа 3-4 удаа цохиж биед нь баруун талд хоншоор ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн гадна, доод ханын цөмөрсөн хугарал, баруун хацар, шанаа, хөмсөг, зовхи, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Х.Хаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Хохирол учруулснаа зөвшөөрч байна. Г ахыгаа авч явах гээд гадаа 2 цаг хүлээсэн гэж хэлээд орж ирээд бухимдалтай хүмүүстэй харьцаад байсан. Хүнтэй зөв харьцахыг шаардахад намайг хараагаад гарсан. Тэгээд муудсан. 1.280.000 төгрөгийг төлсөн..” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Х.Хаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 24 цаг өнөгрч байхад арга хэмжээ дуусаад ажлаа дотроос нь хаачихаад ажлын газрын захирал М, хоёр тогооч Б, Д, бармен Т, зөөгч Тунгалаг болон цагийн ажил хийдэг хоёр зөөгч бид нар нэг ширээнд сууж хүн тус бүрийн 0.5 литр хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво 3 шилийг уучихаа дахин 0.75 литр хэмжээтэй Эдэн нэртэй архи гаргаж ирээд задлаад юм ярьж сууцгаасан ба тухайн үед манай захирал Мөнх-Эрдэний танил гээд Г, Чингис хаан гэж өөрийгөө өргөмлөөд фэйсбүүкэд лайв хийдэг байдаг залуу бас нэгээс хоёр залуу үлдчихсэн Мтэй захиралтай юм яриад байж байсан. Тэгсэн чинь Чингис Хаан гэж өөрийгөө өргөмжлөөд байдаг залуу агсам согтуу тавиад байхаар нь би түүнийг өргөөд гадаа гаргасан чинь буцаж орж ирээд захирал руу орилсон. Тэгсэн чинь захирал түүнийг тэврээд аваад гарсан ба би дээгүүрх хувцас цүнхийг нь аваад араас нь гарсан. Гадаа гарахад захирал түүнийг гадаа байсан машинд суулгаад хүргээд өгөх боломж байна уу ? гээд машины жолооч болон хамт байсан залуугаас асуухад хүргэж өгөхгүй гээд буулгасан /таньдаг юм шиг байна лээ/. Тэгээд захирал бид хоёр паб руугаа орсон чинь араас гадаа машинд байсан танихгүй залуу орж ирээд Гийг “явъя, 2 цаг хүлээлээ, машинд Тоун сонин хүн суулгах гээд байгаа юм бэ ?” гэсэн чинь Г тоогоогүй гэтэл тэр залуу гарахдаа надад хандаад “чи зүгээр наанаа байж бай” тэгэхээр нь би тэр залуугийн мөр лүү нь түлхээд “чи буруу хүн рүүгээ юм яриад байна, би хамаагүй шүү” гэсэн чинь тэр залуу над руу муухай хараад “писда чинь” гэчихээд гараад явсан. Ингээд миний уур хүрээд араас нь гараад тэр залууг машинд нь шахаад бид хоёр бие биенийгээ багалзуурдсан ба би багалзуурдсан гараараа тэр залууг 2-3 удаа хүзүү рүү нь нударсан. Тэгсэн чинь манай ажлын захирал, Т, Дөлгөөн нар араас гарч ирээд салган намайг дотогш оруулсан. Тэгээд дотор байж байтал гаднаас захирал орж ирэхгүй байхаар нь миний санаа зовоод буцаж гараад багалзуурдсан залуугаа дуудаад хоёулахнаа юм ярьсан ба би түүнд хандаад болсон асуудлын талаар ярихад намайг хэл амаар доромжилсон. Ингээд байж байтал хамт байсан найз нь хажуунаас над руу “чи зүгээр ор” гээд орилсон. Тэгэхээр нь миний уур хүрээд тэр хажууд нь байсан найзынх баруун талын хацар луу нь зүүн гараараа 1 удаа алгадаад цааш паб руу алхсан чинь манай зөөгч Т гараад ирчихсэн надтай багалзуурдаж байсан залууг унагаачихсан байж байсан. Ингээд би Тг аваад паб руу дахин орсон ба гадаа захирал тэд нартай юм яриад байж байсан. Гэтэл захирал М ах орж ирэхгүй дахин удаад байхаар нь тогооч Бтай хамт гадагшаа гарахад нөгөө хоёр залуу машиныхаа урд зогсож байхаар нь би тэр хоёрт хандаад гар бариад эвлэрье гэсэн чинь гар барихгүй миний өөдөөс танай пабыг хаалгана би цагдаа ахтай гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд эхэлж багалзуурдаж байсан залуу руу очоод зүүн гараараа чих рүү нь нэг удаа алгадаад цааш найз руу нь очоод зүүн гараараа нүүр лүү нь нэг удаа хүчтэй цохисон. Тэгсэн чинь тэр хоёр цагдаа дуудчихсан ба би паб руугаа орсон. Ингээд паб руугаа ороод байж байтал цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх байр луу авч явсан..” гэсэн мэдүүлэг /хх-52-53/,

Хохирогч Б.Моос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 24 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 4 дүгзэр хорооны нутаг дэвсгэрт..өөрийн танил ах болох Гийг авах гээд би өөрийн найз болох Тгийн хамтаар явжочсон байдаг.. тэгээд удаад байхаар нь манай найз Т Г ахыг дуудах гээд ганцаараа орсон бөгөөд нээх удалгүй буцаад гараад ирсэн. Гарч ирэх үед нь түүний араас нөгөө өндөр зөөгч залуу дагаж гарч ирснээ манай найзыг машинд шахаж байгаад нүүрэн тус газарт нь цохиж харагдсан... тэр үед салгах гэж очсон биш миний нүүрэн тус газарт цохиод авсан... манай найзтай дахин маргалдсан бөгөөд ..цохиод авахаар нь би салгах гээд дундуур нь ортол миний нүүрэн тус газар 3-4 удаа гараа атгаж байгаад цохисон байдаг... нийт 1.287.600 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх- 6/,

 

Гэрч У.Тгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Тэгээд манай найз М чи яаж байгаа юм бэ гээд салгах гээд орж ирэх үед нь түүний нүүрэн тус газарт 3-4 удаа гараа атгаж байгаад цохисон байдаг. Гэтэл манай найзын баруун талын нүд хөхөрч хавдсан, уруул болон эрүүний түвшинд цохиулснаасаа болоод язарчихсан, хавдчихсан харагдаж байсан..” гэсэн мэдүүлэг /хх-10, 18/,

 

Гэрч Ц.Мэс мөрдөн шалгах аиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгэхээр нь би очсон чинь Х нь М болон түүний найзтай маргалдаж байхаар нь би очиж салгаад Хыг дотогш оруулаад М болон түүний найзтай юм ярьж байтал удалгүй Х эргэж гарч ирээд М болон түүний найзыг нэг нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, /хх-12/

 

Гэрч У.Тгээс мөодөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Х намайг гарч ирэхийн өмнө тэр хоёр залууг цохисон гэж ярьж байна лээ. Би бол яг цохиж байхыг нь хараагүй..” гэсэн мэдүүлэг /хх-16/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №15600 дугаартай дүгнэлтэд: “..Б.Мийн биед баруун талд хоншоор ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн гадна, доод ханын цөмөрсөн хугарал, баруун хацар, шанаа, хөмсөг, зовхи, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” /хх-21-22/, “Мед Траума” эмнэлгийн дүрслэл оношилгооны хариу /хх-41/, шүүгдэгч Х.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Х.Х нь прокуророос яллаж буй хэргийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээж мэдүүлсэн, түүний мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Хын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсангэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Х.Хт нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор  тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Х.Х нь хохирогчид хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 1.280.000 төгрөгийн хохиролыг төлсөн байх бөгөөд хохирогч Б.Моос өөр баримтаар нэхэмжилсэн хохиролгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Х нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанХүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Хыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Хт нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

4. Шүүгдэгч Х.Х нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.МӨНХБАЯР