Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/71

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,

Улсын яллагч Б.Очгэрэл, /томилолтоор/

Шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д. Лт холбогдох эрүүгийн 2211 00000 1807 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

           Монгол Улсын иргэн, Д.Л, 2004 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бат Зэв машин ачилтын компанид туслах ажилтай, ам бүл 4, эмээ, өвөө, ахын хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн .........тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:......1/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Л нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын зүүн талд Э.Мгийн биед халдаж толгой, нүүр лүү гараараа цохиж түүний биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны хугарал духанд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан  болох нь:

Шүүгдэгч П.Лаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Би тэр өдөр ажлаа хийгээд Тэнгисийн урдаас зогсоолын зөрчилтэй машин ачих гээд зөвшөөрлөө цахимаар аваад, жолоочтойгоо бичлэгээ хийж байтал цаанаас энэ хүн ирээд та нар яагаад энэ хүн рүү залгадаггүй юм гэхээр нь бид нар зөвшөөрлөө авсан гээд бичлэгээ хийтэл намайг хулгайч нар минь та нар залгахгүй юм уу гээд байсан. Тэгээд энэ ах машин ачдаг төхөөрөмжид цохиулах гээд байхаар нь та холдоочээ гэхэд холдохгүй байхаар нь холд гээд түлхсэн чинь намайг татаад унагасан. Тэгээд босоод иртэл над руу гар далайхаар нь сандарсандаа цохисон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, өөрөө цагдаа дуудсан..” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч П.Лаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Намайг бичлэг хийж байхад үл таних хамааралгүй хүн хүрч ирээд “та нар утас руу залгадаггүй юм уу, муу хулгайч нар” гэх зэргээр хэл амаар доромжлоод орилж хашгираад байсан. Би бичлэгээ  үргэлжлүүлээд хийж байтал тухайн эрэгтэй ачих гэж байгаа машины урд буюу манай машин, тухайн машин хоёрын голд орж зогсчихоод холдохгүй байсан. Манай жолооч машин ачих төхөөрөмжөө буулгаж байхад тухайн эрэгтэй холдохгүй, төхөөрөмжинд цохиулах гээд байсан. Тэгэхээр нь би “холдооч ахаа” гээд мөрөөрөө цааш түлхтэл “Би төрийн албан хаагч шүү. Надад битгий хүр” гээд намайг түлхээд байсан. Тэгээд би тухайн эрэгтэйг түлхээд машинаас холдуулчихаад эргээд алхтал хойноос цамцны хоолойноос татаад намайг газарт унагаасан. Тэгэхээр нь би “та яагаад миний биед халдаад байгаа юм”. Гэтэл өөдөөс “та нар шиг хулгайч нарт яаж ч хүрсэн яадаг юм” гээд гараа далайхаар нь сандарсандаа зүүн гараараа нэг удаа нүүр рүү нь алгадаад баруун гараа атгаж байгаад нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Дараа нь би машин руугаа очоод сууж байтал тэр ах нүүрээ барьчихсан над дээр ирэхэд нь хартал зүүн талаас нь цус гарчихсан байсан. Тэгээд би тухайн ахаас уучлалт гуйгаад сальфетка аваачиж өгсөн..” гэсэн мэдүүлэг /хх-45-46/,

 

Хохирогч Э.Мгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Тухайн өдөр миний ард талын ачих гэж байсан машины жолооч харж байгаарай гээд явсан. Тэгсэн машин ачилтын хүн маш хурдан ирээд 30 секундэд ачихаар нь байж байгаарай утсаар яриадахъя гэж хэлтэл маш хүчтэй гараараа холд гэхээр нь өөрөөсөө холдуулаад утсаараа ярьж байтал миний нүүр рүү цохисон. Би жилийн өмнө хамрын хагалгаанд орж байсан учраас гэмтчих вий гээд хамгаалсан боловч 4-5 удаа цохисон. Тухайн үед маш их цус гарсан. Энэ залуу цагдаа дуудъя гээд дуудсан. Манай дүү ирээд гэмтлийн эмнэлэг рүү намайг авч явсан. Би 10 сарын дундуур 2 жилд 1 удаа болдог Дэлхийн Атомын агентлагийн улаан номын уулзалтад улсаа төлөөлж явахаар 1-2 хүний нэг гишүүн болсон байсан. Шалгалтад тэнцээд ойролцоогоор 4 орчим сарын бэлтгэл, Олон Улсын 70 гаруй улс орох сургалтад орох гэж байсан. Агентлагийн дарга дээр ороход нүд чинь яасан юм гээд байсан. Би цохиулснаас хойш 10 хоногийн дараа ажил дээрээ очсон. Нүд чинь ийм болчхоод явж болохгүй, өөр хүн явуулна гээд өөр мэргэжилтэн хүнийг явуулсан боловч тэр хүн нь шаардлагатай хурал, зөвлөгөөнөө бэлдэж чадаагүй, тухайн нөхцөлд тушаал нь тулж гарсан байсан. Монгол Улсаа төлөөлөх асуудлаа ярьж чадаагүй, очоод юу ч хийгээгүй, аялал зугаалга маягаар төрийн ажлыг явуулсан гээд ажлаасаа халагдсан байгаа. Би чигээрээ харахаас бусад тохиолдолд юмыг давхцуулж хардаг. Нүдний хөдөлгөөний саажилттай байна. Өчигдөр эмчид үзүүлэхэд нүд чинь суулт өгсөн байна гэж хэлсэн. Баруун нүдний хараа зүүн нүднээс муудсан байсан. Хувиараа үзүүлсэн болохоор даатгал бичүүлж аваагүй, авч болно. Тухайн үед удирдлагын академийн төрийн албаны ахлах түшмэлийн сургалтад байгууллагаас сургаж байсан. Байгууллага, сургалтад очиход хөхөрсөн нүдтэй хүнтэй зодолдсон юм шиг муухай үзэгдэж байсан. Би сэтгэл санааны хохиролтой байна. Лын ах нь 9 сарын 29-ний үед над руу 2 удаа холбоо барьж байсан. Хагалгаанд орох чинь үнэн юм уу, хаана орох гээд байгаа юм гэх байдлаар ярьсан. Түүнээс хойш 1 удаа яриад өмгөөлөгчтэйгөө байлцаад уулзъя гэсэн. Миний хувьд Лыг нас залуу, эрэгтэй хүүхэд гэж ирээдүйг нь бодоод эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлээд өгвөл сайнаар хэргийг шийдвэрлүүлье гэхэд 2 удаа өмгөөлөгч бид хоёртой цаг товлоод утсаа авахгүй уулзахгүй, хүлээлгэсэн. Түүнээс хойш нэг ч удаа яриагүй, нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Өчигдөр үзүүлэхэд 2 мм орчим суулт өгсөн. Нүдний чинь ардуур хийсэн хагалгаа 100 хувь яс нь цөмөрсөн байхад 80 хувийг нь бөглөсөн. Үлдсэн 20 хувийг бөглөе гэхээр нүдний гол судас гэмтэж улмаар хараагүй болох аюултай байгаа. Өшөө нүд чинь цаашаа сууна гэж хэлсэн. Нүдэндээ утас болон компьютерын ачаалал бага өгөөрэй гэсэн. Гэвч би компьютер дээр байнга суудаг ажил хийдэг. Үүнтэй холбоотойгоор нүд ядрах, толгой эргэх асуудал гарч байна. хагалгааны дараа огцом муудаж, биен дээр 4-5 хатги дараалалж гарсан. Ханиадыг эмчлэх гээд бүтэн сар яваад одоо л гайгүй болж байна. 7.900.000 төгрөг нэхэмжилж байна..” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Э.Мгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Байгалийн түүхийн музейн урд талын зогсоол дээр машиндаа сууж байхад ... УБА улсын дугаартай приус 41 загварын машиныг ачих гээд ачилтын машин ирсэн. Ачилтын машинаас туслах нь бууж ирээд тухайн зогсоол дээр зогсож байсан машины бичлэгийг яаруу сандруу хийгээд гүйж байсан. Тэгтэл ачилтын машин нь тухайн машиныг эзэмшигчийг зарлан дуудаагүй, утас руу нь залгахгүй байхаар нь очоод “утас руу нь нэг удаа залгаадахъя. Түр хүлээж байгаарай” гээд утсаа гаргаад иртэл ачилтын туслах залуу нь намайг биеэрээ түлхээд тохойгоороо миний баруун хавирга руу тохойлдсон. Тэгэхээр нь би өөрөөсөө түүнийг холдуулах гээд баруун гараараа мөр рүү нь түлхэхэд тухайн залуу тэнцвэр алдаад гараараа газарт тулсан. Тэгээд босч ирээд “чи хэн болоод залгадаг юм” гээд миний толгой хэсэг рүү, зүүн нүд рүү 4-5 удаа цохисон. Тэр үед би нүүрээ хамгаалаад тонгойход зүүн хөмсөгний дээд хэсгээс их хэмжээний цус гарсан. Ингээд цус гараад байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..Би 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр авсан гэмтлээсээ болж мөн оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт зүүн нүдний ухархай яс нөхөх хагалгаанд орсон. Хагалгааны дараа миний зүүн нүдний хараа муудсан эгч харахаас бусад тохиолдолд юмсыг хоёр болгож хараад байгаа, нүднийхээ булангаар удаан харахаар эсрэг талдаа зовуурьтай байгаа. Мөн хагалгааны дараа дархлаа муудаж, хатиг гарах болсон. Хагалгааны дараа эмч “хоёр нүдний түвшин өөр болчихсон байгаа. Үүнээс болж цаашдаа нүд ширгэж хараа муудах эрсдэлтэй. Тогтмол эмчийн хяналтад байх шаардлагатай гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг /хх-7-8, 58-59/,

 

Гэрч О.Гээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Лутаа тухайн залууг холд гээд түлхэж байх шиг байсан. Тэгэхэд тэр эрэгтэй хувцасных нь ард хоолойноос нь барьж байгаад хойш нь татаад унагаачихсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад очтол тухайн эрэгтэйн зүүн хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан. Лутаа тэр үед тухайн эрэгтэйд машинаас сальфетка авч өгөөд цусыг нь арчиж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-13-14/,

 

Гэрч Г.Шгаас мэдүүлсэн: “..Намайг машин дээрээ гүйгээд очтол миний машины урд М гэх эрэгтэй нь доошоо тонгойчихсон гараараа духаа халхалчихсан нүүр хэсгээс нь цус дусаад газарт цус болчихсон байдалтай байж байсан. Би юу болсон талаар асуутал “таны машиныг ачих гээд байхаар нь би тан руу залгах гэтэл энэ залуу намайг цохичихлоо” гэж хариулсан..” гэсэн мэдүүлэг /хх-26-27/,

 

Гэрч Д.Аээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...П.Лтай огт гэрээ байгуулаагүй байсан ба П.Л нь туршилтын шугамаар манай компанид ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-75-76/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Б.Баяртогтохын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 13150 дугаартай “...П.Лын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-16-17/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Б.Б 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 13160 дугаартай дүгнэлтэд: “..Э.Мгийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны хугарал духанд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-22-23/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Ч.Э 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 993 дугаартай дүгнэлтэд: “..Урьд гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1360 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Э.Мгийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны хугарал, духанд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой..” гэх дүгнэлт /хх-80-82/,

Шүүгдэгч П.Лын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-29/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч П.Л нь прокуророос яллаж буй хэргийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээж мэдүүлсэн, түүний мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Лын дээрхи үйлдлийн улмаас Э.Мгийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны хугарал духанд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн, энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусад хөнгөн хохирол учтрсан байна гэж дүгнэлээ. Хэдийгээр хохирогчид учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтэл байх боловч хохирогч Э.М нь нүдний ухархайн мэс засалд орж ухархайн имплант суулгасан байна.

Шүүгдэгч П.Лын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Лт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өсвөр насны буюу насанд хүрээгүй 17 нас 9 сартай байсан, тэрээр гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч П.Лт нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор  тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нь насанд хүрээгүй өсвөр насны этгээд байсан тул түүний эмэг эх Р.Д иргэний хариуцагчаар татсан байх боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед шүүгдэгч нь насанд хүрсэн байх тул нэхэмжлэлийг хариуцах этгээд нь шүүгдэгч П.Л гэж шүүх үзсэн болно.

 

Хохирогч Э.М нь шинжилгээ, эмчилгээ, эм тариа, хагалгаанд шаардлагатай хиймэл яс, авто машины шатахуун, өмгөөлөгчийн хөлс нийт 7.959.348 төгрөгийг шүүгдэгч П.Лаас нэхэмжилсэн байна. Үүнээс хэвтэн эмчлүүлэхэд 321.300 төгрөг, ковидын шинжилгээнд 35.000 төгрөг, Орбита эмнэлэгт үзүүлэхэд 20.000 төгрөг, зогсоол, шатахуунд 221.348 төгрөг, экспресс оношлогоонд 30.000 төгрөг, тархины оношлогоонд 120.000 төгрөг, хагалгаанд шаардлагатай хиймэл эд, цус тогтоогч авахад 3.080.000 төгрөгтийг тус тус төлж нийт 3.817.348 төгрөгийг зардал гаргасан байна. Үүнийг шүүгдэгч П.Лаас гаргуулан хохирогч Э.Мд олгохоор шийдвэрлэв. Харин хэвтэн эмчлүүлэхэд төлсөн 2.142.000 төгрөгийн баримт Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй давхардсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардлийн хамт 4.142.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Хохирогч Э.М нь өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа авах нь өөрийнх нь эрхийн асуудал, сайн дурын үндсэн дээр хийгддэг гэрээ бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй өмгөөлөгчийн хөлсний хэмжээ харилцан адилгүй, нэгдсэн өмгөөлөгчийн хөлсний хэмжээг тогтоосон аргачлал байхгүй, тус хэрэгт хохирогч нь хуульд заасан үндэслэлээр зайлшгүй өмгөөлөгч авах шаардлага үүсээгүй, өмгөөлөгчийн зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Н Эрүүл мэндийн даатгалын санд учирсан Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 161.000 төгрөг, Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 48.000 төгрөг, Улсын хоёрдугаар төв эмнэлгээс 57.000 төгрөг, улсын хоёрдугаар төв эмнэлэгээс 1.820.700 төгрөг, Хан-Уулын эрүүл мэндийн төвөөс 15.000 төгрөг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 2.101.700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар жагсаалтаар нэхэмжилсэн байна. Гэвч дээрхи нэхэмжлэлтэй холбоотой ямар нэгэн баримт ирүүлээгүй байна. Харин хохирогчоос нэхэмжилсэн нэхэмжлэлийн баримт дотор Улсын хоёрдугаар төв эмнэлэгт төлсөн 1.820.700 төгрөгийн баримт байх тул иргэний нэхэмжлэгч Б.Нд 1.820.700 төгрөгийг шүүгдэгч П.Лаас гаргуулан олгохоор шийдвэрлэж, үлдэх 281.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч П.Л нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Лыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Л нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Э.Мгийн нэхэмжилсэн 7.959.348 төгрөгийн нэхэмжлэлээс 3.817.348 төгрөгийг шүүгдэгч П.Лаас гаргуулан хохирогч Э.М-д олгож, 4.142.000  төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

иргэний нэхэмжлэгч Б.Наас нэхэмжилсэн 2.101.700 төгрөгийг нэхэмжлэлээс 1.820.700 төгрөгийн шүүгдэгч П.Лаас гаргуулан хохирлыг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Нд олгож, 281.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Шүүгдэгч П.Лын бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР