Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 322

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: “Б” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Т.Г -д холбогдох 

1.510.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ганзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Т.Г нь 2018 оны 03 сарын 26-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай “Б” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй тус төвийн байранд байрлах нэг өрөө талбайг тоглоомын газар ажиллуулах зорилгоор сарын 200.000 төгрөгийн төлбөртэй, төлбөрийг сар бүрийн 3-нд бэлнээр төлөхөөр харилцан тохиролцож, түрээсийн гэрээг бичгээр байгуулан ажиллуулж байгаа. Түрээслэгч Т.Г нь 2018 оны 8 сараас эхлээд гэрээний үүргээ биелүүлээгүй, 2018 оны 8 сараас 2019 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төлөх ёстой нийт 1.510.000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөөгүй. Манай байгууллагын зүгээс утсаар болон төлөөлөгчөөр дамжуулан удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсээр байна. Түрээслэгч тал түрээсийн гэрээний 2.4, 2.5, 5.1, 6.4.2 дахь заалтуудыг зөрчсөн, түрээслэгч талтай зөвшилцөлд хүрч чадахгүй байна. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрт нийт 1.510.000 төгрөг гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Г нь “Б” МСҮТ-ийн тус байранд байрлах нэг өрөө талбайг тоглоомын газар ажиллуулах зорилгоор сарын 200 000 төгрөгийн төлбөртэйгөөр, төлбөрийг сарын болгоны 03-ны өдөр бэлнээр төлөхөөр харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулан, харилцан тохиролцож үйл ажиллагаа явуулсан. 2018 оны 08 сараас хойш хариуцагч Т.Г нь гэрээний үүргээ биелүүлээгүй. 2018 оны 08 сараас 2019 оны 04 сар хүртэл хугацаанд нийт түрээсийн төлбөр 1 510 000 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Манай байгууллагын зүгээс хариуцагчтай утсаар болон төлөөлөгчөөр дамжуулан төлбөрөө төлөхийг удаа дараа шаардан албан мэдэгдэл хүргүүлсэн боловч түрээсийн гэрээний 2.4, 2.5, 5.1, 6.1, 6.2 дахь заалтуудыг зөрчсөн, талууд зөвчилцөлд хүрч чадахгүй байгаа учраас шүүхээр маргааныгг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар түрээслэгч Т.Г-с 2018 оны 03 сарын 26-ны өдрийн түрээсийн гэрээний төлбөрт 1 510 000 төгрөг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь хариуцагч Т.Г-д холбогдуулан 1.510.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Т.Г нь нэхэмжлэгч “Б” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн өрөөнд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тоглоомын газар ажиллуулж түрээсийн сарын төлбөр 200.000 төгрөгийг төлж байхаар 1 жилийн түрээсийн гэрээ байгуулсан болох нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн түрээсийн гэрээгээр / хх-5-6х/ нотлогдож байна.

Нэхэмжлэгч ““Б” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ “Хариуцагч Т.Г нь 2018 оны 03 сарын 26-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай “Б” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй тус төвийн байранд байрлах нэг өрөө талбайг тоглоомын газар ажиллуулах зорилгоор сарын 200.000 төгрөгийн төлбөртэй, төлбөрийг сар бүрийн 3-нд бэлнээр төлөхөөр харилцан тохиролцож, түрээсийн гэрээг бичгээр байгуулан ажиллуулсан. ... Түрээслэгч тал түрээсийн гэрээний 2.4, 2.5, 5.1, 6.4.2 дахь заалтуудыг зөрчсөн, түрээслэгч талтай зөвшилцөлд хүрч чадахгүй байна. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрт нийт 1.510.000 төгрөг гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэж тодорхойлсон бөгөөд “М” тоглоомын газрын түрээсийн зардлын дэлгэрэнгүй бүртгэл/ хх-4х/, мэдэгдэх хуудас өгсөн тэмдэглэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр хариуцагч Т.Г нь түрээсийн төлбөр 1510000 төгрөг төлөөгүй болох нь тогтоогдож байна. 

2019 оны 04 сарын 19-ний өдөр хариуцагч Т.Г-д нэхэмжлэлийн хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан журмын дагуу гардуулж хариуцагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг  танилцуулан тайлбарлаж өгчээ. Хариуцагч Т.Г нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл тайлбар түүнийг нотлох баримтаа ирүүлээгүй болно. Шүүх хуралдааныг товлон зарлаж хариуцагч Т.Г-д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмыг баримтлан мэдэгджээ. Гэвч хариуцагч Т.Г шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй эсэх талаар эргэж мэдэгдээгүй, шүүхэд тайлбар гаргаагүй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу хариуцагч Т.Г-г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ. 

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Г-с 1.510.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд олгох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч “Б” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.110 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Г-с улсын тэмдэгтийн хураамж 39.110 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд олголоо.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Г-с түрээсийн төлбөр 1.510.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Б” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд олгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “Б” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.110 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Г-с улсын тэмдэгтийн хураамж 39.110 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ч.ЖАРГАЛАН