| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2023/0055/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/63 |
| Огноо | 2023-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч Б.Энхбаяр (томилолтоор),
шүүгдэгч А.Г................н нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 01954 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Цагаан лам овогт А................мийн Г................н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, 30 настай, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “..................................... хамт Сонгинохайрхан дүүргийн ............................................ суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ............................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Г................н нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 29-нд шилжих шөнө 6 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ...................... байрны гадаа иргэн Г.Г......................гтой зогсоолд тээврийн хэрэгсэл байрлуулах асуудлаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний хамар хэсэгт гараараа 3-4 удаа цохиж, биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч А.Г................н нь 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 05 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 22б байр буюу гэрийнхээ гадаа өөрийн эзэмшлийн ................. улсын дугаартай Nissan X-trail маркийн тээврийн хэрэгслийг зогсоолд байрлуулж байжээ. Энэ үед Г.Г......................г нь өөрийн эзэмшлийн Toyota Camry маркийн машинтай ирж тааран улмаар хоорондоо гарц хаасан гэх асуудлаас маргалдан А.Г................н нь Г.Г......................гийн эрүүл мэндэд халдаж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Хохирогч Г.Г......................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө найзуудтайгаа ...караокед уулзаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. 05 цагийн үед би ...архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор дуудлагын жолооч дуудаад гэр рүүгээ явсан юм. Гэрийнхээ гадаа 6 цагийн үед ирээд машинаа ...байрлуулах гэхэд манай байрны зогсоолын орж гардаг хэсгийг цэнхэр өнгийн ................. Х-Trail гэдэг автомашин таглаад зогсчихсон байсан. Тэгэхээр нь би жолооч дээр нь очоод “хөгшөөн машинаа холдуулчих” гэсэн чинь хажууд нь сууж байсан арай махлаг залуу нь надад хандаж “чи 3 цагаас өмнө машинаа байрлуулах ёстой юм байгаа биз дээ” гэж над руу зандрангуй хэлэхээр нь би зөрүүлээд “чи ямар сонин гөлөг бэ” гэсэн чинь тэр махлаг залуу бууж ирээд над руу ойртохоор нь би 2 гараараа цээж хэсэг рүү нь түлхэхэд тэр залуу “би 5 шар толгойтод том шүү гээд дайраад байсан. Тэгээд аль гарыг нь мэдэхгүй байна аль нэг гараараа миний хамар хэсэг рүү 2-3 удаа цохиход миний хамраас цус гарсан....тэр залуу дээгүүрээ өмссөн байсан хувцсаа тайлаад ална тална гээд байсан...гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дахь тал),
- Гэрч Н.С.................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр...Г................н ахыг буулгах гээд бид хоёр машинаасаа гарсан чинь тэр залуу “би машинаа байрлуулж болох уу бацаан юм байна, гөлөгнүүд минь гэсэн чинь Г................н ах тэр залууд хандаж бид нар яагаад гөлөг байдаг юм гэсэн чинь тэр залуу хүрч ирээд Г................н ахыг баруун гараараа заамдаад түлхээд байсан. Тэгсэн чинь Г................н ах баруун гараараа нүүр хэсэг рүү 2 удаа алгадсан дараа тэр газар унаад амнаас нь цус гарч байгаа харагдсан. Дараа нь тэр хоёр барилцаж аваад нэг нэгнийхээ нүүр хэсэг рүү цохилцоод байсан. Би салгах гэж байсан болохоор сайн харж чадаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14888 угаартай дүгнэлтэд: “...Хэсэг газрын үзлэгт:...Хамрын нуруу овойж хавдсан, тэмтрэлтээр баруун талдаа эмзэглэлтэй, хамрын нуруу баруун дунд хэсэгт 1.6х0.2см, 2 ширхэг хамрын баруун угалзанд 0.5х0.1см, 2 ширхэг хүрэн улаан өнгийн зулгаралттай, хамрын нурууны уг, баруун нүдний зовхины дотор булан хэсгээр хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай.
2022.10.29-ний өдрийн толгойн КТГ-н шинжилгээнд: ...Хамар ясны баруун хажуу хана шинэ хуучин хавсарсан зөрүүтэй нийлмэл хугарлуудтай, эргэн тойрон зөөлөн эдийн хавантай, хамрын зүүн хажуу хана хуучин нийлмэл хугарлуудтай, хамрын таславч баруун тийш муруйлттай. Хоёр талын элхэг, зүүн хошноорын хөндийн салст хавагнаж зузаарсан, баруун хоншоорын хөндийд их хэмжээний дотроо хийн бөмбөлөг бүхий шингэтэй. Хамрын бусад дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн. Хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн. Зүүн дух хэсгийн арьсан доор зөөлөн эдийн хавантай...ДҮГНЭЛТ
1. Г.Г......................гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөрөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
- Шүүгдэгч А.Г................нийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэж (хавтаст хэргийн 59 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Г................н нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14888 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хөнгөн хохиролд хамаарна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч А.Г................н нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Г.Г......................гийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч А.Г................н нь хохирогч Г.Г......................гийн биед халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч, шүүгдэгч нарын хэн алины бие биедээ хүндэтгэлгүй хандсан буруутай үйл ажиллагаанаас гэмт хэрэг гарчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.Г................н “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Г.Г......................гт энэ гэмт хэргийн улмаас 130.000 төгрөгийн хохирол баримт гаргаж өгснөөс шүүгдэгч нь 148.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч А.Г................нийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Г.Г................н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч А.Г................н нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч А.Г................н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 29, 30 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 33, 40 дахь тал), хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 36-53 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 31-32 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г................н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь түүний мэдүүлэг “ХААН” банкны депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч А.Г................н торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0000 01954 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаан лам овогт А................мийн Г................нийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г................нд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г................нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Г................н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ