Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2019/00531

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, хороолол,  байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Э-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 31 байр 5 орцонд байрлах, Б СӨХ Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох

 

1,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн төлөөлөгч Л.У, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, гэрч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би  дүүргийн  хороо,  байр тоотод оршин суудаг бөгөөд дээврээс ус гоожсоны улмаас учирсан гэм хорын төлбөрт 1,270,070 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг Б СӨХ Сууц өмчлөгчдийн холбоо хүлээн зөвшөөрч улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01359 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингээд 08 дугаар сарын 20-ны өдөр хохирлыг барагдуулж өгсөн. Дээврийн засвар хийгдээгүй байхад байрандаа засвар хийх боломжгүй байсан учраас СӨХ-ны даргад дээврийн засвар хийхийг шаардахад мөнгө байхгүй дээврийг чинь засаж чадахгүй, байсан мөнгөө чамд төлбөр болгоод өгсөн гэж татгалзсан хариу хэлэх болсон. Захирамж гарснаас хойш өнөөдрийг хүртэл Б СӨХ СӨХ нь дээврийн засварыг огт хийгээгүй бөгөөд ямар ч арга хэмжээ аваагүй. Энэ жил бороо хур ихтэй байсан тул бороо орох бүрт бидний байдал улам хэцүү болж ирсэн. Байр маань ямархуу байдалтай болсныг 8 дугаар сарын 25-ны байдлаар бичлэг хийж баталгаажуулсан. Б СӨХ СӨХ нь оршин суугчдын өмнө хүлээсэн үүрэгт ажлаа хийж гүйцэтгэхгүй байгаагаас миний Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрх маш ихээр зөрчигдөж байна. Өнөөдөр улсынхаа нийслэлийн төв хэсэгт бороо орох бүрт дусаалыг нь хувин саванд тоссон байдалтай, чийгнээс болж хана тааз нь хөгцөрсөн байдалтай, цахилгааны утас нь гэмтэж өрөө нь гэрэлтүүлэггүй харанхуй байдалтай амьдран сууж байна. Энэ байдлыг маань ухамсарлаж дээвэр засах арга хэмжээ авахгүй, хэвээр нь байлгаж байгаад аргаа барсандаа өөрөөсөө засварын мөнгө төлж дээврээ засуулсан. Дээврийн засварын ажил гүйцэтгэдэг мэргэжлийн байгууллага болох Гранд бит ХХК-тай Иргэний зориулалттай орон сууцны дээврийн ажил гүйцэтгэх 15 тоот гэрээг 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулж байрныхаа өөрийн хэсэгт хамаарах дээврийн хэсэгт 100 м2 талбайд бүтэн засварын ажил хийлгэж 1,400,000 төгрөгийг төлсөн. Ажил гүйцэтгэсэн хөлсийг гэрээний дагуу 2 хувааж, Хаан банкны 5817116808 тоот дансанд шилжүүлсэн. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон Орон сууцны тухай хуульд заагдсаны дагуу оршин суугчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэж холбогдох зардлыг бүрэн хариуцах, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллана гэсэн үүргээ биелүүлэхгүй байгаад гомдолтой байна. Иймд дээврийн засварын ажил хийлгэсэн төлбөр болох 1,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч Б СӨХ сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд болон төлөөлөгч       Л.Ундрах шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 31 дүгээр байр нь анх 1979 онд ашиглалтад ороод 39 жил болж байгаа, байрны дээвэр муудсан тул Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тендер зарлаж, шалгарсан РТС ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтаар байрны дээврийн их засварыг 2011 онд хийсэн. 2012 онд байрны дээврээс ус гоожиход СӨХ-оос хөөцөлдөж, баталгаат хугацаанд нь РТС ХХК-иар шаардлагатай засварыг хийлгэсэн. Түүнээс хойш дээврээс ус гоожсон тохиолдолд айлууд энэ талаараа өргөдөл гаргадаг, өргөдлийн дагуу шаардлагатай газар нь дээврийн урсгал засварыг СӨХ нь өөрийн орлого, хөрөнгө мөнгөний боломжоороо хийж ирсэн. 2018 онд дээврийн хэсэгчилсэн засварыг 2,204,800 төгрөгөөр хийлгэсэн. Б.Э- 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр орон сууцанд нь ус гоожсон тул өөрийн дээрх дээврийн хэсэгт засвар үйлчилгээ хийлгэх өргөдөл СӨХ-д гаргасан. Уг өргөдлийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Х.Баатарцагаантай “Засвар хийх тухай гэрээ” байгуулж, 63 тоот орон сууцны дээврийн хэсэгт 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 1 м.кв талбайд 5,000 төгрөгийн ажлын хөлс төлж ус гоожсон хэсгүүдийг бүгдийг хамруулан 30 м.кв талбайд 434,000 төгрөгөөр урсгал засвар хийлгүүлсэн. Х.Баатарцагаан өөрөө Б.Э-гийнд очиж засвар хийсэн талаараа хэлсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу 1,270,070 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрч, өөрийн тэтгэврийн мөнгөө авч Б.Э-д өгсөн. СӨХ-ны хувьд ийм хэмжээний төлбөр төлөх санхүүгийн боломжгүй 31 дүгээр байр нь 78 айлтай бөгөөд оршин суугчдаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний төлбөрт сард 204,000 төгрөг төлдөг. Оршин суугч Б.Э- нь сард 3,000 төгрөг л төлдөг. СӨХ-ны 2018 оны 04 дүгээр сард хийлгэсэн дээврийн урсгал засварыг хуулж хаяад дахин засвар хийлгэх шаардлага байгаагүй. Засвар хийлгэх талаараа мэдэгдээгүй өөрийн хийлгэсэн дээврийн засварын гэрээ, тайлан төлсөн баримтаа СӨХ-д гаргаж өгөөгүй, одоо болтол танилцуулаагүй. Орон сууцны тухай хуулийн 14.1, 14.2, 15.4, 16.2-т тус тус зааснаас үзэхэд хийх шаардлагагүй байсан дээврийн засварыг өөрөө санаачлан хөрөнгөө гаргаж хийсэн сууц өмчлөгч өөрийн дундаа хамтран өмчилж байгаа эд хөрөнгөд гаргасан зардлаас СӨХ-оос нэхэмжлэх эрхгүй. Шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр 63 тоот байрны том өрөөнд дусаал дуссан байгаа нь нотлогдсон тул 18 м.кв талбайд ногдох хэсгийн зайлшгүй зардал 251,300 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:  

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй. 

Нэхэмжлэгч Б.Э- хариуцагч Б СӨХ сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан 1,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны үед “ дүүрэг,  хороо,  хороолол,  байр 6 тоот байрны дээврийн засвар хийлгэсэн хөлс” гэж тодруулж байна. 

 

Хариуцагч Б СӨХ Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагаас том өрөөний 18 м.кв талбайд ногдох хэсгийн зайлшгүй засварын зардал 251,300 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, дээврийн засвар хийлгэх талаар сууц өмчлөгчдийн холбоонд мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй гэж маргажээ. 

 

Орон сууцны тухай хуулийн 3.1.1.”орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг, ойлгоно гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Э- нь  дүүрэг,  хороо,  хороолол,  байр 6 тоот хаягт байршилтай, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000391710 дугаар гэрчилгээтэй, 29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч тул Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт заасан зохицуулалтанд хамааруулан Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн  гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6.Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй.

 

Тус байрны 63 тоот хаягт оршин суугч Б.Э- нь дээврээс ус гоожсоны улмаас учирсан гэм хорын төлбөрт 1,270,070 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч  Б СӨХ Сууц өмчлөгчдийн холбоо хүлээн зөвшөөрч  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01359 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлбөр төлөгч 1,270,070 төгрөгийг бүрэн төлж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тухайд талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд орон сууц өмчлөгчийн оролцох үүргийг зохицуулжээ.

 

Оршин суугч  Б.Э- нь  2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дээврийн хэсэгт засвар үйлчилгээ хийлгэх өргөдөл гаргаж, Б СӨХ сууц өмчлөгчдийн холбоо нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Х.Баатарцагаантай “Засвар хийх тухай гэрээ” байгуулж, 63 тоот байрны дээврийн хэсэгт 1 м.кв талбайд 5,000 төгрөгийн ажлын хөлс төлж ус гоожсон хэсгүүдийг хамруулан 30 м.кв талбайд 434,000 төгрөгөөр урсгал засвар хийсэн болох нь гэрч Х.Баатарцагааны мэдүүлэг, Засвар хийх тухай гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууцны засварын ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн акт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч дээрх засварыг чанаргүй байсан гэж мэтгэлцэж байна. 

 

Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.3.Бусдын эд хөрөнгө болон эрх ашигт учирч болзошгүй аюулыг урьдчилан зайлуулах үйлдэл хийсэн этгээдэд хохирол учирсан бол энэхүү хохирлыг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээд нөхөн төлөх бөгөөд талууд тохиролцож чадаагүй бол хохирлын хэмжээг шүүх тогтооно” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Б.Э- нь дээврээс ус гоожсоны улмаас Гранд бит ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Иргэний зориулалттай орон сууцны дээврийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж,  дүүрэг,  хороо,  хороолол,  байр 6 тоот байрны дээврийн 100 м.кв талбайд засвар хийлгэж ажлын хөлс 1,400,000 төгрөг  төлсөн болох нь гэрч Б.Энхсайханы 100 м.кв талбайд  бүрэн засвар хийсэн. Хэсэгчилсэн засварт баталгаагаа өгдөггүй. Ажлын хөлс 1,400,000 төгрөг авсан” гэх мэдүүлэг, Мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал. нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Э- нь дээврээс дахин ус дусаж эд хөрөнгөд хохирол учирч болзошгүй тул дээврийн бүрэн засвар хийлгэсэн гэж тайлбарлаж, хариуцагч тал Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 81-87 тал/-ээр том өрөөний гэрлийн бүрхүүл дагаж ус дусаж байгаа нөхцөл байдал тогтоогдсон. Иймд том өрөөний 18 м.кв талбайд ногдох хэсгийн зайлшгүй засвар хийх шаардлагатай байсан ч СӨХ-нд мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй, хэрэв мэдэгдсэн бол Удирдах зөвлөлийн хурлаар асуудлыг шийдвэрлэх байсан гэж мэтгэлцэж байна.

 

Шинжээч Брайт пойнт ХХК нь “ дүүрэг,  хороо,  хороолол,  байр 6 тоот /том өрөө/-ний талбайн хэмжээ 17,95 м.кв” гэж дүгнэлт  гаргаж Орон сууцны талбайн хэмжилтийн тайланг /хх-ийн 115 тал/ ирүүлсэн бөгөөд шинжээч нь хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд байх ба үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. 

 

Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1.Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд түүнийг шударгаар гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Э- нь дээврийн 100 м.кв талбайд бүрэн засвар хийлгэсэн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй. Б СӨХ Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч Л.Ундрах “Намайг амралтанд байхад Б.Э- нь дээвэр дээр гарах түлхүүр асууж утсаар ярьсан. Дээврийн хар цаас хуулж байгааг Х.Батцагаан утсаар хэлсэн. Дээврийн засвар хийлгэх талаар мэдэгдэж зөвшөөрөл аваагүй” гэх тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт зэргээр нэхэмжлэгч Б.Э- нь “Б СӨХ Сууц өмчлөгчдийн холбоо”-той ямар нэгэн хэлцэл байгуулахгүйгээр түүний үүргийг гүйцэтгэсэн үйлдэл хийсэн гэж үзэхээр байна.

 

Иймд хариуцагч Б СӨХ Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагаас том өрөөний 18 м.кв талбайд ногдох хэсгийн зайлшгүй засварын зардалд 251,300 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 1,148,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115,1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б СӨХ Сууц өмчлөгчдийн холбооноос 251,300  /хоёр зуун тавин нэгэн мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,148,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б СӨХ Сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид 8,189 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгосугай.

 

3. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Н.НАРАНГЭРЭЛ