Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/81

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,

Улсын яллагч О.Нандинцэцэг,

Хохирогч С.С,

Шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Б.Мөнх-Очир, С.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ст холбогдох эрүүгийн 2211 00727 1836 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, С.С,  1973 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой хуульч мэргэжилтэй, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн.................ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо ........тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар:..........,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч С.С нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хууль зүйн үндэсний хүрээлэнд.............., хохирогч С.С нь түүний удирдлага дор Хуулийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтанаар тус тус ажилдаг байж. Хэрэг гарсан өдөр 2022 оны 05 сарын 04-ний өдөр 12 цаг 30 минутын орчимд хохирогч С.С хоолоо авахаар үүдний хонгилд жижүүр, хаалгачийн байранд зогсож байх үед үл таних эмэгтэй ирж Э нарийн бичгийн дарга С.С байгаа эсэхийг түүнээс лавлаж асуухад “байхгүй” гэж хариулсан байна. Үүнийг мэдсэн шүүгдэгч С.С нь өөрийн 504 тоот өрөөндөө хохирогч С.С дуудан оруулж “худал хэллээ, миний цагийг бүртгэлээ” гэж уурлан хохирогчийн биед халдсан болох нь:

Шүүгдэгч С.Саас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..05 сарын 04-ний өглөө ажилдаа ирээд сууж байсан. Өглөө орж ирээд утсаа унагаад гар утас эвдэрсэн байсан. Эхнэр надтай уулзах гээд ирэхэд нь С жижүүрийн ширээнд зогсоод намайг байхгүй гэж хэлсэн юм билээ. Тэгээд яагаад байхгүй юм гэж хэлсэн байсан. Өрөөнд сууж байтал С орж ирээд та байсан юм уу гээд хаалга нээгээд явсан. Тэр өндөр залуу манай найз байгаа юм, доор чинь юу болоод байгаа юм чамайг байхгүй гээд нэг залуу сууж байсан гэж хэлсэн. Эхнэр орж ирээд чамайг өрөөндөө байхгүй гээд ер нь ажилдаа ирдэггүй гээд ямар учиртай юм гэхээр нь би С шагайсан болохоор нь дуудаж, эхнэртэй нүүрэлдүүлтэл бантаад байсан. Эхнэрээр яриултал худлаа ярилаа гээд үгүйсгээд байсан. Би доромжилж, элэг барьсан байдалтай байхаар нь бухимдсан. Үг хэлээд хүлээж авахгүй болохоор нь гар гээд түлхтэл цагдаа дуудаад ийм зүйл болсон. Манай хамт ажилладаг залуучууд мэдүүлэг өгсөн байна. Тэр хүмүүс болсон явдлыг огт үзэж хараагүй, сонссоноороо мэдүүлэг өгсөн байна. С дэмжиж мэдүүлэг өгсөн харагдаж байсан. С бид хоёрын дунд хувийн өс хонзон байхгүй. Намайг анх ажилд ороход байсан хүн. Ажлаа тааруухан хийдэг, би шаардлага тавьдаг. Тэрэнд дургүйцдэг байх. Гэрээ нь дуусахаар нь цаашид ажиллуулмааргүй байна гээд захиралд санал тавьсан юм. Тэгээд дахиж ажиллах саналаа хэлээгүй, ажлаасаа гарсан. Өөрөө намайг ажлаас шахаж гаргаж байна гэсэн дургүйцлээ үүдэнд хэн бэ гэдгийг нь танихгүй хэлсэн нь манай эхнэр болж таарсан. Намайг ажлаас гаргасан гэж хариу авах гээд яваад байгаа юм уу. Тийм сүртэй зүйл болоогүй. Болсон үйл явдлын дараа сошиалаар намайг ажилтнаа зоддог гээд нүдэж эхэлсэн. С эхнэр нь сэтгүүлч гэж сонссон. Согтуугаар ажилтнаа зодсон гээд миний нэр хүндэд илт худал мэдээлэл тарааж халдсан, би санал гомдлоо гаргаад явж байгаа. Надад энэ хүний талаар бодол байхгүй. 2021 онд хамт ажиллаад гадны төлбөртэй судалгаа хийлгээд дэмжиж явж байсан. Тэр мөнгөө бүтэн аваад цалинтай чөлөө аваад надад баярлах л ёстой. Удирдах ажилтан хүнд үг хэлж болохгүй хэцүү болсон юм байна гэж ойлгож байна. Харсан үзсэн хүн байхгүй дам яриагаар нотолж болдог юм уу, эргэлзэж байна. Би дахин шинжилгээ хийлгэх гэхэд сидигээ өгөхгүй байна гэж хэлсэн. Гэмтэл нь эргэлзээтэй гарсан. Өрхийн эмчийн ам үгээр дүгнэлт гаргаад ямар хариуцлагагүй ханддаг юм. Дүгнэлтэд гомдолтой байгаа учраас өмгөөлөгч авч эрхээ хангуулах хүсэлтэй байгаа..” гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Сэс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Би Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар судалгаа хийх мэргэжилтнээр 2021 оны 01 сарын эхээр ажилд орсон.  Би ажлаа хийдэг байсан. Би төсөл дээрээ багийг ахалж ажиллаж, сэтгэл санааны хохирлыг ахалж хийж байсан. Би өглөө эрт ажилдаа ирээд орой явдаг. Би 2022 онд шалгалт өгөөд хуульч болсон. Би 5 сарын 04-ний өдөр өглөө эрт ажилдаа ирээд өдөр манай хүү хичээлдээ явахдаа надад хоол авч ирсэн. Хоолыг чинь жижүүр дээр орхисон аваарай гэсэн мессеж ирсэн, жижүүр бас ярихаар нь доошоо буутал жижүүр та түр байж байгаарай би дээшээ гараад ирье гээд явсан. Тэгээд сууж байтал гаднаас эмэгтэй ирээд Э нарийнтай уулзъя гэхээр нь хаалга нь хаалттай байсан гэтэл уулзмаар байна утсыг нь өг гээд ширүүн байсан. Тэгээд утас нь болохгүй байна өрөөнийх нь утсыг өг гэхээр нь хэлтэл утсаа авахгүй байна гэхээр нь тэгвэл байхгүй байгаа юм байлгүй, та цайны цагийн дараа ороод ирэхгүй юу гэж хэлсэн. Тэгтэл нэг машин сигнаалдсан, жижүүр орж ирээд нээх байх гээд сууж байтал гаднаас нэг залуу орж ирээд өөрөө онгойлгож орж ирээд захирлын зогсоол дээр зогссон. Тэр өндөр залуу хаалгаар орж ирэхэд тэр хүүхний дуу чангараад ирсэн. Тэр залуу эмэгтэй хоёр маргалдаад цаадах чинь хаана байна, утас нь холбогдохгүй байна гээд маргалдаад байсан. Тэгээд жижүүр гарч ирэхээр нь би хоолоо бариад дээшээ гарсан. Дээшээ гарахад Э нарийны хаалгыг таттал байхаар нь доор эмэгтэй хүн таны асуугаад байна таны утсыг өгсөн, таныг байхгүй гэж бодоод цайны цагийн дараа ороод ир гээд хэлсэн шүү гэхэд наад хаалгаа хаа гээд ууртай хэлсэн. Тэгтэл удалгүй Э нарийн манай өрөө рүү орж ирээд гараад ир гэхээр нь өрөөнд нь ороод очтол эхнэр нь буйдан дээр суусан, өндөр залуу цонхон дээр зогсож байсан. Э нарийн хаалгаа хаангуутаа чи муу миний цагийг бүртгэдэг хэн бэ гээд манартал цохисон. Би юу болоод байгаа юм, яагаад байгаа юм гэхэд чи миний эхнэрт миний тухай ярьдаг хэн бэ гэсэн. Би танд хэлсэн биз дээ гээд болсон зүйлийг хэлтэл битгий хуцаад бай чамайг ална гээд дахиж цохисон. Миний сорочкины цамцны товчийг татаад урсан. Бид хоёр маргалдаад юу болоод намайг цохиод байгаа юм гэсэн чинь чи миний цагийг бүртгэж, ажлыг заадаг хэн бэ гэтэл эхнэр нь чи надад сая ажилдаа ирдэггүй гэж хэлсэн биз дээ гэхээр нь болиод өгөөрэй тэгж хэлээгүй гэтэл дахиж намайг заамдсан. Тэгсэн өндөр залуу ирээд миний хоёр гарыг барьтал дахиж намайг цохисон. Яаж ичихгүй өөрийгөө Э нарийн гэж хэлээд байгаа юм. Манай ажил эвтэй, нэгэндээ хувийн муухай зан гаргадаггүй. Би тийм асуудал үүснэ гэж ойлгоогүй зог тусаж шоконд орсон. Миний нүүр улаа бутраад явсан. Тэгээд хаалгыг нь онгойлгоод ажлынхан орж ирсэн. Тэгээд нөгөө 2 ахдах орж ирээд өрөөндөө ор гэхээр нь өрөөндөө ороод маш их гомдож, дургүй хүрээд шууд цагдаа дуудсан. Өөрөө хуулийн байгууллагын хуульч хүн ийм нахаалны байж болохгүй. Эрх мэдэл, албан тушаалаараа дарамталж айлган сүрдүүлж болно гэж бодож байвал эндүүрэл шүү. Энэ хүн боловсролтой, мэдлэгтэй, англи хэлтэй, сайн хүн. Хувийн зан байдал нь ийм догшин, балмад гэж мэдээгүй. Яаж ичихгүй худлаа ярьж байна. Хүнийг цохичхоод нэр төртэй байгаач. Цагдаа хурдан ирсэн. Тухайн үед гал бутартал цохиулж дотор муухай оргиж, өрөө рүүгээ яаж орж сандал дээр сууснаа мэдэхгүй байсан. цагдаа орж ирж дагуулаад Э нарийны өрөө рүү орсон. Би цагдаа дуудахаас өмнө энэ хүнийг буцаж орж ирээд эр хүн шиг уучлалт гуйх байх гэж бодсон чинь тэгээгүй. Надад бүр чамайг эртхэн зайлуулах байсан юм, мөрөөрөө зайлаарай, чи яваад заргалдаарай, чамайг ална гэхээр нь өрөө рүү ороод Г дарга руу Э нарийн цохичихлоо гээд ярьтал хол байна эргээд яръя гэсэн. Тэгээд Г даргыг мөд ирэхгүй юм байна гээд цагдаа дуудсан. Цагдаа үйл явдал хаана болсон юм гээд Э нарийны өрөө рүү ороход Г дарга ирчихсэн, энд юу ч болоогүй гээд аль хэдийн ирсэн сууж байсан. Тэгээд цагдаа машиндаа суулгаад хэлтэс рүү авч явсан. Дүүргээс хороо руу авч яваад байцаагчид хүлээлгэж мэдүүлэг авахад нь гомдолтой байна гэж хэлсэн. Тэгээд шүүх эмнэлэгт хандах уу гэхээр нь хандана гэсэн. Тэгээд бичиг авахаар явахдаа дайвалзаад алхаж чадахгүй байсан. Би алхаад шүүхийн шинжилгээний үндэсний төв дээр очиж үзүүлээд зураг авхуул гэсэн. Тэгээд өрхийн эмнэлэг орж акт авсан. Г дарга хүрээд ир уулзъя гэхээр нь Э нарийнтай уулзах шаардлага байхгүй гэтэл над руу 36 удаа залгасан. Г даргад эмнэлэг дээр байна гэж хэлсэн байсан. Тэгээд шинжилгээний хариугаа аваад автобусанд суугаад шүүх эмнэлэг дээр хариуг нь өгсөн. гомдолтой байна..” гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Сэс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ ..Би 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн өглөө 07 цагийн орчимд өөрийн ажил дээрээ буюу Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хууль зүйн хүрээлэнгийн 5 давхар 501 тоотод ирсэн. Ирчихээд ажлаа хийж байгаад өдөр 12 цаг 30 минутын орчимд манай хүү болох Гүнбилэг над руу залгаад ааваа доор жижүүр дээр хоол үлдээчихлээ шүү гэж хэлэхээр нь би хоолоо үүдний жижүүрээс очиж авах гээд гарах гээд явж байхдаа Э нарийн бичгийн С даргын өрөөний хаалга хаалттай байна даа гэж ажиглачихаад доошоо буусан юм. Шатаар буугаад жижүүртэй нэг давхрын шатан дээр таарах үед надад хандаж таны хоол ирчихсэн шүү та хоолоо аваарай, би дээшээ гарчихаад ирье үүдэнд түр байж байгаарай гэхээр нь би хоол авчихаад жижүүрийн ширээний хажуу талд зогсож байтал нэг эмэгтэй хүн орж ирээд надаас танай Э нарийнтай уулзъя дуудаадах гээд их л ууртай ширүүн байдалтай хэлсэн юм. Тэгэхээр нь би Э нарийн дарга Сын өрөөний хаалга хаалттай сая харагдаагүйдээ, одоо цайны цаг болчихоод байна. Цайндаа гараад явчихсан байх, цайны цагийн дараа ороод ирэх балгүйдээ гэж хэлэхэд байх ёстой гэж хэлэхээр нь би та утас руу нь залгаад үзээч гэж хэлэхэд утас нь холбогдохгүй болохгүй унтраастай байна гэж хэлэхээр нь би тоохгүй зогсож байтал алив наад өрөөнийх нь утсыг өгөөдөх гэж хэлэхээр нь би ширээн дээр байсан утасны жагсаалтыг хараад 323381 дугаарын утсыг хэлж өгөхөд тэр эмэгтэй залгаад утсаа аваагүй юм. Тэр үед гаднаас приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй ДУА гэсэн улсын дугаартай байсан санагдаж байна нэг өндөр залуу орж ирээд жижүүрийн ширээний ард байрладаг кнопыг дараад машины хаалтыг онгойлгоод оруулчихсан. Тэгээд тэр өндөр залуу болон тэр хүүхэнтэй маргалдаад байсан. Тэгснээ тэр өндөр залууд хандаж нөгөөдөх чинь хаана байна гэх мэтээр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэр үед жижүүр дээрээс буугаад ирэхээр нь би шууд зөрөөд дээшээ гарсан. Би дээшээ гараад явж байхдаа Э нарийн бичгийн дарга Сын өрөөний хаалгыг татаж үзэхэд онгорхой байхаар нь. өө Э нарийн бичгийн даргаа доор нэг эмэгтэй дуудаадах гээд байна. Би таныг байхгүй цайны цагийн дараа ороод ирэх байх тэгэхээр нь би уулзаарай гээд хэлчихсэн шүү гэтэл, за тэр яахав чи наад хаалгаа хаа гээд ууртай хэлэхээр нь за гэж хэлээд хаалгыг нь хаагаад өрөөндөө ороод суусан. Гэтэл нээх удалгүй манай өрөө рүү Э нарийн бичгийн дарга С манай өрөөний хаалгыг онгойлгоод наашаа гараад ир чи гэхээр нь би гараад очсон юм. Тэгээд өрөө лүүгээ дагуулж ороод өрөөнийхөө хаалгыг хаагаад миний урдуур тойрч ирэнгүүтээ миний энгэрээс заамдаж аваад миний цамцыг ураад .. “Чи муу миний цагийг бүртгэдэг хэн бэ чи..” гэж хэлээд миний зүүн шанаа руу гараа атгаж байгаад нэг удаа маш хүчтэй цохисон. Тэгэхээр нь би та одоо яагаад байгаа юм бэ? гэхэд чи манай эхнэрт намайг ажилдаа ирдэггүй гэж хэлсэн байна гэхээр нь би эхнэр рүү нь хандаж юу гэж худлаа яриад байгаа юм бэ? Хаалга нь хаалттай байна цайны цаг болчихсон байна гэж хэлээ биздээ гэхэд, тэр эмэгтэй ... чи тэгж хэлсэн..” гээд дайраад байсан. Тэгэхэд үүдэнд зогсож байсан нөгөө үл таних залуу болон түүний эхнэр хоёр байж байсан. Тэр үйл явдлаас болоод Э нарийн бичгийн дарга С болон бид хоёрын дуу нэлээн өндөрссөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-25-26/,

 

Гэрч З.Мгөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Тухайн өдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр үдийн цайны цагаар 12-13 цагийн орчимд санагдаж байна. Би өрөөндөө Н, С ахлах бид гурав ажлаа хийгээд сууж байтал, гаднаас “..С дарга нэлээн бухимдангуй царайтай С ахлахыг манай өрөөнд ороод ир..” гэж хэлээд гарсан. Гэтэл С ахлах С даргын өрөө рүү орох гээд гараад явсан. Тэгээд би Ны хамтаар цайндаа гарах гээд С даргын өрөөний хажуугаар өнгөрөхөд чанга хоолойгоор орилж маргалдах чимээ гарсан. Тэгээд шатаар буугаад явж байтал хун цохих чимээ гарсан. Тэгэхээр нь би буруу сонсчихсон юм болов уу? гэж бодоод Н руу гайхаад хартал, Н сая хүн цохих чимээ гарлаа гэж надад хэлсэн. Тэгээд би өрөө рүү нь ороод болиулъя гэж бодсон боловч хэрэлдэж маргалдаад байхаар нь, “..би айгаад..” ахлах ажилтан болох С болон Т нарт хандаж хүмүүс зодолдоод байх шиг байна, орж болиулах хэрэгтэй байна, оръё гэж хэлсэн байдаг. Тэгээд С ахлах болон Т хоёр С даргын өрөө рүү орох гэтэл, Т ахлах шагайж хараад “..ер нь та хэдэд хамаагүй тарцгаа..” гэж хэлсэн. Тэгээд би Ны хамтаар цайндаа гарсан. Цайнаасаа орж ирэхэд өрөөнд С ахлахын нүүр нь улайчихсан, хацар нь хавдчихсан байдалтай сууж байсан. Тэр үед миний санаж байгаагаар ямар ч байсан нэг нь зураг дарж байсан. Яг хэн дарсан эсэхийг санахгүй байна. Тухайн өрөөнд НХ, Н, А бид дөрөв нүүрэн хавдчихсан байхаар нь С ахлахаас юу болсон талаар асуухад, энэ нэг өвчтэй юм чинь намайг зүв зүгээр байхад цохьчихлоо, эхнэртэйгээ маргалдаж муудалцсанаас болсон уураа надад гаргаад байгаа юм уу хаашаа юм гэх мэт утга бүхий зүйл ярьж байсан. С гэх хүний нүүрний зүүн талын шанаа хэсэгт хавдаад улам томроод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-30/,

 

Гэрч А.Нгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Манай өрөө болохоор Соёл Эрдэнэ ах болон М, Н нарын өрөөтэй харалдаа байдаг бөгөөд тухайн үед манай өрөөний хаалга онгорхой байсан. Би өрөөндөө А хамтаар ажилладаг. Манай өрөөний яг хажуу талд нь манай ахлах С болон Т нар суудаг юм. Тухайн үед ажлаа хийгээд байж байтал С ахлахын өрөөнд “..С дарга нэлээн ууртай царайтай С ахлахыг манай өрөөнд ороод ирдээ гээд ширүүн өнгө аястай хэлчхээд гараад явсан..” Тэгээд С ахлах С даргын өрөө рүү орох гээд гараад явсан санагдаж байна. Тэрний дараа С даргын өрөөнд хэрүүлийн өнгө аястай чанга чанга маргалдаад эхэлсэн. Тэгээд маргалдаж байгаад гэнэт “..түс тас..” гэх чимээ гарсан. Тэрнээс хойш удалгүй С ах өрөөндөө ороод ирчихсэн байхаар нь А бид хоёр өрөө рүү нь ороод С ахын нүүрийг харах үед хацар хэсэгтээ улайгаад хавдчихсан байсан санагдаж байна. Тухайн үедээ хавдчихсан байна гээд нэг нь зургийг нь дарж байсан яг хэн гэдгийг нь бас санахгүй байна. С ахлахын өрөөнд би, Н, А, М бид дөрөв нүүрэн хэсэгт нь хавдчихсан байхаар С ахлахаас юу болсон талаар асуухад, эхлээд “..Соёлоо ах доор жижүүр дээр зогсож байхад нэг эмэгтэй ирсэн гэсэн, тэгээд С даргыг нэг эмэгтэй хүн асуухаар нь байгаа үгүйг нь мэдэхгүй байна... гээд хэлчихсэн чинь тэрнээс болоод маргалдаад С дарга “...чи миний цагийг бүртгэдэг болчихсон юм уу? гэж уурлаад намайг зүв зүгээр байхад цохичихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-32 /,

 

Гэрч Т.Нс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би Мгийн хамтаар цайндаа гарах гээд С даргын өрөөний хажуугаар өнгөрөхөд аймар чанга тас няс гэх дуу сонсогдоод С дарга чи хэн болоод миний цагийг бүртгэдэг юм гээд орилж байсан. Тэгэхээр нь бид хоёр өрөө рүү нь ороод болиулъя гэж бодсон боловч хэрэлдэж маргалдаад байхаар нь “..бид хоёр айгаад..” ахлах ажилтан болох С, Т нарт хандаж хүмүүс зодолдоод байх шиг байна, орж болиулах хэрэгтэй байна гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг/хх-34-35/,

 

Гэрч О.Ээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Үзүүлж байгаа үйлчлүүлэгчийн өгүүлэмжээс, толгой өвдсөн, дотор муухайрсан гэх зовиурууд, мөн харж ажиглах үзлэгээс буюу Жишээ нь: Нүүрэн тус газар нь ил харагдах хавдсан, хөхөрсөн гэмтэл байгаа эсэх, зэрэг зовиуруудыг үндэслэж тархи доргилт гэмтлийг оношлох боломжтой. Тархины эдэд голомтот өөрчлөлт байна уу? гэдгийг өрхийн эмнэлэг дээр гаднаас хараад мэдэх боломжгүй учир гэмтлийн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөн, дараах магадалгааг гаргаж өгсөн. Программ дээрээ оношны код гээд 509.9 гэсэн байдаг. Тухайн код дээр, тархи доргилт гэмтэл нь автын шалтгаанаас эсвэл, зодоон гэмтлийн шалтгаанаас болсон байна гэдэг сонголтууд байдаггүй учир. “..Толгойн гэмтэл, тодорхойгүй..” гэж шивсэн байна..” гэсэн мэдүүлэг /хх-41/,

 

Гэрч К.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Дагуулж орж ирчихээд С тэр залууд хандаж чи юу яриад байгаа юм? гэж хатуу өнгө аястай хэлсэн. Нөгөө залуу юу ч хэлээгүй, би яасан юм гэж хэлээд л байж байсан. Тэр үед хажуу талаас нь эхнэр нь чи надад ингэж, ингэж ярьсан биздээ гээд нөхөртөө орж ирээд хэлсэн үгээ тэр залууд хэлэхэд, би яагаачгүй гээд мэдэн будилаад зогсоод байсан. Би жаахан холдоод цонхон тал руу нь цаашаа хараад зогсож байсан учир тийм зүйл болсон эсэхийг бол хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-37/,

 

Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..М сандарчихсан байдалтай гаднаас орж ирээд “..Э нарийн бичгийн даргын өрөөнд асуудал үүсээд байх шиг байна..” гээд манай ахлахуудад хэлж байсан. Тэгэхээр нь бид хэд дагаад Э нарийн бичгийн даргын өрөө рүү очих үед хаалганы завсраар харахад Э нарийн бичгийн дарга С болон С ахлах нар хоорондоо заамдалцчихсан зогсож байсан бөгөөд, манай хоёр ахлах бид хэдийг “..явж ажлаа хийцгээ..” гэж хэлэхээр нь бид хэд буцаад өрөөндөө ороод ирсэн. Түүний дараа удалгүй С ахлахын нүүр нь улайчихсан, хацар нь булцайгаад хавдчихсан байдалтай ороод ирсэн сууж байсан. Тэр үед би баталгаажуулж авъя гэж хэлээд өөрийнхөө ашигладаг iрhопе 12 рrо загварын гар утсаараа зургийг нь дарж авсан байдаг. Тэр зургийг нь гаргаж өгөх болно. Тэгээд Э нарийн бичгийн даргын өрөөнд юу болсон талаар С ахлахаас асуухад, гэрийнхэн бол найз нөхөдтэйгөө нийлээд, энэ нэг өвчтэй юм чинь намайг зүв зүгээр байхад цохичихлоо гэж ярьсан юм. Тэгж хэлэхээр нь өрөөнд нь олон хүмүүс байсан юм байхдаа гэж л бодож байсан бөгөөд яг хэдэн хүн байсан эсэхийг хараагүй. Сүүлд хүмүүсийн ярианаас сонсоход С дарга чи миний цагийг бүртгэдэг хэн юм гэж хэлээд маргалдсан юм шиг байна лээ. Түүнээс өөр зүйлийн талаар сайн мэдэхгүй байна..”” гэсэн мэдүүлэг/хх-39/,

 

Гэрч С.Гээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өөрийн аав болох С.Соёл-Эрдэнийн ажлын байран дээр буюу Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр миний санаж байгаагаар 12 цагийн орчимд үдийн цайны цагаар явж очсон байдаг. Тэгээд аавтай уулзалгүйгээр үүдний жижүүр ахад авч ирсэн хоолыг нь үлдээгээд хичээлдээ явсан юм. Тэр орой би гэртээ 19 цаг өнгөрч байхад харьсан бөгөөд, намайг очих үед гэрт ээж дүү хоёр байж байсан, гэтэл манай ээж аав чинь ажил дээрээ хүнд зодуулсан гэнээ гээд бөөн юм болж байсан. Аав болохоор орой 21 цагийн орчимд ирсэн санагдаж байна. Гаднаас орж ирэхдээ хацар хэсэгт нь хавдчихсан байсан юм. Тэгээд юу болсон талаар, ээж ааваас асуух үед манай дарга өрөөндөө дуудаж оруулаад миний нүүр рүү цохичихлоо гэж хэлэхийг сонссон. Өмнөх Орой нь буюу 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр манай аавын биед ил харагдах гэмтэл шарх сорви огт байгаагүй. Харин 2022 оны 5 дугаар сарын 04-ний орой гэртээ орж ирэх үед хацар нь хавдчихсан, нуд нь улайчихсан байдалтай харагдаж байсан. Тэр оройдоо аав огиулаад бөөлжөөд яваад байх шиг байсан. Би бодохдоо даргадаа зодуулсан юм байна даа гэж тухайн үед ойлгосон. Тэрнээс хойш аав маань, тийм хүнтэй ажиллаж чадахгүй гэж хэлээд ажлаасаа гарчихсан. Их л гомдсон юм шиг санагдсан..” гэсэн мэдүүлэг /хх-43/,

 

Гэрч Э.Сээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Т бид хоёрыг орж ирэх үед Соёл- Эрдэнэ ах яг гарах гэж байх шиг байхаар нь Т бид хоёр гараас нь татаад С даргын өрөөнөөс гаргасан. Яг юуны улмаас маргалдсан талаар нь мэдэхгүй байна. Тухайн үед бид хэд ажлаа хийгээд л сууж байсан юм..” гэсэн мэдүүлэг /хх-45-46/,

 

Гэрч Х.Мээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “.. Би тухайн үед өрөөнд болсон асуудлын талаар мэдээгүй. Сүүлд ам дамжиж сонсоход С дарга болон С ахлах хоёр хоорондоо маргалдсан гэж байсан. Тэр маргалдсан өдрөөс хойш би Соёл- Эрдэнэ ахлахын царайг олж хараагүй..” гэсэн мэдүүлэг /хх-48-49/,

 

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Хоёр цагдаа манай байгууллага дээр ирээд 5 давхар луу гарах гэсэн дуудлага өгсөн тэрний дагуу ирлээ л гэж хэлсэн. Түүнээс 5 дугаар давхарт яг юу болсныг мэдээгүй. Сүүлд сонсоход С дарга болон С нар маргалдсан гэж сураг сонсогдсон..”  гэсэн мэдүүлэг /хх-51/,

 

Гэрч Ю.Цгоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..манай нөхөр ажлаа хийж байгаа хүнийг ажилдаа ирдэггүй гэх мэтээр худлаа хэллээ гээд ундууцтал С нь би тэгж хэлээгүй шүү дээ гээд нүүр нь улайгаад чи яасан худалч юм гээд над руу дайрч эхэлсэн. Тэгээд манай нөхөр чи одоо гар гээд С түлхээд өрөөнөөсөө гаргасан...” гэсэн мэдүүлэг/хх-60-61/,

 

2022 оны 05 сарын 06-ны өдрийн №6213 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Дүгэнлт: С.С биед нь тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.гэсэн дүгнэлт /хх76/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй хийсэн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дахин шинжээчийн №808 дугаартай дүгнэлтэд: “...С.Соёл-Эрдэнийн эрх, эрх чөлөөнд халдан зодсоны улмаас биед нь тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтэл учирсан цаг хугацаанд хүний харах нүдээр шууд мэдэгдэх боломжтой. Богино хугацаанд буюу хэдхэн минутын дотор хүний нүдээр харахад илтэд гэмтэл учирсан нь мэдэгдэнэ. С.Соёл-Эрдэнийн биед зүүн нүдний ухархайн дотор ба доод ханын хуучин хугарал хамрын таславчийн хуучин мурийлт, цооролт гэмтэл тогтоогдож байх ба эдгээр гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох |золомжгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тархи доргилт гэмтлийг илэрхийлэх өвөрмөц шинж тэмдэг толгойн КТГ-Н шинжилгээний хариунд “..тархины эдэд голомтот өөрчлөлтгүй..” гэсэн нь багажийн шинжилгээний хариу, харин “Энх титэм” өрхийн эмнэлгийн 2022.05.05-ны өдрийн магадлагаанд: онош-нүүр, хацар хэсгийн гэмтэл, тархи доргилт” гэсэн нь эмчийн тавьсан онош байх ба эдгээрийг хоорондоо зөрүүтэй гэж үзэхгүй..” гэх дүгнэлт /хх-92-94/,

шүүгдэгч С.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-63/, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-49/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-105/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.С болон түүний өмгөөлөгч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болох “ажил дээрээ байхгүй, цаг бүртгэлээ” гэх зэргээс болж хохирогчид ууралсан талаар маргаагүй боловч түүний биед халдаж цохиогүй түлхэж гаргасан, түүнээс болж гэмтэл учраагүй, гэрч нарын дам мэдүүлгээр нотолсон, өрхийн эмчийн амаар дүгнэлт гаргасан гэж маргах боловч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.С нь хохирогч С.Соёл-Эрдэний нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохисон болох нь:

хохирогч С.Сэс шүүх хуралдаанд мэдүүлсэн “..өрөөнд нь ороод очтол эхнэр нь буйдан дээр суусан, өндөр залуу цонхон дээр зогсож байсан. Э нарийн хаалгаа хаангуутаа чи муу миний цагийг бүртгэдэг хэн бэ гээд манартал цохисон. Би юу болоод байгаа юм, яагаад байгаа юм гэхэд чи миний эхнэрт миний тухай ярьдаг хэн бэ гэсэн. Би танд хэлсэн биз дээ гээд болсон зүйлийг хэлтэл битгий хуцаад бай чамайг ална гээд дахиж цохисон. Миний сорочкины цамцны товчийг татаад урсан. Бид хоёр маргалдаад юу болоод намайг цохиод байгаа юм гэсэн чинь чи миний цагийг бүртгэж, ажлыг заадаг хэн бэ гэтэл эхнэр нь чи надад сая ажилдаа ирдэггүй гэж хэлсэн биз дээ гэхээр нь болиод өгөөрэй тэгж хэлээгүй гэтэл дахиж намайг заамдсан..” гэсэн мэдүүлэг,

Гэрч З.Мгөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би өрөөндөө Н, С ахлах бид гурав ажлаа хийгээд сууж байтал, гаднаас “..С дарга нэлээн бухимдангуй царайтай С ахлахыг манай өрөөнд ороод ир..” гэж хэлээд гарсан. Гэтэл С ахлах С даргын өрөө рүү орох гээд гараад явсан. Тэгээд би Ны хамтаар цайндаа гарах гээд С даргын өрөөний хажуугаар өнгөрөхөд чанга хоолойгоор орилж маргалдах чимээ гарсан. Тэгээд шатаар буугаад явж байтал хун цохих чимээ гарсан. Тэгэхээр нь би буруу сонсчихсон юм болов уу? гэж бодоод Н руу гайхаад хартал, Н сая хүн цохих чимээ гарлаа гэж надад хэлсэн.

Цайнаасаа орж ирэхэд өрөөнд С ахлахын нүүр нь улайчихсан, хацар нь хавдчихсан байдалтай сууж байсан. ..энэ нэг өвчтэй юм чинь намайг зүв зүгээр байхад цохьчихлоо, эхнэртэйгээ маргалдаж муудалцсанаас болсон уураа надад гаргаад байгаа юм уу хаашаа юм гэх мэт утга бүхий зүйл ярьж байсан. С гэх хүний нүүрний зүүн талын шанаа хэсэгт хавдаад улам томроод байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч А.Нгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..С даргын өрөөнд хэрүүлийн өнгө аястай чанга чанга маргалдаад эхэлсэн. Тэгээд маргалдаж байгаад гэнэт “..түс тас..” гэх чимээ гарсан. Тэрнээс хойш удалгүй С ах өрөөндөө ороод ирчихсэн байхаар нь А бид хоёр өрөө рүү нь ороод С ахын нүүрийг харах үед хацар хэсэгтээ улайгаад хавдчихсан байсан санагдаж байна. ..С дарга “чи миний цагийг бүртгэдэг болчихсон юм уу? гэж уурлаад намайг зүв зүгээр байхад цохичихлоо” гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Нс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би Мгийн хамтаар ахлах ажилтан болох С, Т нарт хандаж хүмүүс зодолдоод байх шиг байна, орж болиулах хэрэгтэй байна гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг,

Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..удалгүй С ахлахын нүүр нь улайчихсан, хацар нь булцайгаад хавдчихсан байдалтай ороод ирсэн сууж байсан. Тэр үед би баталгаажуулж авъя гэж хэлээд өөрийнхөө ашигладаг iрhопе 12 рrо загварын гар утсаараа зургийг нь дарж авсан байдаг. Тэр зургийг нь гаргаж өгөх болно..” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. Эдгээр мэдүүлэг нь бусдаас дамжин сонссон үйл явдлыг хэн нэгэнд ам дамжуулан ярьсан дам мэдүүлэг биш болсон явдлын талаар харсан үзсэн зүйлээ мэдүүлэн дамжмал бус үнэн зөв нотлох баримт байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Сын дээрхи үйлдлийн улмаас хохирогч С.Соёл-Эрдэнийн биед нь тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдсон байна.

2022 оны 05 сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт №6213, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчийн №808 дугаартай дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан буюу дан ганц өрхийн эмнэлэгийн эмчийн дүгнэлтээр бус С.Соёл-Эрдэний биед үзлэг хийж, эмчийн тавьсан онош, өрхийн эмнэлэгийн магадлагаа, КТГ-ны шинжилгээний хариу зэргийг үндэслэсэн байна. Шинжээч нар дүгнэлтээ дүгнэлт хэсгийн 7 дугаар болон мэдүүлэг өгч тайлбарласан нь шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй, нэг мөр гарсан гэж үзэх үндэслэл болж байна. Иймд хохирогч С.Соёл-Эрдэнийн биед учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн удаа дараагийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн тул шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогч С.Сд учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч С.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч С.Соёл-Эрдэний зүгээс гомдолтой байна гэх боловч баримтаар хохиролд эд хөрөнгө нэхэмжилээгүй, хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч С.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч С.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Ст торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

Бусад асуудлын талаар: Шүүгдэгч С.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ст 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ст оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч С.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч авсан С.Ст хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР