Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
Хэргийн индекс | 182/2019/00014/и |
Дугаар | 182/ШШ2019/00534 |
Огноо | 2019-03-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 182/ШШ2019/00534
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, хороолол, байр тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Тунгалагийн Б-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: дүүрэг, дугаар хороодугаар гудамж, тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт А-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 51,680,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ш, хариуцагчийн төлөөлөгч Б.М, гэрч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Б- шүүхэд болон төлөөлөгч Ч.Ш шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Б- 2016 онд А ББСБ ХХК-ийг байгуулахаас өмнө хувиараа иргэдтэй зээлийн гэрээ байгуулж, зээл гаргадаг байсан. Л.А-тэй 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сарын 5 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай 40,000,000 төгрөг зээлдүүлж, зээлийн болон барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн барьцаанд Л.А- нь дүүргийн р хороо, дугаар гудамж тоот хаягт орших Ү-820 тоот бүртгэлийн дугаартай 62,5 м.кв хувийн сууц, Г-тоот бүртгэлийн дугаартай газар барьцаалж зээл авсан. Л.А- нь үндсэн зээлээс 5,000,000 төгрөгийг төлсөн. 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр нэмж зээлж авсан. Ингээд 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр авсан 40,000,000 төгрөгнөөс 5,000,000 төгрөгийг хасаж 35,000,000 төгрөг дээр 20,000,000 төгрөгийг нэмээд нийт 55,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэйгээр анх тохирсон гэрээний хугацаагаар 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зээлсэн. Ингээд үүнээс хойш огт төлөлт хийхгүй байж байгаад 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дахин өдрийн зээл хэрэгтэй байна гээд 5,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй авч урьд нь зээлсэн 55,000,000 төгрөгнөөс 3,000,000 төгрөгийг өдрийн зээлээр төлөхөөр болж нийт өдрийн зээлийн 8,000,000 төгрөгийг 30 хоногт өдрийн 288,000 төгрөгөөр төлөхөөр тохирсон. Харин үлдэгдэл 52,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй төлөхөөр, үндсэн зээлийг гэрээний хугацааны эцэст буюу 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр тохирсон. Л.А- нь дахин 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөгийг 60 хоногт өдрийн 58,000 төгрөгөөр төлөхөөр болж өмнөх авсан зээлийн хамт өдрийн 346,000 төгрөгөөр төлж байсан. энэхүү өдрийн зээлээ төлөхдөө өдөр бүр төлж байгаагүй, зарим өдөр төлөлт хийхгүй зарим өдөр зөвхөн 58,000 төгрөг төлж байсаар 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр буюу 4 сарын хугацаанд өдрийн зээлээ төлж дуусгасан. Ингээд энэ хугацаанд зөвхөн өдрийн зээлээ хугацаа хэтрүүлэн төлсөн бөгөөд харин 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргээс 5,000,000 төгрөгийг хасаж 35,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэмж 20,000,000 төгрөг аваад нийт зээлийн 55,000,000 төгрөгнөөс 3,000,000 төгрөгийг өдрийн зээлээр төлж барагдуулаад нийт үндсэн зээлээс 52,000,000 төгрөгийн зээлээ огт төлөөгүй. 2016 онд А ББСБ ХХК-ийг байгуулсны дараа Л.А- 52,000,000 төгрөгийн зээлийн хүүгээ бууруулж, хугацаагаа сунгуулах хүсэлтэй гаргасан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дахин зээлийн болон барьцааны гэрээ байгуулж үл хөдлөх, эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн. Энэ гэрээг шинээр бүртгүүлэхэд өмнөх барьцааны гэрээг дуусгавар болгосон гэсэн баримт шаардлагатай байсан. 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийг Л.А- гүйцэтгээгүй байсан. А ББСБ ХХК-ийн гэрээг бүртгүүлэхийн тулд Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ хийж Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Л.А- нь Т.Б-гээс зээлж авсан 52,000,000 төгрөгнөөс ямар нэг төлөлт хийгээгүй. Хамгийн анх байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээлж авсан 40,000,000 төгрөгнөөс 5,000,000 төгрөгийг төлсөн учир 35,000,000 төгрөгийн сарын хүү 1,400,000 төгрөг, 2 сарын хүүний мөнгө нийт 2,800,000 төгрөг, үндсэн зээл 52,000,000 төгрөг дээр 2 сарын хүү 2,800,000 төгрөг нэмээд зээлийн гэрээний үүрэгт нийт 54,800,000 төгрөг болсноос А ББСБ ХХК-ийн дансанд 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,560,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дансанд 1,560,000 төгрөгийг хийсэн тул 54,800,000 төгрөгнөөс 3,120,000 төгрөгийг хасаж 51,680,000 төгрөгийг төлөөгүй үлдсэн. Иймд хариуцагч Л.А-ээс зээлийн гэрээний үүрэгт 51,680,000 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.А- шүүхэд болон төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.А- 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Т.Б-тэй зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаагаар сарын 5 хувийн хүүтэй зээлж мөнгийг бэлнээр нь авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Л.А-ийн гэр бүлийн хэрэгцээний, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 18-257 тоотод байрлах 599.43 м.кв газрыг барьцаалж 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан. Дээрх зээлийн гэрээгээр авсан 40,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн өдөр бүр 360,000 төгрөг төлж, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуусах хүртэлх хугацаанд төлсөн. Уг төлөлт хэрхэн хийгдэж байсныг хажуу талын лангуун дээр зогсдог Ч.Гантуяа гэдэг хүн гэрчилнэ. Дээрх зээлийн гэрээний үлдэгдэл 20,000,000 төгрөгийг Л.А- төлөх боломжгүй болж, бизнесийн үйл ажиллагаа доголдсон боловч өөрийн бололцоог ашиглан тодорхой хэмжээний төлөлт хийж байсан. Өдрийн зээлийн дарамтад орж хэцүү байдалтай байхад Т.Б- нь банк бус санхүүгийн байгууллага байгуулсан учраас одоо зээлийн гэрээг компанийн нэр дээр байгуулна гээд 2014 оны 10 сарын 15-ны зээлийн гэрээний үлдэгдэл 20,000,000 төгрөг, зээлийн хүү нийт 52,000,000 төгрөг болж байгаа гэж хэлээд 2016 оны 12 сарын 16-ны өдөр 52,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 18 гудамж, 257 тоот хаягт байрлах 62.5 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 599.23 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан. Иймд одоо А ББСБ ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй байгаа тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь Л.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 66,268,400 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А ББСБ ХХК-ийн захирал Т.Б- нь иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.А-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 66,268,400 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийг Т.Б-гээр сольж өгөхийг хүссэн хүсэлтийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШҮ2019/01637 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.А-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 66,268,400 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489,292 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгох үндэстэй.
Нэхэмжлэгч Т.Б- нь хариуцагч Л.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51,680,000 төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хариуцагч Л.А- нь А ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулаагүй, Т.Б-гээс 40,000,000 төгрөг зээлж, үүнээс 20,000,000 төгрөгийг төлсөн гэж маргажээ.
Талууд 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, дүүргийн р хороо, дугаар гудамж тоот хаягт байршилтай Г-тоот бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар барьцаалж, Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байх ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.”Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 40,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч 5,000,000 төгрөг төлсөн тухайд маргаагүй.
Зээлдэгч Л.А- 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр нэмж зээлж авч, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр авсан 40,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг хасаж 35,000,000 төгрөг дээр 20,000,000 төгрөгийг нэмээд нийт 55,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан /хх-ийн 48-49 тал/ бөгөөд нэхэмжлэгч дээрх зээлийн гэрээний үүрэгт зээлийн хүүгийн төлбөр нэхэмжлээгүй.
2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зээлээс 5,000,000 төгрөг төлсөн, нэгтгэсэн 55,000,000 төгрөгийн зээлээс 3,000,000 төгрөгийг өдрийн 288,000 төгрөгөөр төлөхөөр тохирч нийт 8,000,000 төгрөгийг төлж дууссан. А ББСБ ХХК-ийн дансанд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1,560,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,560,000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх ба зээлийн төлбөрөөс 11,120,000 төгрөг төлсөн тухайд хэн аль нь маргаагүй. /хх-ийн 63 тал/
Өөрөөр хэлбэл нийт зээлсэн 60,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг бэлнээр, 3,000,000 төгрөгийг өдрийн зээлийн хэлбэрээр, А ББСБ ХХК-ийн дансанд шилжүүлгээр 3,120,000 төгрөг төлсөн нийт 11,120,000 төгрөгийг хасаж тооцоход 48,880,000 төгрөг үлдэж, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээлсэн 40,000,000 төгрөгийн 2 сарын зээлийн хүүгийн төлбөрт тооцсон 2,800,000 төгрөгийг нэмэхэд нийт 51,680,000 төгрөг байна.
Харин 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй Т.Ганболдтой хамтран зээлж, төлбөрийг төлж дууссан тул төлбөрийн нийт тооцоололд оруулаагүй болно.
Хариуцагч Л.А- 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөг бэлнээр аваагүй, харин зээлийн хүү гэж маргаж байгаа боловч тэрээр “2014 оны 12 сарын 12-ны өдөр Б-гээс 20,000,000 төгрөг авлаа” гэж бичиж гарын үсэг зурж /хх-ийн 48 тал/ баталгаажуулсан. Үүнийгээ баримтаар үгүйсгэж, няцааж чадаагүй.
Гэрч Ч.Г шүүх хуралдаанд “Л.А- 2-3 удаа өдрийн зээлийн мөнгөө Т.Б-д өгөөрэй гэж үлдээсэн. Өөр зүйл мэдэхгүй” гэж мэдүүлсэн бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Б.М 20,000,000 төгрөгийг өдрийн зээлээр төлсөн гэж тайлбар няцаагдаж байна.
Иймд хариуцагч Л.А-ээс зээлийн гэрээний үүрэгт 48,880,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,800,000 төгрөг нийт 51,680,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгох үндэстэй.
Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг
хангуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Т.Б- нь хариуцагч Л.А- нар 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, дүүргийн р хороо, дугаар гудамж тоот хаягт байршилтай Г-тоот бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар барьцаалж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулжээ. /хх-ийн 33-34 тал/
А ББСБ ХХК нь зээлдэгч Л.А-тэй 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 52,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны тоот хаягт байрлах талбайтай дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын гудамж 257 тоот хаягт байрлах 599.23 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г-дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг барьцаалж барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэхдээ зээлдэгч Л.А-ийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг дуусгавар болгосон тухайд талууд маргаагүй. Өнөөдрийн байдлаар дээрх эд хөрөнгө А ББСБ ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй байгаа гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж байна. Иймд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.А-ээс 51,680,000 төгрөг /тавин нэгэн сая зургаан зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгож, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.А-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 66,268,400 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 486,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 416,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгож, нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489,292 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж А ББСБ ХХК-д олгосугай.
4. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ