| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2023/0143/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/162 |
| Огноо | 2023-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Баасанбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/162
2023 02 01 2023/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Баасанбаяр,
Шүүгдэгч .......... нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .......... овогт .......... холбогдох эрүүгийн “2306 00000 0143” дугаартай хэргийг шүүх 2023 оны 01 дүгээр сарын 30-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......... оны 3 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн .......... суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер график дизайнер нягтлан бодогч мэргэжилтэй, .......... ХХК-д багажийн нярав ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, .......... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар .......... , .......... овогт ...........
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч .......... нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 03 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн .......... дугаар хороо .......... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр .......... бусадтай хардсаны улмаас гэдэс хэсэг рүү 2 удаа өшиглөх, нүүр болон биеийн хэсэг рүү цохиж түүний биед баруун шуу, зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч .......... мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч .......... мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр тал/, гэрч .......... мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/, гэрч .......... мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 604 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр тал/, хохирогч .......... Баянзүрх дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 45 дугаар тал/, шүүгдэгч .......... эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч .......... нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 03 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо .......... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр .......... бусадтай хардсаны улмаас гэдэс хэсэг рүү 2 удаа өшиглөх, нүүр болон биеийн хэсэг рүү цохиж түүний биед баруун шуу, зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч .......... өгсөн: “...Тэгээд би гэртээ ороод нөхөр рүү 7-8 удаа залгаад, фейсбүүк чатаар залгаад утсаа авахгүй байхаар нь унтсан бөгөөд унтаж байтал 01 цагийн орчим нөхөр халамцуу орж ирээд “чи яасан” гээд миний утсыг үзээд эхэлсэн. Тэгээд би “Өнөөдөр сайхан байвал маргаашийг мартъя” гэсэн утгатай дуутай, өөрийн зургийг фейсбүүкт стори хийсэн байсан юм. Тэгтэл нөхөр тэрнээс болж уурлаад явлаа гээд гарч яваад 03 цаг өнгөрч байх буцаж орж ирээд намайг “хайраа унтъя гэж хэлсэнгүй, би чиний дотуур хувцсыг чинь шалгана, чи хүнтэй унтаад ирсэн” гээд миний дотуур хувцаснаас татаад байхаар нь би гараараа түлхэхэд хамар руу цохигдоод цус гарчихсан.Тэгтэл нөхөр миний гэдэс хэсэг рүү 2-3 удаа өшиглөөд гэрээс түлхэж гаргахаар нь би яах учраа олохгүй буцаад хаалгаа тогшиход нөхөр хаалгаа онгойлгоод миний толгой, бие хэсэг рүү олон удаа цохисон бөгөөд жижүүр эгч гарч ирэхэд ч гэсэн намайг өшиглөөд хаалгаа хаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч .......... өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал орцонд хүн орилох чимээ гараад байхаар нь шатаар дээшээ 5 давхарт гартал тус байрны 20 тоотын оршин суугч .......... уйлчихсан цахилгаан шатны хажууд зогсож байсан, нөхөр .......... нь гэрийнхээ хаалганы хажууд зогсож байсан. Тэр хоёр юунаас болж маргасныг нь сайн ойлгоогүй нөхөр нь хөдөө орон нутагт ажилладаг учраас бие биеэ хардсаны улмаас маргасан байх гэж бодсон. Тэгээд би тэр хоёрыг “Битгий маргалдаа” гээд дунд нь зогсож байтал нөхөр .......... нь маш хурдан ирээд .......... хөл хавьцаа өшиглөх шиг болсон. Тэгэхээр нь .......... “боль” гээд дундуур нь ортол гэр лүүгээ ороод буцаж гарч ирээд .......... куртикийг шидсэн. Би .......... аваад жижүүрийн байран дээрээ очоод цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч .......... өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сараас эхлүүлж аавын төрсөн дүү .......... ахынд амьдарч эхэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 23-нд би сургуулиа төгсөөд гэртээ 20 цагийн үед ирэхэд ах 2 хүүхэдтэйгээ байсан эгч ажлынхантайгаа хоолонд орно гээд явсан байсан. Намайг ирэхэд ах “Гарчхаад ирье” гээд зөрөөд гарсан. Тэрнээс хойш ах орж ирээгүй би хоёр хүүхдийг нь хараад байж байтал эгч 23 цаг өнгөрч байхад орж ирсэн архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тэгээд би 00 цаг өнгөрөөгөөд унтах унтах гээд өөрийнхөө өрөөнд ороод унтсан. Тус хугацаанд ах ирээгүй л байсан. Шөнө 02 цагийн үед тэр хоёр хэрэлдээд байх шиг болохоор би сэрээд гайгүй болчих байх гээд өрөөндөө утсаа оролдоод хэвтэж байсан. Тэр хоёр нэлээн удаан хэрэлдэж байгаад 03 цагийн орчим үед зодолдоод байх шиг болохоор нь өрөөнөөсөө гараад очиход гэрийн хаалганы наад талд ах, цаад талд нь эгч зогсчихсон, эгч “Би хувцсаа аваад гарчихъя” гэсэн чинь ах куртик цүнх хоёрыг нь шидэж өгч байсан. Тэгэхээр нь би “та хоёр болиоч, шөнө орой болсон хойно гэр орондоо орооч” гэсэн чинь ах “танай эгч чинь намайг цохиод хамраас цус гаргачихлаа” гэхээр нь “тэгээд яадаг юм, гэртээ ор” гээд хэлээд байж байтал эгч цаанаас нь ахад хандаж “би гэртээ ороод хувцсаа өмсөөд гарчихъя” гэсэн чинь ах “чадахгүй” гээд цээж хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн энэ хооронд доороос жижүүр эгч гарч ирээд “хар шөнө болиоч ээ, хүмүүс унтуулж амраагаач” гэж байсан. .......... эгч жижүүр эгч дээр очоод “цагдаа дуудаад өгөөч” гэсэн чинь жижүүр эгч цагдаа дуудахаар доошоо гэр лүүгээ явсан. Тэр хоёр орцондоо үлдээд орцны цаад буланд хэрэлдээд, маргалдаад байх шиг байсан. Удалгүй хаалга нээлттэй байсан болохоор эгчийг ах хөлөөс нь чирээд орж ирж байсан. Би тэр үед гэрээс гаралгүй тэр хоёрыг болиод ороод ирэх байх гээд хүлээгээд зогсож байсан орцонд хэрэлдээд байх шиг байсан. Цохиж зодсоныг нь ерөөсөө хараагүй. Эгч орж ирэнгүүтээ гадна хувцсаа аваад гараад явсан. .......... эгчийг .......... ах нэг л удаа цээж хэсэг рүү нь өшиглөхийг харсан. Дараа нь хөлөөс нь чирээд гэртээ оруулж ирж байхыг харсан өөр надад харсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 17 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 604 дугаартай:
1. .......... биед баруун шуу, зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч .......... нь хохирогч .......... эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг цохисны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч .......... тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Хэргийн үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч .......... нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 03 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо .......... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр .......... бусадтай хардсаны улмаас гэдэс хэсэг рүү 2 удаа өшиглөх, нүүр болон биеийн хэсэг рүү цохиж түүний биед баруун шуу, зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч .......... нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 03 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо .......... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр .......... бусадтай хардсаны улмаас гэдэс хэсэг рүү 2 удаа өшиглөх, нүүр болон биеийн хэсэг рүү цохиж түүний биед баруун шуу, зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүхий л шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч .......... тайлбар, мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч .......... нь хохирогч .......... биед халдаж, цохисон үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд түүний дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.
Нөгөөтээгүүр шүүгдэгч .......... нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдвал зохино.
Иймд, шүүгдэгч .......... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч .......... нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүх хялбаршуулсан журмаар .......... холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч .......... нь цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .......... овогт .......... “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .......... 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .......... оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч .......... нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
и
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл .......... авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС