Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2019/00645

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Н- даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Н-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: дүүрэг, хороо, тоот хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар-, регистрийн дугаар-/, Н ХХК-д холбогдох

 

 44,725,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн төлөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр А1/07 дугаартай Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх тухай гэрээ байгуулж дүүргийн дугаар  хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй  хотхоны А1 блок 9 давхрын 61,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв үнэ 1,600,000 төгрөгөөр тооцож нийт 97,760,000 төгрөг тушааж, орон сууцыг 2016 оны 4 дүгээр улиралд багтааж хүлээн авахаар тохиролцож захиалсан. Орон сууцны барилгын ажил захиалгаар гүйцэтгэгч Н ХХК нь гэрээний дагуу орон сууцыг 2016 оны 4 дүгээр улиралд багтааж хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч гэрээний үүргээ ноцтой зөрчиж, 2017 оны 09 дүгээр сард буюу 183 хоногийн хугацаа хэтэрч орон сууцыг хүлээлгэж өгсөн. Иймд орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэгч Н ХХК-аас 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А1/07 дугаартай орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээний дагуу хугацаа хэтэрсэн 183 хоногийн алданги болох 44,725,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н ХХК шүүхэд болон төлөөлөгч А.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Н-тэй 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр А1/07 тоот орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр дүүргийн дугаар  хороонд баригдах  хотхоны А1 блок 9 давхрын 61,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бариулахаар харилцан тохиролцсон. Гүйцэтгэгч буюу Н ХХК-ийн зүгээс орон сууцны барилгын ажлыг чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэсэн ба 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр улсын комисс хүлээн авсан. Улмаар 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр захиалагч Э.Н-д гэрээнд заасан орон сууцыг хүлээлгэн өгсөн. Тус гэрээний 5.1-д заасны дагуу орон сууцны иж бүрдэл, чанар зэргийг шалган хүлээлгэн өгөхийн зэрэгцээ талуудын хооронд үүссэн төлбөр тооцоог нэгтгэн тооцоо нийлэх актыг үйлдсэн. 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тооцоо нийлж, гүйцэтгэгч болон захиалагч нар барилга баригдах явцад үүссэн шалтгаан, нөхцөлийг харилцан тохиролцож, цаашид ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй болох талаар харилцан тохиролцож, тооцоо нийлсэн юм. Өөрөөр хэлбэл 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А1/07 тоот Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээгээр ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй байх талаар тохиролцож, Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасанчлан тооцоо нийлж, харилцан тооцоогоо дуусгавар болгосон. Захиалагч нь А1/07 тоот гэрээний дагуу төлбөрийг гэрээний Хавсралт 3-т заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн. Гэвч захиалагч Э.Н- нь гэрээний Хавсралт 3-т заасан хоёр хуваарьт хугацааг нийт 29 хоногоор хэтрүүлэн орон сууцны төлбөрийн санхүүжилтийг шийдвэрлэсэн тул захиалагчийн зүгээс нийт 11,975,600 төгрөгийн алданги төлөх байсан. 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгөхдөө дээрх нөхцөл байдлуудыг харилцан тохиролцон тооцоо нийлж, хоорондын үүссэн өр авлагыг хаасан. Иймд Н ХХК-иас 44,725,500 төгрөг гаргуулах тухай Э.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Э.Н- хариуцагч Н ХХК-нд холбогдуулан  44,725,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н ХХК-нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч   тооцоо нийлж харилцан үүрэг дуусгавар болсон гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.Н- хариуцагч Н ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулж дүүргийн дугаар  хороонд баригдаж буй  хотхоны А1блок 9 давхарын 61,1 м.кв талбайтай 2 өрөө сууцыг захиалгаар гүйцэтгүүлэхээр тохиролцон гэрээ /хх-ийн 4-7 тал/ байгуулж, уг гэрээний 3.2.гүйцэтгэгч нь захиалсан орон сууцыг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүсээгүй нөхцөлд 2016 оны 4-р улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй. Мөн гэрээний 3.3.Гүйцэтгэгч тал барилга ашиглалтанд орох хугацаанаас 60 хоног хэтэрсэн  тохиолдолд захиалагч талд хоногийн 0,5 хувийн алданги төлөх үүрэгтэй” гэж тохиролцжээ.

 

Хариуцагч Н ХХК-нь тус гэрээний 3.7.Байгалийн болон нийтийг хамарсан  гамшиг,  гэнэтийн  аюул,  осол,  Төрийн  болон  эрх  бүхий  байгууллагын

шийдвэр үйл ажиллагаа, бусад давагдашгүй онцгой нөхцөл байдлын улмаас барилгын ажлыг зогсоох шаардлага гарсан тохиолдолд гэрээний хугацаа уг нөхцөл байдлыг арилах хүртэл түр зогссонд тооцно”  гэж заасныг үндэслэн захиалагч Э.Н-д 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 67 дугаартай “Мэдэгдэл” хүргүүлж, Төрийн болон эрх бүхий байгууллагын шийдвэр үйл ажиллагаанаас хамаарч барилга ашиглалтанд орох хугацаа 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл түр зогссон тухай мэдэгдсэн гэж маргаж байна.

 

Төрийн банк ХХК-нь өөрийн банкны ажилчдыг тусгай нөхцөлтэй орон сууцны зээлд хамруулахаар Н ХХК-тай тохиролцсон бөгөөд Э.Н- нь тус банкинд ажиллаж байх үедээ тусгай нөхцөлтэй орон сууцны зээл авсан тухайд талууд маргаагүй.

 

Дээрх гэрээний 2.3.Урьдчилгаа төлбөрт нийт дүнгийн 10 хувийг төлж, үлдэгдэл төлбөр болох 90 хувийг Төрийн банкны орон сууцны зээлээр төлөх тохиолдолд зээл шийдвэрлэх хугацаа нь гэрээ хийгдсэнээс хойш 30 хоногийн дотор шийдвэрлүүлэх бөгөөд хугацаандаа шийдвэрлүүлж чадаагүй тохиолдолд гэрээг гүйцэтгэгч тал дангаар цуцална” гэж заажээ.

 

Хариуцагч Н ХХК-нь “захиалагч Э.Н- тус гэрээний 3 дугаар хавсралтад заасан хоёр хувааж төлөх хуваарьт хугацааг 29 хоногоор хэтрүүлж гэрээний үүргээ зөрчиж 11,975,600 төгрөгийн алданги төлөх нөхцөл үүссэн” гэх тайлбар  А1/07 тоот гэрээний 3 дугаар хавсралтад төлбөрийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 10 хувь буюу 9,776,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 90 хувь буюу 87,984,000 төгрөг төлбөр төлөх хуваарь /хх-ийн 7 тал/-ийг зөрчин 87,984,000 төгрөгийн төлбөрийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн “Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх-ийн 28 тал/-ний баримтаар нотлогдоно гэж мэтгэлцэж байна.

 

Иймд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар нэхэмжлэгч Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээнд зааснаар алданги шаардах эрхгүй гэж үзнэ.

 

 Нэхэмжлэгч Э.Н- нь орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэгч Н ХХК-иас 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А1/07 дугаартай орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээний дагуу хугацаа хэтэрсэн 183 хоногийн алданги болох 44,725,200 төгрөг гаргуулахаар шаардсан боловч 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А1/07 тоот гэрээний дагуу захиалагч нь төлбөрийг гэрээний 3 дугаар хавсралтад заасан хоёр хуваааж төлөх хуваарьт хугацааг 29 хоногоор хэтрүүлж гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна. 

 

Талууд 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгч тооцоо нийлж акт үйлдэж “тооцоо дууссан” гэж захиалагч Э.Н- гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-ийн 26 тал/

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох баримыг гаргаж ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагч Н ХХК-иас 44,725,200 төгрөг гаргуулах тухай  Э.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                   ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас 44,725,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,580 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.Н-