Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/30

 

2023            01             23                                     2023/ШЦТ/30

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

 

    Улсын яллагч Т.Д,

    Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б,

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан О аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бод холбогдох эрүүгийн 222500452037 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Н овогт Н-ын Б, Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр О аймгийн Ж сумын У багийн нутаг дэвсгэрт А1001 улсын чанартай авто замын зорчих хэсэгт Hyundai Sonata-6 маркийн ***ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд Т.Зын жолоодож явсан Toyota mark-2 маркийн ***ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Hyundai Sonata-6 маркийн ***ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ш.Цын эрүүл мэндэд хүнд, Б.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр, Т.Уийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Toyota mark-2 маркийн ***ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан Э.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Т.Зын эзэмшлийн Toyota mark-2 маркийн ***ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.250.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

О аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Быг авто тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хохирлыг төлж барагдуулна” гэв.

 

Хавтаст хэргээс:

 

-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 8-21-р тал/

 

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 29-р тал/

 

-Хохирогч Э.Эгийн “2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би О аймагт ажлаар ирж байж байгаад 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Д аймаг руу ажлаар явах шаардлага гараад орой 20:00 цагийн үед Барилгачдын талбай ороод Д явах унаа асуусан чинь нэг залуу Д явна миний машинд суучих гэхээр нь суусан тухайн үед машинд суухад надаас гадна гурван хүн машинд суусан байсан. Тэгээд намайг суулгаад хөдлөөд явсан.О аймгийн гурван замын пост өнгөрөөд явж байсан чинь жолооч нилээн хурдтай яваад байхаар нь араас нь харахад 100-150 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд би хамгаалах бүс харсан чинь байхгүй байсан. Тэгээд удалгүй О аймаг Ж сум руу ороод доошоогоо уруудаад нилээн хурдтай явж байсан. Тэгсэн өөдөөс нэг машин зүүн эргэх гээд дохио өгөөд зогсож байсан. Тэгсэн яах ийхийн зуургүй очоод мөргөлдсөн тухайн үед би араас нь хөөе наадах чинь тоормозоо гэж хэлсэн чинь жолооч машиныхаа тооромзыг нэг гишгэж аваад нөгөө машинаас машинаа зайлуулж баруун гар тийш нь хальт дараад очоод мөргөлдсөн. Тэгсэн нэг хүн намайг машинаас буугаарай гэхээр нь буугаад байж байсан чинь удалгүй эмнэлгийн машин ирсэн. Би суугаад эмнэлэг орж үзүүлсэн чинь миний толгой хагарсан, тархид цус хуралттай байна гэсэн. Тэгээд миний толгойд оёдол хийсэн. Миний толгой хагарч дотор гадна оёдол хийлгэсэн дотор талд нь 5-6 оёдол хийсэн. Гадна талд нь 14 оёдол хийлгэсэн. Хоёр нүд хөхөрч хавдсан, зүүн гарын булчин болон шуун хэсгээр шалбарч хөхөрсөн байгаа” гэсэн мэдүүлэг. /хх-н 31-р тал/

 

- Хохирогч Ш.Цын “Миний бие 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ж сумын баярын хуралд хүү Б, охин У, бэр Э нарын хамтаар оролцчихоод хүүгийнхээ машинтай гэрлүүгээ харих гээд засмал замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ чиглэлтэй явж байгаад урагшаа тасаг руу салдаг уулзвар дээр ирж байсан тэгсэн гэнэт л түс тас болоод явчихсан. Эмээ нь яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх-н 50-р тал/

 

-Хохирогч Б.Эийн “2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр миний хадам ээж, Ц ерөнхийлөгчийн зарлигаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар шагнуулахаар болсон тухай баярын хуралд оролцохоор нөхөр Б, хадам эгч У нарын хамтаар Ж сумын соёлын төвд баярын үйл  ажиллагаанд оролцсон. Баярын үйл ажиллагааг дуусгаад буцаад гэр рүүгээ харих гээд нөхрийнхөө ***ОРО улсын дугаартай машинтай баруунаас зүүн тийш чиглэлтэй засмал замаар явж байгаад урагшаа Тасаг руу салдаг хэсэг эргэтэл өөдөөс ирж явсан машин манай машиныг ирээд мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 53-р тал/

 

-Гэрч Б.Эийн2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ж сумын төв дээр арга хэмжээнд оролцоод нөхрийнхөө ***ОРО дугаартай тээврийн хэрэгсэлтэй А1001  улсын дугаартай авто замаар зүүнээс баруун тийш чигээрээ явж байгаад гэрлүүгээ салдаг уулзвараар зүүн гар тийш манай нөхөр Б дохио өгөөд эргэтэл өөдөөс чигээрээ явж байсан машин ирээд бид нарын сууж явсан машиныг мөргөсөн. Нөхөр бид хоёроос гадна хадам ээж Ц, хадам эгч У нар хамт явсан. Манай нөхөр ганцаараа хамгаалах бүс хэрэглэсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 55-р тал/

 

-Гэрч Т.Зын “Миний бие 2022 оны 07 дугаар сарын 09-ний орой О аймгаас Даймаг руу гэрлүүгээ харих гээд замдаа бензиний мөнгө хийх гээд барилгачдын талбай дээрээс 4 хүн аваад хөдлөөд О аймгийн Ж сум руу баруунаас зүүн тийш чиглэлтэй сумын төв арай хүрэхгүй наад талд нь явж байтал миний өөдөөс ирж байсан мөнгөлөг саарал өнгийн жижиг тэрэг зүүн гар тийш дохио өгөх гээд зогсож байснаа гэнэт зүүн гар тийш миний машины урдуур эргэх хөдөлгөөн хийгээд ухас гээд ороод ирсэн. Тэгэхлээр нь би машинаа зогсоох гэж тоормозоо гишгэсэн боловч машин маань зогсохгүй инерцээрээ тухайн машиныг мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 57-р тал/

 

-Гэрч Т.Уийн “2022 оны 07 дугаар сарын 09-ний орой 19 цагаас манай ээж Ц сумын төвд баярын хуралд оролцож Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар шагнуулсан юм. Шагналаа гардаж аваад манай ээж Ц, миний бие, бэр Э, төрсөн дүү Б бид нар миний төрсөн дүү Бын ***ОРО улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй сумын төвөөс гараад О аймаг руу явдаг төв замаар гэрлүүгээ явж байгаад замын урагш буюу зүүн гар тийш эргэх гээд манай дүү дохио өгч байсныг санаж байна. Үүнээс хойш юу болсныг би мэдэхгүй шоконд орчихсон. Манай бэр замын хажууд суучихсан. Машин мөргөлдсөн байдалтай. Би бас газар унасан бололтой миний хувцас шороо болсон байсан. Манай дүү машин барьж явахдаа хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Ээж, би, бэр бид нар хамгаалах бүс хэрэглээгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 59-р тал/

 

-Гэрч Э.Эгийн “2022 оны 07 дугаар сарын 09-ний орой 20 цаг өнгөрч байхад миний бие О аймаг Баян-Өндөр сум Зэст баг барилгачдын талбайгаас Даймаг руу явах санаатай унаа сураглаж явж байгаад ***ДАР Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгсэлд 25 000 төгрөг төлж явахаар тохиролцож суусан. Тухайн тээврийн хэрэгсэлд надаас гадна жолоочтой нийт 4 хүн байсан ба бид нар О аймгаас хөдлөөд явж байхад би тухайн тээврийн хэрэгслийн жолооч миний харснаас 110 километрийн хурдтай явж байсан Ж  сум руу орохын наахан талд жижиг даваа уруудаад явж байтал гэнэт өөдөөм ирж явсан жижиг суудлын тэрэг урагшаа буюу зүүн гар тийш эргэсэн. Миний сууж явсан машины жолооч хурдаа хассан боловч яах ийхийн зуургүй тухайн машинтай мөргөлдсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 59-р тал/

 

-Гэрч Л.Эын “Иргэн Т.Б 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зээлээ бүрэн төлж барагдуулсан. Манай байгууллагаас бол өөрийнхөө нэр дээр тээврийн хэрэгслээ шилжүүлж авахад татгалзах зүйлгүй гэсэн албан тоотыг өгсөн боловч тээврийн хэрэгслээ янзалж чадахгүй шалтгааны улмаас тээврийн хэрэгслээ өөрийн нэр дээр шилжүүлж авахгүй байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-н 63-р тал/

 

-Иргэний нэхэмжлэгч Т.Уийн “Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 68-р тал/

 

-Иргэний нэхэмжлэгч Ц.Лгийн “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заажээ. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төррийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хуулийн хэрэгжүүлэн ажиллаж, төрөөс гарч байгаа зардлыг нөхөн төлүүлэх талаар хамтран ажиллах албан бичгийг ирүүлсэн. Тус хэрэгт хохирогч Ш.Ц, иргэний нэхэмжлэгч Т.У нар нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр О аймгийн Баян-Өндөр сумын Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 1 926 000 төгрөгийн зардал гарсан байх тул тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Т.Боос гаргуулж эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-н 72-р тал/

 

-Иргэний нэхэмжлэгч Э.Эгийн “...Миний бие энэ хэрэгт холбогдуулан эмчилгээний зардал болох ойролцоогоор 800 000 төгрөг нэхэмжилж байна. Баримтыг Улаанбаатар хотод очоод шуудангаар цагдаагийн газар руу явуулна” гэсэн мэдүүлэг /хх-н 78-р тал/

 

-Иргэний нэхэмжлэгч Т.Зын “....Үнэлгээгээр тогтоогдсон 3 810 000 төгрөг, үнэлгээний хөлс 160 000 төгрөг, нийт 3 970 000 төгрөг даатгалын байгууллагаас миний Хаан банкны 5054073945 тоот дансанд шилжиж орж ирсэн. Миний бие өөрийн машиныг ачиж тээвэрлэсэн мөн цагдаагийн байгууллагад дуудагдан ирэх үеийн зардал баримтаар 1 185 750 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэгт баримтыг гаргаж өгнө” гэсэн мэдүүлэг /хх-н 79-р тал/

 

-О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 563 дугаартай “Ш.Цын биед цээжний битүү гэмтэл, цээжний хөндий дэх хий ба шингэн алдалт, баруун талын 1-10-р хавиргануудын суганы дунд, ар болон далны шугамаар зөрөөтэй /хавирганы хавхлаасын шинжтэй/ хугарал, өвчүү ясны хугарал, сээрний гурав, зургаа, долоо, наймдугаар нугалмуудын шахагдсан хугарал, тархи доргилт, баруун завьж, баруун хөлийн өвдөгт шарх, эрүү, цээж, нуруу, хоёр гарын бугалга, тохой, шуу, сарвуу, хоёр хөлийн өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цээжний битүү гэмтэл, цээжний хөндий дэх хий ба шингэн хуралдалт, баруун талын 1-10-р хавиргануудын суганы дунд, ар болон далны шугамаар зөрөөтэй /хавирганы хавхлаасын шинжтэй/ хугарал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Өвчүү ясны хугарал, сээрний гурав, зургаа, долоо, наймдугаар нугалмуудын шахагдсан хугарал нь тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Тархи доргилт, баруун завьж, баруун хөлийн шарх, эрүү, цээж, нуруу, хоёр гарын бугалга, тохой, шуу, сарвуу, хоёр хөлийн өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь тус бүрдээ эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Ослын улмаас үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-н 86-89-р тал/

 

- О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 564 дугаартай “Т.Уийн биед тархины эдийн няцрал, хуйханд баруун чамархай хэсэгт шарх, нүүрний баруун хэсэг, хамар, нүд, хацар, шанаа, баруун чихний зөөлөн эдийн няцрал, баруун талын тавдугаар хавирганы хугарал, баруун бугалга, тохой шуу, зүүн гарын шуу, нуруу, хоёр хөлийн шилбэ, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Ослын улмаас үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 119-121-р тал/,

 

-О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 849 дугаартай дүгнэлтэд “Б.Эийн биед баруун гарын шууны ясны доод 1/3-ээр далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтэл нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үүссэн байж болно. Шүүх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 153-154-р тал/,

 

- 3ам тээврийн ослын талаарх “Цагаан шонхрын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт Toyota Магк-2 маркийн ***ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.З нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Huyandai sonata 6 маркийн ***ОРО улсын дугаартай автомашины жолооч Т.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Huyandai sonata-6 маркийн ***ОРО улсын дугаартай автомашины жолооч Т.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9 заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 212-213-р тал/,

 

- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын О аймгийн автотээврийн төвийн техникийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22, 23 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 160-164, 173-177-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр О аймгийн Ж сумын У багийн нутаг дэвсгэрт А1001 улсын чанартай авто замын зорчих хэсэгт Hyundai Sonata-6 маркийн ***ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд Т.Зын жолоодож явсан Toyota mark-2 маркийн ***ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Hyundai Sonata-6 маркийн ***ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ш.Цын эрүүл мэндэд хүнд, Б.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр, Т.Уийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Toyota mark-2 маркийн ***ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан Э.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Т.Зын эзэмшлийн Toyota mark-2 маркийн ***ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.250.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Т.Б нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

 

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 

Хохирогч Э.Эгийн “.. Тэгсэн өөдөөс нэг машин зүүн эргэх гээд дохио өгөөд зогсож байсан. Тэгсэн яах ийхийн зуургүй очоод мөргөлдсөн тухайн үед би араас нь хөөе наадах чинь тоормозоо гэж хэлсэн чинь жолооч машиныхаа тооромзыг нэг гишгэж аваад нөгөө машинаас машинаа зайлуулж баруун гар тийш нь хальт дараад очоод мөргөлдсөн” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ш.Цын “..хүүгийнхээ машинтай гэрлүүгээ харих гээд засмал замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ чиглэлтэй явж байгаад урагшаа тасаг руу салдаг уулзвар дээр ирж байсан тэгсэн гэнэт л түс тас болоод явчихсан” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Эийн “...Баярын үйл ажиллагааг дуусгаад буцаад гэр рүүгээ харих гээд нөхрийнхөө ***ОРО улсын дугаартай машинтай баруунаас зүүн тийш чиглэлтэй засмал замаар явж байгаад урагшаа Тасаг руу салдаг хэсэг эргэтэл өөдөөс ирж явсан машин манай машиныг ирээд мөргөсөн” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Эийн2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ж сумын төв дээр арга хэмжээнд оролцоод нөхрийнхөө ***ОРО дугаартай тээврийн хэрэгсэлтэй А1001  улсын дугаартай авто замаар зүүнээс баруун тийш чигээрээ явж байгаад гэрлүүгээ салдаг уулзвараар зүүн гар тийш манай нөхөр Б дохио өгөөд эргэтэл өөдөөс чигээрээ явж байсан машин ирээд бид нарын сууж явсан машиныг мөргөсөн. Нөхөр бид хоёроос гадна хадам ээж Ц, хадам эгч У нар хамт явсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Зын “Миний бие 2022 оны 07 дугаар сарын 09-ний орой О аймгаас Даймаг руу гэрлүүгээ харих гээд замдаа бензиний мөнгө хийх гээд барилгачдын талбай дээрээс 4 хүн аваад хөдлөөд О аймгийн Ж сум руу баруунаас зүүн тийш чиглэлтэй сумын төв арай хүрэхгүй наад талд нь явж байтал миний өөдөөс ирж байсан мөнгөлөг саарал өнгийн жижиг тэрэг зүүн гар тийш дохио өгөх гээд зогсож байснаа гэнэт зүүн гар тийш миний машины урдуур эргэх хөдөлгөөн хийгээд ухас гээд ороод ирсэн. Тэгэхлээр нь би машинаа зогсоох гэж тоормозоо гишгэсэн боловч машин маань зогсохгүй инерцээрээ тухайн машиныг мөргөсөн” гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Уийн “.. бид нар миний төрсөн дүү Бын ***ОРО улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй сумын төвөөс гараад О аймаг руу явдаг төв замаар гэрлүүгээ явж байгаад замын урагш буюу зүүн гар тийш эргэх гээд манай дүү дохио өгч байсныг санаж байна. Үүнээс хойш юу болсныг би мэдэхгүй шоконд орчихсон. ..Машин мөргөлдсөн байдалтай. Би бас газар унасан бололтой миний хувцас шороо болсон байсан” гэх мэдүүлэг, гэрч Э.Эгийн мэдүүлэг,

 

О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 563 дугаартай Ш.Цын биед хүнд гэмтэл учирсан талаарх дүгнэлт,

 

О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 564 дугаартай “Т.Уийн биед гэмтлийн хөнгөн гэмтэл учирсан талаарх дүгнэлт,

 

О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 849 дугаартай дүгнэлтэд “Б.Эийн биед гэмтлийн хүндэвтэр гэмтэл учирсан талаарх дүгнэлт,

 

3ам тээврийн ослын талаарх “Цагаан шонхрын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн “Huyandai sonata-6 маркийн ***ОРО улсын дугаартай автомашины жолооч Т.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9 заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна” гэх шинжээчийн дүгнэлт болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй Д байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Т.Б нь зам тээврийн осол гаргаж хохирогч Ш.Цын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Эийн эрүүл мэндэд нь хүндэвтэр, Т.Уийн эрүүл мэндэнд хөнгөн, Э.Эгийн биед хөнгөн хохирол тус тус учруулсан байдал нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүнд, хөнгөн хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

            Шүүгдэгч Т.Бын зам тээврийн осол гаргаж хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм  хэмжээний актыг зөрчсөн санаатай үйлдэл нь хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулсантай шалтгаант холбоотой гэж үзнэ.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно. 

Дээрх үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн авто тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Улсын яллагч Т.Д шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр О аймгийн Ж сумын У багийн нутаг дэвсгэрт А1001 улсын чанартай авто замын зорчих хэсэгт Hyundai Sonata-6 маркийн ***ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд Т.Зын жолоодож явсан Toyota mark-2 маркийн ***ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Hyundai Sonata-6 маркийн ***ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ш.Цын эрүүл мэндэд хүнд, Б.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр, Т.Уийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Toyota mark-2 маркийн ***ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан Э.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Т.Зын эзэмшлийн Toyota mark-2 маркийн ***ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.250.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг авто тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч Т.Зын 2022 оны 08 сарын 15-ны өдрийн Жүр-Үр бэйкиригээс худалдан авалт хийсэн 29350 төгрөгийг хохиролд тооцуулж гаргуулахгүй, нотлох баримтаас хасуулах саналтай, бусад хохирлыг нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэх боломжтой, Эрүүл мэндийн даатгалын санд 1.926.000 төгрөг тус тус гаргуулж шийдвэрлүүлэх саналтай байнагэв.

 

Шүүгдэгч Т.Бын өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Т.Бын гэм буруугийн тал дээр маргахгүй. Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Хохирлын хувьд Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн шүүгдэгч Т.Б нь бусад хохирлыг төлнө гэдэг. Хохирогч Т.Зын хохирол нэхэмжилсэн баримтуудаас 3-н баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Хохирол учирч машиныг тээвэрлэсэн байж болно. Хохирлоо гаргуулахаар нэхэмжилж байгаа баримтууд нь хууль ёсны шаардлагыг хангасан байх ёстой. Ийм учраас хавтаст хэргийн 234 дугаарт байгаа баримт бичиг нь арилж мэдэгдэхгүй болсныг хасах, хавтаст хэргийн 240 дугаарт байгаа машин тээвэрлэсэн гэх баримт нь ямар байгууллагаас хэнд үйлчилсэн нь тодорхойгүй, хавтаст хэргийн 242 дугаарт байгаа баримт нь ямар тээврийн хэрэгслийг хаашаа зөөж тээвэрлэсэн нь тодорхойгүй, 243 дугаарт байгаа ачилт хийсэн гэх баримт нь хаанаас аль байгууллага хэнд үйлчилж байгаа нь тодорхойгүй байна, ийм учраас дээрх баримтуудыг нотлох баримтуудаас хасуулах саналтай байна. Ачилт хийсэн нь эбаримтаар давхар нотлогдох ёстой. Иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэсайхан нь эмчилгээний 800.000 төгрөг гаргуулна гэдэг боловч ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй, нотлох баримт байхгүй байх тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж өгнө үү. Т.Б болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Зарим хохирлыг төлж барагдуулсан, үлдсэн хохирлыг 1 жилийн хугацаанд төлөхөө илэрхийлдэг. Хохирогч нар гомдол саналгүй гэдэг, түүний байдлыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж харгалзах, эсхүл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв. 

 

Шүүгдэгч Т.Б нь гэм буруугийн талаар маргахгүй, хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тодорхойлж тус тус зааснаар шүүгдэгч Т.Б учирсан хохирлыг барагдуулах үүрэгтэй байна.

Энэ хэргийн улмаас хохирсон хохирогч Ш.Ц, иргэний нэхэмжлэгч Т.У, Б.Э нар нь нэхэмжлэх хохирол байхгүй гэсэн болно.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт Т.Боос  1.926.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх,

Иргэний нэхэмжлэгч Т.З хохиролд 1.186.350 төгрөг нэхэмжилснээс 757.000 төгрөгийг шүүгдэгч Т.Боос гаргуулан Т.Зт олгохоор шийдвэрлэж, түүний нэхэмжилсэн хавтаст хэргийн 240-р хуудсан дахь 300.000 төгрөгний зарлагын баримт, хавтаст хэргийн 241-р хуудсан дахь 29.350 төгрөгний баримт, хавтаст хэргийн 243-р хуудсан дахь 100.000 төгрөгний орлогын баримтуудыг тус тус нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэх боломжгүй байна гэж үзэж шүүхээс дүгнэсэн тул тэдгээр баримтыг хэлэлцэхгүй орхиж тус тус шийдвэрлэсэн болно.

 Хохирогч Э.Э нь 800.000 төгрөний эмчилгээний зардал нэхэмжлэнэ гэж мэдүүлсэн боловч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул мөн хэлэлцэхгүй орхиж, хохирогч Э.Э, иргэний нэхэмжлэгч Т.З нар нь хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Т.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх,  

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж харгалзах, эсхүл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх тухай саналыг тус тус гаргасан болно. 

Шүүгдэгч Т.Бод эрүүгийн хариуцлагыг оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хорын хохирлоос сайн дураараа төлсөн, цаашид гарсан зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан Т.Бод хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг санаатай үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг анхааруулах нь зүйтэй.

 

 

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  хэрэгт хавсаргагдан ирсэн 1350623 дугаарын жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгчид  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овгийн Н-ын Быг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Т.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан Т.Бод хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг санаатай үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Т.Бын тэнсэгдсэн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж, эрх хасах ял болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолох болохыг мэдэгдсүгэй.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Боос 757.000 /долоон зуун тавин долоон мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Зт, 1.926.000 /нэг сая есөн зуун хорин зургаан мянга/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

7. Иргэний нэхэмжлэгч Т.Зын 429.350 төгрөг, хохирогч Э.Эгийн 800.000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Шүүгдэгч Т.Бын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор түүний “В” ангиллын 1350623 дугаарын жолоочийн үнэмлэхийг О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

12. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ОРХОНТАМИР