| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2023/0027/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/026 |
| Огноо | 2023-01-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,
Улсын яллагч Б.Бат-Оргил,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000000003 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй.
Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 108 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар,
Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар хувьд ногдох эд хөрөнгөнөөс 20.000 төгрөг хурааж, 5 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 54 дугаарт шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн, 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 1 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 8 жил 1 сарын хугацаагаар тогтоосон,
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз тоотод иргэн *******той маргалдан улмаар хоорондоо зодолдож, хогийн шүүрээр *******ын баруун гарын сарвууны хэсэгт цохиж баруун сарвууны 3-р шивнүүр ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *******ын ...Би 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ******* гээд манай найз 14 цагийн орчимд намайг утсаар "манайд хүрээд ирээч, би урьд шөнө ирлээ, чи надад нэг үйлчлээдхээч, би хотод 2 хоног архи уулаа, чи надад ганц шар тайлчих юм аваад ирээч" гэхээр нь би "хөгшин нь бензингүй байна, мөнгөгүй байна" гээд дуудаад байхаар нь очтол ******* эхнэртэйгээ суугаад арван мянгатын Элбэг гээд дэлгүүр дээр очоод надаас 5,000 төгрөг аваад ээжтэйгээ уулзчихаад гэртээ ирсэн. Гэртээ ороод 0.5 граммын шилтэй архи гаргаж ирэхээр нь би уухгүй гэж байгаад нэг татаад би гэр рүүгээ явсан. Манай эхнэр хүнд мөнгө зээлүүлсэн байж байгаад шүүхэд хандаад нөгөө хүн нь өгөхгүй гэдэг асуудлаас болоод гэртээ эхнэртэйгээ маргалдаад эргээд гараад *******гийнд ирсэн. Бид хоёр хоёулаа ажлынхаа талаар ярьж хөөрч суух уу гээд сууж байтал ******* "чи яв би унтлаа" гэхээр нь би гарах гэтэл "чи байж бай, надтай юу ярих вэ, чамд ярих нууц юм байна уу" гээд эхнэртэйгээ намайг хардаад "хүний нутагт хаяад явсан хөл гар муутай, арчаагүй пизда" гээд байхаар нь би "тэгвэл чи намайг зодчихооч, чи ярих юм байвал дараа ярь” гээд гэрээс нь гарч ирээд хашаан дотроо эхлээд шууд миний нүүр хэсэг рүү гараараа 3-4 удаа цохиод авахаар нь би 2 гарыг нь бариад авсан. ******* "чамайг ална” гээд гэрийнхээ ард тал руу гүйгээд хийморийн дарцагтай мод барьж ирээд миний толгой руу цохих гэхээр нь би баруун гараараа хаатал миний баруун гарын хажуу хэсэгт нэг удаа цохиод автал нөгөө мод нь хугарсан. Нөгөө хугархайгаар нь миний гэдэс хэсэг рүү цохих гэтэл бултаад би *******г хойш нь түлхээд газар унагатал эхнэр нь гарч ирээд салгасан. Би тэндээс яваад гэртээ ирсэн. Миний баруун талын гар сонин болоод байхаар нь би бариач дээр үзүүлтэл “хугарсан байна. Чигчий хурууны үе нь мултарсан байна” гээд лент нааж өгсөн юм. Тэгэхээр нь би эхнэр лүү нь яриад “гар хугарсан байна” гээд хэлтэл *******, эхнэр нь намайг тоохгүй байсан юм. Би бол тэр үед буюу *******гийнд байх хугацаандаа эрүүл байсан юм. “Би жолоо барьж байгаа хамаагүй ууж болохгүй” гээд огт архи уугаагүй. ******* бол хотоос ирэхдээ л “шартсан ирсэн” гээд “замдаа уусан" гэж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд харахад бол гайгүй л байсан. Бид хоёр бол нийлж архи уусан асуудал бол байхгүй. Миний баруун талын гар өвдөөд байгаа юм. Өөр бэртэл гэмтэл бол байхгүй юм... *******гийн эхнэр нь сүүлд гарч ирж салгасан. Тэрнээс бол яг хажууд өөр хэн нэгэн байгаагүй. “Хутга аваад ир” гээд гэр рүүгээ орох гээд байсан. Тэгэхээр нь би доороо хийгээд байж байтал эхнэр нь гарч ирж салгасан юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 /,
Иргэний нэхэмжлэгч *******ийн ...Хохирогч *******ын талаарх мэдээллийг шүүж үзэхэд ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 57.000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байсан.../хх-ийн 35-36/,
Гэрч *******гийн ... Би ******* гэх хүнийг бол ер нь сайн танихгүй. Өмнө нь 2 удаа л таарч байсан юм. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 17 цагийн орчимд манайд ирсэн юм. Манай нөхөр ******* унтаж байхад орж ирээд "хоёулаа гадуур юм ярингаа таксинд явъя, ганц юмны мөнгө олж ганц юм ууя" гэж байснаа уурлаад унасан. Тэгснээ *******г “гараад ир, хоёулаа зодолдъё” гээд байсан. Гэтэл *******, ******* хоёр хамт гараад явсан. Тэгэхээр нь би оёдлын юм аа гэр рүүгээ зөөж байгаад оёдлын индүүний ширээ гэрийн гадаа, байшингийн урд байдаг ширээ үү *******г чихсэн, багалзуурыг нь боогоод дээрээс нь дарсан байхаар нь салгатал *******г шкапны хажуу руу түлхсэнээ хөл рүү нь өөрөө ойчихоор нь би дахин салгаад *******г гэр рүүгээ ор гэж оруулаад ******* явсан юм. Өдөр 14 цагийн орчимд манай нөхөр ээжийнх рүүгээ яваадахъя гээд дуудаад ээжийнд очоод эргээд бид хоёр гэртээ хүргүүлж ирсэн юм. Эргээд манайд ирээд байж байтал *******ын эхнэр нь ирээд хоол цай хийж уугаад *******, ******* хоёр нэг шил архи хувааж уусан юм. ******* сүүлд нь орж ирэхдээ эхнэртэйгээ муудалцчихлаа гээд орж ирж байсан. Манай гэрийн хошлонд хийморийн дарцаг хийсэн нарийн модоор цохисон гэж ******* яриад байгаа. Би тэр хоёрыг салгасан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/,
Гэрч ийн ... 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө манай нөхрийг 09 цагийн орчимд ******* утсаар дуудсан. "Ажлаасаа хотоос ирчихлээ. Манайд хүрээд ирээч, таксинд яваад өгөөч, ээжтэйгээ уулзаадахъя” гээд яриад байхаар нь манай нөхөр ******* *******гийнх руу яваад би замдаа аймгийн шүүх дээр буугаад хоцорсон юм. Манай нөхөр *******г ээжтэй нь уулзуулаад, *******гийнд байж байгаад таксинд гадуур явж байгаад орой цагийг нь сайн санахгүй байна гэртээ ирчхээд эргээд таксинд явна гээд гараад явсан. Мөн орой 21 цагийн орчимд "намайг авгайтайгаа хардаад ******* зодчихлоо " гэж байсан. ******* гэртээ ирэхдээ орилж ёолоод баруун талын гарын чигчий хуруу нь хавдсан байдалтай ирсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/,
Шүүгдэгч *******гийн...Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Надад нэмж ярих болон цаашид гарах санал хүсэлт байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 75/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 сарын 05-ны өдрийн 737 тоот шинжээчийн ...*******ын биед баруун сарвууны 3-р шивнүүр ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.... мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой... тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт / хх-ийн 63-64/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 78-84, 87-89, 101-106/,
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз тоотод иргэн *******той маргалдан улмаар хоорондоо зодолдож, хогийн шүүрээр *******ын баруун гарын сарвууны хэсэгт цохиж баруун сарвууны 3-р шивнүүр ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө хавтаст хэргийн 107 дугаар талд илэрхийлсэн байна. Харин хохирогч талаас 900.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт нотлох баримт гаргаж өгөөгүй. Ийм учраас хохирогч *******ыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч *******ийн нэхэмжилсэн 57.000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлж шүүх хуралдаанд баримтыг гаргаж өгсөн болохыг дурдав.
Шүүх шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хугархай модон иштэй ногоон өнгийн шүүр 1 ширхгийг устгахыг Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газар даалгав.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 320 /гурван зуун хорин цаг/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******д оногдуулсан 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай
7. Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хугархай, модон иштэй ногоон өнгийн шүүр 1 ширхгийг устгахыг Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газарт даалгасугай.
9. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА