Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 987

 

     Б.Б, Б.Н нарт

      холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Баярхүү,

            шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Т.Баярцэцэг,

            шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ц.Туяа,  

            нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 537 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ц.Туяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б, Б.Н нарт холбогдох 1841 00007 0161 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т овгийн Б-н Б, 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр .... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн ............ сумын ......... баг, ........... дугаар гудамж, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ........../;

2. Д овгийн Б-н Н, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ............. аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт ................ тоотод оршин суух бүртгэлтэй,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД: ........../;

Б.Б, Б.Н нар нь бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Зорчигч үйлчилгээний төв буудал /вокзал/-аас Замын-Үүд чиглэлд явсан 276 дугаартай галт тэрэгний 8 дугаар вагоны 2 дугаар купенд өөрсдийн ачаа тээшиндээ Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д бүртгэгдсэн халиун бугын 6 эм, 6 эр бодгалийн гаралтай 12 ширхэг сүүл, хүрэн баавгайн 1 эр бодгалийн гаралтай доньд, түүний шүд, соёо бүхий хоншоорын хэсгийг тус тус хадгалсан, тээвэрлэсэн  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Б, Б.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны түүхий эдийн зүйлийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Б.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, Б.Н нарын цагдан хоригдсон 2 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Н-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с 90.500.000 төгрөг, шүүгдэгч Б.Н-с 90.500.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1765 дугаартай тогтоолоор Б.Н, Б.Б нарын бүртгэлтэй Улсын бүртгэлийн 210013642 дугаартай, ...................... амины орон сууцыг, мөн Б.Н-н нэр дээр бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай дээрх хаягт байрлах газраас зохих журмын дагуу төлбөрт албадан гаргуулахаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, халиун бугын сүүл 12 ширхэг, хүрэн баавгайн доньд 1 ширхэг, хүрэн баавгайн болон саарал чонын шүд соёо бүхий хоншоорын хэсэг 7 ширхэг, саарал чонын соёо 2 ширхэг, саарал чонын ходоод 4 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хэрэгт гаргуулбал зохих хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.Б надад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ял оногдуулсан. Миний бие маш ихээр гэмшиж байна. Миний бие амьтны аймагт учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа бөгөөд ажил хөдөлмөр эрхэлж хохирлоо төлж барагдуулна. Ар гэрийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө барагдуулахаа илэрхийлж байгааг минь харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Т.Баярцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Б.Б нь ховор амьтны түүхий эдийг тээвэрлэн авч явсанаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугийн талаар маргадаггүй. Шүүхэд гэмт хэргийн улмаас амьтны аймагт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө бичгээр илэрхийлдэг.

Анхан шатны шүүх Б.Б-г 1 жил 2 сарын хорих ялаар шийтгэж, түүнээс амьтны аймагт учруулсан хохирол болох 90.500.000 төгрөгийг гаргуулан, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Мөн тогтоох хэсгийн 6 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор Б.Б, Б.Н нарын нэр дээр бүртгэлтэй Улсын бүртгэлийн 210013642 дугаартай, ................ тоот амины орон сууцыг, мөн Б.Н-н нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийн Г-2101002543 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас зохих журмын дагуу албадан гаргуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагыг арга хэмжээ хэрэглэж болно”, уг зүйлийн 1.2 дахь хэсэгт “... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх...” гэж тус тус заажээ.

Б.Б нь анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрдөг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болно. Б нь хамтран амьдрагч Б.Н-н хамт төмс тарьж борлуулдаг, бусдаас ногоо мах худалдан авч бөөнөөр худалдан борлуулдаг бизнес хувиараа хийдэг. Энэ орлогоороо байгаль экологид учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байгаа болно. Хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тэнсэж, ажил хөдөлмөр эрхэлж хохирол төлбөрөө төлөх боломжоор хангаж өгнө үү.

Анхан шатны шүүх тогтоох хэсгийн 6 дахь хэсэгт Б.Б, Б.Н, М нарын нэр дээр бүртгэлтэй хувийн орон сууц, Б.Н, М нарын нэр дээр бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж байгаа нь хэрэгт хамааралгүй гэм буруугүй Н-н охин болох М-н өмчийн эрхэнд халдаж, эрүүгийн хариуцлагыг гэм буруугүй этгээдэд халдан хэрэглэсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд тогтоох хэсгийн 6 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Н миний бие нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Энэ хэрэгтэй маш их гэмшиж, гэм буруугаа ухаарч, хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг өөрийн боломж бололцоогоороо нөхөн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Би ам бүл 4, нөхөр охин, зээгийн хамт амьдардаг. Миний эрүүл мэндийн байдал болон ар гэрийн амьдрал ахуйг харгалзан үзэж, надад оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Н-н өмгөөлөгч Ц.Туяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүх Б.Б, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзсэн атлаа тэдгээрт ял оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамласан нь ойлгомжгүй байна.

Шүүхийн дүгнэлтээс үзвэл шүүгдэгч Б.Н-г гэмт хэрэг бусадтай бүлэглэн гүйцэтгэсэн учир Эрүүгийн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзсэн бололтой.

Мөн Б.Н-г Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бусадтай санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хамжигч гэж тус тус үзсэн бол шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхдээ бусадтай санаатай нэгдэж бүлэглэсэн, эсхүл гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон талаар дүгнэлт хийгээгүй хуулийг буруу хэрэглэсэн.

2. Шүүх Б.Н-г үйлдсэн гэх гэмт хэргийн сэдэлтийг нотолж тогтоогоогүй. Б.Б нь сэжигтэн, яллагдагчаар өгч байсан мэдүүлэгтээ ч “…Хамтран амьдарч Н намайг амьтны эд эрхтэнг худалдан авч байгааг мэдээгүй. ... би 12 ширхэг бугын сүүлийг 2018 оны 10 дугаар сараас 12 сарын хооронд худалдаж авсан. Н-тэй зарж борлуулах талаар ярилцсан зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн. Б.Н-н “…Дээрх ан амьтны гаралтай түүхий эдийг манай нөхөр Б хэзээ, хаанаас яах гэж олж авсныг би мэдээгүй. Манай нөхөр  Б миний авч явсан хөх өнгийн цүнхэнд чонын соёо, 2 ширхэг бугын сүүл хийсэн байсныг нэгжлэг хийх үеэр гарч ирэхэд нь би мэдсэн” гэж мэдүүлж байснаас үзвэл түүний нөхөр Б.Б нь хууль бусаар ан агнасан буюу ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан этгээдүүдээс амьтныг гаралтай түүхий эдийг нь худалдан авсан байх ба тэрээр анхнаасаа л энэ талаараа мэдүүлсэн байдаг. Гэхдээ дээрх үйлдлийг хийхдээ өөрийн эхнэр Б.Н-тэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн гүйцэтгэсэн талаар огт мэдүүлээгүй байдаг.

3. Шүүгдэгч Б.Б нь 12 ширхэг эр, эм халиун бугын сүүл, 1 ширхэг хүрэн баавгайн доньд худалдан авч, үүнээс 2 ширхэг халиун бугын сүүлийг өөрийн эхнэр Б.Н-н цүнхэнд хийсэн бөгөөд шүүгдэгч Б.Н-н цүнхнээс 2 ширхэг  халиун бугын сүүл гарсан байхад нийт 181.000.000 төгрөгийн хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Б.Н нь өөрийн цүнхнээс гарч ирсэн 2 ширхэг халиун бугын сүүлэндээ хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцнэ. Иймд 1 ширхэг халиун бугын сүүл /эр/ 6.500.000 төгрөг бөгөөд, 2х6 600 000=13.200.000, “…амьтны  экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно “ гэж  зааснаар 26.400.000 төгрөгийг Байгаль орчны газарт учирсан хохиролд төлөх үндэслэлтэй байтал шүүх хохирлын хэмжээг буруу тогтоосон.

Мөн Б.Б, Б.Н, Д.М нарын дундын өмчлөлийн амины орон сууц, Б.Н, Д.М нарын өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг эрүүгийн хэргийн хохирол төлүүлэхэд албадан гаргуулахаар шийтгэх тогтоолын 6-д зааж, энэ гэмт хэрэгт холбогдолгүй Б.Н-н хүүхэд болох Д.М-н эрх ашгийг ноцтой зөрчиж, гэм буруугүй этгээдэд хариуцлага тооцож, орон гэргүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Б.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, байгаль орчныг газарт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Баярхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гаргасан. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл заалт нь үүрэг хүлээлгэсэн заалт биш. “М-н өмчлөх эрхэд халдсан” гэсэн давж заалдах гомдол гаргасан. Шийтгэх тогтоолд бичигдсэн “зохих журмын дагуу гаргуулах” гэдгийг тухайн этгээдэд оногдох эд хөрөнгөөр хязгаарлагдана гэж ойлгож байгаа. Шүүгдэгч Б.Н нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хэдийгээр Б.Н-н цүнхнээс хоёр ширхэг ховор амьтны эд эрхтэн олдсон боловч тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн учраас хохирол төлбөрийг хувь тэнцүүлэн оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ялын гурван төрөлтэй. Зөрчих хэргийг хязгаарлах ял нь одоогоор Монгол улсад хэрэгжиж эхлээгүй байгаа. Мөн их хэмжээний хохирлыг шүүгдэгч нараар төлүүлж байгаа тул торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                         ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Б.Б, Б.Н нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Б.Б, Б.Н нар нь бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Зорчигч үйлчилгээний төв буудал /вокзал/-аас Замын-Үүд чиглэлд явсан 276 дугаартай галт тэрэгний 8 дугаар вагоны 2 дугаар купенд өөрсдийн ачаа тээшиндээ Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д бүртгэгдсэн халиун бугын 6 эм, 6 эр бодгалийн гаралтай 12 ширхэг сүүл, хүрэн баавгайн 1 эр бодгалийн гаралтай доньд, түүний шүд, соёо бүхий хоншоорын хэсгийг тус тус хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмонбаатарын “... Би Нийслэлийн байгаль орчны газарт биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтэст мэргэжилтнээр ажилладаг. ... Халиун буга, хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтад орсон, харин саарал чоно нь нэн ховор болон ховор амьтны жагсаалтад ороогүй элбэг тархацтай амьтанд хамаардаг. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон бөгөөд эр бодгаль халиун буга нь 6.500.000 төгрөг, эм бодгаль халиун буга нь 7.500.000 төгрөгийн үнэлгээтэй, эр бодгаль хүрэн баавгай нь 6.500.000 төгрөгийн үнэлгээтэй, харин саарал чонын эр бодгаль нь 510.000 төгрөгийн үнэлгээтэй. Ингээд бодохоор халиун буга нь 84.600.000 төгрөг, хүрэн баавгай нь 6.500.000 төгрөг, саарал чоно нь 1.020.000 төгрөг, нийт 92.120.000 төгрөг болж байна. Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар тухайн амьтны адил үнэлж, нөхөн төлбөр тогтооно гэж заасан. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлүүлэхдээ 2 дахин нэмж тооцохоор заасан байдаг. Энэ хэрэгт төрийн өмнөөс төлөөлөн оролцож байгаа учраас гэм буруутай этгээдээр 92.120.000 төгрөгийг хоёр дахин үржүүлэн 184.240.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /2 хх 96-97/,

Б.Б-н сэжигтнээр болон яллагдагчаар “... 2018 оны 10 дугаар сарын сүүлээр хөдөө идэш хийхээр явахдаа хүмүүсээс худалдаж авсан. ... Бугын сүүл 12 ширхэг, чонын соёо 10 гаруй ширхэг, чонын ходоод 4 ширхэг байгаа. Бугын сүүлнүүдийг хэнээс авснаа мэдэхгүй, танихгүй хүмүүсээс худалдан авч байсан. Дээрх амьтны эд, эрхтэнг худалдан аваад хэдэн төгрөг нэмж зараад ашиг олъё гэж бодсон. ... Тухайн үед БНХАУ-руу гаргаж зарвал үнэтэй байдаг гэж сонсоод авч явсан. ... Баавгайн доньдыг 2018 оны 10 дугаар сарын дундуур Хөвсгөл аймгийн Тариалан суманд явж байхдаа танихгүй залуугаас 15.000 төгрөгөөр худалдан авсан. ...” /2 хх 6-8, 106/ гэх мэдүүлгүүд, 

  Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний “... Шинжилгээнд ирүүлсэн амьтны гаралтай гэх 12 ширхэг сүүл нь халиун бугын согооны сүүл бөгөөд 12 бодгальд хамаарна. Доньд болон соёо шүд бүхий хоншоорын хэсгүүд болон ходоод нь саарал чонын 2 бодгальд хамаарна. Нийт халиун бугын 6 эм, 6 эр бодгаль, хүрэн баавгайн 1 эр бодгаль, саарал чонын 2 эр бодгалиуд тус тус байна. ... Халиун буга нь Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д бүртгэгдсэн ховор зүйл. Экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд үнэлснээр эд бодгаль 6.600.000 төгрөг, эм бодгаль 7.500.000 төгрөг. Хүрэн баавгай нь Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д бүртгэгдсэн ховор зүйл. САЙТИС-ийн 2 дугаар хавсралтад бүртгэгдсэн. Экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд үнэлснээр эр бодгаль 6.500.000 төгрөг, эм бодгаль 7.500.000 төгрөг. Саарал чоно Олон улсад Зэрлэг амьтан болон ургамлын төрөл зүйлийг худалдаалах конвенци буюу САЙТИС конвенцийн 2 дугаар хавсралтад бүртгэгдсэн. Экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд үнэлснээр эр бодгаль 510.000 төгрөг, эм бодгаль 600.000 төгрөг. ...” гэх 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлт /2 хх 86-88/,

Г.Б, Б.Н нарын үйлчлүүлж явсан Зорчигч үйлчилгээний төв буудал /вокзал/-аас Замын-Үүд чиглэлийн 276 дугаартай галт тэрэгний 8 дугаар вагоны 2 дугаар местэд нэгжлэг хийсэн тэмдэглэл “... Б.Н-н цэнхэр өнгийн тасалгаатай цүнхийг Б.Н-р нээлгэхэд 4 ширхэг амьтны мах бүхий зүйл байв. Нэгжлэгийг цааш үргэлжлүүлэхэд дойчэ нэртэй гялгар уутыг нээж үзэхэд 3 ширхэг амьтны тагнайн соёо байсан бөгөөд мөн цагаан өнгийн гялгар уутан дотор 4 ширхэг амьтны тагнайн соёо байлаа. ... цэнхэр өнгийн торон дотор 2 ширхэг амьтны сүүл мэт зүйл гарч ирснийг тэмдэглэлд тусгав. Мөн хоёр ширхэг соёо байсныг тэмдэглэлд тусгав. Б.Б-н эзэмшлийн хар өнгийн адидас цүнхийг өөрөөр нь нээлгэхэд дотор нь цэнхэр цагаан өнгийн гялгар уут байх бөгөөд дотор нь 6 ширхэг амьтны сүүл мэт зүйл, мөн Б.Б-н хэлснээр баавгайн доньд гэх хар өнгийн зүйл ногоон уут үстэй 2 ширхэг амьтны сүүл мэт зүйл, цагаан өнгийн уутан дотор 4 ширхэг амьтны үстэй эд зүйл байсныг тэмдэглэлд тусгав. ...” /1 хх 246-248/,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 249-250, 2 хх 1-3/,

Б.Н-н хилээр гарсан тухай лавлагаа /1 хх 52/, Б.Б-н хилээр орсон, гарсан тухай лавлаа /1 хх 173-174/, Б.Б-н Хаан банкны дансны хуулга /1 хх 71-75/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2 хх 91/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Б.Н нарыг ховор ан амьтны түүхий эдийн зүйлийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор Б.Б-д 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Б.Н-т 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч А.Гантуяагаас “... Б.Б-д хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү. Б.Н, М нарын нэр дээр бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлсэн нь М-н өмчийн эрхэд халдаж байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү ...” гэсэн, шүүгдэгч Б.Н-н өмгөөлөгч Ц.Туяагаас “... Б.Н-н үйлдсэн гэх гэмт хэргийн сэдэлтийг тогтоогоогүй, Б.Б нь эхнэр Б.Н-тэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн гүйцэтгэсэн гэх байдал тогтоогдоогүй, Б.Н-н цүнхнээс 2 ширхэг халиун бугын сүүл гарсан ба 26.400.000 төгрөгийг хохиролд төлөх үндэслэлтэй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй.  Шүүгдэгч Б.Н нь нөхөр Б.Б-н хамт ачаа тээшиндээ халиун бугын сүүл, хүрэн баавгайн доньд, шүд, соёо бүхий хоншоорийн хэсгийг авч явсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Н, Б.Б нарыг дээрх байдлаар үйлдлээрээ нэгдэн ховор амьтны түүхий эдийн зүйлийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. 

Хэдийгээр Б.Н-н цүнхнээс 2 ширхэг халиун бугын сүүл гарсан боловч Б.Б-тэй үйлдлээрээ нэгдэн гэмт хэрэгт хамтран оролцсон тул байгаль орчинд учирсан хохирлыг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн гаргуулах нь хуульд нийцнэ.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Б.Б, Б.Н нарын нэр дээр бүртгэлтэй ........... тоот амины орон сууцыг, мөн Б.Н-н нэр дээр бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай дээрх хаягт байрлах газраас зохих журмын дагуу төлбөрт албадан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байхын зэрэгцээ зохих журмын дагуу төлбөрт тооцуулах тухай ойлголт нь төлбөрт тооцуулах эд хөрөнгөөс Б.Н, Б.Б нарт оногдох хэсгийг гаргуулах тухай ойлголт юм.  

Шүүгдэгч Б.Б, Б.Н нараас “...оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.

Хэдийгээр шүүгдэгч Б.Б, Б.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг зэргээс үзэхэд шүүхээс тэндэнд оногдуулсан хорих ял хүнд биш байна. 

Иймд шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ц.Туяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин анхан шатны шүүх амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр нийт 182.200.000 төгрөгийн хохирол учирсан байхад 181.000.000 төгрөгөөр тооцож, тооцооллын алдаа гаргасан байх тул энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад өөрчлөлт оруулах замаар зөвтгөж шийдвэрлэлээ.