Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2024/0666

 

 

 

 

 

 

 

 

К.Мын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдааны даргалагч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

 

Нэхэмжлэгч К.М

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С /цахим/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг

 

Хэргийн индекс: 124/2023/1029/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар шийдвэрээр “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.6, 22.1.9 дэх заалтыг тус тус баримтлан К.Маас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “Гадаадын хөрөнгө оруулалттай “М***” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас К.Мыг чөлөөлсөн бүртгэлийг бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Гадаадын хөрөнгө оруулалттай “М***” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас К.Мыг өөрчилсөн бүртгэлийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Монгол улсын иргэн К.М нь 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хамтарсан хөрөнгө оруулалттай “М***” ХХК-ийн зөвлөлийн хуралдааны шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. К.М нь 2007 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тус компанийн захирлын үүрэгт ажлаас эрүүл мэндийн байдлын улмаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг компанийн хувьцаа эзэмшигчдийн 2007 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцэж, К.Мыг “М***” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр  компанийн нягтлан бодогч О.А гэдэг хүнийг томилжээ. Тухайн үед К.М нь уг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож тэмдэглэл хөтөлж байсан аажээ. Энэ хугацаанд К.М нь Турк улсад хэд хэдэн удаа очиж хүнд хагалгаанд орж байсан. К.М нь Баян-Өлгий аймагт оршин суудаг, төрсөн эгч К.Р хүндээр өвчилсөн учраас түүнийг эргэх, сахих зэрэг хувийн ажлаар 2022 оны 12 дугаар сард Казакстан улсаас Баян-Өлгий аймгийн Өлгийд суманд ирж 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байж байгаад Казакстан улсад буцсан. К.М нь Баян-Өлгий аймагт явж байхдаа тус аймгийн татварын хэлтсийн байцаагчид түүнтэй уулзаж, “Та одоо хүртэл “М***” ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүртгэлтэй юм байна. 2022 оны хавар та Баян-Өлгийд ирэхдээ энэ асуудыг бас ярьж байсан. Таны удирдаж байсан “М***” ХХК нь татвар олон сая төгрөгийн өртэй тул уг өрийг хэрхэн барагдуулах тухай” санал солилцсон байна. К.М нь аймгийн татварын хэлтсийн албан тушаалтан  нарт дахин учир байдлыг дэлгэрэнгүй тайлбарлаж ярьжээ. Тухайлбал бодит байдалд К.М нь 2007 оны 11 дүгээр сараас хойш одоо хүртэл тус компанийн захирлаар огт ажиллахгүй байна. Тухайн үед компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт хийлгэхийг О.Х, О.А нарт үүрэг болгосон. Би одоо тус компаниас хөдөлмөрийн харилцаагаа дуусгавар болгоод бараг 15 жилийн нүүр үзэж байна. Тус компанитай холбоотой зарим бичиг баримтууд Казакстанд гэрт миний хувийн архивд байгаа тул би аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гарган өөрийн нэрийг хасуулах болно” гэж хариу хэлсэн. Ингээд К.М нь Казакстан улсад очиж, гэрийн хувийн архиваас К.Мыг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэр, гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн хурлын тэмдэглэл, тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэр, гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн хурлын тэмдэглэл, тус компанийн зөвлөлөөс О.Аг компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон шийдвэрийг олж аваад Баян-Өлгий аймгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд К.Маас гадаадын хөрөнгө оруулалттай “М***” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн тухай тэмдэглэл хийж өгөхийг хүсэж хүснэгт гаргасан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар татгалзсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. “М***” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, тамга тэмдгийг тус компанийн гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн К.М өөртөө хадгалах үүрэг хүлээгээгүй, өөртөө хадгалах ямар ч боломжгүй нөхцөл байдал. Өөрөөр хэлбэл “М***” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, байгууллагын тэмдэг ОХУ-ын иргэн А.Ст байгаа ба одоогийн байдлаар А.Стой холбогдох ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн. Одоогийн байдлаар К.М нь “М***” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Стой сүүлийн 16 жил холбогдоогүй. А.С нь одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй,  хувьцаа эзэмшигч Х.Б нь Баян-Өлгий аймгийн Өлгий суманд оршин суудаг, одоо өндөр насны тэтгэвэртэн, хувьцаа эзэмшигч О.Х, гүйцэтгэх захирал О.А нар ертөнцийн мөнх бусыг үзсэн. Тус компани нь 2011 оноос хойш дампуурсан тул одоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа.”М****” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар К.Маас хойш О.А, Ш.Ж нар хууль ёсоор ажиллаж байсан нь удаа дараагийн иргэний шүүхийн шийдвэр, захирамжуудаар нотлогдсон. Гэтэл анхан шатны шүүх уг нотлох баримтуудыг үнэлээгүй явдалд гомдолтой байна. Тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт хийлгэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжийг төлөхөд бид бэлэн байгааг анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурдсан. Уг тэмдэгтийн хураамжийг улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргахад төлөөгүй учир нь хэрвээ улсын бүртгэлийн байгууллага бүртгэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн гэж үзсэн үед нэн даруй төлж өгнө гэж эрх бүхий албан тушаалтанд тухайн үед утсаар ярьж байсан юм. Иймд уг бүртгэлийн улсын тэмдэгтийн хураамжийг төлөх талаар маргаангүй гэж үзэж болно. Эцэст нэхэмжлэгч К.М нь компанийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирох ёсгүй гэж үзэж байна. К.М одоо дахин “М***” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахгүй нь мэдээж юм. Иймд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0*** дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.” Гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

1. Нэхэмжлэгч К.Маас “Гадаадын хөрөнгө оруулалттай “М***” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас К.Мыг чөлөөлсөн бүртгэлийг бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Гадаадын хөрөнгө оруулалттай “М***” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас К.Мыг өөрчилсөн бүртгэлийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Анхан шатны шүүх “... тэмдэглэлд хувь нийлүүлэгчдийн хурлын дарга гарын үсэг зурж баталгаажуулсан байх шаардлагыг хангаагүй, тус хурлын шийдвэрийг нотлох хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тогтоол хэрэгт байхгүй ... Х.Бы гэрчийн мэдүүлгээс үзвэл 2007 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал болсон эсэх нь эргэлзээтэй байна ... Түүнчлэн “М***” ХХК-ийн үүрэг гүйцэтгэгчээр О.Аг томилсон тус компанийн 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зөвлөлийн шийдвэрт А.С. гарын үсэг зурсан байх боловч энэ нь К.Мыг тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлснийг  нотлох баримт болохгүй ... Нөгөөтэйгүүр улсын бүртгэлийн байгууллагад хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл гаргахдаа хуульд заасан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна ... ” гэж тус тус дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

3. 2006 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг үндэслэн К.Мыг “М***” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байна. Харин 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр К.М нь улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт хийлгэх тухай хүсэлт гаргахдаа холбогдох хууль тогтоомж болох Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардах бичиг баримтуудыг хавсаргаж өгөөгүй байх тул хариуцагч байгууллагын энэ шалтгаанаар улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахгүй гэх татгалзлыг буруутгах үндэслэлгүй байна.

3.1. Мөн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт хийлгэх тухай хүсэлтийг гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/4641 дугаар албан бичиг,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

4. “М***” ХХК-ийн зөвлөлийн 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрээр О.Аг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон гэж маргах боловч энэ талаарх үүсгэн байгуулагчийн шийдвэр хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “....”Монрад” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар К.Маас хойш О.А, Ш.Ж нар хууль ёсоор ажиллаж байсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

      ШҮҮГЧ                                                    Г.МӨНХТУЛГА

                    ШҮҮГЧ                                                  Н.ХОНИНХҮҮ

       ШҮҮГЧ                                                   С.МӨНХЖАРГАЛ