Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 00196

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                             

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Э.Булгантамир

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч П.Гэрэлчимэг нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Пүрэвбаатарын Гэрэлчимэгт холбогдох 201614000527 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1. Боржигон овгийн Пүрэвбаатарын Гэрэлчимэг, Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймагт төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-11-34 тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй,  хэрэг хариуцах чадвартай. /РД:ФБ74110505/

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч П.Гэрэлчимэг нь 2016 оны 11 сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багийн 2-22-23 тоотод оршин суух Ж.Амаржаргалын биед Мөнхцэцэгтэй маргалдаж зүүн гарыг нь өшиглөж зүүн гарын шуу ба богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Х.Мөнхцэцэгийн “Гэрэлчимэг нилээн согтуу хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байсан. Маргалдаж байгаад Гэрэлчимэг гарах гээд куртикээ өмсөж байхад нь куртикний малгайнаас нь татаад “чи намайг юу гэж доромжлоод байгаа юм” гэж байгаад тавьсан чинь намайг том өрөөнд түлхээд унагаасан юм. Унаад босох хооронд дээрээс зүүн гар руу дэвсээд гар өвдөөд эхлэхээр нь би гар хугалчихлаа гээд орилсон чинь дахиад зохих гээд дайрахаар нь Оргил болиулсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/

 

2. Гэрч М.Оргилын “Нэг мэдсэн Мөнхцэцэг Гэрэлчимэг хоёр хэрэлдэж маргалдаад эхлэхээр нь очоод салгасан. Гэрэлчимэг Мөнхцэцэгийг түлхээд шалан дээр унахад нь гар руу нь хөлөөрөө дэвссэн үү, өшиглөсөн үү мэдэхгүй, Мөнхцэцэг гар хугалчихлаа гээд орилоод байхаар нь Мөнхцэцэгийг би авч гараад такси бариад ээжээс очиж мөнгө аваад хойд эмнэлэг ороод гарных нь зургийг авахуулсан чинь гар нь хугарсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-р хуудас/

 

3. Гэрч Б.Баямөнхийн “Гэрэлчимэг, Мөнхцэцэг хоёр маргалдаж эхэлсэн. Тэр хоёр бие биенийгээ чи тэрэнтэй унтаа биз дээ гээд маргалдаад байсан. Бид нарын ууж байсан архи бараг дууссан байсан. Би босоод та нар болиоч гэж хэлээд жижиг өрөөнд нь ороод унтаад өгсөн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Нэг сэрээд ирсэн чинь Оргил, Мөнхцэцэг хоёр байхгүй, Гэрэлчимэг, Амаржаргал хоёр гэрт байж байсан. Юу болоод байгаа юм бэ? гэхэд зодоон болоод гэж хэлж байсан. Гэрэлчимэг тийрсэн чинь гарыг нь гэмтээсэн байсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-р хуудас/

 

4. Гэрч Б.Амаржаргалын “Үүдэнд Гэрэлчимэг эгч гарах гэж байсан. Мөнхцэцэг эгчийг тийрчихээд гараад явсан. Тэгсэн чинь гар гээд орилоод эхэлсэн. Манай гэрийн коридорт Мөнхцэцэг эгчийг сууж байхад нь Гэрэлчимэг эгч гарахдаа тийрчихээд гараад явсан. Тэгсэн гар хугалаад хаячихлаа гээд орилоод эхэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/

 

5. Шинжээчийн 2016 оны 11 сарын 17-ны өдрийн 798 дугаартай дүгнэлтийн

“Х.Мөнхцэцэгийн биед зүүн гарын шуу ба богтос ясны далд хугарал, баруун гарын бугалга, тохой, шуунд цус гарал үүсчээ. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/ болон шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Гэрэлчимэг мэдүүлэхдээ “гэм буруугаа ойлгож гэмшиж байна, хохирлыг төлж барагдуулсан учир ар гэрийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв. Хохирогч Х.Мөнхцэцэг нь “миний бие ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй учир байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Гэрэлчимэг нь 2016 оны 11 сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-22-23 тоотод Мөнхцэцэгтэй маргалдаж зүүн гарыг нь өшиглөж зүүн гарын шуу ба богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

П.Гэрэлчимэгт ял шийтгэл оногдуулахдаа анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Эрүүгийн 201614000527 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290,294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овгийн Пүрэвбаатарын Гэрэлчимэгийг бусдын бие махбодид  хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч П.Гэрэлчимэгт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч П.Гэрэлчимэгт оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч П.Гэрэлчимэгт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Гэрэлчимэгт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ц.АЛТАНГАДАС