Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2019/00825

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                     

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  дүүргийн  дугаар хороо, гудамж, байрны  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар / овогт Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: дүүргийн дүгээр хороо, гудамж, өөрийн байранд байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Б ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12,984,520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э-, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б ХХК-д Хууль, Эрх зүйн газрын хуульчаар ажиллаж байгаад 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Гүйцэтгэх захирлын 49 тоот тушаалаар ажлаас халагдсан. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 453 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг үндэслэн Гэрээ, эрх зүйн албаны хуульчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн. Би 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б ХХК-д хандан, Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж намайг ажилд авч, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохыг хүссэн хүсэлтийг гаргасан. Түүнээс хойш тус компанийн Захиргаа хүний нөөцийн ажилтан Э-тай утсаар холбогдон хариу өгөхийг шаардсан боловч тодорхой хариу өгөлгүй, ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны олговрыг сайн дураар олголгүй. Иймд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин 12,984,520 төгрөгийг Б ХХК-иас гаргуулж өгнө үү. Намайг 2019 оны 04 дүгээр  сарын 11-ний өдөр ажилд томилсон байгаа гэв.

Хариуцагч Б ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/01513 тоот тогтоолоор Г.Э-ын нэхэмжлэлтэй Б ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, туршилтын 3 сарын хугацаанаас хойш ажлаас халах хүртэлх ажилласан хугацааны цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Г.Э- нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын дараа буюу 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасныг зөрчиж, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Г.Э-ын одоо гаргаж буй ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор гаргуулах асуудлаар гарсан маргаан байх бөгөөд шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргааны төрөлд орох тул мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацаанд хамаарна. Г.Э-ыг ажиллаж байх хугацаанд Б ХХК нь Хууль, эрх зүйн газартай байсан бөгөөд түүнийг ажлаас халагдсанаас хойш буюу 2017 оны сүүлээр уг газар нь татан буугдсан. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/01513 тоот тогтоол хүчин төгөлдөр болох үед Б ХХК-д хуулийн мэргэжилтний орон тоо байгаагүй тул Л.Э-ыг ажилд эгүүлэн томилох боломжгүй байсан. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс Г.Э-ыг ажилд нь эгүүлэн томилох тушаал гаргасан. Тэрээр тушаал гарснаас хойш элдэв шалтаг тоочин өнөөдрийг хүртэл ажилдаа ирэхгүй байгаа бөгөөд энэ нь манай байгууллагад ажиллах сонирхолгүй байгаа гэж үзэхэд хүргэж байна. Түүнчлэн Г.Э- нь манай байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байгаа нэхэмжлэлд дурдсан хугацаанд өөр байгууллагад ажиллаж, цалин хөлс авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байсан тул хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болсон гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Г.Э- хариуцагч Б ХХК-нд холбогдуулан урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12,984,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд өөр байгууллагад ажиллаж цалин хөлс авч байсан тул хөдөлмөрлөх эрхийг зарчөөгүй гэж маргажээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00453 дугаар шийдвэрээр Г.Э-ыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,515,364 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэсэн шийдвэр, Нийслэлийн иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1216 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/01513 дугаар тогтоолоор “Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны  өдрийн 182/ШШ2018/00453 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1216 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагч Б ХХК шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй учир 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 12,984,520 төгрөг шаардаж, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Г.Э- шүүхэд ханджээ.

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар олгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Г.Э- 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсоноос хойш Б ХХК нь түүнийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/04/26 тоот тушаалаар ажилд нь эгүүлэн томилох хүртэл хугацаанд Ти Би групп ХХК-д ажиллаж байсан хэдий ч энэхүү нөхцөл байдал нь хариуцагч Б ХХК-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасан ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Учир нь ажилтан ажлаас чөлөөлөгдөж, ажилгүй болох, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх, шүүх уг нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь ажил олгогчийн хууль бус шийдвэр гаргаснаас үүсэх эрх зүйн үр дагавар мөн тул ажилтны ажлаас халагдсанаас хойш ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарах тул ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаанд нэхэмжлэгч өөр байгууллагад хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авсан нь ажил олгогчийг ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгох үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй байна.

Иймд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт /сард 993,478 төгрөг:21,5=өдөрт 46,208 төгрөг х 278 өдөр/ 12,845,824 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Г.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 138,696 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбоотой бол түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00453 дугаар шийдвэрээр сарын дундаж цалин хөлсийг /сард 993,478 төгрөг, нэг өдрийн цалинг 46,208 төгрөгөөр/ тогтоосон дундаж цалингаар тооцов.

Дээрх олговроос Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэхийг хариуцагч Б ХХК-д үүрэг болгох үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-иас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12,845,824 /арван хоёр сая найман зуун дөчин таван мянга найман зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 138,696 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэхийг хариуцагч Б ХХК-нд үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтанд заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 220,483 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгосугай.

4. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ