| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2022/1540/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/112 |
| Огноо | 2023-01-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Я.Болортуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/112
2023 01 23 2022/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Я.Болортуяа,
Хохирогч ................,
Шүүгдэгч .............. нарыг оролцуулан тус шүүхийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч .............. овогт .............. холбогдох эрүүгийн “2006 03416 0673” дугаартай хэргийг шүүх 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .............. оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажилладаг, ам бүл 1, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн .............. дүгээр хорооны .............. гудамжны .............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хот .............. дүүргийн 14 дүгээр хороо .............. тоотод түр оршин суух,
Баянгол дүүргийн шүүхийн .............. оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн .............. дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .............., .............. овогт ..............
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч .............. нь 2019 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн .............. дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашин засварын үйлчилгээ явуулдаг байсан хашаандаа байхдаа .............. эзэмшлийн .............. улсын дугаартай “Kia Bongo Frontier” маркийн тээврийн хэрэгслийг засварлахаар авсан боловч автомашиныг бусдад зарж борлуулаад өгье гэж хэлэн бусдыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, .............. эзэмшлийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилдээ авч 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр фейсбүүк дэх “Тэгш дэвшил” нэртэй хаягаар “Маш сайн чанарын цутгамал хуванцар шон үйлдвэрлэж худалдана. 8х8=үнэ 8000, 10х10=үнэ 10000 Өндөр 2 метр, наранд гулзайхгүй, хөлдөх, мал шөргөөх, лантуугаар нүдсэн ч хугарахгүй, илжрэхгүй, зэврэхгүй ..............” гэх зураг бүхий нийтлэлийг оруулж, улмаар 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр бүх хашааг нийлүүлэх талаар харилцан тохиролцож, үйлдвэрлэл явуулаагүй нөхцөл байдлыг нууж, захиалсан хашааг хүргэж өгөх гэж байгаа мэтээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хашааны урьдчилгаа болгож, 6.000.000 төгрөгийг өөрийн нэрээр “Хаан” банканд эзэмшдэг .............. дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, .............. хороололд “..............” ХХК-д хуванцар шон нийлүүлнэ гэж тус компанийн захирал .............. хуурч, төөрөгдөлд оруулж, гэрээ байгуулан, улмаар 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “..............” ХХК-д Худалдаа хөгжлийн банкны .............. тоот данснаас шилжүүлсэн 20.000.000 төгрөгийг “Тэгш дэвшил” ХХК-ийн “Голомт” банкны .............. тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
2022 оны 5 дугаар сарын 7-ны өдөр баримт бичиг, эд зүйл ашиглаж буюу “Худалдах, худалдан авах гэрээ”, “Тэгш дэвшил” ХХК гэх тэмдэг зэргийг ашиглаж, Сүхбаатар дүүргийн .............. дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” төвийн гадна хохирогч иргэн .............. 5 дугаартай хуурамч “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж “1 ширхэг хашааны шонг 8.000 төгрөгөөр тооцож, 1.000 ширхэг хашааны шон 8.000.000 төгрөгт зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, “урьдчилгаа” гэж 3.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,
“..............” ХХК-ийн менежер .............. 15 хоногийн хугацаанд 8.000.000 төгрөгөөр 1000 ширхэг хуванцар шон хуванцар шон хийж өгөхөөр тохиролцож, бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр .............. эзэмшлийн “Төрийн банк”-ны .............. тоот данснаас шилжүүлсэн 3.200.000 төгрөг, “Ачит буурагчин” ХХК-ийн хаан банкны .............. тоот данснаас шилжүүлсэн 300.000 төгрөг, .............. тоот данснаас шилжүүлсэн 500.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5018070552 тоот дансаар шилжүүлэн авч залилсан, нэр бүхий 5 иргэнд нийт 38.100.000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч .............. мэдүүлэхдээ: “............... холбоотой хэрэг дээр “Дамно” ХХК-ийн үнэлгээгээр 5.100.000 төгрөг гарсан. Үүнийг би үнэлгээ хийгдэх үед машин надад байсан учраас тухайн үеийн зах зээлийн дундаж ханшийг баримталж гаргасан байх гэж бодож байна. Гэхдээ .............. өнөөдрийн шүүх хуралд ирнэ гэж бодож ирсэн. .............. өөрийнхөө машиныг ямар байр байдалтай байсныг мэдэж байгаа. Урьд нь осолд орсон хэдэн төгрөгөөр тохирсон надаас хэдэн төгрөгийн урьдчилгаа авснаа хүртэл мэдэж байх ёстой. ДДМТ-ийн асуудалд мөрдөн байцаагч үйлдвэрлэл явуулаагүй гэдэг дүгнэлт гаргасан. ДДМТ-ээс авна гэсэн 20.000.000 төгрөгийн урьдчилгаа аваад 2 тоног төхөөрөмж авсан. Налайхад очиж ажиллаад байж байхад .............. захирал өөрийн биеэр очиж үзээд “байр байдал чинь хэцүү юм байна өөр газар байхгүй юм уу” гэхээр нь би “байгаа гэхдээ тоггүй” гэхэд “тэр газраа нүүгээд оччих би тогны асуудлыг чинь зохицуулаад өгье” гэсэн. Тэгээд бид нар нүүгээд очтол .............. захирал тогны асуудлыг шийдэж өгөөгүй манай үйл ажиллагаагаа явуулж чадахааргүй болсон. Энэ нь үйлдвэрлэл явуулаагүй гэсэн үг биш. .............. гэдэг хүн бол миний төрсөн ээж гадаа байсан шон гэдэг нь миний хийсэн шон, хашаа гэдэг нь миний аавын хашаа юм. Байцаагч болохоор гэрчийн мэдүүлэг аваагүй ярилцлагын аргаар хийсэн тэмдэглэлээ гэрчийн мэдүүлэг гэсэн байсан. Би мөрдөгчөөс .............. захирал манайд очоод бүх зүйлийг харсан гэхэд тийм гэхдээ би чамайг зөндөө харсан машин зохицуулаад ирээд үйлдвэрээ харуулаагүй гэсэн. Би өөрөө очоод үзчих байх гэж бодож хаягаа хэлсэн. Би 2003 оноос эхлээд хог хаягдлын чиглэлээр ажиллаж эхэлсэн. 2016 оноос хойш хуванцар боловсруулах тал дээр ажиллаж байгаа. Оюуны өмчид бүртгэлтэй патентаа авсан. 2020 оноос Налайх руу шилжсэнийг .............. өргөдөл дээр 2020 оноос нүүсэн гэсэн байсан. 2020 онд туршилт үйлдвэрлэл явуулахад маш сайн байсан. 2020 оноос хөл хорио эхлээд 3 жил дууссан. Өнгөрсөн жил хагасын хугацаанд би бүх зүйлээ шавхсан байсан. 2021 оны 5 дугаар сараас хөл хорио дуусаад би ДДМТ-тэй холбоо тогтоосон. Урьдчилгаа мөнгөндөө би тоног төхөөрөмж аваад нэг бүрчлэн тайлбарласан. Бид хоёрын хамтын яриа бол тогтой болгож үйлдвэрлэл явуулах байсан ч тог шийдэж өгөөгүй эзгүй газар буулгасан. 2022 оны сүүлийн 6 сар болохоор энэ асуудлаар 461 дүгээр хорих ангид 6 дахь сардаа хоригдож байна. Эхний сард өнгөрсөн энэ алдаанууддаа дүгнэлт хийгээд би энэ асуудал дээр хамтран ажиллах хөрөнгө оруулагч олохгүй бол үүнээс би өөрөө гарна гэж байхгүй боллоо гэж бодсон. Сүүлийн ДДМТ-тэй хамтарснаар би бүүр хоосорсон ямар ч гарц гаргалгаа байхгүй болсон. 2022 он сүүлийн саруудад хоригдоод дууссан. Одоо 2023 он гараад явж байна. Би байхгүй зүйлийг байгаа болгоод хийгээгүй шонгоо хийсэн болгосон зүйл байхгүй. Би сайн муу бүх зүйлийг мэднэ. Өөрөө яр шархандаа баригдаад ажиллаж зүтгэж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч .............. мэдүүлэхдээ: “... Хамгийн гол нь .............. худалч хүн. “Оргил” дээр уулзаад “Налайх явъя үйлдвэрийг чинь очиж үзье яаж хийдэг, ямар материалаар хийдгийг чинь харъя” гэхэд “Налайхад байхгүй Архангайд” байгаа гэсэн. Тэгээд би “яагаад Архангайд байдаг юм гэсэн чинь Их хурлын гишүүн надад дэмжлэг үзүүлээд явсан” гэж хэлсэн. Таны юмыг хийж дуусаад Архангайгаас явуулна манайхаас өдөр болгон том машин явж байгаа тэгээд танай гэрийн гадаа авчраад өгнө гэсэн. 8.000.000 төгрөгийн гэрээ хийгээд 3.000.000 төгрөгийн бэлнээр өгсөн. Би мөнгө болон нэг шон ч аваагүй. Хохирлоо барагдуулж авмаар байна, барагдуулахгүй бол би гомдолтой...” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч .............. өгсөн мэдүүлэг /1хх-41/, “Авто тээврийн Үндэсний төвийн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 111 дугаартай лавлагаа /1хх-75-76/, Хөрөнгө үнэлгээ зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн БЗДЗ-20-309 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан, хавсралт /1хх-51/, шүүгдэгч .............. яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-46/, “Хаан” банкнаас 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 50/8809 дугаартай албан бичгээр ирүүлсэн .............. эзэмшдэг .............. тоот дансны 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны хуулга /1хх-85-93/, хохирогч .............. нь 2019 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 9 дүгээр сарыр хорооны “Да хүрээ” захын төв хаалганы замын урд үйл ажиллагаа явуулдаг яллагдагч .............. авто засварын газарт өөрийн эзэмшлийн .............. улсын дугаартай “Kia bongo Fronttier” маркийн тээврийн хэрэгслийг засварлуулахаар тохиролцож .............. эзэмшдэг “Хаан” банкны .............. тоот данс руу 200.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн эзэмшдэг “Хаан” банкны .............. тоот данс руу шилжүүлсэн баримт, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Ганбаярын 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр үйлдсэн тэмдэглэл /1хх-29/, 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр үйлдсэн тэмдэглэл /1хх-34/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Өлзийдэлгэрийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн тэмдэглэл /1хх-142/, “..............” ХХК-ийн гүйцэтгэх захирал .............., “Тэгш дэвшил” ХХК-ийн гүйцэтгэх захирал .............. нарын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 210512001 дугаартай “Бараа материал худалдах, худалдан авах гэрээ”-ний 2 дугаар хавсралт /1хх-139/, хохирогч ..............гаргаж өгсөн 94041224 дугаарын утсаар харилцсан зурвас /1хх-225-229/, шүүгдэгч .............. урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч .............. нь 2019 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашин засварын үйлчилгээ явуулдаг байсан хашаандаа байхдаа .............. эзэмшлийн .............. улсын дугаартай “Kia Bongo Frontier” маркийн тээврийн хэрэгслийг засварлахаар авсан боловч автомашиныг бусдад зарж борлуулаад өгье гэж хэлэн бусдыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, Ж.Нармандахын эзэмшлийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилдээ авч 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр фейсбүүк дэх “Тэгш дэвшил” нэртэй хаягаар “Маш сайн чанарын цутгамал хуванцар шон үйлдвэрлэж худалдана. 8х8=үнэ 8000, 10х10=үнэ 10000 Өндөр 2 метр, наранд гулзайхгүй, хөлдөх, мал шөргөөх, лантуугаар нүдсэн ч хугарахгүй, илжрэхгүй, зэврэхгүй ..............” гэх зураг бүхий нийтлэлийг оруулж, улмаар 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр бүх хашааг нийлүүлэх талаар харилцан тохиролцож, үйлдвэрлэл явуулаагүй нөхцөл байдлыг нууж, захиалсан хашааг хүргэж өгөх гэж байгаа мэтээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хашааны урьдчилгаа болгож, 6.000.000 төгрөгийг өөрийн нэрээр “Хаан” банканд эзэмшдэг .............. дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 122 дугаар хороололд “..............” ХХК-д хуванцар шон нийлүүлнэ гэж тус компанийн захирал А.Баттулгыг хуурч, төөрөгдөлд оруулж, гэрээ байгуулан, улмаар 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “..............” ХХК-д Худалдаа хөгжлийн банкны .............. тоот данснаас шилжүүлсэн 20.000.000 төгрөгийг “Тэгш дэвшил” ХХК-ийн “Голомт” банкны .............. тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
2022 оны 5 дугаар сарын 7-ны өдөр баримт бичиг, эд зүйл ашиглаж буюу “Худалдах, худалдан авах гэрээ”, “Тэгш дэвшил” ХХК гэх тэмдэг зэргийг ашиглаж, .............. дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” төвийн гадна хохирогч иргэн .............. 5 дугаартай хуурамч “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж “1 ширхэг хашааны шонг 8.000 төгрөгөөр тооцож, 1.000 ширхэг хашааны шон 8.000.000 төгрөгт зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, “урьдчилгаа” гэж 3.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,
“Ачит буурагчин” ХХК-ийн менежер .............. 15 хоногийн хугацаанд 8.000.000 төгрөгөөр 1000 ширхэг хуванцар шон хуванцар шон хийж өгөхөөр тохиролцож, бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр .............. эзэмшлийн “Төрийн банк”-ны .............. тоот данснаас шилжүүлсэн 3.200.000 төгрөг, “..............” ХХК-ийн хаан банкны ..............тоот данснаас шилжүүлсэн 300.000 төгрөг, ..............тоот данснаас шилжүүлсэн 500.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны .............. тоот дансаар шилжүүлэн авч залилсан, нэр бүхий 5 иргэнд нийт 38.100.000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулж залилсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч .............. өгсөн: “... Миний эзэмшлийн “Kia Bongo Frontier” маркийн .............. улсын дугаартай бага оврын ачааны автомашин араандаа орохгүй, тоормос муу байхаар нь Баянзүрх дүүргийн .............. дугаар хороо Даргалагчаас: хүрээ захын төв хаалганы замын урд талд байрлах гудамжны 4 билүү 3 дахь дотроо гарааштай хашаанд засуулах гэж аваачиж өгсөн. Тэгээд .............. гэх 40 орчим насны ахад 200.000 төгрөг .............. дугаарын данс руу өөрийн .............. дугаарын данснаас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлсэн. Тэгээд 10 орчим хоногийн дараа очиход миний автомашин байсан. Гараашны цонхоор харахад засагдаагүй хэвээрээ байсан. Тэгээд 96662930 дугаарын тухайн үед .............. ахын барьдаг байсан утас руу залгахад “одоо жинхэнэ автомашиныг чинь засаж өгнө, бас зараад өгье” гэсэн тэгэхээр нь “за тэг тэг” гээд зөвшөөрсөн. Тэгээд гар утсаа салгаад алга болсон. Хааяа ганц холбогдохоороо авах хүн нь удахгүй мөнгөтэй болно гэж хэлсэн. Тэгээд удаан удаан хүлээж байгаад нэг сар орчмын дараа засвар дээр нь очоод машинаа авах гэтэл байгаагүй. Хашааны жижүүрээс асуухад “энэ засварын газрын түрээс нь дууссан, яваад өгсөн” гэж хэлсэн. Хаашаа явсан талаар асуухад “мэдэхгүй ээ, налайн явсан сурагтай байгаа” гэж хэлсэн. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад .............. дугаарын утсаар холбогдож “автомашин авах хүн байна” гэж хоолойгоо өөрчилж яриад “удахгүй машиныг чинь авга мөнгөгүй байна” гэж хэлсэн. Тэгээд .............. дугаар дээрээ 2020 оны 4 дүгээр сар хүртэл байсан тэгээд одоо хүртэл машин ч өгөөгүй, мөнгө ч өгөөгүй ээ ...” гэх мэдүүлэг /хх-41/,
Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 111 дугаартай лавлагаа /хх-75-76/,
Хөрөнгийн үнэлгээ зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн БЗДЗ-20-309 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайлан, хавсралт /хх-51/,
“Хаан” банкнаас 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 50/8809 дугаар албан бичгээр ирүүлсэн .............. эзэмшдэг .............. тоот дансны 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулга /хх-85-93/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч .............. өгсөн: “... Миний бие “Жагро” ХХК-ийн захирал бөгөөд тариалангийн хашаа барих шон хайж байтал фейсбүүк групп дээр “Тэгш дэвшил” нэртэй хуудсаар “Маш майн чанарын хуванцар хашааны шон зарна, 8х8=8000 төгрөг, 10х10=үнэ 10.000 төгрөг, өндөр 2 метр үнэ чанар сайн” гэх зарыг байршуулж .............. дугаарын утсыг зар дээр оруулсан байсан, энэ дагуу тухайн утсаар холбогдож .............. гэх хүнтэй түүний .............. улсын дугаартай машинд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр эмнэлгийн гадна уулзахад “машиныхаа араас 2 ширхэг шон гаргаж ирээд манай байгууллага өөрийн шонгийн үйлдвэртэй, танай шонг хурдан шуурхай хийж өгнө, 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 2000 ширхэг шонг бэлэн болгож чадна, урьдчилгаа 6.000.000 төгрөгийг эхний ээлжинд өгөх хэрэгтэй, нийт 12.000.000 төгрөг болно гэж хэлсэн. Энэ дагуу *******тэй тохиролцож би өөрийн “..............” ХХК-ийн оффис болон Баянзүрх дүүргийн .............. дүгээр хорооны нутагт байрлах 12 дугаар хороолол .............. дугаар байрны өргөтгөл дээр очиж би өөрийн компанийн данснаас 6.000.000 төгрөгийг .............. “Хаан” банкны .............. дугаартай данс руу шилжүүлсэн. Маргааш нь .............. “Тэгш дэвшил” нэртэй үйлдвэрийг очиж үзэх гэтэл “Налайхад байгаа” гэж хэлсэн бөгөөд би “хамт очиж үйлдвэрийг нь үзье” гэтэл “завгүй байна, захиалга их байна” гэх зэргээр үйлдвэр рүүгээ явуулдаггүй байсан. Ингээд 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр болоход “миний захиалсан хашааны шонгоо авъя” гэтэл “одоо яг ачаад очиж байна, удахгүй хүргэж өгнө” гэж хэлдэг байсан бөгөөд одоо утсаа авахаа байж байгаад ор сураггүй алга болсон. “Тэгш дэвшил” гэх үйлдвэрийг хайж Налайх дүүрэгт очтол “Тэгш дэвшил” огт байхгүй бөгөөд ижил шон үйлдвэрлэдэг нэрийг нь мэдэхгүй нэг залуу байсан бөгөөд уг залуу “манай .............. гэх хүн танихгүй, манай нэрийг барьж бусдаас мөнгө залилаад байх шиг байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-26-27/,
“..............” ХХК-ийн “Хаан” банкны .............. тоот данснаас 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Доржготовын Мөнх-Эрдэнийн “Хаан” банкны .............. тоот данс руу 6.000.000 төгрөгийг шилжүүлэг хийсэн баримт /1хх-68/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч .............. өгсөн: “... 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр манайх “Тэгш дэвшил” ХХК-тай бараа материал худалдах худалдан авах гэрээг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо ..............тоотод хийсэн. Тухайн гэрээний дагуу хуванцар шон нийлүүлэхээр байсан. Нийт 33.000.000 төгрөгийн хуванцар шон нийлүүлэхээр байсан. Манай байгууллагаас 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр урьдчилгаа 20.000.000 төгрөгийг “Тэгш дэвшил” ХХК-ийн .............. дугаартай “Голомт” банкны данс руу шилжүүлсэн. Урьдчилгаа мөнгө шилжүүлснээс хойш 14 хоногийн дотор 700 ширхэг хуванцар шилжүүлэх байсан боловч тухайн шонг манайд нийлүүлээгүй юм. Тэгээд манайхаас тухайн байгууллага руу шонгоо нийлүүлэх талаар гэрээнд бичигдсэн байсан .............., .............. дугаарын утаснууд руу залгахад тухайн утас нь холбогдоогүй. Тэгээд гэрээнд заасан “Тэгш дэвшил” ХХК-ийн албан ёсны хаяг руу шуудангаар албан бичиг явуулахад тухайн шуудангаар манай явуулсан албан бичиг буцаж ирсэн. Тухайн хаяг нь дээр “Тэгш дэвшил” ХХК байхгүй байна гэж ирсэн. Анх ирж гэрээ байгуулахдаа “манайх хуванцар шон хийдэг үйлдвэртэй танай төсөлд чинь хуванцар шон нийлүүлье” гэсэн санал тавьсан. Гэтэл одоо хуванцар шон үйлдвэрлэдэг үйлдвэр нь хаана байгаа нь тодорхойгүй, компани нь байхгүй, захирал нь олдохгүй алга болсон байгаа ...” гэх мэдүүлэг /1хх-116-117/,
“..............” ХХК-ийн “Худалдаа хөгжлийн банк”-ны 405095659 тоот данснаас 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Тэгш дэвшил” ХХК-ийн “Голомт” банкны ..............тоот данс руу 20.000.000 төгрөгийн шилжүүлэг хийсэн баримт /1хх-135/,
“..............” ХХК-ийн гүйцэтгэх захирал .............., “Тэгш дэвшил” ХХК-ийн гүйцэтгэх захирал ..............нарын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан .............. 1 дугаартай “Бараа материал худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар /1хх-136-139/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч .............. өгсөн: “... Би 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр фейсбүүк цахим орчинд байж байгаад хашааны хуванцар шон авна гээд зар оруулсан чинь .............. гэх “хүн хашааны хуванцар шон зарна” гэж надтай холбогдсон. Тэгээд тухайн залуутай .............. дугаарын утсаар холбогдоод нэг ширхэг хашааны шонг 8000 төгрөгөөр тооцож, 1000 ширхэг хашааны шон авахаар 8.000.000 төгрөг болж тохиролцсон. Тэгээд би тухайн залуутай Сүхбаатар дүүргийн .............. дүгээр хороо Оргил төвийн гадна уулзаж гэрээ байгуулаад урьдчилгаа 3.000.000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. Тэр өдрөөс хойш .............. гэх залуу утсаа авахаа болиод худлаа яриад одоог хүртэл миний захиалсан шонг өгөхгүй алга болсон. Нэг л удаа уулзсан тэгэх үедээ бэлэн 3.000.000 төгрөг өгсөн ...” гэх мэдүүлэг /1хх-187-188/,
“Тэгш дэвшил” ХХК-ийн гүйцэтгэх захирал .............., иргэн .............. нарын 2022 оны 5 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан 5 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ”-ний эх хувь /1хх-191-194/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч .............. өгсөн: “... Фейсбүүк зар хараад байж байхад фейсбүүк дээр “хуванцар шин хийнэ” гэсэн зар байсны дагуу тухайн зар тавигдсан 94041224 дугаар руу холбогдоод хуванцар шон хийр талаар асууж тодруулахад “манайх Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хэрэв танайх өгсөн хуванцар шондоо 3 жилийн баталгаа өгнө гэж хэлсэн”. Тийм болохоор би хуванцар шонг худалдан авахаар болоод 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр .............. тариан талбайг хаших 1000 ширхэг хуванцар шон хийлгэхээр нэг бүрийн үнийг 8000 төгрөгөөр бодож 15 хоногийн хугацаатай хийлгэхээр тохиролцож, нийт үнийн дүн болох 8 сая төгрөгийн урьдчилгаа болгож, 40 хувь буюу 3.200.000 төгрөгийг би Дархан-Уул аймагт гэртээ байхдаа .............. гэх хүний 5018070552 тоот данс руу интернэт банкаар шилжүүлсэн. Шон хийж байх хугацаанд буюу 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр манай дүү .............. дугаар руу шон хийж байгаа .............. гэх хүн залгаад “мөнгө хэрэг болоод байна, 100.000 төгрөг яаралтай шилжүүлчих” гэхээр нь дүү өөрийн данснаас шилжүүлсэн байсан. 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр манай дүү Мөнгөндуулга руу дахин залгаад “мөнгө хэрэг болоод байна, 200.000 төгрөг яаралтай шилжүүлчих” гэхээр нь дүү “..............” ХХК-ийн .............. тоот данснаас шилжүүлсэн байсан. Шонг хүргэж өгөх хугацаа болсон боловч одоог хүртэл шонг өгөхгүй байна. Шонгоо нэхэхэд надад “би танай шонг машин дээр ачсан байна” гэхээр нь “тэгвэл Улаанбаатар хотод буулгачих” гэсэн, гэтэл “үгүй та нар нэмж 2 сая төгрөг төл, үгүй бол би та нарын захиалсан шонг өөр хүнд үнэтэй зарна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэгвэл шонгоо үлдэгдэл мөнгөө өгнө” гэхэд надад “тийм заваарсан юм байхгүй” гээд намайг загнасан. Налайх дүүрэгт хуванцар шонгийн үйлдвэрийг хайгаад очиход үйл ажиллагаа явуулдаггүй, ганц нэг хугархай шонтой бас ганц нэг тоног төхөөрөмж тавьсан байсан. Харин тухайн төхөөрөмжийг хажуугийн хөнгөн блокийн үйлдвэрийн хүмүүс өрөндөө барьцаанд авсан гэж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-233-234/,
“..............” ХХК-ийн захирал .............., “Тэгш дэвшил” ХХК-ийн гүйцэтгэх захирал .............. нарын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар хувь /1хх-217-220/,
.............. “Төрийн банк”-ны .............. тоот данснаас .............. “Хаан” банкны .............. тоот данс руу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 3.200.000 төгрөгийг шилжүүлэг хийсэн баримт /1хх-222/,
“..............” ХХК-ийн “Хаан” банкны .............. тоот данснаас .............. “Хаан” банкны .............. тоот данс руу 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 200.000 төгрөгийн шилжүүлэг хийсэн баримт /1хх-223/,
.............. “Хаан” банкны .............. тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-249-250, 2хх-1/ зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч .............. зүгээс “...Би энэ гэмт хэргийг санаатай үйлдээгүй” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч дээр дурьдсан нотлох баримтууд шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараахи байдлаар шүүгдэгчийн тайлбарт шүүх няцаалт өгсөн болно.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.
Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.
Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг.
Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.
Иймд шүүгдэгч .............. 2019 оны 11 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг нэр бүхий 5 иргэнд үлэмж хэмжээний буюу нийт 38.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”... гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
Шүүгдэгч .............. нь үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт хуванцар шон нийлүүлнэ гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар залилсан идэвхтэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байх бөгөөд прокуророос шүүгдэгч .............. үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл .............. нь анхнаасаа хохирогч нарт хуванцар шон нийлүүлэх боломж бололцоо байхгүй гэдгээ өөрөө мэдсээр байж, захиалга авч нийлүүлнэ гэж итгэл үнэмшил төрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж байгаа шууд санаатай үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч .............. 38.100.000 төгрөгийг гаргуулж, хохирогч .............. 5.100.000 төгрөг, .............. 6.000.000 төгрөг, “..............” ХХК-д 20.000.000 төгрөг, .............. 3.000.000 төгрөг, .............. 4.000.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч .............. дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Энэ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Мөн шүүхээс .............. оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч .............. нь энэ хэрэгтээ 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 153 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .............. овогтой .............. “Үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .............. 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар .............. оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар .............. урьд цагдан хоригдсон 153 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч .............. 38.100.000 төгрөгийг гаргуулж, хохирогч .............. 5.100.000 төгрөг, .............. 6.000.000 төгрөг, “..............” ХХК-д 20.000.000 төгрөг, .............. 3.000.000 төгрөг, .............. 4.000.000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба .............. урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл .............. урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС