| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2023/0014/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/35 |
| Огноо | 2022-12-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/35
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Ч.Батбаатар, хохирогч Х.Д, шүүгдэгч С.С, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00689 0567 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Я овгийн С.С , 1978 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, 7-10 насны хоёр хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 870 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байна.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч С.С нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны Хөтлийн замд 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 05 цаг 40 минутын орчим Тоёота акуа маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Д-г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Я овгийн С.С нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны Хөтлийн замд 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 05 цаг 40 минутын орчим Toyota akua маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Д-г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-11 дэх тал),
- Эд зүйлд үзлэг хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 19-24 дэх тал),
- Хохирогч Х.Д-гийн “...2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөтлийн замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зорчих хэсгээр манай эхнэр түрүүлээд би араас нь А.Ч-тэй хамт алхаад явж байтал зүүнээс баруун тийш чиглэлтэй нэг машин ирж байхаар нь надад энэ машин зам тавьж өгөх байх гэж бодоод явж байтал зорчих хэсгийн баруун тийш явах чиглэлийн 2 дугаар эгнээнд явсан тээврийн хэрэгсэл ирээд машины баруун талын хэсгээрээ намайг мөргөөд баруун урд дугуйгаараа миний зүүн хөлийн өсгий шилбэ хэсэг рүү мөргөөд би газар унасан. Жолоочид гомдолтой байна. Өөрийнхөө эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлыг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
- Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч С.С-ийн “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заажээ. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Тээврийн прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. С.С нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны хөтлийн замд 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 05 цаг 40 минутын орчим Toyota akua маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч Х.Д-г мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Х.Д нь 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 512,000 төгрөгийн зардал гарсныг С.С-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал),
- Гэрч А.Ч-ий“...Х.Д-г зорчих хэсгийн баруунаас зүүн чиглэлтэй явсан машин баруун талын хэсгээрээ машины баруун урд дугуйгаар мөргөөд газар унагасан. Өөр машин тэрэг мөргөж шүргэсэн асуудал мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал),
- Гэрч Г.Д-ын “...зорчих хэсгийн 1 дүгээр эгнээний захад замын хашлаганы хажууд хоёр хүн зогсож байхаар нь тойроод гартал гэнэт газар нэг хүн хэвтэж байгаад хөлөн дээгүүр дайрчихлаа гээд орилсон. Би машинаа зогсоогоод бууж иртэл нэг хүн зүүнээс баруун тийш явах чиглэлийн 2 дугаар эгнээнд надаас өмнө машинд мөргүүлсэн гээд хэвтэж байсан. Би тухайн үед хүний хөлөн дээгүүр гараагүй, надад ямар нэгэн зүйл мэдрэгдээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал),
- Шүүх эмнэлгийн шинжилгээний 14874 дугаартай: “...Х.Д-гийн биед зүүн шилбэний шаант ясны далд хугарал, зулгаралт, баруун шилбэ, шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 76-78 дахь тал),
- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1251 дугаартай “...жолооч С.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 92-93 дахь тал) зэрэг нотлох баримтууд агуулгын хувьд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор болж өнгөрсөн хэргийн нөхцөл байдлыг сэргээн дүрсэлж байна.
Түүнчлэн, шүүгдэгч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад “...2022 оны 10 дугаар сарын 29-ний шөнө хувиараа таксинд явж байгаад хөтлийн Тэс шатахуун түгээх орох гээд зорчих хэсгийн ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй, 2 дугаар эгнээгээр машиныхаа гэрлийг ойр дээрээ тавьчихсан, эсрэг урсгалд явж байсан машины гэрлийн гялбаа ихтэй явж байтал 30 метрийн зайд цагаан хувцастай нэг эмэгтэйн урд талд нэг эрэгтэй явж байхаар нь би машинаа холдуулах гээд тоормос гишгээгүй, үрүүлээ зүүн тал руугаа дартал дахиад нэг хүн зам хөндлөн гараад явж байсан хүн гүйсэн. Тэгээд яах ийхийн зуур тэр хүнийг машиныхаа баруун талын хэсгээр шүргээд баруун талын толь хугараад би цааш явсан. Тэгээд би машинаа зогсоогоод ослын газар иртэл нөгөө хүн хөл болохоо байчихлаа, хугалчихлаа гээд зүүн хөлөө бариад босож чадахгүй хэвтэж байсан. Тэгээд 103, 102-т дуудлага мэдээлэл өгсөн. Би тухайн үед амжаад дараад гарчих байх гэж бодсон. Би мөргөхгүйн тулд үрүүлээ дарсан. Тухайн үед эсрэг урсгалд явж байсан машины гэрлийн гялбаанд ороод харах боломж байгаагүй. Би хэрвээ зүүн тал руугаа дараагүй бол тухайн хүнийг машины урд талын хэсгээрээ мөргөх байсан. Тэр зорчигч явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан. осол болох үед түгжрэл байхгүй, харагдах орчин муу, эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгслүүдийн гэрлийн гялбаанд ороод юм харагдахгүй байсан. Зорчих хэсгийн гэрэлтүүлэг ажиллагаатай байсан. Би 43-48 км цагийн хурдтай явж байсан. Осол болох үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” (хавтаст хэргийн 72 дахь тал) гэж мэдүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргах зүйлгүй бөгөөд би мөрдөн байцаалтын үед хэргийн талаар тодорхой мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” хэмээн хэргээ хүлээн мэдүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байсан болно.
Яллах дүгнэлтэд дурдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт судлагдаагүй, шүүгдэгч, хохирогч нар мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтын талаар хүсэлт, гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4. Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11874 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч С.С-ийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй үйлдлээ үргэлжлүүлсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх ба тус хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Хохирогч Х.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-а заалтад “...үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарахгүй, харин гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон байгааг дурдах нь зүйтэй.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.С-ийг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Х.Д нь эмчилгээний зардалтай холбоотой 178.200.0 төгрөгийн баримтыг гаргаж өгч, хэрэгт хавсаргасан байх бөгөөд шүүгдэгч С.С нь хохирогч Х.Д-д 575,000.0 төгрөгийг сайн дурын үндсэн дээр нөхөн төлж барагдуулжээ.
Шүүх хохирогч Х.Д-гийн эрүүл мэнд хэвийн болоогүй, түүний биед учирсан гэмтлийн хор уршиг арилаагүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгааг тус тус харгалзан эмчилгээ, асаргаа, сувилгааны зардал болон ажилгүй байсан хугацааны олох байсан орлого зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Хот суурин газарт явган зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарах нь энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл болох нь түгээмэл байгааг дурдахын зэрэгцээ явган зорчигч зорчих хэсгийн бүх хэсгээр дураар зорчих эрхгүйг хохирогч Х.Д-д сануулж, шийтгэх тогтоол тайлбарлах үед тусгайлан анхааруулах нь зүйтэй.
Түүнчлэн, шүүгдэгч С.С-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон иргэн Х.Д д үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал болох 512,000.0 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх үндэслэлтэй байна. Учир нь, хэн нэгэн хүн, хуулийн этгээдийн гэм буруутай үйлдлийн улмаас бусад хүний эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх нь хязгаарлагдах ёсгүй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч С.С-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 107 дахь тал), Улсын Ерөнхий прокурорын Эрүүгийн хэргийн тусгай архивын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/853 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 109 дэх тал), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 870 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 110-115 дахь тал), Баясгалант хос эрдэнэ ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 22/16 дугаартай ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 116 дахь тал), Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 117 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 118-119 дэх тал), жолоочийн үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 120 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 121 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 122 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 123 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 124 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 125 дахь тал), хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 126 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 127 дахь тал), 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 314** дугаартай Зээлийн гэрээ (хавтаст хэргийн 128-130 дахь тал), 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 314200068 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ (хавтаст хэргийн 131-132 дахь тал), ХААН банкны депозит дансны хуулга зэрэг баримтаар хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч С.С нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, хуульд заасан үндсэн хугацаа болох 3 сарын дотор төлүүлэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.
Хэрэв тэрээр шүүхээс тогтоосон хугацааны дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих хууль зүйн дагавартай болохыг тогтоох хэсэгт тусгайлан сануулах нь зүйтэй.
2.2. Бусад асуудлын талаар
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хавтаст хэрэгт хавсарган хадгалуулж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.С бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Я овгийн С.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-т оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг хуульд заасан үндсэн хугацаа болох 3 сарын дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.С-т сануулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч С.С-ээс 512,000.0 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Х.Д нь цаашид гарах эмчилгээ, асаргаа, сувилгааны зардал болон ажилгүй байсан хугацааны олох ёстой байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.
6.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хавтаст хэрэгт хавсарган хадгалуулахаар хэргийн хамт Эрүүгийн хэргийн төв архивд шилжүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.С баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогч Х.Д-д төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА