Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/36

 

              

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Ж.Отгончимэг, шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1920 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Ц.Э, Говь-Алтай аймагт 1966 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл нэг, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 10 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б-тэй маргалдаж харилцан зодолдож нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиж духанд язарсан шарх, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр хацар амны зүүн хэсэг, зүүн шанаа баруун хөхлөгийн хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Ц.Э  нь 2022 оны 10 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6-61 тоотод хохирогч Б.Б-ийг согтуурсны улмаас өөрийгөө хамгаалах боломжгүй буюу унтаж байхад нь шалтгаангүйгээр түүний нүүр лүү гараараа 2-3 удаа цохиж, дух руу нь аягаар цохиж, биед нь “...духанд язарсан шарх, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр хацар амны зүүн хэсэг, зүүн шанаа баруун хөхлөгийн хэсэгт цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2. Нотлох баримтын үнэлгээ

- Хохирогч Б.Б-ийн “...2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ц.Э гаднаас нэг шил архи авч ирээд бид хоёр хувааж уугаад Ц.Э явсан, би гэртээ үлдсэн. Тэгээд Ц.Э орой 21-22 цагийн үед гаднаас бас нэг шил архитай орж ирсэн. Ингээд нөгөө архийг нь уугаад би нэлээн муудаж унтсан бөгөөд шөнө 01-02 цагийн үед Ц.Э миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Би босоод түүнтэй барилцаж аваад зодолдож хэсэг бужигнасан. Миний духнаас цус гараад бид хоёрын зодоон дууссан. Миний хоёр нүд хөхөрсөн. Үүнийг Ц.Э гараараа цохиж учруулсан. Шүүх эмнэлгээс өөр эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгээгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай байна. Ц.Э надад 500,000 төгрөгийн хохирол барагдуулсан. Одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал);

- Гэрч Б.С-ийн “...2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай ойролцоо амьдардаг Ц.Э гэх залуутай манай нөхөр бид гурав хамт архи уугаад намайг тасарч унтаад сэрэхэд Ц.Э манай нөхрийн толгойг нь хагалсан, зодсон гэж нөхөр маань хэлсэн. Тэгээд Ц.Э “цагдаад битгий хэлээрэй” гэж байхаар нь бид хоёр цагдаад хэлээгүй. Өнөөдөр А гэх залуу манайд ирээд нөхрийг маань зодуулсан байхыг хараад цагдаад дуудлага өгсөн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал);  

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүхийн эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14861 дугаартай “...Б.Б-ийн биед духанд язарсан шарх, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр хацар амны зүүн хэсэг, зүүн шанаа баруун хөхлөгийн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дэх тал) зэрэг нотлох баримт нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй байх ба харилцан бие биеэ няцаан үгүйсгэхгүйгээр хэргийн бодит үнэнийг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Ц.Э мөрдөн байцаалтад “...Б.Б-ийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Би түүний нүүр лүү гараараа 2-3 удаа цохиж, нүд орчимд үүссэн гэмтлүүдийг учруулсан. Мөн гэрт байсан аягаар Б.Б-ийн дух руу цохиж шалбалсан. Бусад гэмтлүүд нь биднийг зодолдож, унаж босон ноцолдож байхад үүссэн гэж бодож байна. Хохирогчид 500,000 төгрөгийн хохирол төлсөн...” гэж (хавтаст хэргийн 24 дэх тал), шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэж тус тус хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нь улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байсан болно.

​​​​​​​1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ц.Э нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

​​​​​​​1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14861 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Б-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв. 

Шүүгдэгч Ц.Э-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Б-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Харин шүүгдэгч Ц.Э нь хохирогч Б.Б-ийг согтуурсны улмаас өөрийн биеийг хянах чадваргүй буюу унтаж байх үед нь түүний эрх чөлөөнд халдаж, гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй ... болохыг мэдсээр байж;” гэж тус тус зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Э-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч  Б.Б нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Э-г бусдад төлөх төлбөргүй болохыг энэ тогтоолын тогтоох хэсэгт дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч Ц.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй...” гэв.

Шүүгдэгч: “...Санал байхгүй...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 29-30 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 31 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 29-33 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34 дэх тал) зэрэг хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Ц.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.   

Шүүгдэгч Ц.Э прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, түүнд 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэв.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Ц.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д хоёр зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан хоёр зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Э-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ                                  Б.БАТАА