| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2023/0071/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/68 |
| Огноо | 2023-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Т.Төмөртулга, хохирогч Э.С, шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1982 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овгийн Б.Х нь 1995 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Э.С-г зодож эрүүл мэндэд нь баруун завжинд цус хуралт, шарх, эрүүний баруун доод хэсэг, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл, хадам аав Ч.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хүзүүнд зүсэгдсэн шарх, зурагдсан зулгаралт, баруун гарын долоовор хуруу, дунд хуруунд зүсэгдсэн шарх, дээд уруулын баруун хэсэгт зурагдсан зулгаралт, баруун ташаан төвгөрийн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Б.Х нь 2022 оны 11 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө согтуурсан байх үедээ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Э.С-г зодож, эрүүл мэндэд нь “...баруун завжинд цус хуралт, шарх, эрүүний баруун доод хэсэг, хүзүүний зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл, мөн тухайн үед охиноо өмөөрч зүй ёсны шаардлага тавьсан хадам аав Ч.Э-ыг зодож, эрүүл мэндэд нь “...хүзүүнд зүсэгдсэн шарх, зурагдсан зулгаралт, баруун гарын долоовор хуруу, дунд хуруунд зүсэгдсэн шарх, дээд уруулын баруун хэсэгт зурагдсан зулгаралт, баруун ташаан төвгөрийн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
1.2. Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (хавтаст хэргийн 4-8 дахь тал);
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (хавтаст хэргийн 9-12 дахь тал);
- Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (хавтаст хэргийн 13-14 дэх тал);
- Хохирогч Ч.Э-ы “...Би Сонгинохайрхан дүүргийн *** тоотод байрлах хашаандаа эсгий гэрт ганцаараа амьдардаг бөгөөд манай хашаанд хүргэн Б.Х , охин Э.С нар гэр бүл болоод 4 жил гаран эсгий гэр барин тусдаа амьдарч байгаа юм. Хүргэн Б.Х нь хааяа архи согтууруулах ундаа хэрэглэдэг бөгөөд согтуурсан үедээ намайг дарамталж ганц хоёр удаа цохидог байсан. Би 2022 оны 11 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал охин Э.С муухай дуугараад “аллаа” гэж орилоод байхаар нь би тэдний гэр лүү яваад ороход хүргэн охиныг маань газарт унагаагаад зодож байсан юм. Тэгэхээр би “чи болилдоо” гэж хэлээд охиноо салгаж аваад гарах гэтэл хүргэн миний цамцны захаас татаад боож унагаасан. Тэгээд гэнэт ногоон өнгийн иштэй заазуур хаанаас авсан юм бүү мэд гэнэт гартаа бариад хоолой хэсгийг зүссэн. Энэ үед миний хоолойноос цус гарсан бөгөөд дахиад зүсэх гээд дайрахад нь би баруун гараараа хаасан юм. Тэгээд тэр “та нарыг бүгдийг чинь ална. Одоо алчихъя” гээд орилоод байсан. Тэр үед охин “одоо больё л доо” гээд хүргэний цамцнаас татахад хүргэн арай гэж больсон бөгөөд энэ үед хүргэний гэрт унтаж байсан миний дүүгийн хүү Н.Н сэрсэн. Тэгээд хүргэн бид гурвыг гэрээсээ гаргахгүй “гарах л юм бол ална” гэж хэлээд заазуур бариад зогсож байсан бөгөөд охин Э.С аргадаж байх хооронд би гарч зугтаасан юм. Гэтэл хүргэн хүү намайг барьж, миний хувцаснаас чирээд гэр лүү оруулсан. Тэгээд “би шийдчихсэн хүн шүү, та нарыг бүгдийг чинь ална” гэж хэлээд орилоод байсан. Тэгтэл охин хүргэнийг дахиад аргадахаар нь би зугтаагаад далангийн ойролцоо байрлах дүүгийнхээ гэрт очоод утсаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай хүргэн өмнө нь охиныг маань нэг хоёр удаа зодож байхыг нь би харсан. Намайг байхгүй байхад бас зоддог юм шиг байна лээ. Хааяа охины маань хөл гар хөхөрчихсөн байдаг байсан. Миний хоолой хэсэг зүсэгдсэн хоолойндоо оёдол тавиулсан. Хэдэн оёдол гэдгийг нь мэдэхгүй байна. Мөн баруун гарын дунд ядам хуруу зүсэгдсэн. Энэ хоёр хуруунд 4-5 оёдол тавиулсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх байхгүй. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, мөн шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26 дахь тал);
- Хохирогч Э.С-гийн “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн *** тоотод байх хашаанд эсгий гэрт нөхөр, 2-5 насны хоёр хүүхдийн хамтаар амьдардаг. Манай хашаанд миний аав Ч.Э тусдаа өөр эсгий гэрт ганцаараа амьдардаг. Манай нөхөр Б.Х нь одоогоор уурхай зогссон учир ажилгүй байгаа. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хөдөөгөөс манай аавын дүүгийн хүүхэд нь ирсэн. Тэгээд нөхөр миний бие болон дүүгийн хамтаар гадуур гарч хоолонд орсон. Тухайн үед би 2 лааз шар айраг уусан бөгөөд нөхөр манай дүүтэй хамт нэг шил архи уугаад бид шөнө 00 цаг өнгөрч байхад гэртээ очсон. Тэгтэл манай нөхөр дахиад нэг шил архи дүүгийн хамт уусан. Тэгээд архиа ууж байгаад дүү унтаад өгсөн. Тэр үед манай нөхөр надад “архи уу” гэж хэлэхэд би “уухгүй” гэхэд миний нүүр лүү хундагатай архи цацаад, хоёр удаа толгойн дээр шар айраг асгаад “чи миний өгсөн архийг уусангүй” гээд уурласан. Тэгэхээр нь би “чи болилдоо” гэж хэлэхэд миний баруун хацар луу маш хүчтэй хоёр удаа алгадсан. Тэр үед амнаас нэлээд цус гарсан. Тэгэхэд бидэнтэй хамт ирсэн дүү сэрэхгүй унтаад байсан юм. Бараг тасарчихсан байсан байх. Харин гаднаас аав орж ирээд намайг авч гарах гэтэл Б.Х намайг болон аавыг түлхэж унагаад, тогооны савны ойролцоо байсан ногоон иштэй заазуурыг аваад “та хоёр хаашаа явдаг юм” гэж хэлээд аавыг дарж унагаагаад хүзүү хэсгийг нь зүссэн. Тэр үед би сандраад гарч гүйгээд “хүн байна уу” гэж орилоход нөхөр араас гарч ирсэн бөгөөд энэ үед аав мөн гарч ирэхэд, Хантэнгэр бид хоёрыг чирч гэрт оруулаад түлхэж унагаагаад, дээр гарч суугаад “аминдаа хайртай л юм бол аятайхан байгаарай” гэж хэлсэн. Тэгээд үүдний гол хэсэгт гартаа заазуур барьж суучхаад “та нарыг хөдлөх юм бол ална шүү” гэж хэлээд, аав бид хоёрыг ямар нэгэн хөдөлгөөнгүй хоёр цаг гаран гэрт суулгасан. Тэр үед манай дүү сэрээд “яасан бэ, болиоч ээ” гэж хэлэхэд “чи муу ч гэсэн дуугүй байгаарай, ална шүү” гэж хэлээд бид гурвыг баруун талын модон орон дээр суулгаад өөрөө хаалга манаж суучхаад “гаргахгүй, гарах эсхүл янз бүрийн хөдөлгөөн хийх юм бол би та нарыг бүгдийг чинь ална. Надад алдах зүйл байхгүй” гээд суугаад байсан юм. Тэр үед бид айсан учраас ямар нэгэн хөдөлгөөн хийж чадаагүй. Хантэнгэр “хүн амьтанд хэлээд хэрэггүй шүү. Аминдаа хайртай юм бол дуугүй байгаарай” гээд бид гурвыг 2-3 цаг гаруй хугацаатай дарамталсан. Тэгээд аав “халуун гэрт суугаад хөлс их гарсан учир жаахан агаар амьсгалмаар байна” гэж хэлэхэд “чадахгүй, яах гээд байгаа юм, зугтаах гээд байгаа юм уу” гэх зэргээр хэлж гаргахгүй байсан. Тэгээд 2-3 удаа хэлсний дараа аав бид хоёрыг гаргаад гэрийн үүд хэсэгт зогсоогоод өөрөө гэр дотор заазуур барьчхаад хараад зогсож байсан. Тэгээд аав бид хоёр “гэртээ орж юм ярья” гээд аавын гэр лүү орсон. Тэр үед дүү араас орж ирэхээр нь утсаар нь дуудлага өгчхөөд унтраасан. Тэгтэл дүүгийн утас байхгүй болсныг мэдээд “утас хаана байна” гэж хэлээд орилоод байсан. Тэгээд бид буцаад манай гэрт ороход миний уруул, нүүр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Гэртээ байхдаа намайг архи уучих гэхээр нь би уухгүй гэж хэлсэн бөгөөд тэр үед “чи яагаад уудаггүй юм бэ” гэж хэлээд миний нүүр лүү архи шар айраг цацсан. Тэгээд намайг хоёр удаа алгадсан. Надад одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37 дахь тал);
- Гэрч Н.Н-ын “...Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймагт ажиллаж байгаад ажлаасаа чөлөө аваад Улаанбаатар хотод ирсэн. Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны орой хүргэн Б.Х болон түүний эхнэр Э.С нарын хамтаар гадуур гарсан бөгөөд караоке орж суугаад ах бид хоёр нэг шил архи уусан. Э.С эгч архинаас огт уугаагүй. Ингээд бид нар тухайн газраас шөнө 00 цаг өнгөрч байхад гараад гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн *** тоотод очсон. Тухайн тоотод Б.Х ах түүний хадам аав нь эсгий гэрт тус тусдаа амьдардаг. Б.Х ах тухайн үед нэг шил архи болон нэг том пиво авч орсон. Тэгээд би архинаас нь хамт ууж байгаад унтсан. Өмнөх шөнө нь би нойргүй хоночихсон болохоор нойр хүрээд байсан юм. Тэгтэл миний орон дээр хүмүүс ирээд ноцолдоод байхаар нь би сэрээд хартал Б.Х ах хадам аавыгаа энгэрээс нь барьчихсан, хоолойноос нь боогоод байж байсан. Тухайн үед Б.Х ах гартаа нь заазуур байгаагүй бөгөөд Ч.Э ах Э.С эгч хоёрыг баруун талын орон дээр суулгаад намайг мөн орон дээр суу гэж суулгасан. Тухайн үед гартаа заазуур барьсан байсан болохоор айгаад суусан. Тэгээд Б.Х ах өөрөө үүдний хэсэгт усны саван дээр суугаад “та нарыг гарах юм бол би ална шүү. Одоо өнгөрсөн би та нарыг гаргахгүй, та нар гарахгүй шүү. Чимээгүй яваарай, хүн амьтанд янз бүрийн юм хэлээд дэмий шүү” гэх зэргээр сүрдүүлж бид нарын 2-3 цаг гаран гэрээсээ гаргахгүй суулгасан. Тухайн үед гар утас оролдож болохгүй, ямар нэгэн ил хөдөлгөөн хийж болохгүй гэж хорьсон. Бид нар тухайн үед гартаа заазууртай байсан болохоор айсан бөгөөд би ч мөн адил байсан. Тэгтэл Ч.Э ахын хөлс нь гараад цустайгаа холилдоод нэлээд хөлөрсөн байсан. Энэ биед Ч.Э ах би агаар амьсгалмаар байна гэж 2-3 удаа хэлсний дараа эгч, ах хоёрыг гаргасан. Тэр үед Ч.Э ах Э.С эгчийг дагуулаад гэр лүүгээ орсон. Би удалгүй араас нь ороход эгчид гар утсаа өгчхөөд буцаад хүргэн ахын гэр рүү орсон. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал);
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүхийн эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15088 дугаартай: “...Ч.Э-ы биед хүзүүнд зүсэгдсэн шарх, зурагдсан зулгаралт, баруун гарын долоовор хуруу, дунд хуруунд зүсэгдсэн шарх, дээд уруулын баруун хэсэгт зурагдсан зулгаралт баруун ташаан төвгөрийн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс зүсэгдсэн шарх, зурагдсан зулгаралт нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, зөөлөн эдийн няцрал нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нийт олон удаагийн үйлдлээр үүснэ. Эдгээр гэмтлээс хүзүү, гарын хурууны зүсэгдсэн шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Түүнчлэн, эдгээр нь шинэ гэмтэл байх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дахь тал);
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүхийн эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15087 дугаартай: “...Э.С-гийн биед баруун завжинд цус хуралт, шарх, эрүүний баруун доод хэсэг, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Эдгээр гэмтлээс баруун завжны цус хуралт, шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зөөлөн эдийн няцрал нь мөн журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй, шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 61-62 дахь тал);
- Шүүгдэгч Б.Х-ийн иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 95-101 дэх тал) зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө няцаан үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн нөхцөл байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Б.Х мөрдөн байцаалтад яллагдагчаар: “...Би тэр өдөр хөдөөгөөс ирсэн дүү Н.Н болон эхнэрийн хамтаар гадуур гарч, караоке орж дуулж байгаад дүү Н.Н-ын хамт 0,75 литрийн нэг шил архи хувааж уусан, манай эхнэр хоёр шил шар айраг уусан. Тэгээд бид 23 цагийн үед караокеноос гарч, гэртээ харихдаа дэлгүүрээс 0,5 литрийн нэг шил архи, 2,5 литрийн нэг том шар айраг авсан юм. Тэгээд бид гурав манай гэрт очоод, авсан архиа дүү Н.Нармандахтай хамт хувааж уусан. Гэтэл эхнэрийн хамаатны дүү Н.Н унтаад өгсөн. Би утсаа гаргаж ирээд тоглоом тоглоод байж байтал эхнэр архи, шар айргаас өөртөө хийж уусан. Тэгээд эхнэр Э.С тухайн үед над руу шар айраг цацахаар нь би зөрүүлээд ууж байсан шар айргаа цацсан юм. Тэр үед эхнэр гараад явсан бөгөөд би үлдсэн архи болон шар айргаа уусан. Тэгээд цаашаа юу болсон талаар би огт санахгүй байна. Би эхнэртэйгээ маргалдаад, эхнэр гараад явсан хойгуур үлдсэн архи шар айргийг уусан байсан...” гэж (хавтаст хэргийн 89-90 дэх тал) мэдүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн болно. Тэрээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас болсон явдлыг, өөрийг үйлдлийг санахгүй байгаа боловч үйлдсэн хэргээ сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч байгаа нь улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Х нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тусгаснаар хохирогч Э.С-г шүүх хуралдаанд оролцуулах санал гаргаснаас түүнийг дуудан оролцуулсан боловч хохирогч Э.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.14 дэх заалтад хуульчлан баталгаажуулсан гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсаныг дурдах нь зүйн хэрэг.
1.4. Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15088 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Э-ы, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15087 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.С нарын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тус бүр тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Х-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ч.Э, Э.С нарын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцов.
Түүнчлэн, шүүгдэгч Б.Х, хохирогч Э.С нар албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, нөхөр, эхнэрийн харилцаатай хамтран амьдарч байсан байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...энэ хуулийн зохицуулалтад ... хамтран амьдарч байсан...” гэж зааснаар тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.” хэмээн тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан хууль ёсны зарчмын дагуу шүүгдэгч Б.Х-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Х-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, мөн хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч нар нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлцгээсэн байх тул шүүгдэгч Б.Х-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Хохирогч хэрэгт хохирлын баримт хавсаргуулаагүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй...” гэв.
Шүүгдэгч: Хэлэх зүйлгүй...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 96 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 97 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 98 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 99 дэх тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 100 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 101 дэх тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 106-108 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 110 дахь тал) зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-т 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж үзэв.
Шүүгдэгч Б.Х-т оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас заасан газарт өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоосон бөгөөд хэрэв тэрээр энэхүү ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шийдвэр гүйцэтгэх байгууллагын санал, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг тогтоох хэсэгт тусгайлан сануулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Б овгийн Б.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, мөн хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-т оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас заасан газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Х-т сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА