| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2019/00494/И |
| Дугаар | 184/ШШ2019/01381 |
| Огноо | 2019-05-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Хамтран ажиллах гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2019/01381
| 2019 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 184/ШШ2019/01381 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: .... дүүргийн ... дүгээр хороо, ..... байр тоотод байрлах ЖДҮСгийн /регистрийн дугаар ...../ нэхэмжлэлтэй
Хариуцагч: .... дүүргийн .... дугаар хороо, ..... тоотод байрлах “Н” ХХК-д /регистрийн дугаар ......./ холбогдох “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 192,756,082 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах” гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Э, хариуцагчийн төлөөлөгч Д.Т, нарийн бичгийн даргад М.Оюу-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЖДҮСшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2 дах заалт, Улсын Их Хурлын гишүүн Н.Атай байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2011/04 дугаар “Хамтран ажиллах гэрээ”, түүний албан бичиг, Зээлдэгчийн хүсэлтийг тус тус үндэслэн ЖДҮС нь “Н” ХХК-тай 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 50 дугаар Хамтран ажиллах гурван талт гэрээ болон Зээлийн барьцааны гэрээг байгуулсан. Хамтран ажиллах гурван талт гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу “Н” ХХК-д нийт 180,000,000 төгрөгийг, сарын 0.5 хувийн хүүтэй, мөн гэрээний 3.3 дах хэсэгт зааснаар 60 сарын хугацаатайгаар хөнгөлөлттэй зээлээр олгосон. Гэвч зээлдэгч “Н” ХХК-д нь зээлийн эргэн төлөлтийг тохиролцсон хуваарийн дагуу төлөөгүй тул Хамтран ажиллах гурван талт гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш өнөөдрийг хүртэл зээлийг бүрэн төлөөгүй тул дор дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 1.Үндсэн зээлийн үлдэгдэл-148,921,582 төгрөг, 2.Зээлийн хүүгийн төлбөр-33,591,543 төгрөг, 3.10,222,957 төгрөг, 4.Нотариатын зардал-20,000 төгрөг, нийт 192,756,082 төгрөг, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд Хамтран ажиллах гурван талт 4 дүгээр зүйлийн 4.6 дах хэсгийг үндэслэн Зээлийн барьцааны гэрээний 3.1 дэх хэсэгт заасан барьцаа хөрөнгө болон түүний өмчлөлийн бусад хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ЖДҮСгаас “Н” ХХК-д 2011 оны 12 сарын 25-ны өдөр ХАГТГ-50 тоот гэрээний дагуу 180,000,000 төгрөг олгосон ба 2012 оны 09 сарын 05, 12-ны өдрүүдэд нийт 9,971,507 төгрөг, 2013 оны 03 сарын 06-ны өдөр 21,136,500 төгрөг, нийт 31,108,007 төгрөгийг төлсөн ба эдгээр төлөлтийг үндсэн зээлээс хасч тооцсон болно. Зээлийн гэрээний дагуу жилийн 6 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээл учир нийт 5 жилийн хугацаанд 33,621,132 төгрөгийн хүү төлөх ба Acolous-2012 санхүүгийн программд 180,029,589 төгрөгөөр үүсгэгдсэн тул 29,589 төгрөгийг хасч, 33,591,543 төгрөгөөр төлөх ёстой нийт хүүг тооцсон. 2019 оны 04 сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 148,921,582 төгрөгийн зөрчлөөс тус компанитай хамтран ажиллах гурван талт гэрээний 9.2 Хугацаа хэтэрсэн тохиолдолд Сан нэмэгдүүлсэн хүүг давхар төлөхийг Зээлдэгчээс шаардах эрхтэй гэж заасны дагуу Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 1 дүгээр хавсралтын 4-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү бодож гаргасан. Үүнд:Эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй зээлийн дүн болох 148,921,582 төгрөгийг жилийн 6 хувь, нэмэгдүүлсэн хүүний 20 хувь, хугацаа хэтэрсэн 2088 хоногт тус тус үржүүлж жилийн 365 хоногт хувааж 10,222,957 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн болно. Зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээ нь “Н” ХХК-ийн баримт материалд байхгүй ба зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгүүд нь захирал Б.Нболон “Н” ХХК-ийн өмч. Гэрээний үүргийн дагуу хариуцагч тал үндсэн зээлээс 31 сая төгрөгийг төлсөн. Гэрээний үүргийг зөрчөөд 2088 хоногийн хугацаа хэтэрсэн, энийг бодохдоо хариуцагч нь 2011 онд зээл аваад өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, ийм учраас 2019.01.23-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр бодоод үндсэн зээлийн үлдэгдэл 148,921,582 төгрөгийн үлдэгдэлтэй үүнээс 31 сая төгрөг төлсөн, хүү нь сарын 0.5% жилийн 6% буюу 5 жилийн хугацаатай гээд бодохоор хүүний үлдэгдэл нь 33,591,543 төгрөг, нэмэгдүүлсэн хүү буюу гэрээний 9.2-т зааснаар 6%-ийн хүүний 20%-иар тооцоод түүнийгээ 2088 буюу хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй хоногтоо үржүүлээд, тэрийгээ 365 буюу жилийн хоногтоо хуваахаар 10,222,957 төгрөгийг шаардах эрх нь үүсч байгаа. Хариуцагч нь зээлийн гэрээний 5.2.2-т зааснаар дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй, манайх 6.3.1-т зааснаар шаардах эрхтэй бөгөөд үүргийг гүйцэтгэлийг барьцаанд тавьсан хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргасан байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатчид 20,000 төгрөг өгсөнийг оруулаад нийт 192,756,082 төгрөгийг мөнгөн дүнгээр гаргуулах эсхүл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Хэрэгт бол яг нэмэлт гэрээ нь байхгүй байгаа боловч тухайн үйлдвэрийн байрны үл хөдлөхийн гэрчилгээ нь барьцаанд тавигдсан байгаа.Улсын бүртгэлийн хэлтэсээс манайхаас явуулсан 403 тоот албан бичгээр барьцаа хөрөнгө болох 86, 96 тоот орон сууцнуудыг чөлөөлсөн байсан. Сая үзлэг хийхэд энэ албан бичиг нь мөн гарсан. Энэ талаар маргахгүй.Өмнө хэрэгт тийм баримт байхгүй байсан болохоор шүүгчийн захирамжаар энэ 2 байрыг битүүмжилсэн.Одоо чөлөөлөхөд татгалзахгүй. Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.
Хариуцагч “Н” ХХК-ийн төлөөлөгч Б.Ншүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компани нь ЖДҮХСангаас 180,000,000 төгрөгийн зээл авч, эргүүлэн 31,108,007 төгрөгийн үндсэн зээл төлсөн. Энэ зээлийн үүсвэрээр 2012 онд БНХАУ-н Бээжин-с “Явган замын хавтан, блок” үйлдвэрлэдэг хагас автомат шугам оруулж ирж, үйлдвэр барин ашиглалтанд оруулж, үйл ажиллагаа явуулсан.Эхэн үедээ асуудалгүй байсан боловч удалгүй асар их саад бэрхшээлтэй тулсан. 1-рт:Тендэрийн хууль. Тендерт оролцох гэхээр 3-5 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх, тодорхой үнийн дүнтэй тендерт шалгарч гүйцэтгэсэн байх” гэх мэт шалгууртай. Шинээр эхэлж байгаа газар яаж энэ шаардлага хангах вэ. 3 жил хөөцөлдөөд нэг ч тендерт шалгарч чадаагүй. 2-рт: Зах зээлд борлуулалт хийсэн. Манайх хагас автомат шугамтай 16 хүн ажилладаг учир бүтээгдэхүүн маш чанартай гардаг бөгөөд өртөг нь явган замын хавтан 1 м.кв=15,000 төгрөгөөр босдог. Гэтэл технологийн дагуу өндөр даралт, шахалтанд, доргиож хийдэг хавтанг хүмүүс зүгээр л БНХАУ-ын Эрээн-с хуванцар хэв оруулж ирээд гудманд хэвлэж 1 м.кв =7000-8000 төгрөгөөр борлуулсан. Энэ нь нэлэнхүйдээ газар авсан. Ингэснээр борлуулалт шууд хумигдаж ирсэн. НМХГ, Барилга хөгжлийн төвүүдэд гомдол, гаргасан боловч асуудал үүсгэж шийдээгүй юм. Үүний дээр хэд хэдэн газар туслан гүйцэтгэгчээр орж бүтээгдэхүүн нийлүүлээд, мөнгөө авч чадахгүй хоцорсон асуудлууд байгаа. Хэдий ийм ч ажилчдын цалин хөлс, татвар, төлбөр, цахилгаан гэх мэт компанийн хэвийн үйл ажиллагааг хангахад зориулж зуслангийн газар, байшингаа зарж мөнгийг нь оруулах, нөөц хадгаламжинд байсан мөнгөө оруулах зэргээр давхар хохирсон. Эдгээр асуудлуудаас болоод 2015 оноос хойш үйл ажиллагааг зогсоож хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл, боломжийг хүлээзнэж байна. Зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулж чадаагүй шалтгааныг төрийн хуулийн цоорхой, төрийн байгууллага хяналт шалгалтын үүргээ бүрэн биелүүлж, компани биенесийн үйл ажиллагаагаа шударга явуулах нөхцөл бололцоог олгоогүй гэж үзэж байна. Иймээс зээлийн үлдэгдэл 148,891,993 төгрөгийг төлж төрийг хохиролгүй болгох бөгөөд хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК-ийн захирал Б.Ннь шүүхэд бичгээр хариу тайлбараа өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан. Үндсэн агуулга нь бол 2011 онд зээл авснаар явган замын хавтан, блок үйлдвэрлэдэг хагас автомат шугам оруулж ирж, үйлдвэр барин ашиглалтанд оруулсан,3 жил хөөцөлдөөд шинэ байгуулагдсан компани болохоор тендерт шалгарч чадаагүй, тасралтгүй 5 жил ажиллах ёстой гэсэн шаардлагыг хангаж чадаагүй, алдагдалд орсон, 2014 онд ажиллуулж байсан, ингээд ямар нэгэн байдлаар төлбөрөө төлөх боломж олдоогүй учраас холбогдох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гэх мэт газруудад гомдол гаргаж асуудлыг шийдүүлж чадаагүй. Энэ байдлаас болж төлбөрөө төлж чадаагүй ч өөрсдийн чадах хирээрээ 31 сая гаруй төгрөгийг үндсэн зээлэнд төлж явсан. Тийм учраас үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа. энэ төлбөрийг төлөхөд ямар нэгэн байдлаар татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ИХ-ийн 451-д зааснаар гаргаж байна гэж ойлгосон, гэтэл энэ заалт нь банк, хуулийн этгээдээс зээл олгож байгаа тохиолдолд хэрэглэгддэг заалт байгаа, гэтэл нэхэмжлэгч нь ашгийн төлөө бус байгууллага бөгөөд сангийн үндсэн хөрөнгө нь улсын төсвийн хөрөнгөөс бүрддэг, улсын төсвийн хөрөнгийн 10%-иас доошгүй байхаар төрийн тусгай сангийн зохицуулалтаар зохицуулагдсан байдаг. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаар тусгай сангийн төрөлд нь нэхэмжлэгч нь ордог, уг сангийн төсөв нь УИХ-аар батлагддаг байгаа. Нэхэмжлэгч нь өөрөө банк, зээлийн үйл ажиллагаа явуулах ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүй учраас ИХ-ийн 451, 452-д зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүүг авах эрх байхгүй, ийм учраас бид үндсэн зээл болох 148,921,993 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.180 сая авсан, зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсанд маргаагүй... гэв.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ЖДҮС нь хариуцагч “Н” ХХК-д холбогдох “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 148,921,582 төгрөг, зээлийн хүүнд 33,591,543 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,222,957 төгрөг,нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 192,756,082 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хариуцагч тал эс зөвшөөрч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл төлнө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй талаар маргаж байгаа бөгөөд зээл авсан, зээлийн эргэн төлөлт, зээлийн болон барьцааны гэрээний талаар маргаагүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар: нэхэмжлэгч ЖДҮС, хариуцагч “Н” ХХК нар нь 2011 оны 12 сарын 23-нд 50 тоот “Хамтран ажиллах гурван талт зээлийн гэрээ”,“Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, хариуцагч нь бетонон блок, өнгөлгөөний тоосго, явган замын өнгөт хавтангийн үйлдвэр” төслийн хүрээнд 180,000,000 төгрөгийг, 5 жилийн буюу 60 сарын хугацаатай,0,5 хувийн хүүтэй зээлдэж авсан ба нэхэмжлэгч нь зээлдэгчийн 5003458326 тоот дансанд тус мөнгийг шилжүүлсэн болох нь тогтоогдов. /1-р хх 6-17/
Хариуцагч нь авсан 180,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу сар бүр төлөх гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөөгүй нөхцөлд нэмэгдүүлсэн хүү төлөх, гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, 2011 оны 12 дугаар сарын 23-нд “Зээлийн барьцааны гэрээ”-гээр
1-рт: Б.Нийн /регистрийн дугаар ...../ өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 1-р хороолол, 23-р байрны 196 тоотод байрлах улсын бүртгэлийн 000101891дугаартай гэрчилгээтэй орон сууц,
2-рт: С.М/регистрийн дугаар ...../, Б.Э/регистрийн дугаар ..../, М.А/регистрийн дугаар...../ нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 19-р хороо,4-р хороолол, 60-р байр 86 тоото хаягт байрлах, улсын бүртгэлийн 0038338 дугаартай гэрчилгээтэй орон сууц,
3-рт: Б.Цнарын 5 хүний өмчлөлийн Баянгол дүүргийн 12-р хороо,6-р бичил хороолол, 21-р байр 96 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн 7847 дугаартай гэрчилгээтэй орон сууц,
4-рт “Н” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 14-р хороонд байршилтай газар эзэмших эрхийн 0232071 дугаартай гэрчилгээтэй, нэгж талбарын 8041/5416 дугаар бүхий 2 га үйлдвэрлэлийн зориулалттай эзэмшил газар бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан ба ЖДҮСгийн 2013 оны 04 сарын 16-ны 403 тоот “ Барьцаа чөлөөлөх тухай” албан бичгээр “Н” ХХК нь 2011 оны 12 сарын 23-ны өдөр ЖДҮСтай байгуулсан 50 тоот зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт орж, барьцаа хөрөнгийг сольж барьцаалсан тул зээлийн барьцаа хөрөнгө болох... 86 тоот 29 м кв 2 өрөө орон сууц, 96 тоот 40 мкв 3 өрөө орон сууцыг тус тус зээлийн барьцаанаас чөлөөлж өгөх хүсэлт гаргасны дагуу чөлөөлж, “ Н” ХХК-ийн Ү-2201031566 тоот бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хотын шинэ төв/ 18270/ 68 тоотод байрлах контор, үйлдэрлэлийн зориулалттай 215 мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000231994 дугаар бүхий гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь нотлогдож байна. /хх14/
Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар “зээлдэгч “Н” ХХК нь сар бүрийн 25-30-ны өдрүүдэд зээл, зээлийн хүүг сангийн харилцах дансанд шилжүүлэх, авсан зээлээ энэ гэрээнд заасан хугацаа дуусгавар болоход бүрэн дүнгээр төлөх” бөгөөд гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2, 7 дугаар зүйлийн 7.1.1-д “ зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг ЖДҮСгийн Капитрон банкин дах 3053003697 тоот дансанд үл маргалдах журмаар төлөх”, “зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч төлбөрөө бүрэн төлөөлөөгүй буюу энэхүү гэрээний 10.2-т заасан үндэслэлээр хугацаанаас өмнө гэрээ цуцлагдсан тохиолдолд сан энэ гэрээний салшгүй хэсэг болох барьцаа, батлан даалтын гэрээнд заасны дагуу барьцаалсан хөрөнгийг шүүхээр шийдвэрлүүлэн шийдвэр гүйцэтгэлийн журмаар захиран зарцуулах замаар зээл, түүний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг барагдуулна” гэж, гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т “зээлдэгч энэхүү гэрээний 4.1-д хүлээсэн үүргээ 18 сарын хугацаанд биелүүлээгүй тохиолдолд сан нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаараа цуцалж, зээлийн үндсэн өр, хүүг хугацаанаас нь өмнө төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг давхар төлөхийг шаардах эрхтэй” талаар тус тус зохицуулжээ.
Гэтэл зээлдэгч “Н” ХХК нь зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх атал зээл авснаас хойш үндсэн зээлд 31,018,418 төгрөгийг, хүүнд 29,589 төгрөгийг тус тус төлсөн ба гэрээнд заасны дагуу үндсэн зээл, хүүг хугацаандаа тогтмол төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтэрүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс гэрээнийхээ үүргээ биелүүлэхийг сануулж байсан нь зохигч нарын тайлбараар тогтоогдсон, хариуцагчаас зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулж чадаагүй шалтгаанаа төрийн хуулийн цоорхой, төрийн байгууллага хяналт шалгалтын үүргээ бүрэн биелүүлж, компанийн бизнесийн үйл ажиллагааг шудрага явуулах нөхцөл бололцоог олгоогүй гэж тайлбарлав. /хх27/
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт ”хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан ба хариуцагчийн дээрх тайлбар нь түүний зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болохгүй бөгөөд талууд гэрээний хугацааг хэтэрхий богино бага тогтоогоогүй, мөн хугацаа хэтэрүүлэхэд зээлдүүлэгчийн буруугаас болоогүй байна гэж шүүх үзсэн бөгөөд зээлдэгч “Н” ХХК нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөхгүй байх, хугацаа хэтрүүлэх, дутуу төлөх зэрэг нөхцөл байдлаа хуульд заасны дагуу нотолж чадаагүй болно.
Мөн хариуцагч талаас нэхэмжлэгч ЖДҮС нь өөрөө банк, зээлийн үйл ажиллагаа явуулах ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүй учраас Иргэний хуулийн 451, 452-д зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүүг авах эрх байхгүй гэж маргадаг.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт ”Банк, даатгал, үнэт цаасны компани, тэтгэврийн сан, хоршооны эрхлэх хадгаламж, зээлийн үйл ажиллагаа, барьцаалан зээлдүүлэх газар, санхүүгийн түрээсийн үйлчилгээ, төслийн нэгж, Засгийн газрын тусгай зориулалттай сангаас олгох зээлийн үйл ажиллагааг холбогдох бусад хуулиар зохицуулна” гэж заасан ба Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д ” ЖДҮСгийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараахь эх үүсвэрээс бүрдэнэ “ гэж мөн хуулийн 14.5.2-д “жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд зориулж урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох” талаар тус тус зохицуулсан тул хариуцагч талын ЖДҮС нь банк, зээлийн үйл ажиллагаа явуулах ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Хэрэгт авагдсан дээрх 2011 оны 12 сарын 23-нд 50 тоот “Хамтран ажиллах гурван талт зээлийн гэрээ” , “Зээлийн барьцааны гэрээ”-нүүд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах зарчимд нийцүүлэн гэрээний гол нөхцөлийг харилцан тохиролцон тусгаж, талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд зээлийн болон барьцааны гэрээнд заасан үгийн шууд утгаар нь гэрээний агуулгыг тодорхойлох боломжтой тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан заалтад нийцжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт...зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт ” зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч “Н” ХХК нь үндсэн зээл, хүүг төлөх атал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
Иймд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1,156.2 дах хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн болон нотариатын зардал , хариуцагч нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-дах хэсэгт зааснаар шүүх үнэлэв.
Шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 184/ШШ2019/03026 дугаар захирамжаар зээлийн барьцаанд барьцаалсан:
1-рт: Б.Нийн /регистрийн дугаар ....../ өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 1-р хороолол, 23-р байрны 196 тоотод байрлах улсын бүртгэлийн 000101891дугаартай гэрчилгээтэй орон сууц,
2-рт: С.М/регистрийн дугаар ...../, Б.Э/регистрийн дугаар ...../, М.А/регистрийн дугаар...../ нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 19-р хороо,4-р хороолол,60-р байр 86 тоото хаягт байрлах, улсын бүртгэлийн 0038338 дугаартай гэрчилгээтэй орон сууц,
3-рт: Б.Цнарын 5 хүний өмчлөлийн Баянгол дүүргийн 12-р хороо,6-р бичил хороолол,21-р байр 96 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн .... дугаартай гэрчилгээтэй орон сууц,
4-рт “Н” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 14-р хороонд байршилтай газар эзэмших эрхийн ..... дугаартай гэрчилгээтэй, нэгж талбарын 8041/5416..... дугаар бүхий 2 га үйлдвэрлэлийн зориулалттай эзэмшил газар бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 192,756,082 / нэг зуун есөн хоёр сая долоон зуун тавин зургаан мянга наян хоёр/ төгрөгийн хэмжээнд битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авснаас ... 86 тоот 29 м кв 2 өрөө орон сууц, 96 тоот 40 мкв 3 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж бусад үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэнийг хэвээр үлдээх нь зүйтэй .
Учир нь 86, 96 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлж, “ Н” ХХК-ийн .... тоот бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хотын шинэ төв / 18270/ 68 тоотод байрлах контор, үйлдэрлэлийн зориулалттай 215 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ..... дугаар бүхий гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь нотлогдсон.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, дах хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1121,730,41 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 хуулийн 115.2.1, 116, 118,119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-аас 192,756,082 төгрөгийг / нэг зуун есөн хоёр сая долоон зуун тавин зургаан мянга наян хоёр/ гаргуулж нэхэмжлэгч ЖДҮСд олгосугай.
2.Иргэний Хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 хэсэгт зааснаар хариуцагч “ Н” ХХК- нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан Б.Нийн /регистрийн дугаар ..../ өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 1-р хороолол, 23-р байрны 196 тоотод байрлах улсын бүртгэлийн .... дугаартай гэрчилгээтэй орон сууц, “Н” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 14-р хороонд байршилтай нэгж талбарын .... дугаар бүхий 2 га үйлдвэрлэлийн зориулалттай ..... дугаартай гэрчилгээтэй газар эзэмших эрхийг, Н” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хотын шинэ төв / 18270/ 68 тоотод байрлах ..... тоот бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ..... дугаар бүхий гэрчилгээтэй контор, үйлдэрлэлийн зориулалттай 215 мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1121,730,41 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЖДҮС нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 184/ШШ2019/03026 дугаар захирамжаар зээлийн барьцаанд барьцаалсан С.М/регистрийн дугаар ...../, Б.Э/регистрийн дугаар ..../, М.А/регистрийн дугаар ...../ нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 19-р хороо ,4-р хороолол, 60-р байр 86 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ..... дугаар гэрчилгээтэй орон сууц, Б.Цнарын 5 хүний өмчлөлийн Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, 21-р байр 96 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн 7847 дугаар гэрчилгээтэй орон сууцнуудыг битүүмжилсэнийг битүүмжлэлээс чөлөөлөхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
6. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дах хэсэгт зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ