Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/69

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Д.Ганчимэг, шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 2012 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овгийн А.А, 1992 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эцэг, эх, дүүгийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч А.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод оршин суух Б.Д-ын гэрт 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Ө.С-тай маргалдаж, улмаар толгойн тус газарт нь цохиж, түүний биед дагзны хуйханд няцарсан шарх, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Х овгийн А.А нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр согтуурсан байх үедээ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод байх Б.Д-ын гэрт хохирогч Ө.С-тай маргалдаж, улмаар түүний толгой руу гараараа цохиж, бие махбодод нь “...дагзны хуйханд няцарсан шарх, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

​​​​​​​1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

Тухайлбал, хохирогч Ө.С-ын  “...Би 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ажлаасаа 18 цагийн үед таараад гэртээ 18 цаг 31 минутын үед ортол манай эхнэр болох Б  болон хүү Э, Т, Э нар байсан. Тэгээд эхнэр бид хоёр дэлгүүр орж хоол хүнсээ цуглуулан гэртээ орж иртэл том хүү Э гаднаас уйлчихсан орж ирээд “Д ах уйлаад байна” гэхээр нь би гайхаад дотогшоо ортол нэг үл таних согтуу эрэгтэй хүн байсан ба Д-ын мөрөн дээр гараа тавьчихсан, өнөөх нь уйлчихсан нүд ам нь бүлцийчихсэн байсан. Тэгэхээр нь би тухайн эрэгтэй хүнээс “Яагаад дүүг маань зодоод байгаа юм бэ” гэтэл тэр залуу “дүүгээсээ асуу” гэж хэлсэн. Би дүүгээсээ юу болсон талаар асуухад “намайг зодоод байна” гэсэн. Тэгэхээр нь би тэр залууд “чи яагаад дүүг маань зодоод байгаа юм бэ” гэж хэлтэл тухайн үл таних хүн босож ирээд намайг түлхээд миний хавирга руу хоёр удаа цохисон. Би түүнийг газар унагаж байгаад, гэдсээр нь тэврээд дээрээс нь дараад суучихсан. Гэтэл нөгөө залуу миний баруун хөлийг өчиж доош нь мушгиж дараад бид хоёр ноцолдсон. Тэгтэл нөгөө залуу газар байсан цагаан ягаан өнгийн индүүг шүүрч аваад миний толгойн ар дагз руу нэг удаа цохисон. Тэгээд миний толгой манарч толгойноос цус гарсан тул би шууд гэрээс нь гарч зугтсан. Харин намайг цохисон нөгөө залуу Д-ын  гэрт үлдсэн юм. Тэгтэл нөгөө залуу миний араас усны тэрэг барьж байгаад “чамайг би эрүүл болохоороо ална” гээд араас орилоод үлдсэн. Дараа нь намайг гэртээ байж байхад нөгөө залуу Д-ын  гэрээс гараад машин руугаа маш хурдан гүйж очоод Vanguard мөнгөлөг өнгийн машинтайгаа зугтаачихсан юм. Би сүүлд нэрийг нь А.А гэж мэдсэн...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 1-19 дэх тал);

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15421 дугаартай: “...Ө.С-ын  биед дагзны хуйханд няцарсан шарх, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 24-25 дахь тал);  

- Шүүгдэгч А.А-ийн яллагдагчаар өгсөн “...би надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Би өмнө мэдүүлгээ үнэн зөв өгсөн...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 50-53 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө няцаан үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор болж өнгөрсөн хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч А.А мөрдөн байцаалтад яллагдагчаар: “...Би хохирогч Ө.С-ын  данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлж хохирогчийг хохиролгүй болгосон. Мөн Даваажаргал, Ө.С нараас уучлалт гуйж хоорондоо эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэж мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн нь улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөн хэргийн бодит байдлыг тогтоож, эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.А нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

​​​​​​​1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15421 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч А.А-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ө.С-ын  эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч А.А нь тухайн үед үүссэн хувийн таарамжгүй, харилцааны улмаас болж маргалдан улмаар хохирогч Ө.С-ын  биед халдсан үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “дагзны хуйханд няцарсан шарх, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт” бүхий гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Ө.С нь хэрэгт нотлох баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч А.А нь хохирогчид 1,500,000 төгрөгийг сайн дурын үндсэн дээр төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын дотор төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан А.А-оос Ө.С-ын  ХААН банкны дансанд 1,500,000.0 төгрөг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 35 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 40 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2020 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол (хавтаст хэргийн 60-61 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч А.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч А.А-д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндсэн хугацааг нэмэгдүүлж, түүнд торгох ялаа дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь зохистой байна.

Хэрэв шүүгдэгч А.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг төлж барагдуулахгүй бол шүүх түүний эдлээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг тогтоох хэсэгт тусгайлан сануулах нь зүйтэй.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

​​​​​​​ ТОГТООХ нь:

1.Х овгийн А.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч А.А-д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай. 

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.А-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА