Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Э.Чанцалням, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 01154 1510 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овгийн Б.Г, 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, уурхайчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл гурав, эцэг, эхнэрийн хамт *** тоотод оршин суудаг, урьд:

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хорих ял шийтгүүлж, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 153 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 4 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоолгосон байна.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Г  нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ж.А-ын эзэмшлийн ХААН банкны картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар дотор нь байсан 1,425,200 төгрөгийг авч ашиглан, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.      Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Т овгийн Б.Г нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ж.А-ын эзэмшлийн ХААН банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар өмнө нь хохирогчоос мэдэж авсан нууц дугаарыг ашиглан АТМ буюу бэлэн мөнгөний машинд уншуулан хохирогчийн данснаас 1,425,200.0 төгрөг авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2.      Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал),

-Хохирогч Ж.А-ын “...Намайг тухай үед карт уншуулж кодыг нь хэлж байхад хажууд таксины жолооч болон Б.Г  хоёр л байсан. Б.Г  “...би Жанцаны тэнд GMG нэртэй буудалд найзуудтайгаа байгаа. Тийшээ ороод ууя...” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд тухайн буудал руу орсон чинь хоёр залуу нэг эмэгтэй байсан. Би нөгөө архинаас нь нэг татаад орон дээр нь унтаад өгсөн. Тэгээд өглөө Б.Г намайг дуудаж сэрээгээд хоёулаа явъя гэхээр нь би нойроо харамлаад “...ах нь ганц унтъя...” гэж хэлээд буцаад унтаад өгсөн. Тэгээд би өдөр 14 цаг болж байхад тухайн буудлаас гарах гэтэл би ганцаараа байсан. Нөгөө хэдэн хүмүүс нь явчихсан байсан. Дараа нь би гэртээ хариад эхнэрийн хамт дэлгүүрээс хоол хүнс цуглуулсан ба дансны үлдэгдлээ шалгахад 1,344,371 төгрөг байсан ба хуулгыг нь үзэхэд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 10 цаг 44 минутад 400,000 төгрөг, 10 цаг 48 минутад 1,000,000 төгрөг, 11 цаг 21 минутад 25,200 төгрөг уншуулсан байсан. Тухайн үед миний картын кодыг мэдэж байсан хүн нь Б.Г  байсан. Өөр хүн байгаагүй. Миний карт өмсөж явсан куртикний халаасанд байсан. Өглөө сэрэхэд миний картыг нугалсан байдалтай буцаагаад хийсэн байсан. Б.Г  миний хохирлыг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 20 дахь тал),

-ХААН банкны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 29/4116 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 71 дэх тал),

-2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 72-78 дахь тал),

-Ж.А-ын эзэмшлийн ХААН банкны ***  тоот дансны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 9 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор сэргээн дүрсэлж байна.

 “...2022 оны 03 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө найзуудын хамтаар ууж байгаад шөнө 04 цагийн үед харих гээд Жанцаны гэрлэн дохио дээр явж байтал зүс таних Ж.А-той таараад юм ярьж байгаад “ойрд тааралдаагүй юм байна. Дүүдээ ганц юм авч өгье” гээд такси бариад бид хоёр хороолол орж нэг шил архи аваад буцаад Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Жанцаны уулзварт байрлах GMG төвд байрлах зочид буудалд хоёулаа орсон. Ж.А ах таксины мөнгө өгөх гэхэд нь таксины жолооч “бензин авчихъя, картаа уншуулчих” гэж хэлсэн. Тэр үед л картын нууц кодыг нь цээжилж авсан юм. Тэгээд бид хоёр зочид буудалд ороод авсан нэг шил архиа хувааж уугаад Ж.А тасраад түрүүлээд унтаад өгсөн. Би өглөө босоод Ж.А ахын куртикний халаасанд байсан ХААН банкны VISA картыг аваад Баянхошууны шинэ эцэс дээр байрлах БОСА худалдааны төвийн хажуу талын ХААН банкны АТМ-ээс эхлээд 400,000 төгрөг, дахиж 1,000,000 төгрөг аваад, дэлгүүрээс 1 шил архи авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 88-90 дэх тал)

Түүнчлэн, шүүгдэгч Б.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...2022 оны 03 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө найзуудын хамтаар ууж байгаад шөнө 04 цагийн үед харих гээд Жанцаны гэрлэн дохио дээр явж байтал зүс таних Ж.А-той таараад юм ярьж байгаад “ойрд тааралдаагүй юм байна. Дүүдээ ганц юм авч өгье” гээд такси бариад бид хоёр хороолол орж нэг шил архи аваад буцаад Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Жанцаны уулзварт байрлах GMG төвд байрлах зочид буудалд хоёулаа орсон. Ж.А ах таксины мөнгө өгөх гэхэд нь таксины жолооч “бензин авчихъя, картаа уншуулчих” гэж хэлсэн. Тэр үед л картын нууц кодыг нь цээжилж авсан юм. Тэгээд бид хоёр зочид буудалд ороод авсан нэг шил архиа хувааж уугаад Ж.А тасраад түрүүлээд унтаад өгсөн. Би өглөө босоод Ж.А ахын куртикний халаасанд байсан ХААН банкны виза картыг аваад Баянхошууны шинэ эцэс дээр байрлах БОСА худалдааны төвийн хажуу талын ХААН банкны АТМ-ээс эхлээд 400,000 төгрөг, дахиж 1,000,000 төгрөг аваад, дэлгүүрээс 1 шил архи авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 88-90 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн...” гэсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдсан байх тул түүний хэргээ хүлээсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгов.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Г-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Б.Г  нь хохирогч Ж.А-ын ХААН банкны *** тоот данснаас 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 44 минутад 400,000 төгрөгийг, 10 цаг 48 минутад 1,000,000 төгрөгийг, 11 цаг 21 минутад 25,200 төгрөгийг гарган авч, өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу нийт 1,425,200.0 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгч Б.Г  нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсэн атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч явсан, өөрийн өмч хөрөнгө мэтээр захиран зарцуулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан бөгөөд мөн хуульд заасан өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Г-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.     Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1,425,200 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгч Б.Г гэм буруу дээр маргадаггүй, хохирлоо төлсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад саад учруулаагүй, хувийн байдлыг харгалзан үзээд хамгийн бага ялын саналыг гаргаж байна. Өмнө нь 3 жил 4 сар 7 хоногийн эдлээгүй үлдсэн ялтай. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан дүйцүүлэн сольж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоног хорих ял болгож, урьд эдлээгүй үлдсэн 3 жил 4 сар 7 хоногийг нэмж нэгтгэн 3 жил 5 сар 7 хоногийн хорих ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч өмнө нь нэг удаа алдсан. Энэ хийсэн хэрэгтээ гэмшиж явдаг. Одоо л яг амьдрал нь жигдэрч яваа хүүхэд. Эхнэр нь жирэмсэн, Зүүнхараад амьдардаг. Хохирлоо бүрэн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эцэг нь хавдартай. Заавал асаргаанд байх шаардлагатай. Б.Г  хотод аавтайгаа хамт амьдардаг. 10-н жилийн сургуульдаа олон тэмцээн уралдаанд орж, шагнал авч байсан. Одоо бол амьдрал нь төөрч яваа л хүн. Түүний эдлээгүй үлдсэн 2 сарын л хугацаа байна. Ар гэрийн байдал хэцүү байна. Б.Г-ыг явчихаар ард нь үлдэж байгаа настай хүн яах билээ. Тиймээс шүүгдэгч Б.Г д хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Г: “...энэ гэмт хэргийг хийсэндээ харамсаж байна. Би одоо хөгшин настай аавтайгаа амьдардаг. Өмнө нь гаргасан алдаагаа ухаараад ажил хөдөлмөр хийж байсан. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал), ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 35-37 дахь тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 38-39 дэх тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 40-41 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал), Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын Хорих ял эдлүүлэх албаны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02-04/1725 тоот албан бичиг (хавтаст хэргийн 44 дэх тал), Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1276 тоот албан бичиг (хавтаст хэргийн 46 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 55-61 дэх тал), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 157 дугаартай захирамж (хавтаст хэргийн 62 дахь тал), Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 121 дугаартай магадлал (хавтаст хэргийн 63-64 дэх тал), хоригдол Б.Г-ын хувийн байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт (хавтаст хэргийн 65 дахь тал), суллагдсан хүмүүст олгодог справка (хавтаст хэргийн 66 дахь тал), Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2019/ХМШЗ/153 дугаартай захирамж (хавтаст хэргийн 66-67 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Самбо бөх сонирхогчдын холбооны өргөмжлөл, эмнэлгийн комиссын шийдвэр, хавсралтын хамт, Самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний өргөмжлөл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.

Харин шүүгдэгч Б.Г нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хорих ял шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2019/ХМШЗ/153 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 (гурав) жил 4 (дөрөв) сар 7 (долоо) хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоолгосон байхдаа санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон 30 хоног буюу нэг сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 (гурав) жил 5 (тав) сар 7 (долоо) хоногоор тогтоов.

Хорих ял эдэлж байгаад хугацаанаас өмнө суллагдсан ялтны хувьд шүүхээс тогтоосон хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол түүний эдлээгүй үлдсэн хорих ялыг ямар нэгэн нөхцөл, хувийн байдал үл харгалзан биечлэн эдлүүлэх хуультай болохыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Г-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтлоо.

2.3.      Бусад асуудлын талаар

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хавтаст хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г  нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 37.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Т овгийн Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.Г-д энэ тогтоолоор оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон түүний урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан арван долоон жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 (гурав) жил 4 (дөрөв) сар 7 (долоо) хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 3 (гурав) жил 5 (тав) сар 7 (долоо) хоногоор тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 3 (гурав) жил 5 (тав) сар 7 (долоо) хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримт болох нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган хадгалуулахаар Эрүүгийн хэргийн төв архивд хэргийн хамт шилжүүлсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Г-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА