Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2021/0736

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д ХХК

Хариуцагч: Н дүүргийн З дарга, 

Н дүүргийн Г алба

Нэхэмжлэлийн шаардлага: Н дүүргийн З даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжийн дагуу манай компанид газрын гэрчилгээ гаргаж өгөхгүй, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй байгаа Н дүүргийн З дарга болон тус дүүргийн Г албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг захирамжийг хэрэгжүүлж, манай компанид газрын гэрчилгээ гаргаж өгөх, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Н дүүргийн З дарга болон тус дүүргийн Г албанд даалгах, К ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олгосон 2 га газрын кадастрын зургаас 0.5 га газрыг хасаж, нэхэмжлэгч Д ХХК-д олгохыг Н дүүргийн З дарга болон тус дүүргийн Г албанд даалгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагч Н дүүргийн З даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Н дүүргийн Г албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани буюу "Д ХХК-д Нийслэлийн Н дүүргийн З даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А\******* дугаар захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Хөдөө аж ахуй, нөхөн сэргээлт"-ийн зориулалтаар 5000 м.кв. газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан. 

Энэхүү захирамжийг надад 2019 оны 03 дугаар сард гардуулсан бөгөөд газар эзэмших гэрчилгээний мөнгө 25000 төгрөгийг Н дүүргийн төрийн сангийн дансанд тушаасан болно. Энэ захирамжийн дагуу газрын гэрчилгээ авах, газар эзэмших гэрээ байгуулах талаар олон удаа уулзаж, амаар болон бичгээр хүсэлт гаргаж байсан боловч дүүргийн газрын алба шийдвэрлэж өгөхгүй Нийслэлийн Н дүүргийн З даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А\******* дугаар захирамж хэрэгжилгүй 2 жил боллоо. 

Улмаар 2020 оны 10 дугаар сард бичгээр хүсэлт гаргаж Газрын албанд хандсан боловч тус албанаас манай хүсэлтийг шийдвэрлэж өгөхөөс татгалзсан хариуг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өгсөн. Уг хариу албан бичигт дурдсан үндэслэл нь хууль бус. Учир нь манай компанид газар эзэмшүүлэх захирамж 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гарсан, харин "К" ХХК-д газар олгох Засаг даргын ******* дугаар захирамж 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гарсан байдаг. Манай компанид газрын гэрчилгээ олгохгүй зориуд удааж байгаад "К ХХК-д өгсөн юм. 

Өөрөөр хэлбэл, манай компанид олгох байсан газрыг "К" ХХК-д олгосон нь илт хууль бус үйлдэл гэж үзэж байна. Ийнхүү хуулийн дагуу манай байгууллага Нийслэлийн Н дүүргийн З даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн A\******* дугаар захирамжийн дагуу үйл ажиллагаагаа эхлүүлэх үүднээс албан ёсоор гэрчилгээгээ авах гэсэн боловч манайд өгөлгүй удаашруулж байгаад манай захирамж бүхий газрыг 2019 онд буюу дараа нь "К" ХХК-д давхардуулан олгосон байна.

Г албаны дээрх албан бичгийн талаар Н дүүргийн З даргад 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гомдлоо гаргасан боловч Засаг дарга албан ёсоор хариу өгдөггүй байсан. Тиймээс Ковид-19 өвчний хөл хорионы дараа Өмгөөллийн С ХХН-тэй хамтарч 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Н дүүргийн З дарга Ч.Р-т гомдол гаргаж улмаар хариу ирэхгүй байсан тул 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Н дүүргийн З даргын Тамгын газарт очиж 2021 оны 03 дугаар сарын 25-ны огноо бүхий хариуг гардаж авсан. 

Иймээс бид Н дүүргийн шууд харьяалах дээд байгууллага болох Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид гомдол хүргүүлж, улмаар 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 03\2056 дугаар "Гомдол хүргүүлэх тухай" албан бичгийг хүлээж авлаа. 

Тус албан бичигт "К" ХХК-д газар эзэмших эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож, "Д" ХХК-тай Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгох арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү" гэсэн бөгөөд бидний гомдлыг хуулийн дагуу байхыг баталж Н дүүргийн З даргын Тамгын газарт хүргүүлснийг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр бидний зүгээс тус албан бичгийн биелэлтийг хангуулж хамтарч ажиллах талаар гомдол хүргүүлэх тухай албан бичиг өгсөн боловч ямар ч хариу ирүүлэхгүйгээр өнөөдрийг хүрлээ. 

Иймд хуулийн дагуу өөрт олгогдсон эрхийн дагуу шүүхээр шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна. Манай нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н дүүргийн З даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус компанид Н дүүргийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн A/******* дугаар захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хедее аж ахуй, нөхөн сэргээлтийн зориулалтаар 5000 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Газрын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тус захирамжийн 2 дахь хэсэгт дээрх захирамжаар газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн, хуулийн этгээдтэй Газрын тухай хууль болон холбогдох хууль, журмын дагуу газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгон хэрэгжилтэд хяналт тавихыг дүүргийн Газрын алба /М.Д/-нд даалгасан. 

Газрын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 36 дугаар зүйлийн 36.1-д заасны дагуу "Д" ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөх үүрэгтэй байдаг. 

Гэвч тус компани нь хууль тогтоомжоор тогтоосон дээрх үүргээ биелүүлээгүй тул газар эзэмших гэрээ байгуулагдаж, гэрчилгээ олгогдоогүй өдийг хүрсэн байна. 

Харин дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжаар "К" ХХК-д дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Худалдаа, үйлчилгээний зориулалтаар олгогдсон 20000 м.кв маргаан бүхий газар нь тус "Д ХХК-д олгогдсон газар мөн эсэх, давхцалтай эсэхийг дүүргийн Г албанаас болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын зургийн мэдээллийн сангаас тодруулах нь зүйтэй юм гэжээ.

Хариуцагч Н дүүргийн Г албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хүсэлт гаргасан Д ХХК болон К ХХК-ийн газар 100 хувь давхцаж байна. Тус олгогдсон газарт очиж хээрийн судалгаа хийж нэхэмжлэгчид 5000 м.кв газар олгогдох боломжтой гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээд К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: К" ХХК нь үйл ажиллагаагаа өргөтгөх, шинээр үйлдвэр барих зорилгоор албан бичгээр газар хүссэн өргөдлийг Н дүүргийн З даргад гаргасан бөгөөд бидний хүсэлтийг хүлээн авч, Н дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чуулганаар хэлэлцүүлж Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд дэмжиж баталсан. Улмаар тус дүүргийн Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсны дагуу Н дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжаар манай компанид 2 га газрыг зохих хууль журмын дагуу эзэмшүүлэхээр болсон. 

Тухайн үед манай компани Н дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох хууль тогтоомжоор олгогдсон эрхийн дагуу зохих журмаар хандаж гэрчилгээгээ гаргуулж, газрын кадастраа гаргуулсан юм. Бид газар эзэмших хүсэлт гаргахад болон газрын гэрчилгээ гаргуулахад уг газар нь ямар нэгэн давхцалгүй, эзэмших тухай хүсэлтийг аливаа этгээдээс гаргаагүй, маргаан бүхий асуудалгүй байсан тул кадастрын зургийн системд бүртгэж, манай компанид гэрчилгээ олгосон гэж үзэж байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч нь холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу газар эзэмших хүсэлтийг гаргаагүй, эрх үүргээ зохих ёcoop хэрэгжүүлээгүй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль тогтоомжид зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталсан Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй олгодсон газар нь хууль бус, цуцлагдах үндэслэл болно. Ийм учир нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдсан Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжийн дагуу түүнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэх уг захирамжид заасан газар нь тухайн оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чуулганаар хэлэлцэн баталсан Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хууль журмын дагуу тусгагдсан эсэхийг тодруулна уу. 

Иймд тус шүүхэд нэхэмжлэгчийн гаргасан "... К ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олгосон 2 га газрын кадастрын зургаас 0,5 га газрыг хасаж, нэхэмжлэгч Д ХХК-д олгохыг Н дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК-иас Н дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Н дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжийн дагуу манай компанид газрын гэрчилгээ гаргаж өгөхгүй, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй байгаа Н дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг захирамжийг хэрэгжүүлж, манай компанид газрын гэрчилгээ гаргаж өгөх, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Н дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах, К ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олгосон 2 га газрын кадастрын зургаас 0.5 га газрыг хасаж, нэхэмжлэгч Д ХХК-д олгохыг Н дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Н дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 8/01 дүгээр тогтоолоор батлагдсан Н дүүргийн газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөний 5-д тус дүүргийн 1 дүгээр хороо Цэргийн ангийн баруун талд нөхөн сэргээх зориулалтаар 4 га газрыг эзэмшүүлэхээр тусгасны дагуу Д ХХК-иас Эрчимжсэн газар тариалангийн бизнес эрхлэх төсөл, кадастрын зураг зэрэг бусад баримтыг хавсарган 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргасныг үндэслэн тус дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжаар 5000 м.кв газрыг хөдөө аж ахуй, нөхөн сэргээлтийн зориулалтаар нэхэмжлэгч компанид эзэмшүүлсэн байна.

Харин К ХХК 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Н дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах, боловсруулах үйлдвэр барихад шаардалагатай байгаа 2 га газрыг 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган, Н дүүргийн нутаг дэвсгэрт олгож өгөхийг хүсч хүсэлт гаргажээ. 

Н дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11/02 дугаар тогтоолоор батлагдсан Н дүүргийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний 2.4 дэх хэсгийн 2-т 1 дүгээр хороо Цэргийн анги орчимд 2 га газрын эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Улмаар К ХХК-ийн Шинэ мах мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, хадгалах төсөл, кадастрын зураг зэрэг баримтыг үндэслэн Н дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжаар 20,000 м.кв газар эзэмшүүлснийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 0000******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.5.3.энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах., 23 дугаар зүйлийн 23.4-д Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: 23.4.3.эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх; 23.4.4.газрын мэдээллийн санг эрхлэх;, 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна., 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана., 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ. гэж заажээ.

Дээр дурдсан үйл баримтууд болон хуулийн заалтуудаас дүгнэвэл гуравдагч этгээд К ХХК хуульд заасан журмын дагуу тухайн шатны Засаг даргад өргөдөл гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч Д ХХК-ийн газар эзэмших эрх дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамж гарснаар гуравдагч этгээдээс түрүүлж үүссэн байхад К ХХК-д 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжаар 20,000 м.кв газар эзэмшүүлснийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 0000******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчсөн байна.

К ХХК-д 2019 онд эзэмшүүлсэн 20000 м.кв газар нь 2018 онд Д ХХК-д эзэмшүүлсэн 5000 м.кв газартай давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох тул нэхэмжлэгчийг гэрээ, гэрчилгээ авах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газарт давхцуулан гуравдагч этгээдэд газар эзэмшүүлжээ.

Хариуцагч Д ХХК-ийг дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй гэх боловч гуравдагч этгээд дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй байхад хариуцагч газар эзэмшүүлэх гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан атлаа нэхэмжлэгч компанид гэрчилгээ олгож, гэрээ байгуулахгүй байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: ... 4.1.3.газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах; гэж заасан шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцэхгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр К ХХК-д газар давхцуулан эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч дүүргийн Засаг даргын захирамжийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. 

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмшүүлэх шийдвэрийг Засаг дарга гаргах бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4 дэх хэсэгт зааснаар эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх, газрын мэдээллийн санг эрхлэх үүрэг дүүргийн газрын албанд хадгалагдаж байна.

Хариуцагч Н дүүргийн Засаг даргын нэхэмжлэгч компанид газар эзэмшүүлсэн захирамж хүчинтэй байхад Н дүүргийн газар зохион байгуулалтын алба хуульд заасан үүргийнхээ дагуу Д ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулаагүй буруутай гэж үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Н дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжийн дагуу Д ХХК-д газрын гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй байгаа Н дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Д ХХК-д газрын гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Н Газар зохион байгуулалтын албанд даалгаж, К ХХК-д олгосон 20000 м.кв газрын кадастрын зургаас 5000 м.кв газрыг хасч, нэхэмжлэгч Д ХХК-д олгосон нэгж талбарыг кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Н дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.            Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4,  31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Н дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжийн дагуу Д ХХК-д газрын гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй байгаа Н дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Д ХХК-д газрын гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Н Газар зохион байгуулалтын албанд даалгаж, К ХХК-д олгосон 20000 м.кв газрын кадастрын зургаас 5000 м.кв газрыг хасч, нэхэмжлэгч Д ХХК-д олгосон нэгж талбарыг кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Н дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгасугай.

2.                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Нийслэлийн Н дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тус бүр 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.

3.                  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр

зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН