Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2024/0681

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 04** дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Аын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдааны даргалагч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

 

Нэхэмжлэгч “А” ХХК

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г

Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б /цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

 

Хэргийн индекс: 128/2024/04******

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 04** дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2-д заасныг баримтлан “А” ХХК-иас “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/4** дугаар захирамжийн хавсралтын 8 дахь хэсэг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/6**** дугаар захирамжийн 17 дахь хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээг “А” ХХК-д олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.А дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй буюу зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзэхээр байна гэсэнтэй санал нийлэхгүй байна. Тодруулбал, хариуцагч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бгийн тайлбарласнаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/4** дугаар захирамжийн хавсралтын 8 дахь хэсэгт зааснаар 200000 мкв газрыг тэжээлийн ургамлын усалгаагүй тариалан зориулалтаар, 2021 оны А/6**** дүгээр захирамжийн 17 дахь хэсгийн дагуу 199246 мкв газрыг тэжээлийн ургамлын усалгаагүй тариалан зориулалтаар тус тус Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон ба маргаан бүхий захирамж гарсны дараа буюу 2022 онд “А” ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаартай, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаартай албан бичгүүдийг маргаан бүхий захирамж гарсны дараа өгсөн. Үүний дагуу 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Газар зохион байгуулалтын албанаас 21/****, 21/**** албан тоотуудаар газар эзэмших эрх давхцалтай байна” гэж хариу өгсөн гэж тайлбарлаж байгаа нь Газрын тухай хуульд заасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй гэж заасан байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/04** дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/4** дугаар захирамжийн хавсралтын 8 дахь хэсэг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/6**** дүгээр захирамжийн 17 дахь хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээг “А” ХХК-д олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Анхан шатны шүүх “... Нэхэмжлэгч хуулийн этгээдийн одоо эзэмшиж буй газар нь дээрх зориулалтаар бус тэжээлийн ургамлын зориулалтаар олгогдсоноос үзвэл, нэхэмжлэгч талын “одоо эзэмшиж байгаа газар нь төслийн хүрээнд хүссэн 20 га газрын хэмжээг нэмэгдүүлж 30 га хэмжээтэйгээр 2011 оны 255 дугаар захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд эзэмшүүлсэн” гэх тайлбар  нь нэхэмжлэгчийн эрхийг үгүйсгэх хангалттай үндэслэл болохооргүй байна ... Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшлийн газар нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Жын аманд байршилтай, харин гуравдагч этгээдийн эзэмшлийн дээрх газрууд нь тус дүүрэг, хорооны Цын аманд байршилтай байхаар Засаг даргын захирамжид заасан байхад газрын кадастрын зурган мэдээллийн санд зэргэлдээ байдлаар бүртгэсний улмаас нэхэмжлэл гаргах үндэслэл бүрджээ.” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3. Учир нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10/05 дугаар тогтоолоор батлагдсан 2020 оны “Газар зохион байгуулалтыг төлөвлөгөө”-ний[1] 2.1.3. “Төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд” хэсгийн 25-д Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо Цагаат чулуут, Иргэний ахуй гэж, мөн тус газрын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/*** дугаар тогтоолоор батлагдсан 2021 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний[2] 2.4. “Төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд” хэсгийн 17-д Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ц, Нарийны шар хад, Тусгалт, Саалийн аманд, Рашаант өртөө, Оорцогийн хөндий гэж, мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 2/**** дугаар нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг болон түүний хавсралт[3], анхан шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэл[4] болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзвэл, тус дүүргийн Цын ам гэх байршилд кадастрын зураг зурагдаж олгогдох ёстой байна. Энэ тохиолдолд анхан шатны шүүхийн “... Цын аманд олгогдсон газрыг Жын аманд байршуулж мэдээллийн санд бүртгэсэн байх тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй буюу зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй” гэж дүгнэсэн нь зөв байна.

3.1. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... байршлын хувьд өөр, гэхдээ дүүргийн Засаг даргын захирамжид байршлын алдаа гарсан” гэжээ. Маргаан бүхий А/4** дугаар захирамж 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, А/6**** дүгээр захирамж 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус тус гарсан байхад өнөөдрийг хүртэл өөрчлөлт, засвар оруулсан үйл баримт байхгүйгээс үзвэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дээрх захирамжууд нь Цагаанчулуут гэх байршлаараа хүчин төгөлдөр байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... бид анх авсан 30 га газар дээрээ нэмж газар эзэмшихээр хүсэлт гаргасан байхад тэр хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа хүсэлт гаргасан газрыг иргэдэд өгсөнд бид гомдолтой байна” гэх боловч анхан шатны шүүхийн энэ талаарх “... газрын кадастрын зурган мэдээллийн санд зэргэлдээ байдлаар бүртгэгдсэний улмаас нэхэмжлэл гаргах үндэслэл бүрджээ” гэх дүгнэлт үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захирамжийн дагуу кадастрын зураг үйлдэж газрыг зааж өгсөн тухайн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой байх тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

4. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн дээрх маргаан бүхий актад бичигдсэн байршлаас өөр байршилд кадастрын зураг үйлдэгдсэн нь хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй биш бөгөөд маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй байна. Харин кадастрын зургийг зөвтгүүлэх хүсэлт гарган цааш холбогдох эрх бүхий байгууллагуудад хандах эрх нь нээлттэй байна.

5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/04** дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Аын заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

      ШҮҮГЧ                                                      Д.ОЮУМАА

                    ШҮҮГЧ                                                    Н.ХОНИНХҮҮ

       ШҮҮГЧ                                                     С.МӨНХЖАРГАЛ

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 148-180 тал

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 181-203 тал

[3] 1 дүгээр хавтаст  хэргийн 143-145 тал

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 130-141 тал