Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 30

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Нэхэмжлэгч: О.Б нэхэмжлэлтэй

  Хариуцагч: Э.О-д холбогдох Соната-6 маркийн автомашины үнэ 4.800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул, нэхэмжлэгч О.Б, хариуцагч Э.О нар оролцов.

                                                                           Т О ДО Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч О.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э.О 2018 оны 09 сарын 28-нд 15-18 ХЭА улсын дугаартай “Sonata 6”  мөнгөлөг өнгийн авто машиныг 95-51 УНҮ улсын дугаартай “Prius 10” маркийн авто машинаар солисон. Гэвч “Prius 10” машин нь ашиглах боломжгүй мөн 1 сарын дотор бичиг баримтаа шилжүүлнэ гэсэн хугацаандаа шилжүүлэхгүй байгаа тул О.Б  би “Prius10” машиныг буцаан өгч өөрийн машинаа буцаан авахыг нэхэмжилж байна” гэжээ.

            Нэхэмжлэгч О.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид хоёр машинаа хоорондоо солилцсон. Тэгээд Улаанбаатар хотоос Бор-Өндөрт ирээд маргааш нь машинаа асаах гэсэн боловч асаагүй. Ингээд Э.О утсаар яриад машинаа солихоо болъё эвдрэл их байна гэж хэлсэн. Дахиад утсаар залгасан чинь утсаа авахгүй байсан. Манай эхнэр машинаа болъё үнэхээр унах боломжгүй машин байна гэж хэлээд 2-3 удаа утсаар залгаад хэлсэн. Сүүлдээ утсаа авахаа больсон. Э.О танихгүй дугаараас тэр машиныхаа бичиг баримтыг өөрөө шилжүүлж аваарай би Солонгос улс явлаа шүү гэж мессеж бичээд орхисон байсан. Түүнээс хойш удаа дараалан утсаар залгасан боловч утсаа авахгүй, авсан ч өөр хүнээр авахуулдаг болсон. Тэгээд машиныхаа бичиг баримтыг 1 сарын дотор шилжүүлье гэсэн нотариатын бичиг хийлгэсэн байгаа. Сарын дотор бичиг баримтаа шилжүүлээгүй учраас шүүхэд хандлаа шүү гэхэд наад асуудлаа шүүхээр шийд гэж Э.О өөрөө хэлсэн... Анх надад ямар ч асуудалгүй машин гэж хэлсэн. Тэгээд машиныг солиж унаад Бор-Өндөр руу явах замд асаж, унтраад байсан. Би ирээд 10 гаруй хоногийн дараа машины талаар хэлэхэд ах зарсан бол зарсан гэсэн. Тэгэхээр нь би машинаа солихоо болъё гэж хэлсэн. Бичиг баримтаа сарын дотор өгнө. Өгөхгүй бол буцаах талаар ярьсан. Тэгээд уг сольсон машин бичиг баримт ч байхгүй. Би өөрөө унах гэхээр боломжгүй. Зарж, худалдаж болохгүй болохоор машинаа буцаах талаар ярьтал миний машиныг зарсан гэсэн. Тэгэхээр нь машинаа 4.800.000 төгрөгөөр үнэлээд буцаагаад авах талаар ярьсан гэв.

            Хариуцагч Э.О шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний өгсөн машин бол би өөрөө унаж, эдлээд явж байсан машин. Хотод намайг 7 хоног хүлээлгэж байгаад унаж үзээд ямар ч асуудалгүй машин авсан. Өөрийнх нь машин мөн адил хуучин машин байсан. Би энэ хүний машиныг Өгөөмөр зах дээр аваачиж, стачерын янзалж авсан. Манай гэр бүлийн хүмүүсийн хажууд өөрөө болно, бүтнэ гэж авч явсан. 300 гаруй км замыг хэрхэн туулсаныг би мэдэхгүй. Энэ хүн сарын дараа машин чинь асахаа больчихлоо гэж ярьсан. Машинаа анх солихдоо өөрөө энэ хүн эргэж буцаана гэж юм байхгүй биз гэхээр нь би иргэний үнэмлэхээ хуулбарлаад доор  нь эргэж буцахгүй гэсэн бичиг хийгээд өгье гээд бичиг хийж өгсөн. Бор-Өндөрт ямар ч асуудалгүй явж байсан машиныг өчнөөн сарын дараа  машиныг ашиглаж болохгүй байна гэж гомдол мэдүүлээд байгааг нь ойлгохгүй байна. Би авсан машинаа зарсан.” гэв.

 

                                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

          Нэхэмжлэгч О.Б  нь хариуцагч Э.О холбогдуулан Соната-6 маркийн автомашиныг буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагчаас Соната-6 маркийн автомашины үнэ 4.800.000 төгрөгийг гаргуулах болгожээ.

            Хариуцагч Э.О нь өөрийн өмчлөлийн гэх Приус-10 маркийн авто машин нь ямар нэгэн асуудалгүй зүгээр явж байсан, мөн буцаалт хийхгүй гэж тохирсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

   Талуудын хооронд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар гэрээ байгуулагдсан байна. Гэрээ байгуулах санал, хүлээн зөвшөөрсөн саналын хариу байгаа тохиолдолд гэрээ байгуулагдсан буюу талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн гэж үзнэ. Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Завхан аймаг руу аялах болсон тул өөрийн Соната-6 маркийн газ /хий/-аар ажилладаг автомашинаа шатахуунаар ажилладаг автомашинаар солихоор фэйсбүүк сүлжээнд зар нийтэлсний дагуу хариуцагч Э.О өөрийн гэх Приус-10 маркийн автомашиныг санал болгож 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр талууд автомашиныг харилцан шилжүүлсэн тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан буюу Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-т заасан гэрээ байгуулах санал болон хүлээн зөвшөөрөх санал байна. Ийнхүү гэрээ байгуулах санал болон саналын хариу байгаа тул талуудын  хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж талуудын хооронд гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч О.Б ын Соната-6 маркийн 15-18 ХЭА дугаартай автомашиныг хариуцагч Э.О авахаар, Э.О Приус-10 маркийн 95-51 УНҮ дугаартай автомшиныг О.Б  авахаар харилцан тохирсон тул тэдний хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан байна. Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээдэг ба Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2-т зааснаар талууд арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно.

Арилжааны гэрээнд худалдах-худдалдан авах гэрээний холбогдох заалтууд нэгэн адил хамаарах тул нэхэмжлэгч О.Б  нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Э.О түүнд худалдсан Соната-6 маркийн автомашины үнийг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээдэг. Хариуцагч нь нэхэмжлэгчид биет байдлын доголдолгүй автомашиныг шилжүүлсэн гэх боловч тухайн автомашин нь биет байдлын доголдолтой, эрхийн зөрчилтэй  байсан болох нь талуудын тайлбар, фэйсбүүк чатаар харилцсан зурвас, үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. Хариуцагч Э.О нь тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэг сарын дотор нэхэмжлэгч О.Б ын нэр дээр шилжүүлж өгөхөөр амлалт өгсөн боловч /хх-н 4 хуу/ энэхүү үүргээ биелүүлээгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх нь худалдагч буюу хариуцагчийн үүрэг бөгөөд тухайн үүргийг хэн нэгэн гуравдагч этгээд биелүүлэх үүрэггүй болно.

Эд хөрөнгийн доголдлоос шалтгаалан нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон тул гэрээнээс татгалзах тухайгаа хариуцагчид утсаар болон фэйсбүүк чатаар удаа дараа мэдэгдэж байжээ. /хх-н 13-17 хуу/ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй тохиолдол энэхүү маргааны хувьд үүсээгүй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хуульд буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүргийг хүлээдэг. Дээрх маргааны хувьд хариуцагч нь сольж авсан автомашинаа цааш худалдсан тул биет байдлаар нь буцаан өгөх боломжгүй болжээ.

Нэхэмжлэгч О.Б ын автомашинд үнэлгээ тогтоолгох хүсэлтийн дагуу шүүгчийн захирамжаар шинжээч томилж шинжилгээ хийлгэхэд Соната-6 маркийн автомашин нь зах зээлд 5.000.000 төгрөгийн үнэ ханштайгаар худалдаалагдах боломжтой талаарх албан бичгийг ирүүлжээ. /хх-н 46 хуу/ Хариуцагч нь нэхэмжлэгчийн автомашиныг 4.800.000 төгрөг хүрэхгүй гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.2.1-д зааснаар Приус-10 маркийн 95-51 УНҮ дугаартай автомашиныг хариуцагч Э.О буцаан олгож, хариуцагчаас 4.800.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Б т олгуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Т О Г ТО О Х нь:

 

  1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.2.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан 95-51УНҮ улсын дугаартай “Приус-10” маркийн автомашиныг хариуцагч Э.О-д буцаан олгож, хариуцагчаас 15-08 ХЭА улсын дугаартай “Соната-6” маркийн автомашины үнэ 4.800.000 төгрөгийг  /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Б олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107750 төгрөгнөөс 91750 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 16000 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагчаас 91750 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                               ДАРГАЛАГЧ                                Р.БАТБАЯР