Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 32

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Прокурор Г.Мөнхболд

Хариуцагч С.Ш

Гэрч Д.Д нарыг оролцуулан нэхэмжлэгч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй хариуцагч С.Ш  холбогдох орон сууц чөлөөлүүлэх, орон сууцны түрээсийн төлбөр 7.820.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 сарын 16-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч С.Ш нь Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 38 дугаар тогтоолоор Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн манай байгууллагын захиалгаар 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр суманд баригдсан 20 айлын орон сууцны  дугаар байрны  тоот 52 м2 бүхий 2 өрөө орон сууцанд 2016 оны 07 сарын 28-ны өдрийн Бор-Өндөр /ХХЭ-2 тоот Төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслэх гэрээг тус газартай харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан. Гэтэл түрээслэгч С.Ш нь дээрх гэрээний 3.3-т Түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлнө, мөн 6.6-д Түрээслэгч төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох ба төлбөрийг 20 ба түүнээс дээш хоногоор, 2 буюу түүнээс дээш удаа хожимдуулсан тохиолдол нь гэрээг цуцлах үндэслэл болно гэснийг тус тус зөрчиж гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрөө өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байгаа болно. Тус газраас удаа дараа иргэн С.Ш  гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардлага тавьж байнга сануулж анхааруулж байсан бөгөөд тухайн иргэний зүгээс төлбөрөө барагдуулах ямар нэгэн бодит арга хэмжээ аваагүйн улмаас манай байгууллагаас Төрийн түрээсийн орон сууцыг хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлж байсан. Гэвч С.Ш зүгээс өнөөдрийг хүртэл Төрийн түрээсийн орон сууцыг суллаж хүлээлгэн өгөхгүй байгаа болно. Иймд Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын эзэмшлийн орон сууцны  байрны  тоот 52 м2 бүхий 2 өрөө орон сууцыг С.Ш хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргасан нэхэмжлэлдээ: “Тус газраас манай байгууллагын эзэмшлийн тоот 51.39 м2 бүхий 2 өрөө орон сууцыг С.Ш хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Одоо нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, С.Ш Төрийн түрээсийн орон сууцны түрээсийн төлөөгүй төлбөрийн үлдэгдэл 7.820.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч С.Ш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд ТОСК ТӨҮГ-аас иргэн С овогтой Ш миний нэр дээр 2019 оны 01 сарын 14-ний өдөр ирүүлсэн 1/112 тоот түрээсийн байрыг албадан суллуулах тухай нэхэмжлэлийн дагуу би 2019 оны 01 сарын 19-ний өдөр тус байрыг чөлөөлж өгсөн.

Гэтэл 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 1-312 тоот нэхэмжлэлээр иргэн С.Ш надаас 7.820.000 /долоон сая найман зуун хорин мянган төгрөг/-ийг төлөөгүй төлбөрийн үлдэгдэл хэмээн нэхэмжилсэн учир доорхи хариу тайлбарыг илгээж байна.

1.Намайг анх энэ байранд ороход хүлээлгэж өгсөн ТОСК-н ажилтан Ганзориг, тухайн үеийн ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Хүдэрбаатар нар нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ өрх толгойлон амьдардаг, ажил эрхлэх боломжгүйн учир нийгмийн халамжийн 160.000 \тухайн үед олгогдож байснаар\ төгрөгөөр өрхийн амьжиргаа хүүхдийн эмчилгээгээ залгуулдаг таны байдлыг бид ойлгож энэ байрыг худалдан борлуулах хүртэл амьдарч бай гэснээр би хүүгийн хамт тус байрны 18 тоот буюу том кв.м тэй байранд амьдарч байсан. Ямар нэгэн гэрээ хийж, төлбөр түрээс яриагүй.

2.Гэтэл 2016 оны 07 сарын 28-нд ТОСК-н ажилтан гэх Н гэдэг эмэгтэй Д гэдэг залуугийн хамт ирж манай гэрээр орж хүү бид хоёрын амьдрал аж байдалтай танилцаад Том байрнууд зарагдах болсон учир таныг жижиг байр руу шилжүүлж 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ хийнэ" гэсэн ёсоор бид тухайн байрны 1 давхрын 1 тоотод нүүж орсон. Гэрээнд барьцаа мөнгө, мөн сарын түрээс 210.000 төгрөг болж нэмэгдсэн тухай дурдагдсан байсан учир би сарын түрээс бидний амьдралаа залгуулдаг сарын орлогоос давсан, мөн барьцаалж байршуулах мөнгөгүй гэдгээ хэлсэн ч эдгээр хүмүүс ямар нэгэн шийдвэр гаргаагүй буцацгаасан.

3.Өнгөрсөн хугацаанд зөвхөн хүүхдээ асран амьжиргаагаа чадан ядан залгуулж, амьдралын нэн ядуу түвшинд өрнөөс өрний хооронд амьдарч яваа надад дээрх түрээс мөнгийг төлөх боломж гараагүй, дахиж тус байгууллагаас хэн нэгэн хүн түрээсийн мөнгөний талаар нэг ч удаа нэхэж шаардаагүй, бичиг тоот ирүүлээгүй, утсаар ярьж уулзаагүй байсаар шүүхээс танилцуулсан албадан гаргах нэхэмжлэлийн дагуу би хуулийн өмнө үүргээ гүйцэтгэж байрыг суллаж өгсөн.

4.Одоогийн байдлаар хүүхдийнхээ эмчилгээ сувилгаанд ойртож, боломж гарвал хүүгээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг, сургуульд хамруулан ажил хийх зорилгоор Улаанбаатарт ирээд сайхан сэтгэлт хүмүүсийн түр амьдрахаар олгосон байранд хүүгийн хамт амьдарч байна.

5.Үндсэн харьяалал Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат хэвээр, мөн ажил эрхлээгүй учир НХС-аас олгодог 210.000 төгрөгөөр амьжиргаа хүүхдийнхээ эмчилгээг залгуулан амьдарч байгаа учир дээрх нэхэмжлэлийг хүлээн авах чадваргүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй болно” гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Ш нь тус байранд 2015 оны 05 сард орсон. Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь хариуцагч С.Ш байрны  тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлж, түрээсийн төлбөр 7.820.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. С.Ш нь уг байрыг чөлөөлж өгсөн. Одоо С.Ш эй байгуулсан гэрээний дагуу түрээсийн төлбөр 6.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх түрээсийн төлбөр 7.820.000 төгрөг нэхэмжилсэн байсан боловч 2015 оны 09 сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 сарыг дуустал хугацааны төлбөр 1.320.000 төгрөгийг хасаад түрээсийн төлбөр 6.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Байрыг С.Ш нь чөлөөлж өгсөн тул байр чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн байгууллагын хүсэлтээр төрийн нэрийн өмнөөс оролцож байна. Хариуцагч С.Ш нь 2016 оны 07 сарын 28-ны өдөр Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-тай орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулсан. С.Ш нь орон сууц хөлслөх гэрээний заалтыг удаа дараа зөрчсөн. Түрээс төлбөр 210000 төгрөгийг нэг л удаа төлсөн. Уг гэрээний дагуу төлөх ёстой 6.500.000 төгрөгийг С.Ш гаргуулж нэхэмжлэгч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-д олгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч С.Ш шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би уг байранд 2015 оны 05 сард ороод 2016 оны 07 сарын 28-ны өдөр “орон сууц түрээслэх” гэрээг байгуулсан нь үнэн. Гэхдээ анх түрээсийн гэрээг байгуулахдаа надаас мөнгө төгрөг авахгүй гэж хэлсэн. Би хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн хамт амьдардаг.  Өрхийн орлого байхгүй. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Өрх толгойлсон эмэгтэй. Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд намайг үнэгүй амьдарч бай гэж хэлсэн. Анх Ганзориг намайг үнэгүй байранд ор гэж хэлсэн. 2015 онд байранд орсон цагаас хойш надаас нэг ч удаа байрны түрээсийн төлбөр нэхэмжилж байгаагүй. 2019 оны 01 сард байр суллаж өг гэж нэхэмжлэл шүүхэд өгсөн байсан. Би уг байрыг 2019 оны 01 сард чөлөөлж өгсөн. Түрээсийн төлбөр 6.500.000 төгрөгийг төлж чадахгүй” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь хариуцагч С.Ш  холбогдуулж орон сууц чөлөөлүүлэх, орон сууцны түрээсийн төлбөр 7.820.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Бнь “орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, орон сууцны түрээсийн төлбөр 6.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан байна.

 Хариуцагч С.Ш нь “уг түрээсийн төлбөрийг төлөхгүй. Уг байрыг үнэгүй түрээслэж байгаарай гэж хэлсэн. 6.500.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэж маргажээ.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсэгт “эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх” үүрэгтэй гэж заасан байна.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь хариуцагч С.Ш  холбогдуулж орон сууц чөлөөлүүлэх, орон сууцны түрээсийн төлбөр 7.820.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Зохигчид нь “уг орон сууцыг чөлөөлсөн, буцаагаад байрыг авсан” гэдэг талаар маргаагүй тул хариуцагч С.Ш нь уг байрыг чөлөөлж өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Нэхэмжлэгч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь хариуцагч С.Ш тэй 2016 оны 07 сарын 28-ны өдөр “орон сууц түрээслэх” гэрээг бичгээр байгуулсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 04-06/

Нэхэмжлэгч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь хариуцагч С.Ш тэй 2016 оны 07 сарын 28-ны өдөр байгуулсан “орон сууц түрээслэх” гэрээний 3.3 дахь хэсэгт “түрээслэгч түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөх” үүрэгтэй гэж, уг гэрээний 6.6 дахь хэсэгт “түрээслэгч төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд ...төлбөрийг 20 ба түүнээс дээш хоногоор, 2 буюу түүнээс дээш удаа хожимдуулсан тохиолдолд гэрээг цуцлах үндэслэл болно” гэж заасан байна.

Хариуцагч С.Ш нь 2015 оны 05 сард уг орон сууцанд орсон, 2016 оны 07 сарын 28-ны өдөр “орон сууц түрээслэх” гэрээг байгуулсан, 2016 оны 08 сарын 19-ний өдөр С.Ш нь түрээсийн төлбөр 210000 төгрөгийг Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т төлсөн, дээрх хугацаанд өөр орон сууц хөлслөх гэрээний төлбөр төлөөгүй гэдэг талаар зохигчид шүүх хуралдаан дээр маргахгүй байгаа болно.

Нэхэмжлэгч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь хариуцагч С.Ш эй 2016 оны 07 сарын 28-ны өдөр байгуулсан “орон сууц түрээслэх” гэрээг 2016 оны 08 сарын 01-ний өдрөөс 12 сарын хугацаатай байгуулсан боловч С.Ш нь 2019 оны 01 сар хүртэл уг байрыг эзэмшиж, уг орон сууцанд оршин сууж байсан нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч С.Ш нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5 дахь хэсэгт зааснаар хөлсөлж байсан эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцаан өгсөн байна.

Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно” гэж, мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.2 дахь хэсэгт “Орон сууц хөлслөх гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол гэрээний хугацаа дуусахаас хоёр сарын өмнө хөлслөгч тодорхой буюу тодорхой бус хугацаагаар гэрээг сунгах тухай хүсэлтээ хөлслүүлэгчид бичгээр гаргаж болох бөгөөд энэ хуулийн 294.2-т заасан үндэслэл байхгүй бол хөлслүүлэгч гэрээг сунгаж болно” гэж заасан байна.

Иймд зохигчид орон сууц хөлслөх гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцож, оршин сууж байсан хугацааны төлбөрийг хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй байна.

Гэрч Д.Д шүүх хуралдаанд өгсөн “Би тухайн үед Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ийн гэрээт ажилтнаар ажиллаж байсан. Ганзоригийн зөвшөөрлөөр уг байранд С.Ш орж байсан. Би ажиллаж байгаад 2018 оны 03 сард ажлаа өгсөн. С.Ш нь 2015 оны 05 сараас уг байранд оршин сууж байсан. Би сар бүрийн эцэст тайлан гаргаж явуулдаг. С.Ш төлбөрийг төлж байгаагүй. С.Шүрэнцэцэгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр, төлбөр төлөхгүйгээр оруулсан асуудлыг би мэдэхгүй. Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-тай ямар тохиролцоо хийснийг би мэдэхгүй. С.Ш түрээсийн төлбөрийн талаар мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг нь С.Шүрэнцэцэгийг Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-тай орон сууцыг төлбөртэйгээр эсхүл төлбөргүйгээр орон сууцыг хөлсөлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй, нотлохгүй байна.

Хариуцагч С.Ш нь “2016 оны 07 сарын 28-ны өдөр орон сууц түрээслэх гэрээг байгуулсан боловч анх гэрээг байгуулахдаа төлбөргүйгээр байранд оруулсан. Нийгмийн хариуцлагын хүрээнд тус компаниас уг байрыг үнэгүй өгсөн” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Тухайлбал хариуцагч С.Ш нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаатай холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.

Иймд хариуцагч С.Ш орон сууцны түрээсийн төлбөр 6.500.000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд

   тус тус  заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ш 6.500.000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т олгосугай.

2.Нэхэмжлэгч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.Ш улсын тэмдэгтийн хураамж 118950 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

  

ДАРГАЛАГЧ                                 М.ЭНХМАНДАХ